Семинар
Мосе 1:12–26: “Эндээс зайл чи, Сатан”


“Мосе 1:12–26: ‘Эндээс зайл чи, Сатан,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Мосе 1:12–26: ‘Эндээс зайл чи, Сатан,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

5-р хичээл: Мосе 1; Абрахам 3

Мосе 1:12–26

“Эндээс зайл чи, Сатан”

Бид бүгд Сатаны уруу таталтыг мэдэрч байсан. Гэлээ ч Мосегийн адил бид өөрсдийгөө жинхэнээсээ хэн гэдгээ санавал амьдралдаа Сатаныг болон түүний уруу таталтыг давах хүчийг Бурханаас авч чадна. Энэ хичээлийн зорилго бол хувийн уруу таталтаа даван туулахын тулд Бурханаас хүч чадал авахад суралцагчдад туслах юм.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдөд нь тулгардаг нэг уруу таталтын талаар тунгаан бодож, үүнийг хэрхэн даван гарахыг ангид ирж сурахад бэлдэж ирэхийг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Уруу таталттай тулгарах

Уруу таталтыг даван туулах талаар сурч мэдэхэд суралцагчдыг бэлдэхдээ дараах мэдэгдэл, асуултуудыг хуваалцаж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Жэффри Р.Холланд ийн заасан.

Ерөнхийлөгч Жэффри Р.Холланд

Сатан та нарыг устгахыг эрэлхийлж, та нар улам залуу, бүр улам залуугаасаа түүний эсрэг тэмцэх хэрэгтэй болж байгаа учраас би та нартай ийн ярьж байна. (“Бид бүгд дуудагдсан,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54)

  • Ерөнхийлөгч Холландын энэхүү эшлэлийг та нар юу гэж бодож байна вэ?

  • Хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэнд ямар ямар уруу таталт тулгардаг вэ?

Суралцагчдын дурдсан уруу таталтуудыг самбар дээр бичих нь тустай байж болох юм. Та хичээлийн дундуур суралцагчдаас эдгээрийг эргэцүүлэхийг хүсэх болно.

Дараах асуултуудын хариултыг судлах тэмдэглэл дээрээ бичихийг суралцагчдаас хүсэж болно.

Танд тулгарч байсан эсвэл одоо ч байдаг уруу таталтын талаар тунгаан бод. Дараахыг бодож үзнэ үү:

  • Энэ уруу таталтыг эсэргүүцэхэд юу танд хэцүү байдаг вэ?

  • Та үүнийг эсэргүүцэхэд туслах тусламж, хүч чадлыг эрэлхийлж юу хийдэг вэ?

  • Та өөрийгөө уруу таталтыг хэр сайн даван туулдаг гэж боддог вэ?

Мосе 1:1–26-г өнөөдөр судлахдаа уруу таталттай учрах үед тань хүчирхэгжүүлэх үнэнийг тодорхойлохын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Мосе Сатанд уруу татагдсан нь

Суралцагчдыг өмнөх хичээлээс санаж байгаа зүйлсээ хуваалцахыг хүс эсвэл Мосе 1:1–26-г гүйлгэн уншаад, сурч мэдэж авсан зүйлсээ эргэцүүлэн ярьж болно. Хэрэв шаардлагатай бол Мосе “Бурханыг нүүр нүүрээрээ харж, мөн тэрээр түүнтэй ярилц[сан]” (Мосе 1:2)-ыг мөн Бурхан Мосед тэрээр Түүний хүү гэдгийг гурвантаа заасан (4, 6, мөн 7-р шүлэг-ийг үзнэ үү) гэдгийг сануулаарай.

Мосе хэдийгээр хүчирхэг бошиглогч байсан ч асар их уруу таталттай учирсан. Мосег Бурхантай уулзсаны дараахан “Сатан түүнийг сорихоор ирж” (Мосе 1:12) маш хэцүү зүйл тохиожээ. Мосе мэддэг байсан, мөн хийсэн зүйлсийнхээ ачаар ялах боломжтой байсан. Мосе 1:12–22-ыг уншаад, Мосед Сатаны уруу таталтыг эсэргүүцэхэд юу тусалсныг олж мэд. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэж ав.

Та “I Am a Son of God” видеог цагийн код 2:50-аас 6:30 хүртэл эсвэл өмнөх хичээл дээр энэ видеоны эхний хэсгийг үзүүлээгүй бол бүгдийг нь үзүүлж болно. Видеог үзсэний дараа та суралцагчдаар шүлгүүдийг уншуулж, Мосед Сатаны уруу таталтыг ялан дийлэхэд юу тусалсныг олохыг хүсэж болно. Дараа нь суралцагчид дараах асуултыг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр ярилцаж болно.

6:31
  • Уруу таталтыг ялан дийлэхэд бидэнд туслах юуг та Мосед тохиолдсон явдлаас сурч авсан бэ?

Дараах гүйцэд бус зарчмыг самбарт бичиж болно. Жишээлбэл: Бид … -аар уруу таталтыг ялан дийлэхэд Бурханы тусламжийг авч чадна. Суралцагчдыг самбарын өмнө урьж уг зарчмыг өөрсдийн үгээр гүйцээхийг хүс. Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол дараахтай төстэй асуултуудыг тавьж тэднийг чиглүүлж өгч болох юм. Үүнд:

  • 12-р шүлэг дээр Сатан Мосег юу гэж дуудсан бэ? 13-р шүлэг дээр Мосе юу гэж хариулсан бэ?

