“Мосе 6:47–68: ‘Энэ бол Авралын төлөвлөгөө,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Мосе 6:47–68: ‘Энэ бол Авралын төлөвлөгөө,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
14-р хичээл: Эхлэл 5; Мосе 6
Мосе 6:47–68
“Энэ бол Авралын төлөвлөгөө”
Тэнгэрлэг Эцэгийн маань авралын төлөвлөгөөний төвд Есүс Христ байдаг. Тэрээр бүх хүнийг Түүний сургаалын дагуу амьдарснаар Өөрт нь ирэхийг урьдаг. Энэ хичээл суралцагчдад хэрхэн Есүс Христэд ирж, зөвхөн Түүний Эцэг, Тэр хоёрын өгч чадах адислалуудыг хүлээн авахыг ойлгоход тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэр бүлийнхээ гишүүнээс эсвэл найзаасаа Есүс Христ өөрсдийнх нь хувьд яагаад чухлыг, Түүнд ирэх гэдэг нь тэдний хувьд юу гэсэн үг болохыг асуухыг урь.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Христэд ирэгтүн
Хичээлийн эхэнд байгаатай адил Есүс Христийн зургийг харуул. Дараа нь доорх жишээг хуваалц.
Есүс Христийн талаар сайн мэддэггүй найз чамд байдаг гэж төсөөл. Найз чинь чамаас Есүс Христ гэж хэн бэ? Яагаад Тэр чамд тийм чухал юм бэ? хэмээн асуув.
Суралцагчдыг хэрхэн хариулах талаар бодох цаг гарга. Тэгээд суралцагчдаас төрсөн бодлоо жижиг бүлгүүдэд эсвэл ангийнхандаа хуваалцахыг хүс.
-
Хэрэв танд тайлбарлах багахан хугацаа байсан бол найзыгаа Есүс Христийн талаар юуг мэдээсэй гэж та хүсэх байсан бэ? Яагаад?
Ёс бус бүлэг хүнд наманчлахыг номлуулахаар Енохыг дуудсаныг суралцагчдад сануул (Мосе 6:27–29-ийг үзнэ үү). Өнөөдрийн хичээл тэр хүмүүст заасан түүний сургаал дээр төвлөрөхийг тайлбарла. Енохын захиас Есүс Христ бидэнд хэрэгтэйг мөн Түүнд бид хэрхэн очиж болох дээр төвлөрсөн.
Суралцагчдад яагаад Аврагч өөрсдөд нь хэрэгтэй болохыг эргэцүүлэн бодоход туслахын тулд дараах зааврыг тэдэнд үзүүлж, мэдэгдэл бүр дээр өөрсдийгөө дотроо үнэлэх хугацаа өгч болно.
1 (надтай нийцэхгүй байна)-ээс 5 (надтай нийцэж байна) хүртэлх оноог ашиглан дараах мэдэгдлүүдэд өөрсдийгөө үнэлээрэй.
-
Аврагч яагаад надад хэрэгтэйг би мэднэ.
-
Би Христэд хэрхэн ирэхээ ойлгодог.
-
Би одоогоор Есүс Христэд ирж, түүнийг дагахыг хүсэж байгаа.
Таны үнэлгээний дүн ямар байхаас үл шалтгаалан Аврагч таныг Өөрт нь ирж, Зөвхөн Түүний танд өгч чадах адислалыг авахыг хүсдэг. Та өнөөдөр бошиглогч Енохын үгсийг судалж байхдаа танд Аврагч яагаад хэрэгтэйг, мөн та Түүнд хэрхэн ирж болохыг илүү сайн ойлгохын тулд Сүнсний өдөөлтүүдэд анхаарал хандуулаарай.
Енох өөрийн хүмүүст зааж байгаа нь
Мосе 6 дээрх Енохын сургаалыг суралцагчдад заахдаа дараах хүснэгтийг самбар дээр хуулан зурж болно. Суралцагчид хүснэгтийг судлах тэмдэглэл дээрээ мөн хуулан бичиж болно. Суралцагчдаас шүлгүүдийг судлахыг асуу. Ангийнхны хагасыг нь бидэнд Аврагч яагаад хэрэгтэй болохыг олж мэдэхийг хүс. Нөгөө хагасыг нь бид Христэд хэрхэн ирж болохыг олж мэдэхийг хүс. Суралцагчид судлах явцад та дундуур нь явж, тэдний ойлгохгүй байгаа үг хэллэгүүд байгаа эсэхийг лавлаж болно. 59-р шүлэг-ийг ойлгоход дараах тайлбарууд тус болж болох юм.
-
Бид Ариун Сүнсний бэлэг хүлээн авснаар Сүнсээр төрдөг (Сэдэв ба асуултууд, “Сайн мэдээг судлах удирдамж: “Ариун Сүнсний бэлэг”,” Gospel Library).
