“Мосе 1:1–11: ‘Чамд зориулсан ажил надад буй … хүү минь,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Мосе 1:1–11: ‘Чамд зориулсан ажил надад буй … хүү минь,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
4-р хичээл: Мосе 1; Абрахам 3
Мосе 1:1–11
“Чамд зориулсан ажил надад буй … хүү минь”
Өндөр ууланд Мосе “Бурханыг нүүр нүүрээрээ харж, мөн тэрээр Түүнтэй ярилцсан” (Мосе 1:2). Бурхан Мосед “Болгоогтун, чи миний хүү билээ” (Мосе 1:4) мөн “чамд зориулсан ажил надад буй” (Moses 1:6) хэмээн хэлсэн. Энэ хичээлийн зорилго бол суралцагчдад тэд Бурханы хүүхдүүд бөгөөд Түүнд тэднээр хийлгэх ажил байгаа гэдгийг мэдрэхэд туслах юм.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас өөрсдийн амьдралын зорилго нь юу гэж итгэдгийг тунгаан бодохыг эсвэл бичихийг хүс.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Чамаар хийлгэх ажил
Самбар дээр “ (Чиний нэр), чамаар хийлгэхийг хүссэн ажил надад байна” гэж бич. Хэн нэгэн өөрсдөөр нь ямар нэг юм хийлгэхийг хүсэж байна гэж хэлбэл ямар санагдахыг суралцагчдаас асуу. Дараах асуултуудыг тавих талаар бодож үз.
-
Хэн асууснаас нь хамааран танд өөр санагдах уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?
-
Бурхан танд үүнийг хэлсэн бол та нарт ямар санагдах байсан бэ? Яагаад?
Суралцагчдыг судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бичихийг хүс.
-
Бурханд энэ амьдралд танаар хийлгэх ажил байдаг гэдэгт та итгэдэг үү? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?
-
Бурхан танаар юу хийлгэхийг хүсэж байгааг та өөрөө хэр сайн мэднэ гэж бодож байна вэ?
-
Үүнийг урамтай хийхийн тулд та Бурханы тухай мөн өөрийнхөө талаар юуг мэдэх хэрэгтэй гэж бодож байна вэ?
Суралцагчид энэ хичээлээр Мосе 1-ийг судлахдаа, өөрсдийнхөө, мөн Бурханы талаар, түүнчлэн энэ амьдралд Тэрээр тэднээр юу хийлгэхийг хүссэнийг илүү сайн мэдэхийн тулд Ариун Сүнсний туслалцааг эрэлхийлэхийг уриал.
Мосегийн үлгэр жишээ
Суралцагчдаар Агуу Үнэт Сувдаас Мосегийн номыг олуул. Бошиглогч Иосеф Смитийг Эхлэл 1-ээс Эхлэл 6:13 хүртэл сүнслэгээр өдөөгдөн орчуулсан орчуулга дээрээ ажиллаж байх үед Бурхан түүгээр дамжуулан Мосегийн номыг илчилсэн гэдгийг тайлбарла. Энэ нь цэдэглэ хэмээн Мосед зарлигласан Бурханы үгсийг агуулдаг (Мосе 1:40).
Мосегийн доорх нөхцөл байдлууд дахь зургуудыг үзүүлж болно.
-
Та Мосегийн талаар болон түүний амьдралын тухай юу мэдэх вэ?
Хэрэв шаардлагатай бол, Их Эзэн Мосегоор дамжуулан гайхамшгуудыг үйлдэж, хүн зоноо боолчлолоос удирдан гаргахаас өмнө Мосе уг гарлаараа израил хүн (Бурханы гэрээт хүмүүсийн нэг) байсан ч түүнийг Египетийн хааны гэр бүлийнхэн үрчилж авсан байсан гэдгийг тайлбарла. Тэрээр эцэст нь амиа хамгаалахын тулд өөрийн мэдэх цорын ганц гэр бүлээ орхин, Египетээс шинэ нутаг руу зугтах хэрэгтэй болсон.
-
Хэрэв та нар Мосегийн нөхцөл байдалд байсан бол амьдралынхаа зорилгын талаар ямар бодолтой байх байсан бэ?
