Үйлчлэлийн номлогч
2. Үйлчлэлийн номлогчийн зохион байгуулалт ба үйл ажиллагаа


“2. Үйлчлэлийн номлогчийн зохион байгуулалт ба үйл ажиллагаа,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлогчид (2025)

“Үйлчлэлийн номлогчийн зохион байгуулалт ба үйл ажиллагаа,” Номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлогчид

Есүс 5000 хүнийг талх, загасаар хооллож байгаа нь

2

Үйлчлэлийн номлогчийн зохион байгуулалт ба үйл ажиллагаа

2.0

Оршил

“Та нар өөрсдийгөө зохион байгуулж мөн хүн болгоныг ажил үүрэгт нь томил” (Сургаал ба Гэрээнүүд 104:11) гэж Их Эзэн хэлсэн байдаг. Энэ хэсэгт номлолын зохион байгуулалтыг тайлбарласан. Энэ нь мөн таныг үйлчлэлийн номлогчийн үүрэг даалгавар, үйл ажиллагаанд оролцохдоо Христийн цэвэр хайраар бусдад хэрхэн хамгийн сайнаараа үйлчилж болохыг тайлбарладаг (Моронай 7:44–47-г үзнэ үү).

Жич: Энэхүү гарын авлага дахь гадасны ерөнхийлөгч, болон тойрог гэсэн нэр томьёонд дүүрэг, салбарын ерөнхийлөгч болон дүүрэг, салбаруудыг тус тус хамааруулж ойлгоно.

2.1

Номлолын удирдлага

Номлогчийн хувьд таны хамгийн чухал үүрэг хариуцлага бол Есүс Христийн итгэлтэй шавь байх явдал юм. Та удирдагчдынхаа зөвлөгөөг дагаж, тэдэнтэй нөхөрсөг харилцааг хөгжүүлснээр адислагдах болно.

2.1.1

Номлолын удирдагчид

Танай номлолын ерөнхийлөгч, түүний эхнэр хоёр таны номлолын удирдагчаар хамтдаа үйлчилдэг. Тэд Бурханаас дуудагдсан бөгөөд таны номлолыг удирдахаар онцгойлон адислагдсан. Тэд хамтдаа таныг хайрлаж, танд үйлчилж, номлогчийн зорилгоо биелүүлэхэд, аюулгүй, аз жаргалтай байхад тань тусалдаг.

Танай номлолын ерөнхийлөгч номлолын сүнслэг байдал, зан хандлагын хэмжүүрийг тогтоодог. Мөн тэр үйлчлэлд тань зориулсан номлогчийн туршлагыг зөвшөөрдөг . Энэ ажилд тэрээр үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэй нягт хамтран ажилладаг.

Таны номлолын удирдагчид болон үйлчлэлийн номлолын зөвлөхүүд номлолд олон үүрэг хариуцлага хуваан хүлээдэг. Тэд хамтдаа зөвлөлийн зарчмаар ажиллахдаа:

  • Таныг дэмжиж, урамшуулна.

  • Таны асуудлуудыг сонсоно.

  • Таны асуултуудад хариулна.

  • Таны ахиц дэвшлийг үнэлж дүгнэнэ.

  • Танд зөвлөнө.

  • Танд сүнслэг байдлын хувьд өсч хөгжихөд тусална.

Номлолынхоо ерөнхийлөгчтэй эсвэл түүний аль нэг зөвлөхтэй ярилцлагад орох үедээ та эцэг эх, асран хамгаалагч, эсвэл үйлчлэлийн номлолын зөвлөхийг хамт байхад урьж болно.

2.2.1

Үйлчлэлийн номлолын зөвлөхүүд

Танай номлолын ерөнхийлөгчийн удирдлага доор танай үйлчлэлийн номлолын зөвлөхүүд хамтарсан удирдагчаар үйлчилдэг. Тэд Бурханаас дуудагдсан бөгөөд таны томилогдсон бүсийн үйлчлэлийн номлогчдыг удирдахаар онцгойлон адислагдсан. Тэд таныг хайрлаж, танд үйлчилж, номлогчийн зорилгоо биелүүлэхэд тань тусална. Танай номлолын ерөнхийлөгчтэй нягт хамтран ажилласнаар үйлчлэлийн номлолын зөвлөхүүд:

  • Танд Христийнхтэй адил үйлчлэх боломжуудыг олж харахад тусална.

  • Танд зориулсан номлолын хуваарь болон үүрэг даалгаврыг боловсруулахад тусална.

  • Тантай долоо хоног бүр уулзана.

