“Мосе 4:5–32; 5:1–15, 2-р хэсэг: ‘Унасан болохоор чи … гэтэлгэгдэж болох буюу,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Мосе 4:5–32; 5:1–15, 2-р хэсэг: ‘Унасан болохоор чи … гэтэлгэгдэж болох буюу,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
12-р хичээл: Эхлэл 3–4; Мосе 4–5
Мосе 4:5–32; 5:1–15, 2-р хэсэг
“Унасан болохоор чи … гэтэлгэгдэж болох буюу”
Адам, Ева хоёрын уналтын улмаас Еденийн цэцэрлэгт байгаагүй сорилтууд тэдэнд гарч ирсэн. Тэд Бурханы оршихуйгаас тусгаарлагдсанаар одоо нүгэл, бие махбодын үхэл, бусад мөнх бус амьдралын сорилттой нүүр тулсан. Гэвч бидний хайрт Тэнгэрлэг Эцэг Уналтын үр дагаврыг ялан дийлэх Аврагчийг өгсөн. Энэ хичээл Христийн Цагаатгалаар дамжуулан Уналтаас гэтэлгэгдэхийн баяр баяслыг мэдрэхэд суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас Адам, Ева хоёрын Уналтын нөлөөг өөрсдийн эргэн тойрноос олохыг хүс. Үүнд төрөх, нас барах, бие махбод, нүгэл, өлсгөлөн, өвчин гэх мэт байж болно. Тэдний тодорхойлсон зүйлсэд Есүс Христ хэрхэн тусалж болохыг тунгаан бодохыг суралцагчдаас хүс.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бидэнд Гэтэлгэгч байх хэрэгтэй
Есүс Христийн Цагаатгал бидэнд яагаад хэрэгтэйг суралцагчдад ойлгуулснаар хичээлээ эхлээрэй. Үүнийг хийх нэг арга бол “Есүс Христийн Цагаатгал” (Тэд Р.Каллистэр, 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 103) гэсэн гарчигтай ярианаас сэдэвлэсэн дараах санааг ашиглах юм. Онгоцноос унаж буй нэгний зургийг үзүүлээд, суралцагчдаас дараах зүйлсийг ярилцахыг хүс.
Та хэдэн мянган метрийн өндрөөс шүхрээр эсвэл өөр ямар нэг төхөөрөмжгүйгээр онгоцноос унаж байна гэж төсөөл.
-
Унах хурдаа удаашруулахын тулд та юу хийх вэ?
-
Танд амьд үлдэх ямар найдвар байх вэ?
Эсрэгээр нь, таныг онгоцноос унахаас өмнө найз тань танд шүхэр өмсүүлсэн гэж бод.
-
Энэ удаад унахдаа та ямар мэдрэмжтэй байх вэ?
-
Та найзынхаа талаар ямар бодолтой байх вэ?
Үүнийг Есүс Христийн Цагаатгал бидэнд байх шаардлагатай талаарх өмнөх ярилцлагатай холбохын тулд тэд дараах асуултуудыг хамтрагчтайгаа ярилцаж болно. Суралцагчид өмнөх хичээл дээр Уналтын үр дагаврын талаар товхимол хийсэн бол та эхлээд тэдгээр товхимлоо товч харахыг тэднээс хүсэж болно. Хэрэв суралцагчид товхимол хийгээгүй бол та тэдгээрийг харах үйл ажиллагааг өөрчилж болно.
-
Бид энэхүү зүйрлэлийг Адам, Ева хоёрын Уналт, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд Есүс Христийн Цагаатгалын гүйцэтгэсэн үүрэгтэй хэрхэн харьцуулж болох вэ?
-
Бидэнд Уналтын ямар үр дагаврыг давахад Есүс Христийн тусламж хэрэг болдог вэ?
Шаардлагатай бол суралцагчдад Уналтын улмаас бид бүгдээрээ сүнслэг үхлийг амсдаг гэдгийг сануул. Энэ нь бид Бурханы оршихуйгаас тусгаарлагдсан дэлхийд төрж, мөн нүгэл үйлдсэнээрээ сүнслэгээр Түүнээс салдаг гэсэн үг юм. Уналтаас болж түүнчлэн бид бэрхшээл, өвчин зовлон, сул байдал, мөн яваандаа бие махбодын үхлийг амсдаг.
Суралцагчдыг дараах асуултыг тунгаан бодоход урь.
-
Дараах мэдэгдлүүдийн аль нь чамайг зөв тодорхойлж байна вэ?
-
Аврагч надад яагаад хэрэгтэйг би мэдэхгүй.
-
Аврагч надад яагаад хэрэгтэйг би ойлгодог ч өөр хүнд тайлбарлаж чадахгүй байх гэж бодож байна.
-
Бидэнд Аврагч хэрэгтэйг би өөр хүнд тайлбарлаж чадна.
-
Би Есүс Хрисийг болон Түүний миний төлөө хийсэн зүйлсийг хайр, талархалтайгаар хүлээж авдаг.
-
Суралцагчдыг хичээлийн турш идэвхтэй оролцсоноор Ариун Сүнсний нөлөөг урихыг уриал.
