Семинар
Төгс эзэмших сургаалын дадлага 1: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг цээжлэх ба хэрэгжүүлэх


“Төгс эзэмших сургаалын дадлага 1: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг цээжлэх ба хэрэгжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Төгс эзэмших сургаалын дадлага 1: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг цээжлэх ба хэрэгжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

15-р хичээл: Мосе 6

Төгс эзэмших сургаалын дадлага 1

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг цээжлэх ба хэрэгжүүлэх

Семинарын анги

Төгс эзэмших сургаал нь Есүс Христэд болон Түүний сайн мэдээн дээр сууриа тавихад суралцагчдад тусалж чадна. Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхээс гадна сүнслэг мэдлэг олж авах бурханлаг зарчмуудыг сурч, мөн хэрэгжүүлэх боломжийг суралцагчдад олгоно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төгс эзэмших сургаалын хэсгийг сонгож, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхийг уриалж болно. Дараа нь тэд эдгээрийг цээжлэхийн ач холбогдлыг эргэцүүлж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

цээжлэхийн ач тус

Судруудыг цээжлэхээс ирэх ач тусын талаар бодоход нь суралцагчдад туслахын тулд дараах зүйлийг хуваалцаж болно:

Нэг найз чинь семинарын хичээлийн дараа судруудыг Gospel Library аппаас харчихдаг болохоор цээжлэх шаардлагагүй гэж хэллээ гэж төсөөл.

  • Төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэх нь таныг хэрхэн адисална гэж та бодож байна вэ?

Сударт юу байдаг талаар ерөнхий ойлголт авч, ухаалаг төхөөрөмж байхгүй үед судруудыг олж, хэрэгтэй мөчид Есүс Христийн үгсийг санах гэх зэргийг хэлж болно. Та Бурханы үгийг хэрэгтэй цаг мөчид санаж байсан хүмүүсийн жишээг судраас хуваалцаж болно. Эдгээрийн дунд Аврагч (Матай 4:1–11-ийг үзнэ үү), Нифай (1 Нифай 4:1–6-г үзнэ үү), Абинадай (Мозая 12:27–37-г үзнэ үү) байдаг.

Төгс эзэмших сургаалыг давтах: Цээжлэх

Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад энэ жил үзсэн Хуучин Гэрээний төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр хэллэгүүдийг цээжилснээ эргэн давтахад тусална. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан нэмэлт санаанууд бий.

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилаад, суралцагч бүрд өдийг хүртэл үзсэн төгс эзэмших сургаалын судрын хэсгийн тоогоор зурвас цаас өг. Тэдгээр төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр хэллэгүүдийг үзүүл. Төгс эзэмших сургаалын судрын хэсэг, судрын түлхүүр хэллэгүүдийн жагсаалт Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дээр байдаг.

Нэг хамтрагчийг зурвас цаасан дээрээ төгс эзэмших сургаалын эшлэлүүдийг, нөгөө хамтрагчийг нь түлхүүр хэллэгүүдийг бичихийг хүс. Тэднийг дуусахад нэг хамтрагчид нь тус тусад нь бичсэн судрын эшлэл, нөгөөд нь үүнтэй тохирох түлхүүр судрын хэллэгүүд байх ёстой.

Суралцагчдыг зурвас цаасан дээрээ бичиж дууссаны дараа доорх зааврыг тэдэнд өг.

  1. Цааснуудаа хамтрагчдаа харуулалгүйгээр өөртөө уншигдахаар барь.

  2. Эхний хамтрагч нь шүлгийн эшлэл бүхий нэг цаасыг ширээн дээр тавина.

  3. Хоёр дахь хамтрагч нь харгалзах түлхүүр судрын хэллэгийг ширээн дээр тавина.

  4. Тэгээд хоёр дахь хамтрагч нь судрын хэллэг бүхий нэг цаасыг ширээн дээр тавихад эхний хамтрагч нь үүнтэй тохирох судрын эшлэлийг тавина.