  • Христийн шавийн хувьд болон үйлчлэлдээ гаргах таны ахиц дэвшлийг үнэлж, үүнд тань дэмжлэг үзүүлнэ.

  • Таныг дэмжиж, урамшуулна.

  • Санааг тань зовоож буй асуудлуудыг сонсож, асуултуудад тань хариулж, зөвлөгөө өгнө.

  • Номлогчийн хувьд амжилттай байхад тань туслахын тулд сүнслэг нөлөө, илчлэлийг ашиглана.

Дүгнэж хэлэхэд, үйлчлэлийн номлолын зөвлөхүүд тантай хамтран ажиллах өдөр тутмын үүрэг хариуцлага хүлээдэг бөгөөд үр дүнд нь та амьдралыг тань өөрчлөх номлолын туршлагыг хуримтлуулах болно. Энэ удирдагчид таныг Есүс Христийн насан туршийн шавь болж өсөн хөгжихөд тань тусалж чадна.

Та үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэй долоо хоног бүр уулзах үедээ эцэг эхээ эсвэл тухайн газрын тусламж хариуцсан зохицуулагчийг урьж оролцуулж болно.

2.1.3

Гадасны ерөнхийлөгч ба бишоп

Та гадасны мөн тойргийн гишүүн учраас танай гадасны ерөнхийлөгч, бишоп хоёр таны өмнө санваарын үүрэг хариуцлага хүлээдэг.

Таны бишоп, гадасны ерөнхийлөгч хоёр тантай зохистой байдлын ярилцлага хийх үүрэг хариуцлагатай бөгөөд тэд санваарын түлхүүрүүдийг атгадаг учир нийтийн шүүгчийн үүргийг гүйцэтгэдэг. Ноцтой гэм нүглүүдийг (бэлгийн харилцааны нүгэл гэх мэт) бишоптоо, шаардлагатай бол номлолын ерөнхийлөгчөөсөө илүүтэйгээр гадасны ерөнхийлөгчид хүлээх ёстой. Бишоптойгоо бүрэн чин шударга бай. Тэр танд хайртай бөгөөд наманчлалын баяр баясгаланг мэдрэхэд тань туслах болно (Мозая 26:29–30-ийг үзнэ үү).

Номлолын тань төгсгөлд гадасны ерөнхийлөгч тань таныг чөлөөлж, номлолын үйлчлэлд тань талархал илэрхийлнэ.

2.1.4

Үйлчлэлийн номлогчийн удирдлагын зохион байгуулалт

Таны номлолын ерөнхийлөгч болон үйлчлэлийн номлолын зөвлөхүүд сүнслэг өдөөлтөөр ажлыг зохион байгуулдаг. Тэд номлогчдыг бусад үйлчлэлийн номлогчийг удирдуулахаар томилж болно. Мөн танаас үйл ажиллагаа эсвэл олон нийтийн ажлыг удирдан чиглүүлэхийг эсвэл сургалт явуулахыг хүсэж болох юм.

2.1.5

Удирдагч залуу номлогчдын үүрэг хариуцлага

Номлолын тань нөхцөл байдлаас шалтгаалж танай номлолд бүсийн удирдагч, эгч нарыг сургах удирдагч, дүүргийн удирдагч зэрэг удирдагч залуу номлогчид байж болно. Бүх номлогчийн адилаар тэд “бүхий л зүрх сэтгэл, чадавх, оюун ухаан болон хүч чадлаараа [Бурханд] үйлч[ил]” гэсэн Есүс Христийн зөвлөгөөг дагадаг. Эдгээр удирдагч “итгэл, ариун журам, мэдлэг, өөрийгөө захирах байдал, тэвчээр, ах дүүсийн нинжин сэтгэл, бурханлаг чанар, төгс хайр, даруу байдал, шаргуу байдлыг [санадаг]” (Сургаал ба Гэрээнүүд 4:2, 6).

Удирдлагын томилгоо нь тусгай сайшаал, амжилтыг мөн номлогчийн үнэ цэний тусгалыг илэрхийлдэггүй.

Удирдах номлогчийн хүлээх үүрэг хариуцлага:

  • Есүс Христийн шавийн хувьд үлгэр жишээ үзүүлнэ.

  • Биеэ авч явах байдлын талаарх номлогчийн жишгийн дагуу үлгэр жишээ үзүүлнэ (3-р хэсгийг үзнэ үү).

  • Номлолын ерөнхийлөгчийн эсвэл үйлчлэлийн номлолын зөвлөхүүдийн чиглүүлсний дагуу бусад номлогчийг сургахад дэмжлэг үзүүлнэ.

  • Бусад номлогчийг хайрлаж, тэдэнтэй нөхөрлөнө.

