“3. Номлогчийн биеэ авч явах байдал,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлогчид (2025)
Номлогчийн биеэ авч явах байдал,” Номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлогчид
3
Номлогчийн биеэ авч явах байдал
3.0
Оршил
Энэ хэсэгт номлогчийн зан байдлын жишгүүд болон Христийнхтэй адил чанаруудыг тайлбарлана. Эдгээр жишгийн дагуу амьдрахыг хичээ. Есүс Христийн илүү үнэнч шавь болохоор хичээх үедээ Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэхийг эрэлхийл. Бошиглогч Мормоны зөвлөснөөр, “Тэдний үйлүүдээр та нар тэднийг мэдэх болно хэмээсэн Бурханы тэрхүү үгийг … сана…; учир нь хэрэв тэдний үйлс сайн байх аваас, тэгвэл тэд ч түүнчлэн сайн бөлгөө” (Моронай 7:5).
3.1
Христийнхтэй адил зан байдал
“Христийнхтэй адил зан чанарууд нь Бурханаас ирдэг бэлгүүд юм. Бүх сайн сайхан зүйлийн адилаар эдгээр бэлэг нь “Бурхан Эцэг, Их Эзэн Есүс Христ, түүнчлэн Ариун Сүнс[ээр]” (Миний сайн мэдээг номло гарын авлагын 6-р бүлэг) дамжин ирдэг.
Судрууд, амьд бошиглогч болон төлөөлөгчдийн сургаал, Миний сайн мэдээг номло гарын авлагын 6-р бүлэгт тодорхойлсон Христийнхтэй адил зан чанаруудыг эрэлхийл. Эдгээр зан чанарт Есүс Христэд итгэх итгэл, найдвар, энэрэл, хайр, ариун журам, шударга зан, мэдлэг, тэвчээр, даруу зан, хичээл зүтгэл, дуулгавартай байдал зэрэг багтдаг. “Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэхийг эрэлхийлэхдээ, Түүнд анхаарлаа төвлөрүүл. … Та Есүс Христийн илүү үнэнч шавь болохын төлөө хичээхдээ тэдгээрийг хүлээн авах боломжтой (6-р бүлэг).
Сайхан сэтгэлтэй, эерэг, өөдрөг бай. Хүн нэг бүрийн нөхцөл байдлыг сайтар бодож үз. Та үйлчилж буй газартаа зочин юм. Хүмүүст мөн тухайн газарт хүндлэл, талархалтай ханд.
Олон нийтэд үйлчлэхдээ бусдын ёс заншил, шашны итгэл үнэмшил, зан үйлийг хүндэтгэ. Бусдыг гомдоохоос зайлсхий. Таныг үүрэг даалгавраа гүйцэтгэж байх үед юу хэлж мөн хийж байгааг тань сонсож, ажиглаж, бичиж авч магадгүй. Хаана ч хуваарилагдсан бай та бол Есүс Христийн болон Түүний сэргээгдсэн Сүмийн төлөөлөгч юм.
3.2
Ариун сүмд орох зохистой байдал
Номлогчид номлолынхоо туршид ариун сүмд орохуйц зохистой байх ёстой.
Их Эзэн Есүс Христ таныг “өөрсдийгөө бэлтгэ, мөн өөрсдийгөө ариусга; тийм ээ, би та нарыг цэвэр ариун болгож болохын тулд зүрх сэтгэлээ цэвэршүүл, мөн миний өмнө гараа мөн хөлөө цэвэршүүлэгтүн” (Сургаал ба Гэрээнүүд 88:74) хэмээн урьсан. Баптисмын болон ариун сүмийн гэрээнүүдээ (хэрэв та ариун сүмд хишгээ хүртсэн бол) сахих нь энэхүү бэлтгэлийн нэг хэсэг болдог.