  5. Бүх цаасаа хооронд нь тохиртол энэ үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.

Дараа нь хоорондоо бичсэн цаасаа солилцон, энэхүү үйл ажиллагааг дахин нэг удаа гүйцэтгэнэ. Суралцагчид энэ үйл ажиллагааг хэр хурдан гүйцэтгэж байгаагаа үзэхийн тулд цаг хэмжиж болно.

Төгс эзэмших сургаалын хэллэгүүдийг үргэлжлүүлэн цээжлэхдээ Doctrinal Mastery аппликэйшныг ашиглахыг суралцагчдад уриалж болно. Мөн дараа дараагийн хичээлүүд дээр төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр хэллэгүүдийг товчхон давтаж байх нь суралцагчдад эдгээрийг цээжлэхэд тусална.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх

Хичээлийн үлдсэн хэсэг нь төгс эзэмших сургаалын хэсэг, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг амьдралын бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд суралцагчдад туслахад чиглэсэн. Үргэлжлүүлэхээсээ өмнө Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн “5–12-р догол мөр дэх зарчмуудыг эргэж харах нь суралцагчдад тустай байж болно. Санал болгох давтах үйл ажиллагаанууд “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралтад бий.

Бид өдөр тутмын амьдралын завгүй мөчүүддээ Тэнгэрлэг Эцэгт болон Түүний бидэнд зориулсан төлөвлөгөөнд анхаарал хандуулахад хэцүү байж болно гэдгийг товчхон тайлбарлах нь тустай байж болно. Энэ асуудлыг ойлгуулахдаа та дараах нөхцөл байдлын аль нэгийг эсвэл хоёуланг ашиглаж болно. Та суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад илүү сайн нийцүүлэхийн тулд жишээнүүдийг тохируулан өөрчилж болно.

  1. Лияа гэрийнхээ эргэн тойронд мөн сургуульдаа үргэлж олон найзтай байдаг. Түүний найзууд нь түүнийг олны танил гэж боддог ба тэр ч бас тэгж харагдахдаа дуртай байжээ. Өнгөрсөн жил Лияагийн гэр бүл шинэ хот руу нүүв. Түүнд орчинтойгоо зохицоход хэцүү байв. Лияад шинэ очсон газартаа дотно найзууд байхгүй байсан нь түүний өөртөө итгэх итгэлд нөлөөлж эхэлжээ.

  2. Коллин хөл бөмбөгийн чадварлаг тоглогч байв. Түүний багийнхан, дасгалжуулагчид, найзууд нь түүний ур чадвар, амжилтуудыг нь сайшаан магтдаг байв. Гэтэл энэ жил улирлын тоглолтууд эхлэхээс өмнө Коллин өвдгөндөө хүнд бэртэл авснаар бүх юм өөрчлөгдлөө. Тэрээр ахлах сургуулийнхаа сүүлийн жилийг тоглож чадахгүй өнгөрөөх болсноо сонсоод, сэтгэлээр ихэд унав. Эхэндээ олон хүн түүнд сэтгэлийн дэм өгч, багийнхан нь багийн үйл ажиллагаандаа түүнийг оролцуулахыг хичээдэг байв. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Коллиныг тоодог хүн цөөрч эхэлжээ. Хүмүүс түүнийг одоо чадварлаг хөл бөмбөг тоглогч гэж харахаа больсноос болж амьдрал нь хэрхэн өөрчлөгдөх бол гэж тэрээр боддог болов.

  • Эдгээр нөхцөл байдалд засах шаардлагатай ямар асуудал буюу сорилт байна гэж та үзэж байна вэ?

  • Бид яагаад заримдаа өөрсдийн үнэ цэнийг өөрсдийнхөө авьяас чадвар эсвэл бусад хүнд хэрхэн харагдах гэх мэт гадаад хүчин зүйлсэд суурилдаг вэ?