  • Мосе Бурхантай уулзсан сүнслэг туршлагаасаа юуг санасан нь түүнийг уруу таталтад ороход нь тусалсан бэ?

Суралцагчид уг зарчмыг хэд хэдэн янзаар гүйцээж болох ба зарим гаргалгааг доор дурдав. Үүнд:

… бид Бурханы хүүхдүүд гэдгээ санаснаар

… өмнөх сүнслэг туршлагаа санаснаар

… Бурханаас хүч чадал гуйснаар

Хэд хэдэн зарчмыг тодорхойлсны дараа, олж мэдсэн үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд суралцагчдад туслахын тулд дараах эшлэл мөн асуултуудыг ашиглаж болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бид Бурханы хүүхдүүд гэдгээ санахаас ирдэг хүчний талаар ийн хуваалцсан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Хайрт найзууд минь, та нар бол Бурханы хүүхэд гэдэг нь чухамхүү үнэн зүйл юм шүү. Та нар “Би Бурханы хүүхэд” дууллын үгийг сурч мэдсэн үеэсээ л энэ үнэнийг дуулсаар ирсэн. Харин энэ мөнхийн үнэн та нарын зүрх сэтгэлд сийлэгдсэн үү? Уруу таталтыг даван туулахад энэ үнэн та нарт тусалсан уу? (“Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” [залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15])

  • Би Бурханы хүүхэд хэмээх үнэнийг зүрх сэтгэлдээ бичнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Бид уруу таталттай тулгарах үедээ Бурханы хүүхэд гэдгээ санах нь биднийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?

  • Уруу таталтыг даван гарахад маань Бурханы тусламж бидэнд яагаад хэрэгтэй гэж та бодож байна вэ?

Хэн нэгнийг уруу таталтад ороход нь Бурхан хүчирхэгжүүлсэн жишээг хуваалцахыг суралцагчдаас хүс. Эдгээр жишээг судруудаас, мөн тэдний ойрын хүмүүсийн эсвэл өөрсдийн амьдралаас эш татаж болно. Уруу таталтууд хувийн шинжтэй байдаг тул суралцагчдад тодорхой нэг уруу таталтыг хуваалцахгүй байхыг сануулаарай.

Хувийн уруу таталтыг ялан дийлэх

Өнөөдрийн ярилцсан зарчмуудын дагуу хэрхэн амьдрахыг суралцагчдад ойлгуулахын тулд хичээлийн эхэнд самбар дээр бичсэн уруу таталтуудаас нэг юм уу хоёрыг сонгохыг хүс. Суралцагчдыг ангиараа эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилагдан, уруу таталтад орсон хүн үүнийг даван гарахын тулд эдгээр зарчмыг хэрхэн амьдралд ойр байдлаар ашиглаж болохыг ярилцахыг хүс.

Суралцагчдыг гаргасан санаагаа самбар дээр бичихийг урьж эсвэл дараах санаануудын заримыг үзүүлж болно.

Мосе 1:12–26-аас олж мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх санаанууд:

  • Их Эзэний хайрыг мэдэрч, Бурханы хүүхэд гэдгээ мэдэрч байсан үеийнхээ тухай тэмдэглэл дээрээ бич. Уруу таталтад орсон үедээ үүнийг гаргаж уншиж болно.

  • Сүнслэгээр өдөөгдсөн судар, мөн дууллуудыг эсвэл ариун ёслолын залбирлыг цээжилж, уруу татагдах үедээ давтан хэл. (Аврагч энэ аргыг Матай 4:1–11 дээр ашигласан.)

  • Уруу таталтыг давах хүч чадлыг өдөр бүр Их Эзэнээс гуйн залбир. Тэнгэрлэг Эцэгтээ орой болгон талархаж, аливаа дутагдлаа дурдаж, өршөөл гуйн, үргэлжлүүлэн хичээсээр байхаа амлан тайлагна (3 Нифай 18:15, 18).

  • Өмнөх сүнслэг туршлагаа санаж, тэмдэглэл дээрээ бич. Уруу таталт ирэх үед үүнийгээ гаргаж унш.

  • Эцэг эхтэйгээ эсвэл итгэж найддаг насанд хүрсэн хүнтэй эдгээр зарчим тэдэнд хэрхэн тусалсан, үүнийг хэрхэн хэрэгжүүлэхийг тэднээс асуун ярилц.

Өөрсдөд нь тулгарах уруу таталтыг даван туулах төлөвлөгөө гаргахыг суралцагчдад уриал. Та үүнийг дараах зааврыг өгснөөр хийж болно. Тухайлбал:

Хичээлийн эхэнд бодсон уруу таталтыг эсвэл танд тулгардаг өөр нэг уруу таталтыг сана.

Та амьдралдаа мэдэрсэн Их Эзэний хүч чадлын тухай, мөн таны суралцагчдад уруу таталтаа даван гарахад туслах гэсэн Түүний хүслийн талаар гэрчлэлээ хуваалц. Тэдэнд итгэдгээ илэрхийлэхийн зэрэгцээ Бурханы тусламжтайгаар уруу таталтуудаа даван гарах чадвар өөрсдөд нь бий гэдгийг хэл.

“Энэ уруу таталтыг даван гарахад өөрийгөө бэлдэхийн тулд би … болно” өгүүлбэрийг судлах тэмдэглэл дээрээ гүйцээж бичихдээ Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг эрэлхийл.