Үйлчлэлийн номлогч
4. Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнд


“4. Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнд,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишиг—Үйлчлэлийн номлогчид (2025)

“Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнд,” Номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлогчид

Есүс Христ нугад буй бяцхан хурганд тэжээл өгч байгаа нь.

4

Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнд

4.0

Оршил

Номлолд баяр баясгалан, сорилт бэрхшээлийн аль аль нь тохиолдож болно. Энэ хэсэг болон Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь гарын авлага дахь жишгүүд нь Их Эзэнд илүү сайн үйлчлэхэд оюун санаа, бие махбодоо бэлдэхэд тань туслах болно. Номлолынхоо турш эдгээр жишгийг байнга эргэн харж бай.

4.1

Бие махбодын эрүүл мэнд

Таны эрүүл мэнд, аюулгүй байдал чухал юм. Бүхий л зүрх сэтгэл, чадавх, оюун ухаан болон хүч чадлаараа үйлчлэхийн тулд эрүүл мэндээ сахин хамгаал (Сургаал ба Гэрээнүүд 4:2-ыг үзнэ үү).

Та өөрөө болон гэр бүлийнхэн тань таны эрүүл мэндийн үйлчилгээний хэрэгцээг хариуцна. Заримдаа танд үйлчлэлийн номлогчийн хуваарьт ажлынхаа үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хэрэгцээ үүсэж болно. Ийм нөхцөл байдалд үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэйгээ урьдчилан ярилцаж, зохицуулалт хий.

4.1.1

Хүнс тэжээлийн ерөнхий удирдамж

Хоол тэжээлийн дараах ерөнхий удирдамжтай танилцана уу. Үүнд:

  • Өдөр бүр хангалттай хэмжээний ус уу. Хэрэв өдрийн турш эсвэл дасгал хийхдээ их хөлөрдөг бол танд илүү их ус болон давс хэрэгтэй байж магадгүй.

  • Хүнсний ногоо, жимс, бүхэл үр тариа, эрүүл өөх тос, уураг бүхий тэнцвэртэй хоол хүнс ид.

  • Чанаргүй, боловсруулсан хоол хүнс, хийжүүлсэн ундаа, түргэн хоолны хэрэглээгээ хязгаарла.

  • Тусгай хоолны дэглэм баримтлах, эм уух эсвэл таны хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн бусад арга хэмжээний талаар эмч мэргэжилтнүүдийнхээ өгсөн зөвлөгөөг дагаж мөрд.

4.2

Дасгал хөдөлгөөн

Дасгал хөдөлгөөн нь таныг эрүүл байлгаж, стрессээ тайлахад тусалдаг. Нөхцөл байдалд тань тохирч байвал дасгал хөдөлгөөнийг өдөр тутмын хэв маягаа болго.

4.3

Сэтгэл санааны эрүүл мэнд

Номлолын ажилд өндөр шаардлага тавигддаг. Стрессийг үе үе мэдрэх нь хэвийн үзэгдэл юм. Та гэр бүлийнхнийхээ дэмжлэгтэйгээр стрессийг илүү сайн даван туулахад бие, сэтгэлээ бэлдэж болно.

Мөн та эрүүл хооллолт, байнгын дасгал хөдөлгөөн, тогтмол нойр, амралт, сүнслэг үйл ажиллагаа зэрэг дадал хэвшлүүдийг мөрдөх замаар стрессээ зохицуулах боломжтой. Сүнслэг үйл ажиллагаанд залбирал, тунгаан бодох, суралцах, шүтэн бишрэх үйлчлэлүүдэд тогтмол оролцох зэрэг багтана.

Та стрессээ зохицуулахын тулд Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох гарын авлагыг номлолынхоо туршид ашигла. Танд стрессийг зохицуулахад бэрхшээлтэй эсвэл сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэндийн яаралтай тусламж хэрэгтэй байгаа бол эцэг эх, асран хамгаалагч, бишоп, үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэйгээ холбоо барь.

Танд өвчний эсвэл ямар нэг эрүүл мэндийн шалтгааны улмаас эм бичиж өгсөн бол эмийн жор, эмчийн зааврыг дага.

