Семинар
Абрахам 3: Мөнх бус байдлын өмнөх амьдрал


“Абрахам 3: Мөнх бус байдлын өмнөх амьдрал,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Абрахам 3: Мөнх бус байдлын өмнөх амьдрал,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

3-р хичээл: Мосе 1; Абрахам 3

Абрахам 3

Мөнх бус байдлын өмнөх амьдрал

Есүс Христ дэлхийг бүтээв

Үзэгдэлд Иехова Өөрийн ажил, бүтээлүүдийг Абрахамд харуулав. Түүнчлэн Тэрээр Абрахамд мөнх бус байдлын өмнөх оршихуйг болон мөнх бус амьдралд удирдагчаар сонгогдсон нэр төртэй хийгээд агуу сүнснүүдийг харуулсан. Энэ хичээл суралцагчдад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх мөнх бус байдлын өмнөх амьдралын талаар мэдэж авах нь амьдралд нь ямар ач тустайг ойлгоход тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас найзаасаа эсвэл гэр бүлийн гишүүнээс мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай юу мэдэх, мөнх бус байдлын өмнөх амьдралын талаар мэдэж байх нь тэдэнд хэрхэн тусалж болох талаар асуухыг хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та хэдэн настай вэ?

Ангийнхандаа насаа хэлэхийг хэдэн суралцагчаас хүс.

Тэдний хэлсэн нас нь тэд амьдралдаа бие махбодтой байсан хугацаа нь гэдгийг онцол. Бидний сүнс бие махбодоос маань хавьгүй урт хугацаанд оршин байгаа билээ. Бид төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэй мөн Аврагч Есүс Христтэй хамт амьдарч байсан. Бид үүнийг мөнх бус байдлын өмнөх амьдрал гэж нэрлэдэг.

Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бичихийг суралцагчдаас хүс.

  • Мөнх бус байдлын өмнөх амьдралын талаар таны мэдэх зарим зүйл юу вэ?

  • Мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай мэдлэг танд одоо хэрхэн тусалж болох вэ?

Суралцагчдыг хичээлийн явцад хариултууд дээрээ нэмж бичээд байхыг урамшуулан дэмж. Мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай мэдлэг өөрсдөд хэрхэн тусалж болохыг мэдэж болохын тулд тэднийг Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс тусламж эрэлхийлэхийг урамшуулан дэмж.

Бид Абрахамаас юу сурч мэддэг вэ?

Абрахамын ном хаанаас ирснийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд та тэднээс энэ талаар мэддэг зүйлсээ хуваалцахыг хүс эсвэл дараах хэсгийг өөрийн үгээр тайлбарла.

Абрахам өөрт тохиолдсон туршлагыг цэдэглэсэн нь бидэнд мөнх бус байдлын өмнөх амьдралын талаар илүү ойлгоход тусалдаг. Абрахам Есүс Христийг төрөхөөс 2000 орчим жилийн өмнө төрсөн. Тэрээр амьдралынхаа тухай зарим мэдээлэл, Бурханаас хүлээн авсан үзэгдэл зэргийн талаар цэдэглэсэн бөгөөд эдгээрийг Абрахамын номоос олж болно. Энэхүү цэдэг нь Сүмийн гишүүдийн худалдаж авсан, Египетээс олдсон папирусын хуйлмал бичвэрээс үүдэлтэй. Энэхүү цэдэг бошиглогч Иосеф Смитэд Бурханы хүч, бэлгээр илчлэгдсэн.

Их Эзэний Абрахамд юу заасныг олж мэдэхийн тулд Абрахам 3:11–12, 21-ийг уншина уу.

  • Эдгээр шүлгээс юу нь танд онцгой санагдсан бэ?

  • Та Их Эзэний талаар ямар үнэнийг мэдэж авсан бэ?

    Хуваалцах үедээ судрын аль хэсгээс эсвэл шүлгээс эдгээр ойлголтыг авсныг нь суралцагчдаас асуу. Ингэснээр бусад суралцагч хүсвэл тэдгээрийг тэмдэглэж авах боломжтой болно.

  • Есүс Христийн тухай эдгээр үнэнийг ойлгох нь танд одоо хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Та Аврагчийн тухай эдгээр үнэнийг амьдралдаа хэрхэн харж эсвэл мэдэрсэн бэ?

Бидний мөнх бус байдлын өмнөх амьдрал

Абрахам мөнх бус байдлын өмнөх оршихуй дахь Есүс Христийн агуу байдлын талаар олж мэдсэнийхээ дараа бидний мөнх бус байдлын өмнөх оршихуйн тухай олж мэдсэн. Их Эзэний Абрахамд харуулсан зүйлийн талаар уншихынхаа өмнө, хэрэв та мөнх бус байдлын өмнөх амьдралд өөрийгөө Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт байгааг харах боломжтой байсан бол ямар байхыг төсөөл. Энэ нь танд хэрхэн нөлөөлөх талаар тунгаан бод.

Өөрсдийгөө мөнх бус байдлын өмнөх оршихуйд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой байгааг харах нь ямар үр нөлөөтэй болохыг төсөөлөх хангалттай хугацааг суралцагчдад гаргаж өг.

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Aбрахам 3:22–23 бол төгс эзэмших сургаалын нэг юм. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд урьж болно.