3.2.1
Ариун сүмийн гэрээнүүд (хэрэв хишиг хүртсэн бол)
Ариун сүмд байгуулдаг гэрээнүүдээ сахих нь таныг хүчирхэгжүүлж, танд Аврагчтай илүү адилхан болоход тусална. Эдгээр гэрээнд дараах хуулиуд орно. Үүнд:
-
Аравны нэгийн хууль
-
Золиослолын хууль
-
Есүс Христийн сайн мэдээний хууль
-
Ариун явдлын хууль
-
Бүхнээ зориулах хууль
(Ерөнхий гарын авлагын 27.2-ыг үзнэ үү.)
Танд ойр ариун сүм байхгүй байсан ч ариун сүмд орохуйц зохистой хэвээр бай. Зөвшөөрлийн бичгийнхээ хугацааг дуусахаас өмнө бишоп болон гадасны ерөнхийлөгчөөсөө ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагад орохыг хүс.
Хишгээ хүртэн Их Эзэнтэй гэрээ байгуулсан хүмүүсийн хувьд ариун сүмийн өмсгөлийг өмсөх нь онцгой ариун нандин боломж юм. Ариун сүмийн өмсгөлийг өмсөх тухай удирдамжийг Ерөнхий гарын авлагын 38.5.5-аас үзнэ үү.
3.2.2
Ариун сүмийн үйлчлэл ба бишрэл шүтлэг
Таны ойролцоо ариун сүм байдаг бол номлолынхоо туршид орж үйлчлэхийг танд зөвлөж байна. Ийнхүү үйлчлэх нь таны үйлчлэлийн боломжуудын нэг байх боломжтой.
Ариун сүмд ордог байх нь таны номлолын туршлагыг баяжуулах болно. Та үүнийг номлогчийн бусад үүрэг даалгавартайгаа уялдуул. Та ариун сүмд үйлчилж байхдаа үүрэг даалгавраа нэр төртэй, хүндэтгэл, бишрэлтэйгээр биелүүл.
Ариун сүмд орохдоо дараах зүйлсийг сана. Үүнд:
-
Хэрэв ариун сүмийн ерөнхийлөгчийн зөвлөл таныг ёслолын ажилтнаар дуудсан бол тэдний чиглүүлсний дагуу та ариун сүмд үйлчилнэ.
-
Лацдан холбох ёслолд эхнэр, нөхрийг төлөөлөхөөс бусад ямар ч ариун сүмийн ёслолд та оролцож болно. Энэ нь сүнслэг мэдрэмжийг романтик мэдрэмжээс ангид байлгах зорилготой.
-
Ариун сүм дотор хэрэглэхийн тулд камер, гар утас, унших зүйлс (тухайлбал патриархын адислал) авчирч болохгүй.
-
Номлогчдын хувьд бөөнөөрөө цугларч эсвэл селестиел өрөөнд өвдөг сөгдөн залбирч болохгүй.
-
Ариун сүмд гэр бүлийнхнийхээ нэрсийг аваачсанаар та ариун сүмийн туршлагаа нэмэгдүүлж, хөшигний нөгөө талд Израилыг цуглуулахад тусалдаг.
3.3
Ариун явдлын хууль
Ариун сүмд орохуйц зохистой байхын нэг чухал хэсэг нь ариун явдлын хуулийг дагах юм. Ариун нандин гэрээнүүдээ зөрчихөд хүргэж болохуйц бэлгийн харьцааны уруу таталтаас өөрийгөө хамгаалахын төлөө чадах бүхнээ хий. Ариун явдлын хуулийг зөрчих үйлдэл гаргах нь зарим газарт эрүүгийн хариуцлага хүлээхэд хүргэж болзошгүй.
Таныг Сүнснээс салгах аливаа бодол, үйлдлээс зайлсхий. Үүнд завхайрал, садар самуун явдал, ижил хүйстний үйл ажиллагаа, аман секс, бэлгийн сэрэл өдөөх, зохисгүй байдлаар биед хүрэх, ёс суртахуунгүй эсвэл бэлгийн харьцааны шинжтэй зураг, видео зурвас илгээх эсвэл хүлээн авах, гар хангалга хийх, порнограф үзэх эсвэл хэрэглэх зэрэг үйлдлүүд орох боловч эдгээрээр хязгаарлагдахгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч гарын авлагын Таны бие махбод бол ариун нандин юм хэсгийг үзнэ үү.