Есүс Христийн Цагаатгал
Уналтын улмаас Адам, Ева хоёр Едений цэцэрлэгээс явах хэрэгтэй болсон. Их Эзэн тэдэнд хувцас өгч (Мосе 4:27-г үзнэ үү), мөн Уналтыг даван туулахад туслах зарлигуудыг өгснөөр тэднийг үргэлжлүүлэн адисалсаар байсан.
Зургийг энэ хичээлийн эхэнд үзүүлж, дараах шүлгүүдийг ангиараа уншиж болно. Хичээлийн дундуур үе үе зогсоож, суралцагчдаас сурч мэдэж байгаа зүйлээ хуваалцахыг хүс. Жишээлбэл: 5–7-р шүлэг-ийг уншиж дуусаад, тэд сүргийнхээ ууган төлөөр тахил өргөх нь Есүс Христийн золиослолыг хэрхэн бэлгэдэж байгаа талаар ярилцаж болно. Эсвэл та суралцагчдаас Адамын дуулгавартай байдлын жишээнээс юу сурч мэдсэнийг, үүнийг өөрсдийн амьдралдаа хэрхэн үлгэрлэн дуурайж болохыг асууж болно.
Мосе 5:5–9-ийг уншаад, Бурханы юу гэж зарлигласныг олж мэд.
-
Адам, Ева хоёр тэнгэр элчээс болон Ариун Сүнснээс юу сурч авсан бэ?
Суралцагчид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид Уналтаас гэтэлгэгдэж чадахыг олж тодорхойлж болох юм. Та суралцагчдыг 7 ба 9-р шүлэг-ээс уг үнэнийг зааж буй үг, хэллэгийг тэмдэглэхийг хүсэж болно. Гэтэлгэгдэх гэдэг нь аврагдах эсвэл чөлөөлөгдөх гэсэн утгатайг та тайлбарлаж болно.
Суралцагчдад энэ үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд туслахын тулд дараах зааврыг харуулж, доорх тараах материалыг өг. Та суралцагчдыг гурав гурваар нь бүлгүүдэд хуваарилж, бүлгийн гишүүн бүрийг тараах материалын өөр өөр хэсгийг судлахаар даалгаж болно. Суралцагчид дараа нь сурч мэдсэн зүйлээ бүлэгтээ хуваалцаад, товхимлыг дараагийн хуудсыг зохион бичиж болно. (Тайлбар: 21-р хичээл: “Өөрийн сурлагаа үнэл 1” дээр суралцагчдыг энэ үйл ажиллагаагаар бүтээсэн товхимлоо ашиглан Есүс Христийн Гэтэлгэгчийн үүргийн талаар тайлбарлахыг санал болгодог.)
-
Товхимлын баруун талын хоосон хуудсыг “Есүс Христийн Цагаатгал” хэмээн гарчигла.
-
Есүс Христийн Цагаатгал биднийг Уналтын үр дагавруудаас хэрхэн гэтэлгэдгийг сурч мэдэхийн тулд тарааж өгөх материал дээрх зүйлсийг судал. Та товхимлын өмнөх хуудсан дээр Уналтын үр дагавруудыг жагсаан бичсэн байх.
-
Товхимлын шинэ хуудсан дээр тараах материалын хэсэг бүрээс сурч мэдсэн зүйлсээ нэг юм уу хоёр өгүүлбэрээр тоймлон бич. Эдгээр сургаал чамтай хэрхэн холбоотойг таньж мэдэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Товхимол дээр бичсэн зүйлээ хуваалцах цөөн хэдэн суралцагчийг урих талаар бодож үз. Бусад суралцагч ангийнхнаасаа сурч мэдсэн зүйлсээ товхимол дээрээ нэмж бичиж болно.
Гэтэлгэлээс ирэх аз жаргал
Суралцагчдыг товхимлынхоо арын хавтсан дээр ”Миний гэтэлгэлийн аз жаргал” гэж хаяглахыг хүс. Дараах мэдэгдлийг тэр хуудсан дээрээ хуулж бичээд, доор нь бичих зай үлдээхийг уриал.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Бид … Аврагчийн Цагаатгал бидний амьдралд нөлөөлж байгааг мэд[рэх үедээ], баяр баясгалангаар дүүрэн байна. (“Баяр баясгалантай байж, сүнслэг байдлын хувьд тэсэж үлдэх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72).
Мосе 5:10–11-ийг уншаад, Адам, Ева хоёр Уналт, Аврагчийн Цагаатгалын талаар юу сурч авсныг олж мэд.
-
Тэдний үгээс юу нь та нарын анхаарлыг татсан бэ?
Мосе 5:10–11-ийг өөрийн үгээр бичсэнээр товхимлынхоо сүүлийн хуудсыг дуусгах цагийг суралцагчдад өг. Адам, Ева хоёр шиг тэд ч бас Гэтэлгэгчийн тэдэнд авчирсан баяр баяслын учир шалтгааныг бичиж болно.
Цөөн суралцагчаас бичсэн зүйлээ хуваалцахыг урьснаар хичээлээ төгсгөж болно.