Үүнтэй төстэй нөхцөл байдлуудад Аврагчийн сургаал, сүнслэг мэдлэг олж авах зарчмууд тусалж чадахыг тайлбарла.

Суралцагчдад эдгээр зарчмыг ашиглаж эхлэхэд туслахын тулд ангийг жижиг бүлэг болгон хуваарилж болно. Бүлгүүдийн хагасыг нь итгэлээр үйлдэх зарчмыг, нөгөө хагасыг нь утга санаа, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах зарчим дээр төвлөрөхөөр оноож өг. Суралцагчдыг тэдэнд оноосон зарчмууд нь дээрх жишээн дээрх хүмүүст тусалж болох хэд хэдэн арга замыг гаргаж ирж ярилцахыг хүс.

Үүнийг гүйцэтгэх нэг арга зам нь оноосон зарчмыг цаасны голд бичих юм. Тэгээд уг зарчмыг тойруулан бүлгийн гишүүд итгэлээр үйлдэхэд эсвэл асуудлыг мөнхийн талаас нь шинжлэн судлахад туслах тодорхой арга замуудыг бичиж болно.

Түүнчлэн дараах асуултуудыг бүлгээрээ ярилцахаар үзүүлж болно.

Итгэлээр үйлдэх

  • Энэ хүн Бурханы өөрийг нь хардгийн адилаар өөрийгөө хардаг болохын тулд итгэлийн ямар үйлдэл хийх хэрэгтэй вэ?

  • Өөрийгөө Бурханы хүүхэд гэдэгт илүү ач холбогдол өгснөөр энэ хүн амьдралдаа ямар өөрчлөлт авчирч болох вэ?

Утга санаа, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Энэ хүний хувьд Бурханы тухай болон Түүний төлөвлөгөөний талаар санахад нь юу тус болох вэ? Ингэх нь тэдний өдөр тутмын амьдралд ямар ач тус өгөх вэ?

  • Энэ хүн өөрийгөө хэн болох мөн ямар зорилготой болох талаар юуг ойлгоосой гэж та хүсэж байна вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалж

Бүлгүүдийг ярилцаж дууссаны дараа тэднийг ойлголтоо ангийнхандаа хуваалцахыг хүс. Тэгээд суралцагчдад сүнслэг мэдлэг хүлээн авах гуравдугаар зарчмыг сануул: Илүү гүн ойлголтыг тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан эрэлхийлэх. Суралцагчдад дээрх жишээн дээрх хүмүүст тусалж болох тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг олох хугацаа өг. Дараах асуултууд үүнд туслах боломжтой.

  • Аль нэг төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд дээрх сургаал энэ хүнд хэрхэн тусалж чадах вэ?

  • Тусалж болох өөр ямар судар эсвэл Сүмийн удирдагчийн мэдэгдэл байгаа вэ?

Хэрэв шаардлагатай бол та суралцагчдад энэ жил тэдний судалсан бидний бурханлаг шинж чанар, зорилготой холбоотой судруудыг эсвэл Сүмийн удирдагчийн мэдэгдлийг сануулж болно. Жишээлбэл: Мосе 1:2–6; Абрахам 3:22–23; Эхлэл 1:26–27. Түүнчлэн та суралцагчдыг 8-р хичээл: “Эхлэл 1:26–27” дээрх “Би Бурханы хүүхэд” гарчигтай тарааж өгөх материал дээрх мэдэгдлүүдийг үзэхийг санал болгож болно.

Суралцагчдыг тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг хуваалцах үед эдгээр эх сурвалж жишээн дээрх хүмүүст яагаад эсвэл хэрхэн тусалж болохыг ярилцахыг хүс. Мөн та суралцагчдаас тэдний өөрсдийн хэн гэдэгтэй нь холбоотой сорилтуудтай тулгарах үед сүнслэг мэдлэг олж авах зарчмууд тэднийг хэрхэн адисалж байсныг асууж болно.