Танд эдгээр жишгийг дагахад бэрхшээлтэй байгаа бол Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсэж, бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчтэйгөө нэн даруй ярилц.
3.3.1
Порнографаас зайлсхийх
Порнографын олон хэлбэр бий. Урьдаас төлөвлөх болон зөв сонголтуудыг хийх нь порнографаас зайлсхийхэд тань тусалж чадна. Ийм зүйл харвал, харцаа буруулж, цахим хэрэгслээ унтраах эсвэл уг нөхцөлөөс холдон яв.
Порнографаас зайлсхийхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүл. Үүнд:
-
Порнографаас буюу үүнийг санал болгох зүйлсийг сонсох, унших эсвэл харах вэбсайт, материал, орчин нөхцөлөөс зайлсхий. Та үйлчлэл хийхээр томилогдсон газартаа зүй бус материал үзэж харсан тохиолдолд үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэйгээ холбогдоно уу.
-
Технологийг буруу ашиглахад хамгийн их уруу татагддаг үеүд болох ядарсан эсвэл уйдсан гэх мэт үеэ ялган таньж сур.
-
Тийм үеүдэд оронд нь юу хийх талаараа төлөвлөгөө гарга. Үйлчлэлийн номлолын зөвлөхүүд тань тусалж чадна.
-
Миний сайн мэдээг номло гарын авлагын 2-р бүлэг дэх “Технологийг зөв ашиглах” болон “Технологи ашиглах аюулгүйн удирдамжийг дагах” хэсгүүдийг тогтмол эргэн хар.
Та түүнчлэн ChurchofJesusChrist.org/study/life-help/pornography дээрээс мэдээлэл авч болно.
Порнографаас зайлсхийж, салахыг эрэлхийлж байгаа хүн бүр Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан тусламж, эдгэрлийг олж авч чадна. Хэрэв танд бэрхшээл тулгарвал бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчтэйгөө ярилц. Тэд танд хайранд зөвлөж, дэмжлэг үзүүлж чадна.
3.4
Шударга байдал
Бидэнд шударга байхыг зарлигласан. Таны ариун сүмд орох зохистой байдалд бусадтай харилцах бүх харилцаандаа шударга байх явдал багтдаг. Шударга байх гэдэгт дараахыг оруулдаг. Үүнд:
-
Ялангуяа бишоп, гадасны ерөнхийлөгч, үйлчлэлийн номлолын зөвлөхүүд, номлолын ерөнхийлөгчдөө өөрийн биеэ авч явах байдал, гэрчлэл, ажлын дадал хэвшил, сэтгэл зүйн болон бие махбодын эрүүл мэндийн талаар үнэнийг хэлэх.
-
Та үйлчлэлийнхээ тухай мөн долоо хоногийн турш цагаа хэрхэн зарцуулснаа үнэн зөв тайлагнах.
-
Найдвартай байж, хэн нэгний болон үйлчлэлийн үүрэг даалгаврынхаа тухай худал тайлан эсвэл мэдээлэл хэзээ ч өгөхгүй байх.
-
Бусдын хувийн эд зүйлийг (хувцас, ном, электрон хэрэгсэл, үнэт эдлэл гэх мэт) зээлэхгүй, зөвшөөрөлгүй авахгүй, хэрэглэхгүй байх мөн тэднийг хүндэтгэх.
3.5
Бусадтай харилцах
Аврагч “Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал” (Иохан 15:12) хэмээн заасан. Аврагчийн үлгэр жишээг дагахыг мөн эелдэг, аюулгүй, боломжтой нөхцөл байдалд тохируулан үйлдэхийг сонго.
3.5.1
Гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах ерөнхий жишиг
Гэр бүл, найз нөхдөдөө дэмтэй байж, сайн үлгэр дуурайл болох. Урам зориг сэргээсэн болон номлолоосоо олж авч байгаа туршлагуудаа хуваалцах.