-
Ариусгагдана гэдэг нь “Есүс Христийн цагаатгалаар нүглээс ангид, ариун, цэвэр ариун болох явц” (Судруудын удирдамж, “Ариусгал,” Gospel Library) гэсэн үг юм.
Христэд ирэх тухай Енохын сургаал: “Мосе 6:48–52, 57–59,”
|
Надад Аврагч хэрэгтэй, учир нь … |
Би … -аар Христэд ирж чадна. |
|---|---|
Суралцагчдыг хүснэгтийн өөрсдийн талыг бөглөсний дараа олж мэдсэн зүйлээ ярилцах боломж өг. Тэд үүнийг ангиараа самбар дээрх хүснэгтийг бөглөж эсвэл сурч мэдсэн зүйлээ хамтрагчдаа хуваалцаж гүйцэтгэж болно.
-
Бидэнд Аврагч яагаад хэрэгтэй талаар та эдгээр шүлгээс юу сурч мэдсэн бэ?
Бидэнд Аврагч яагаад хэрэгтэй дээр төвлөрсөн суралцагчид дараахтай төстэй үнэнийг хуваалцаж болно: Бид авралын адислалуудыг зөвхөн Есүс Христээр дамжуулан авч чадна (52-р шүлэг); бүх газар нутгийн бүх хүн наманчлах шаардлагатай (49–50, 57-р шүлгүүд); Бурханы хаант улсад цэвэр ариун бус зүйл оршиж чадахгүй (57-р шүлэг). Та суралцагчдыг олж мэдсэн үнэнээ самбар дээрх хүснэгт дээр бичихийг хүсэж болно.
-
Эдгээр шүлэг танд Есүс Христ дээр ирэхэд тань туслах тодорхой ямар зүйл хийхийг зааж байна вэ?
Бид Христэд хэрхэн ирэх дээр төвлөрсөн суралцагчид юу олж мэдсэнээ самбар дээр бичиж болно. Тэдний хариултыг тоймловол дараахтай адил үнэнийг тодорхойлж болно: Бид Аврагчийн дуу хоолойг сонсож, Түүнд итгэж, нүглээ наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авснаар Христэд ирдэг.
Энэхүү явцыг судар дээр заримдаа “Христийн сургаал” (2 Нифай 31:2–21), Аврагчийн сургаал (3 Нифай 11:31–40-ийг үзнэ үү), эсвэл Аврагчийн сайн мэдээ (3 Нифай 27:13–22-ыг үзнэ үү) гэж нэрлэдгийг тайлбарлавал тустай байж болох юм. Мосе 6:62-ыг уншаад, энэхүү үйл явцыг Тэнгэрлэг Эцэг өөр ямар хэллэгээр тодорхойлсныг олж мэдэхийг суралцагчдаас асууж болно. Та суралцагчдаас Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Есүс Христийн үүргийн талаар юу анзаарч байгаагаа хуваалцахыг асууж болно.
-
Христэд ирэхээр чармайх нь ашиг тустай эсэхэд эргэлзэж байгаа нэгэнд та юу гэж хэлэх вэ?
Өмнөх асуултыг ярилцахдаа дараах шүлгүүдийн заримыг эсвэл бүгдийг нь судалж, бид Есүс Христэд ирснээр авч болох адислалуудыг олж мэдэх нь суралцагчдад тустай байж болно: Матай 11:28–30; 2 Нифай 31:21; 3 Нифай 19:13–14; Ифер 12:27; Моронай 10:32–33. Та түүнчлэн суралцагчдаас Есүс Христэд ирэхийг хичээснээр адислагдсан туршлагаа хуваалцахыг хүсэж болно.
Ойлголтоо харуулах
Суралцагчдыг хичээлийн эхэнд дурдсан найзын жишээ рүү хандуул. Сурч мэдсэн зүйлээ дадлагажуулахын тулд суралцагчид дараах асуултуудын хариултуудыг жижиг бүлгүүдэд хуваарилагдан хуваалцаж болно.
Та өнөөдөр сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн дараах зүйлсийг найздаа хялбархан ойлгогдохоор тайлбарлаарай. Тухайлбал:
-
Есүс Христ яагаад бидэнд хэрэгтэй вэ?
-
Бид Түүнд очихын тулд юу хийж болох вэ?
Хичээлийг төгсгөхдөө суралцагчдыг төрсөн бодол эсвэл сүнслэг өдөөлтөө судлах тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэхийг уриалж болно. Та Есүс Христ бидэнд яагаад хэрэгтэй болох талаар сурч мэдсэн зүйлсээ хуваалцаж, Түүнд ирснээр амьдрал тань хэрхэн адислагдсанаа гэрчилж болно.