4.4

Эрүүл мэндийн тусламж

Бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнддээ нухацтай ханд. Аливаа эрүүл мэндийн асуудал (хэрэглэж буй эм, харшил, зайлсхийх ёстой үйл ажиллагаа гэх мэт) дээрээ эцэг эх, асран хамгаалагчаасаа шаардлагатай тусламж авдаг бай. Мөн шаардлагатай бол үйлчлэлийн номлолын зөвлөхүүд эсвэл үйл ажиллагааны удирдагчидтайгаа эрүүл мэндийнхээ талаар тодорхой мэдээллийг хуваалцаж болно.

Хэрэв танд эрүүл мэндийн яаралтай асуудал гарвал өөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө шаардлагатай арга хэмжээг ав. Танд өөр зааварчилгаа өгөөгүй бол орон нутгийн түргэн тусламжийг дууд (АНУ-д 911 гэх мэт). Аль болох хурдан эцэг эх, асран хамгаалагч, үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэйгээ холбоо барь.

Үйлчлэлийн тань үед танд яаралтай бус эмнэлгийн тусламж хэрэгтэй болбол өөрийн эцэг эх эсвэл асран хамгаалагч руу нэн даруй залга. Тэд танд юу хийхийг хэлэх болно. Таны үйлчлэлийн үүрэг даалгавар, хуваарьд саад учруулахгүйн тулд яаралтай бус тусламж үйлчилгээг урьдчилан төлөвлөхийг хичээгээрэй.

4.5

Аюултай нөхцөл байдал ба сүрдүүлэг

Ухаалаг байж, энэ гарын авлага дахь номлогчийн жишгүүдийг сахиснаар учирч болох олон аюулаас зайлсхийж чадна. Таныг аюулгүй байхыг хичээсээр байхад хүртэл аюултай нөхцөл байдал үүсэж мэднэ. Хэрэв асуудал гарвал, үйлчлэлийн номлолын зөвлөхүүдэд нэн даруй мэдэгд.

Хэрэв танд аливаа байршил, хүн эсвэл нөхцөл байдал эвгүй санагдвал тэндээс нэн даруй гарч яв. Үргэлж сүнслэг өдөөлтийг сонс.

4.6

Орон байр

Амьдардаг орон байраа цэвэрлэхэд тусалж, өөрт ноогдсон гэрийн ажлыг хий. Өрөөгөө цэгцтэй, цэвэрхэн байлга. Хувийн эд зүйл, тэр дундаа электрон төхөөрөмжөө зааврын дагуу арчилж торд.

Та заах дуудлагатай номлогчидтой хамт хонох эсвэл тэдэнтэй амьдрах ёсгүй.

4.7

Унаа тээвэр

Аян замд явахдаа тухайн газар нутгийн замын хөдөлгөөний хууль, дүрэм, ёс заншлыг үргэлж дагаж мөрд.

Нийтийн тээвэр нь машинаар явахаас хамаагүй хямд байдаг. Хэрэв боломжтой бол үйлчлэлийн үүрэг даалгавраа гүйцэтгэхээр явах мөн буцахдаа нийтийн тээврээр зорчих талаар бодож үз.

Ухаалаг байж, хүрээлэн буй орчноо анхаарч, байгаа нутаг дэвсгэртэйгээ танилц. Энэхүү гарын авлага дахь аюулгүй байдлын ерөнхий жишгийг дагаж мөрд.

4.7.1

Жолоо барих

Хэрэв гэр бүлийн нөхцөл байдалд тань хүндрэл учруулахгүй бол номлолын үүрэг даалгавраа гүйцэтгэхээр явахдаа хувийн болон гэр бүлийн автомашиныг жолоодож болно. Үйлчлэлийн номлогчид болон тэдний гэр бүл түлш, машины засвар үйлчилгээ, даатгал зэрэг автомашин жолоодохтой холбоотой бүх зардлыг өөрсдөө хариуцна.

Үйлчлэлийн номлогчид болон тэдний гэр бүлийнхэн автомашин жолоодохтой холбоотой хувийн болон эд хөрөнгийн бүх эрсдэлийг өөрсдөө хариуцна. Хэрэв та жолоо барьдаг бол болгоомжтой жолоод.

Үйлчлэлийн номлогчид үйлчилж байхдаа Сүмийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож болохгүй хэдий ч дотор нь зорчиж болно. Номлолын хэлтсийн зөвшөөрлөөр номлолын албанд үйлчилж буй номлогчид зохих үнэмлэх авсныхаа дараа Сүмийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож болно.

Хэрэв та үйлчлэлийнхээ үеэр олон нийтийн болон энэрлийн байгууллагын тээврийн хэрэгслийг жолоодох шаардлагатай болбол төлөвлөгөөний дагуу сургалтад хамрагдана.