Та амжилттай үйлчлэхийн тулд таны гэр бүлийн гишүүд бие махбодын болон сэтгэл санааны хэрэгцээнд тань, тээврийн хэрэгслээр эсвэл өөр аргаар дэмжлэг үзүүлэх шаардлагатай байж магадгүй юм. Номлолын үйлчлэлийн үеэр гэр бүлийн амьдралд зарим өөрчлөлт гарна. Хамгийн утга учиртай, үр бүтээлтэй номлолын туршлага олж авахын тулд та өөрөө болон танай гэр бүлийнхэн зарим нэг золиос гаргах шаардлагатай тулгарна.
3.5.2
Насанд хүрэгчидтэй харилцах ерөнхий жишиг
Үйлчилдэг хүмүүстээ итгэлцэл төрүүлж, утга учиртай харилцаа тогтоо. Чадварлаг мөртлөө зөөлөн ханд. Дараах жишгүүдийг дагаж мөрд. Үүнд:
-
Бие махбод эсвэл сүнслэг байдалд аюултай байж болох эсвэл буруу ойлголт төрүүлэх нөхцөл байдлаас зайлсхий.
-
Хэн нэгэнтэй болзож, бүжигт явж, сээтгэнэж эсвэл зохисгүй байдлаар харьцаж болохгүй. Сээтэгнэл гэж буруу ойлгогдохоор эсвэл болзоо гэж харагдахаар харьцаа хандлага гаргах, аливаа үйл ажиллагаанд оролцохоос болгоомжил.
-
Соёлтой боловсон үг хэллэг хэрэглэ. Бүдүүлэг үг хэллэг хэрэглэхээс зайлсхий. Бусдад хандахдаа зохих албан нэршлийг хэрэглэ. Жишээ нь: Бусад номлогч мөн үйлчлэлийн номлолын зөвлөхүүд рүү хандахдаа “Ахлагч” эсвэл “Эгч” гэсэн албан нэршлийг хэрэглэ. Энэ бол тэдний дуудлагыг хүндэтгэж байгаа хэлбэр юм.
3.5.3
Хүүхэд болон эмзэг бүлгийн насанд хүрэгчидтэй харилцах ерөнхий жишиг
Өөрийнхөө болон хүүхэд, эрсдэлт бүлгийн насанд хүрэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэдэнтэй харилцахдаа дараах жишгүүдийг чанд мөрд. Үүнд:
-
Ямар ч тохиолдолд хүүхэд эсвэл эмзэг бүлгийн насанд хүрэгчидтэй ганцаараа үлдэж болохгүй.
-
Хүүхэд харж өгч, хувцаслаж, эм өгч, хувийн ариун цэврийг нь сахиулж болохгүй.
-
Тэдэнд үйлчлэхдээ, зөвхөн хариуцлагатай насанд хүрсэн өөр хүний хамт үйлчил. Сүмийн эсвэл үйлчилж буй энэрлийн байгууллагынхаа аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрд.
-
Хэрэв та тэдэнтэй хамт энэрлийн байгууллагад ажиллах гэж байгаа бол эхлээд хувийн хэргээ өгөх хэрэгтэй.
Эрсдэлт бүлгийн насанд хүрэгчид гэж нөхцөл байдлыг ойлгох, хүчирхийлэл, үл хүндлэл, мөлжлөгөөс өөрийгөө хамгаалах чадварт нь ихээхэн нөлөөлөх сэтгэцийн болон бие махбодын бэрхшээлтэй хүмүүсийг хэлнэ. Эрсдэлт бүлгийн насанд хүрэгч гэдэгт хэл, соёлын ялгааг ойлгохгүй дүрвэгчдийг мөн хамааруулна.
3.5.4
Заах дуудлагатай номлогчидтой харилцах ерөнхий жишиг
Номлолынхоо ерөнхийлөгчийн удирдамж зааврын дагуу та бүсийн чуулганууд болон бусад уулзалт цуглаан дээр заах дуудлагатай номлогчидтой хамтран ажиллах болно. Заах дуудлагатай номлогчидтой хамтран ажиллах нь танд адислал болох болно. Мөн та ч тэдэнд адислал байх болно.