Мосег Египетээс зугтан гарсны дараа Аврагч Мосетой “нүүр нүүрээрээ” (Мосе 1:2) харж ярилцсан. Есүс Христ Тэнгэрлэг Эцэгтэй нэгдмэл нэг байсан тул Тэрээр Мосетой Бурхан Эцэг мэт ярьсан. Тиймээс бид энэ шүлгийг уншихдаа Эцэг, Хүү хоёрын аль алиных нь талаар илүү сайн мэдэж авч болно. Мосе Тэнгэрлэг Эцэгийн тухай болон өөрийг нь чухал ажил хийхэд хөтөлсөн Христтэй холбогдох харилцааны тухай мэдэж авчээ. Мосегийн сурч мэдсэн зүйлсийг суралцагчдад таниулахын тулд дараах хүснэгтийг самбар дээр хуулан зур. Энэ үйл ажиллагааг суралцагчид хүснэгтийг судлах тэмдэглэл дээрээ хуулж аваад, тус тусдаа эсвэл самбар дээр ангиараа хийж болно.
|
Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христ |
Мосе |
|---|---|
Мосе 1:1–11-ийг уншихдаа энэхүү явдал танд тохиолдсон бол ямар байх байсныг төсөөлөн бод. Эдгээр шүлэг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Мосе гурвын талаар юу зааж байгааг хүснэгтэн дээр бич.
Эдгээр шүлгийг судлах өөр нэгэн арга нь “Би Бурханы Хүү” видеог цагийн код 0:00-ээс 2:49 хүртэл үзүүлэх юм. Видеог үзсэний дараа та суралцагчдаар шүлгүүдийг уншуулж, видеонд гараагүй чухал үгсийг эсвэл тодорхой зүйлсийг олж нүдлэхийг хүсэж болно.
Суралцагчдаас хүснэгтийг бөглөх явцдаа судраас олж мэдсэн зүйлсээ болон энэ нь тэдэнд яагаад чухал эсвэл утга учиртай болохыг хуваалцахыг хүс. Хэрэв шаардлагатай бол дараах асуултуудыг тавь.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу нь танд илүү онцгой санагдсан бэ? Яагаад?
Суралцагчдыг хуваалцаж байх хооронд Бурханы агуу байдлыг онцлох арга замыг хайж ол. Та суралцагчдаас Түүний хүчийг харуулсан эшлэлүүдийг олохыг хүсэж болно.
-
4, 6–7-р шүлэг дээрх Бурханы Мосед хэлсэн үгсээс танд хамаатай байж болох хэсэг нь аль вэ?
Суралцагчид дараахтай адил үнэнийг тодорхойлж болно: Бид Бурханы хүүхдүүд бөгөөд Түүнд биднээр хийлгэх ажил байгаа. Суралцагчдыг энэхүү үнэнийг судар дээрээ бичихийг эсвэл үүнийг заадаг шүлгүүдийг тэмдэглэхийг хүсэж болно.
-
Бурханы агуу байдлыг мэдэх нь Түүний хүүхэд байх явдлыг хэрхэн илүү учир утгатай болгох вэ?
-
Бид Бурханы хүүхдүүд гэдгийг ойлгох нь өөрсдийн зорилгыг эсвэл энэ амьдрал дахь зорилгоо ойлгоход хэрхэн туслах вэ?
Тайлбар: Дараагийн хичээл дээр Мосе 1:12–26-г үзэхдээ суралцагчид Мосе өөрийгөө Бурханы хүү гэдгээ ухаарсан нь түүнд Сатаны уруу таталтыг эсэргүүцэх хүч өгсөн тухайг судлахыг мэдэх нь хэрэгтэй байж болох юм. Түүнчлэн дараагийн долоо хоногт Эхлэл 1:26–27 дээрх хичээл суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Эхийн охид, хөвгүүдийн хувьд хэн гэдгээ мэдэхэд, мөн өөрсдийн чадавхын ач холбогдлыг мэдрэхэд тусална.
Биднээр хийлгэх ажил Бурханд байдаг
Бурханд Өөрийн хүүхэд бүрээр хийлгэх чухал ажил байгааг тунгаан бодоход суралцагчдад туслахын тулд тэднээр дараах үйл ажиллагааг хийлгэж болно.
Судлах тэмдэглэл дээрээ гурван савхан хүн зур. Дараах жишээн дээрх хүмүүст Бурханы өгсөн ажил үүргийг судлаад, савхан хүмүүсээ нэрлэж бич. Дараа нь савхан хүн бүрийн доор эсвэл хажууд дараах асуултуудын хариултыг бич.
-
Мосе. “Мосе”-г Bible Dictionary эсвэл Судруудын удирдамж-аас үз.
-
Гириш (Балба улсад төрж өссөн бөгөөд тэрээр сайн мэдээг олж, яваандаа Юта руу нүүжээ). Доорх эхийг унш эсвэл “Чамд зориулсан ажил надад буй” (10:25) цагийн код 0:18-аас 1:12 хүртэл үз.
10:25
Олон жилийн дараа Балба дахь дүрвэгчдийн лагериас 1500 гаруй хүн Ютад нүүн ирэхэд Гириш туслах хэрэгтэй гэсэн сүнсний өдөөлтийг мэдэрчээ. Төрөлх хэл, соёлоо сайн мэддэг байсан учраас Гириш орчуулагч, багш, зөвлөгчөөр үйлчлэв. Балба хэлтэй салбар ч байгуулагдаж, улмаар Гириш уг салбарын ерөнхийлөгчөөр үйлчлэв. Тэрээр бас Мормоны Номыг балба хэл рүү орчуулахад гар бие оролцсон аж. (Бага Жон К.Пингрий, “Чамд зориулсан ажил надад буй,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19)
-
Урам нь хугарсан эгч. Дараах эхийг унш.