4.8

Осол

Хэрэв та үйлчлэх газар, хурал, чуулган руу явах эсвэл буцахаар машин жолоодож байхдаа осолд орсон бол цагдаа эсвэл түргэн тусламжийн аль шаардлагатайг дууд. Гэр бүлтэйгээ аль болох хурдан холбоо барь. Дараа нь үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэйгээ холбоо барь.

Хэрэв та номлолын үүрэг даалгавраа гүйцэтгэж буй газарт осолд орсон бол үйлчилж буй газрынхаа удирдлагад хэл. Тухайн удирдлага цагдаа эсвэл яаралтай тусламжийн аль шаардлагатайг дуудах болно. Аль болох хурдан гэр бүл, үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэйгээ холбоо барь.

4.9

Хувийн мөнгө

Танд хувийн мөнгөө болгоомжтой төсөвлөж, зарцуулахыг зөвлөж байна. Номлолынхоо үеэр ашиглах мөнгө тань таны болон танай гэр бүлийн мөн бусдын гаргаж буй золиосыг илэрхийлдэг.

Аравны нэг болон өргөлүүдээ төлөх мөн хадгаламжтай холбоотой зарчмуудын дагуу амьдар.

Үйлчилдэг байгууллагуудаасаа санхүүгийн хувийн дэмжлэг хүсэж, мөнгө гуйж болохгүй.

4.10

Үйлчлэлийн номлогчийн хувцаслалт ба гадаад төрх

Та Есүс Христ болон Түүний сэргээгдсэн Сүмийн эрх мэдэл бүхий төлөөлөгч бөгөөд ихэнхдээ та гадаад төрх байдлаараа бусдад анхны захиасаа хүргэдэг. Үйлчлэлийн даалгавартаа тохирсон, ариун дуудлагадаа нийцсэн зохистой хувцас өмс.

Таны гадаад төрх байдал, зан авир таны хэлж, хийж буй зүйлсийг дэмждэг байхад номлолынхоо турш анхаарна уу. Тэдгээр нь таны номлогчийн зорилгод саад болох ёсгүй. Таны хувцаслалт, гадаад төрх байдал нь даруу төлөв, хүндэтгэл, итгэлийн илрэл байх ёстой.

Өөрийгөө номлогч гэж илэрхийлэх таны төрх байдал хүмүүсийн таны талаарх болон Их Эзэний Сүмийн талаарх бодолд нөлөөлж мэднэ. Энэ нь мөн таныг аюулаас хамгаалдаг.

Зохистой хувцаслаж, биеэ авч явах байдалдаа анхаардаг байх нь номлолын дараа танд туслах амьдралын чухал чадвар юм. Бүсийн чуулганд оролцох, ярилцлага хийх, заах айлчлалаар явах үедээ Хувцаслалт ба гадаад төрх хэсгийн хувцаслалт, биеэ авч явах байдлын жишгүүдийг баримтал. Энэ сайтад таны номлолдоо өмсөх зохистой, ажил хэрэгч хувцаслалтын жишээг харуулдаг. Таны номлолын удирдагч болон Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл эдгээр удирдамжийг тухайн газар нутгийн нөхцөл байдалд тохируулан өөрчилж болно.

4.10.1

Гадаад төрх байдлын ерөнхий жишиг

Эрүүл гадаад төрх байдлын жишгүүдийг дага. Үүнд:

  • Боломжтой бол өдөр бүр усанд ор.

  • Өдөр бүр шүдээ угаа.

  • Өдөр бүр үнэртүүлэгч хэрэглэ.

  • Үсээ тогтмол угаа.

  • Хоол бэлтгэхээс өмнө болон бие засах газар орсны дараа гараа савантай усаар тогтмол угаа.

  • Гадуур явахдаа хэт ягаан туяанд өртөх эрсдэлтэй тохиолдолд нарны тос түрх.

  • Арчлахад амар, цэвэрхэн, мэргэжлийн үс засалтыг сонго.

4.10.2

Ариун сүмийн гарментууд

Хэрэв та хишиг хүртсэн бол Ерөнхий гарын авлагын 38.5.5, 38.5.6 хэсэг дэх ариун сүмийн өмсгөлийг өмсөх, арчлахад зориулсан удирдамжийг мөрд. Номлолын тань уур амьсгалд тохирох материал бүхий ариун сүмийн өмсгөлийг сонго.