Заах дуудлагатай номлогчдыг заахаар явах үед та үйлчлэлийн номлогчийн хувиар тэднийг дагалдан явж болно. Хамт заахаар явах үедээ та нэрийн тэмдгээ зүүн, заах дуудлагатай номлогчдын хувцаслалтын жишгүүдийг дага. Хэрэв та тэдэнтэй хамт нэг тээврийн хэрэгсэлд зорчихоор болбол заах дуудлагатай номлогчдын жишигт үл нийцэх хөгжим сонсох, мэдээлэл үзэхээс зайлсхий.
3.5.5
Болзох
Та номлогчийн хувьд болзож эсвэл сээтгэнэж болохгүй. Таныг Ганц бие залуучуудын (ГБЗ) тойрог, үйл ажиллагаанд хамрагдахыг дэмждэг хэдий ч та бүжигт оролцох ёсгүй. Сээтэгнэл эсвэл болзоо гэж буруу ойлгогдохоор харьцаа хандлага гаргах, аливаа үйл ажиллагаанд оролцохоос болгоомжил.
3.5.6
Номлогчийн нэрийн тэмдэг зүүх
Номлогчийн нэрийн тэмдэг зүүх нь нэр төрийн хэрэг бөгөөд онцгой эрх юм. Номлогчийн үүрэг даалгавраа гүйцэтгэхээр явах, буцах болон үүрэг даалгавраа гүйцэтгэж байхдаа, заах айлчлалаар явах үедээ мөн Сүмийн цуглааны үеэр нэрийн тэмдгээ үргэлж зүү.
Номлогчийн үүрэг даалгавар гэдэгт номлогчийн хурал, чуулган, гэр бүлдээ үйлчлэх цаг, гэрээсээ гүйцэтгэж буй Сүмийн болон энэрлийн байгууллагын ажлууд багтана. Хэрэв танд номлогчийн нэрийн тэмдгийг хэзээ зүүх талаар асуулт байвал үйлчлэлийн номлолын зөвлөхүүдээсээ асуугаарай.
3.5.7
Гэртээ амьдрах
Үйлчлэлийн залуу номлогчид гэртээ амьдардаг. Миний сайн мэдээг номло гарын авлага дээр “Есүс Христийн сайн мэдээ илүү хүчирхэг гэр бүлийн харилцааг хөгжүүлэхэд тусалдаг. Гэр орон бол сайн мэдээний зарчмуудыг заах, үүнээс суралцах хамгийн тохиромжтой газар юм. Сайн мэдээний зарчмууд дээр үндэслэсэн гэр орон хоргодох, аюулгүй амьдрах газар байх болно. Энэ нь Их Эзэний Сүнс оршиж болох газар байх болно” (3-р бүлэг) гэсэн байдаг.
Таны дуудлагын захидалд таныг гэртээ амьдрангаа Христтэй адил үйлчлэн, орон нутагтаа үйлчлэлийн номлогчоор ажиллахаар томилогдлоо гэж бичсэн байгаа. Гэр бүлийнхээ гишүүдийг хүчирхэгжүүлж, тэдэнд үйлчлэн, Есүс Христэд илүү ойртоход нь туслах энэхүү онцгой боломжийг ашигла.
3.5.8
Ажил эрхлэх, сургуульд суралцах
Бүтэн эсвэл хагас цагаар ажил эрхлэх, сургуульд суралцах зэрэг нь бүрэн цагийн номлогчийн үйлчлэлийн нэг хэсэг биш юм. Та номлолдоо цаг зав, авьяас чадвар, эрч хүч, санхүүгийн нөөцөө зориулах ёстой. Энэ нь ариун сүмийн хишиг хүртэх үедээ таны дуулгавартай дагана хэмээн гэрээ байгуулсан бүхнээ зориулах хуулийн нэг хэсэг юм.