Абрахам 3:22–23-ыг уншаад, Абрахам мөнх бус амьдралын өмнөх оршихуйн талаарх үзэгдлээсээ юу сурч мэдсэнийг олж мэд. Эдгээр шүлэг дээрх “оюун билгүүд” нь мөнх бус байдлын өмнөх сүнснүүдийг хэлж байгаа гэдгийг мэдэх нь тустай байж болох юм.

  • Энэ үйл явдлын ачаар Абрахам ямар үнэнийг сурч мэдсэн эсвэл илүү сайн ойлгосон гэж та бодож байна вэ?

    Суралцагчдын хуваалцсан үнэнүүдийг самбарт бич. Хэрэв суралцагчид олж хэлэхгүй бол дараахыг нэмж бичээрэй: Бурхан Өөрийн нэр төртэй хийгээд агуу сүнсэн хүүхдүүдийг төрөхөөс нь өмнө удирдагч болгохоор сонгосон. Үүнийг ихэвчлэн урьдчилсан томилолт гэж нэрлэдэг.

  • “Нэр төртэй хийгээд агуу” гэсэн үгийн дэлхийн тодорхойлолт Их Эзэнийхээс юугаараа ялгаатай байна гэж та бодож байна вэ?

Бид нэр төртэй хийгээд агуу суутнуудын нэг мөн үү?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Абрахам 3 дээр заадаг үнэн танд хамаарч болох нэгэн арга замыг дэлхий даяарх онцгой цугларалт дээр ийн ярьсан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Тэнгэрлэг Эцэг маань Өөрийн хамгийн нэр төртэй суутнуудаас олныг буюу хамгийн шилдэг багаа энэхүү сүүлчийн үед зориулан бэлтгэсэн. Тэдгээр нэр төртэй суутан, шилдэг тоглогч, баатрууд бол та нар! … Та Их Эзэний энэ дэлхий рүү илгээсэн хамгийн шилдэг хүмүүсийн нэг хэсэг юм. Та урьд өмнөх бүх үеийнхнээс илүү дэлхийд нөлөөлөхүйц ухаалаг, илүү мэргэн байх чадвартай. (“Израилын итгэл найдвар” [Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], 8, 16).

Суралцагчдыг судар дээрээ ерөнхийлөгч Нэлсоны заасан зүйлийг санахад туслахаар тэмдэглэхийг уриалж болно. 22-р шүлгийн дараа тэд “тэдний нэг нь би” гэж бичиж эсвэл 23-р шүлэг дээр Абрахамын нэрийн дээр өөрийн нэрийг бичиж эсвэл Gospel Library дээр Абрахам 3:22–23-ыг ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн дээрх үгтэй холбож болно.

Хэрэв шаардлагатай бол суралцагчдад мөнх бус байдлын өмнөх амьдралын талаар суралцах цаг гарга. Тэд “Мөнх бус байдлын өмнөх амьдрал” сэдвийг Судруудын удирдамж-аас эсвэл Topical Guide-аас судалж болно. Эсвэл суралцагчид Иеремиа 1:4–5; Алма 13:3–4; Сургаал ба Гэрээ 138:55–56 гэх зэрэг мөнх бус байдлын өмнөх амьдралын талаарх шүлгүүдийг холбон, судрын хэлхээ үүсгэн бичиж болно. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ болон энэ нь яагаад өөрсдөд нь утга учиртай байгаа тухай хуваалцахыг хүс.

Дараахыг жижиг бүлгүүдэд хуваарилагдан гүйцэтгээд, заримынх нь бодлыг ангийнханд хуваалцуул.

Абрахам 3:22–23 өөрт нь ямар хамааралтай болохыг мэдэхгүй хэн нэгэн ангид чинь байна гэж төсөөл.

Дараах зүйлсийг бэлтгэ:

  • Абрахам 3:22–23 ба ерөнхийлөгч Нэлсоны заасан зүйлсийн хураангуй.

  • Та эсвэл бусад өсвөр насны хүүхэд бусдад хэрхэн сайнаар нөлөөлж эсвэл тэднийг Есүс Христэд ойртуулан авчирч болох санаанууд.

  • Мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай ойлголт амьдралд тань хэрхэн тус болж болох тухай таны бодол.

Семинарын сургалтын дүрсСуралцагчдыг хуваалцаж байх үед, Тэнгэрлэг Эцэг тэднийг энэ цаг үед бусдыг Өөрт нь ойртоход туслуулахаар энд илгээснийг онцлох арга замуудыг хайж ол. Түүнчлэн хичээлд оролцох идэвх гаргаж байгаа суралцагчдыг чин сэтгэлээсээ магтан сайшаах нь зүйтэй. Ингэснээр суралцагчид оролцоог нь үнэлж байгааг мэдэж авна. Таны эдгээр хүчин чармайлт тэдний ангийнхандаа хуваалцах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлж чадна.

Нэмэлт сургалт хэрэгтэй бол Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дээрх “Бүх хүн хүндлэлийг болон өөрсдийнх нь оролцоо үнэ цэнтэй болохыг мэдрэхүйц орчин бүрдүүл” хэсгийг үзнэ үү.

Энэ хичээл дээрх үнэний тухай гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.

Цээжил

Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. “Сүнсний хувьд бид ‘дэлхий байхаас өмнө зохион байгуулагдсан’” гэдэг нь судрын түлхүүр үг юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.