Нэг өдөр урам нь хугарсан залуу эмэгтэй “Их Эзэн минь, хувь хүнийхээ хувьд миний үзүүлэх үйлчлэл юу вэ?” гэж асуужээ. Бурхан хариуд нь “Бусдад анхаарал хандуул” гэв. … Түүнээс хойш тэр эмэгтэй байнга мартагддаг байсан хүмүүст анхаарлаа хандуулах болсон бөгөөд Бурхан түүгээр дамжуулан ажиллаж, олон хүнийг адисалсан. (Бага Жон К.Пингрий, “Чамд зориулсан ажил надад буй,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19)
Та Гиришийн эсвэл урам нь хугарсан эгчийн түүхийг өөрийн мэдэх орчин цагийн түүхээр орлуулж болно.
Дараах асуултуудыг самбарт үзүүлэх нь тустай байж болох юм.
-
Энэ хүн бусдад тусалж, тэднийг Есүс Христэд авчрахын тулд юу хийсэн бэ?
-
Хайраар дүүрэн Бурхан яагаад энэ ажлыг тэднээр хийлгэхийг хүссэн бэ?
-
Үүнийг хийхэд тэд хэрхэн тус бүрийн өвөрмөц байдлаар бэлтгэгдсэн байсан бэ? Эсвэл тэд бусдад хэрхэн тус бүрийн өвөрмөц байдлаар тусалсан бэ?
Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах хооронд Их Эзэний биднээр хийлгэхийг хүссэн бүх ажил агуу том эсвэл агуу биш ч энэ нь Их Эзэний хувьд болон бидний үйлчилдэг Түүний хүүхдүүдийн хувьд үргэлж чухал ач холбогдолтой байдгийг онцолж болох арга замыг олж мэд. Их Эзэний бидэнд өгөх тодорхой ажил, үүрэг даалгавар Түүний авралын болон өргөмжлөлийн ажилд оролцох боломжийг бидэнд өгнө (Moсе 1:39-ийг үзнэ үү). Биднийг одоо төвлөрөөсэй хэмээн хүссэн ажил Түүнд байж болох ч ирээдүйд биднийг өөр зүйлд төвлөрөөсэй хэмээн Тэрээр хүсэж болно.
Танд зориулсан ажил
Нэг савхан хүн нэмж зураад, доор нь өөрийнхөө нэрийг бич.
Далын ахлагч Жон С.Пингрий ийн гэрчилсэн.
Бурхан Мосед “Чамд зориулсан ажил надад буй” (Мосе 1:6) хэмээн тунхагласан. Тэнгэрлэг Эцэгт танаар хийлгэх ажил байгаа эсэх талаар та бодож байсан уу? Түүний танд бэлдсэн, зөвхөн танаар хийлгэх чухал зүйл байгаа болов уу? Үүний хариулт “тийм” гэдгийг би гэрчилж байна! (“Чамд зориулсан ажил надад буй,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 19)
Өөрсдийн савхан хүнд зориулан дараах асуултуудын заримд эсвэл бүгдэд нь хариулахдаа дотроо залбиран, Их Эзэнээс илчлэл эрэлхийлэхийг суралцагчдад хэлж болно. Суралцагчид эдгээр асуултын хариултыг бүгдийг нь ангид хүлээж авахгүй байж болно гэдгийг тайлбарлах нь тустай байж болно. Тэднийг эдгээрийн талаар үргэлжлүүлэн эргэцүүлэн бодож, залбирахыг уриал.
-
Бурханы ажлын нэг хэсэг байж болох юуг би хэдийнээ хийж байгаа вэ?
-
Бурхан надаар хийлгэхийг хүссэн ямар ажлыг Тэрээр надад илчилсэн бэ? (Үүнд санваарын адислал, дуудлага, патриархын адислал, мөн илчлэл авах бусад мөч орж болно.)
-
Бурхан намайг гэр бүлдээ, тойрог, салбартаа Түүний ажлыг хэрхэн хийгээсэй гэж хүсдэг вэ?
-
Бурхан намайг одоо болон ирээдүйд бусдад тусалж болохын тулд хэрхэн бэлдээсэй гэж хүсдэг вэ?
Хэт хувийн чанартай биш бол өнөөдрийн хичээлийн явцад төрсөн бодол, мэдрэмжээ хуваалцахыг суралцагчдаас хүс. Энэ хичээл дээрх зарчмуудын талаарх мэдрэмж, мөн гэрчлэлээ хуваалцах талаар бодож үзнэ үү.