Үйлчлэлийн номлогчдыг бүжиг, болзооны үйл ажиллагаанаас бусдаар институтийн ангиудад болон үйл ажиллагаанд оролцохыг уриалдаг. Хэрэв та хүсвэл PathwayConnect хөтөлбөрт элсэн суралцах боломжтой.
3.5.9
Үйл ажиллагааны аюулгүй байдлын зааварчилгаа
Ганц бие залуучуудад зориулсан үйл ажиллагааны аюулгүй байдлын зааварчилгаа нь үйлчлэлийн номлогчийн хувьд танд ч мөн хамааралтай. Хоногоор зохион байгуулагддаг үйл ажиллагаанд оролцох, таны томилогдсон ариун сүмийн дүүргээс гадуурх ариун сүмд зочлох, холын аялалд явах зэрэгт хязгаарлалт тавьдаг. Аливаа асуудал тулгарсан үед үйлчлэлийн номлолын зөвлөхүүд, номлолын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчтэй хамтран ажилла.
3.6
Амралт, үзвэр үйлчилгээ
Урам зориг өгөх, таны сүнслэг болон сэтгэл санааны сайн сайхан байдалд эергээр нөлөөлж, тайван байхад чинь туслах үйл ажиллагаануудыг сонго. Дасгал хөдөлгөөн хийж, бие махбод, оюун санаагаа идэвхтэй байлгаж, үйлчлэхэд бэлэн бай. Осол гэмтэл, хэт ядаргаа үүсгэж болзошгүй үйл ажиллагаанаас зайлсхий.
3.6.1
Тоглоом, кино, телевиз
Үйлчлэлийн үүрэг даалгавар гүйцэтгээгүй цагаараа та үйлчлэлийн номлолын зөвлөхүүдийн зөвшөөрлөөр зохих тоглоом, кино, телевизийн шоу зэргийг үзэж болно.
Номлол тань зөв дадал хэвшлийг хөгжүүлэх боломжоор хангадаг. Таны номлогчийн зорилго, амьдрал дахь Сүнсний нөлөөг сарниулах үйл ажиллагаанд оролцохгүй, мэдээлэл үзэхгүй, сонсохгүй байх нь нэн чухал юм. Та бүрэн цагийн номлогч байхаар онцгойлон адислагдсан гэдгээ бүү март. Дуудлагынхаа ариун нандин мөн чанарт нийцүүлэн биеэ авч явахыг эрмэлз.
Номлогчийн үйлчлэлээ эхлэх үедээ та Есүс Христийн шавь байхад тань нийцэх мэдээллийн хэрэгслийг ашиглах зорилго, төлөвлөгөө гарга. Номлолынхоо турш эдгээр зорилго, төлөвлөгөөг үргэлжлүүлэн гарга. Танай үйлчлэлийн номлолын зөвлөхүүд таны төлөвлөгөөг тогтмол хянаж, мэдээллийн хэрэгслийн хэрэглээнд зориулсан төлөвлөгөө гаргахад тань туслах болно. “Энэ (үйл ажиллагаа, кино, хөгжим зэрэг нь) надад амьдралдаа Сүнсний нөлөөг мэдрэхэд саад болох уу?” гэсэн асуултыг тавьдаг б айх нь чухал юм.
3.6.2
Семинар, институтийн оролцоо
Номлогчоор үйлчлэх үед таны гишүүнчлэлийн бүртгэл танай тойрогт үлддэг. Танай бишоп зөвшөөрсөн тохиолдолд та бүсийнхээ ганц бие залуучуудын (ГБЗ) тойрогт сууж болно.
Үйлчлэлийн номлогчдыг институтийн ангиудад болон үйл ажиллагаанд оролцохыг урамшуулдаг. Мөн та тойрог эсвэл гадаснаас явуулж буй ганц бие залуучуудын үйл ажиллагаанд, тухайлбал гэр бүлийн үдэш, ариун сүмийн аялал, онцгой цугларалт, тоглоом, зугаалга гэх зэрэгт оролцож болно. Харин та бүжиг, болзооны үйл ажиллагаанд оролцож болохгүй.
3.6.3
Соёл, амралт зугаалгын үйл ажиллагаа
Та номлогч гэдгээ сана. Таны оролцох үйл ажиллагаа үргэлж эрүүл, урам зориг өгсөн, энэ гарын авлагын жишгүүдэд нийцсэн байх ёстой. Тэдгээр нь Есүс Христийн төлөөлөгч байх таны дуудлагад нийцэж байх ёстой.
Амралт зугаалгын үйл ажиллагаанд оролцохдоо үргэлж аюулгүй байдлаа хангаж, бодолтой ханд. Номлолынхоо турш та ердийнхөөс илүү өндөр эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцох ёсгүй.
Танай үйлчлэлийн номлолын зөвлөхүүд, номлолын ерөнхийлөгч зөвшөөрсөн тохиолдолд та үйлчлэлийн үүрэг даалгавар гүйцэтгээгүй үедээ үйлчлэлийн бусад номлогчтой хамтдаа цугларч эсвэл ийм цугларалтад оролцож болно. Ийм төрлийн үйл ажиллагаанууд нь энэ гарын авлага дахь жишгүүдэд нийцэж байх ёстой. Энэ төрлийн үйл ажиллагаанууд хоногоор үргэлжлэх ёсгүй.
Таны номлолын зорилго бол үйлчлэх юм. Гэр бүлийн амралт зугаалгад оролцоход тохиромжтой үеүд байж болно. Гэр бүлийн амралт зугаалгын талаар үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэй урьдчилан ярилцаж, номлолын ерөнхийлөгчөөсөө зөвшөөрөл авна. Гэр бүлийнхэнтэйгээ амралт зугаалгаар явж байх үедээ номлогчийн туршлагаа нэмэгдүүлж, номлогчийн хувьд зорилгоо биелүүлэхэд зориулсан төлөвлөгөөг эдгээр удирдагчтай хамтран гарга.
3.6.4
Дуу хөгжим
Таны ариун нандин дуудлагад нийцсэн дуу хөгжим сонс. Дуу хөгжим нь Сүнсийг урихаас гадна ажилдаа төвлөрч, бодол санаа, мэдрэмжээ Аврагч руу чиглүүлэхэд тусалдаг байвал зохино.
Ёс суртахуунгүй байдал болон хүч хэрэглэхийг өөгшүүлдэг эсвэл зохисгүй үг хэллэгтэй дуу хөгжим бүү сонс. Дууны хэмнэл, хөгжмийн зэмсэг, дууны үг, эрчим нь таны сүнслэг мэдрэмжийг мохоосон дуу хөгжмөөс зайлсхий.
3.6.5
Электрон болон компьютерын тоног төхөөрөмж
Их Эзэн Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхэд нь туслах таны технологийн хэрэглээнд итгэл хүлээлгэсэн. “Таны номлол бол технологийг ухаалгаар ашиглаж сурах сайхан боломж юм” (Миний сайн мэдээг номло гарын авлагын 2-р бүлэг).
Технологийг ухаалаг бөгөөд зөв ашиглах нь номлолын зорилгодоо хүрч, цагийг үр дүнтэй ашиглахад танд тусална. Технологи нь сайн мэдээг болон судруудыг судлах таны сургалтыг баяжуулаад зогсохгүй зорилго тавьж, төлөвлөгөө гаргахад тань туслах болно. Энэ нь мөн танд зохисгүй материалаас зайлсхийхэд тусална.
Есүс Христэд итгэх өөрийн итгэлийг болон үйлчилж байгаа хүмүүсийнхээ итгэлийг бэхжүүлэхийн тулд технологийг хэзээ, хэрхэн ашиглах тал дээр Сүнсний өдөөлтийг дага.
Бүдүүлэг, ёс суртахуунгүй, хүчирхийлэлтэй, садар самуун байдлыг харуулсан аливаа зүйлсээс зайлсхий.
Технологийг ашиглахдаа зорилготой бай. Үйлчлэлийн үүрэг даалгавар гүйцэтгэх цагаараа хувийн зорилгоор гар утсаа ашиглахаас зайлсхий.
3.6.6
Сошиал медиа
Сошиал медиа (үүнд хамааралтай платформууд) нь номлогчийн хувьд Аврагчийг хэрхэн дагаж байгаагаа хуваалцах үр дүнтэй арга байж болох юм. Номлолын бус үйл ажиллагааны талаарх нийтлэлүүд таны номлолын дуудлагын нэр хүндэд харшлах ёсгүй.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглахдаа ухаалгаар сонго. Таны уншиж, сонсож, үзэж байгаа бүхэн танд нөлөөлөх болно. Танд зөвхөн урам зориг өгөх мэдээллийн хэрэгслийг сонго.
Технологийн тусламжтайгаар аливаа хувийн мэдээлэл, зургаа хуваалцахдаа болгоомжтой хандаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханга. Номлогчийн зорилгоо биелүүлэхээр сошиал медиа ашиглах үедээ дараах зүйлсийг бүү хий. Үүнд:
-
Сошиал медиа дээрх өөрийн аккаунт дээр “Ахлагч”, “Эгч” гэсэн албаны нэршлийг хэрэглэх
-
Биечлэн хуваалцахад зохисгүй зүйлийг интернэтээр эсвэл зурвасаар хуваалцах
-
Улс төрийн үзэл бодлоо хуваалцах
-
Таны хуваалцсан зүйл Сүмийн албан ёсны захиас юм гэх санааг багтаах
Дуу хөгжим, кино болон зохиогчийн эрхтэй бусад зүйлийг хуваалцахдаа, тэдгээрийг журамласан хуулиудыг дага.
Интернэт, гар утас, мэдээллийн бусад хэрэгслийг ашиглахдаа хэт их цаг зарцуулахгүй байхад анхаар. Ингэх нь таныг номлогчийн зорилгоо биелүүлж, үйлчлэлийн номлогчийн үүрэг даалгавраа биелүүлэхэд тань туслах үйл ажиллагаануудад оролцоход саад учруулна.
Та аливаа нэг зүйлийг үзэх буюу сонсох нь зохистой эсэхэд эргэлзэж байвал эцэг эх, асран хамгаалагч, бишоп, үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэйгээ ярилц. Ариун Сүнс таныг чиглүүлж, танд зөвийг сонгох хүч чадлыг өгөх болно.
3.7
Бодлогод үл хамаарах зүйлс
Та энэхүү гарын авлагын жишгүүдэд үл нийцэх, зөвлөлдвөл зохих асуудалтай тулгарвал үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэйгээ ярилц. Зарим үл нийцлийн тухайд номлолынхоо ерөнхийлөгчөөс эсвэл Номлолын хэлтсээс зөвшөөрөл авах шаардлагатай байж болно.
3.8
Номлолын удирдагчид, үйлчлэлийн номлолын зөвлөхүүд, санваарын удирдагчид, үйлчлэх газрын удирдлагатай харилцах
Номлогчоор үйлчлэх гэдэгт Их Эзэн болон удирдагчдынхаа өмнө хариуцлага хүлээх явдал багтдаг. Та үйлчлэлийн номлолын зөвлөхүүд рүүгээ долоо хоног бүр э-мэйл бичих зэргээр номлолын тайлангаа тогтмол илгээх замаар үүнийг хийдэг. Эдгээр тайланд:
-
Таны номлогчийн үүрэг даалгавар ба хуваарь
-
Таны бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэнд
-
Таны сүнслэг туршлага ба өсөлт хөгжил
-
Таны сүүлийн үеийн амжилт ба сорилтууд орж болно.
Үйлчлэлийнхээ үүрэг даалгаварт оролцох боломжгүй болбол үйлчлэх газрынхаа удирдлагад болон үйлчлэлийн номлолын зөвлөхүүдэд мэдэгд. Хэрэв боломжтой бол энэ тухай аль болох эрт хэлэх хэрэгтэй.
Хувийн э-мэйл хаягуудын оронд өөрт оноосон номлогчийн э-мэйл хаягийг номлолынхоо үеэр ашигла.