  • Хичээл зүтгэлийнхээ үнэ цэнийг мэдэхэд нь бусад номлогчид тусална.

  • Бусад номлогчийн санааг зовоож буй асуудлуудыг сонсож, тэдний хэрэгцээний талаар үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэй ярилцана.

  • Удирдах үүргийнхээ талаар үйлчлэлийн номлолын зөвлөхүүдэд тайлагнана.

  • Номлолын ерөнхийлөгчийн эсвэл үйлчлэлийн номлолын зөвлөхүүдийн удирдлага доор чуулган, хурал, үйл ажиллагаануудыг зохион байгуулж, явуулахад дэмжлэг үзүүлнэ.

Удирдлагын томилгоо авсан ахлагч, эгч нар Аврагчийн адилаар удирдан чиглүүлэх ёстой. Аливаа номлогчийн, тэр дундаа удирдах номлогчийн биеэ авч явах байдал зарлигуудтай болон номлогчийн жишигтэй нийцэхгүй мэт санагдвал энэ асуудлын талаар зөвхөн үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэйгээ ярилцана. Ийм асуудлын талаар бусад номлогч, эцэг эх, асран хамгаалагч, найз нөхөдтэйгөө бүү ярилц.

2.1.6

Хувийн үүрэг хариуцлага

“Их Эзэнд өөрсдийн албан тушаалыг эрхэмлэн биелүүл…” (Иаков 1:19). Сүнслэг байдлын хувьд бие даахад мөн Сүнсийг дагаж Их Эзэнд итгэснээр “өөрийн[хөө] төлөө үйлдэх[эд]” суралц (2 Нифай 2:16).

  • Та асуулт эсвэл санаа зовоосон асуудалтай тулгарсан үедээ “…үүнийг оюундаа тунгаан бод…; дараа нь энэ нь зөв үү гэдгийг … надаас асуу…” (Сургаал ба Гэрээнүүд 9:8) гэдэг сургаалыг хэрэгжүүл.

  • Хувийн илчлэл, залбирал, судрууд (ялангуяа Мормоны Ном), амьд бошиглогчдын сургаал болон үйлчлэлийн номлогчийн жишгүүдээр дамжуулан удирдамж эрэлхийл.

Зохистой байдлын асуудлаар бишоп эсвэл гадасны ерөнхийлөгчтэйгөө ярилц. Халдлага, хүчирхийлэл зэрэг аюулгүй байдлын талаарх санаа зовоосон яаралтай асуудлаа үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэйгээ ярилц.

Номлолын тань явцад тулгарч буй сорилт бэрхшээл, хувийн болон гэр бүлийн асуудлаас эсвэл өнгөрсөн явдлаас үүдэн үйлчлэлийн үүрэг даалгавартаа төвлөрөхөд хэцүү үе танд тохиож мэднэ. Санааг тань зовоож буй асуудлуудынхаа талаар үйлчлэлийн номлолын зөвлөхүүд, гадасны болон номлолын ерөнхийлөгчтэйгөө ярилцахаас бүү эмээ.

Аврагчийн урилгыг сана. “Бодол болгондоо надад хандагтун; бүү эргэлз, бүү ай. Миний хавирган талыг цоо хатгасан шархыг, мөн түүнчлэн миний гар мөн хөлөн дэх хадаасны ормуудыг болгоогтун; үнэнч байгтун, миний зарлигуудыг сахигтун, мөн та хоёр тэнгэрийн хаант улсыг өвлөх болно” (Сургаал ба Гэрээнүүд 6:36–37).

2.2

Хамт үйлчлэх

Та үе үе бусад үйлчлэлийн номлогчтой нэг газар хуваарилагдан үйлчилж болох юм. Заах дуудлагатай номлогчдыг сургаал заахаар явах үед нь тэдэнтэй хамт явах үүрэгт та томилогдож болно. Хамт үйлчилж буй номлогчдын хувьд та дараах зүйлсийг дагах ёстой. Үүнд:

  • Ажилдаа нэгдмэл байж, Аврагчийн адил үйлчлэх

  • Бие биеийнхээ сүнслэг байдал, сэтгэл санаа, бие махбодын сайн сайхан байдлыг дэмжих

  • Бие биеийнхээ аюулгүй байдалд анхаар.

  • Үйлчлэлийн номлогчийн жишгийг сахих тал дээр бие биедээ хариуцлага хүлээлгэх зэрэг юм.

2.2.1

Хамтрагчид

Сайн мэдээнээс төлөвлөгөөтэй суралцах төдийгүй бусадтай харилцах харилцааны чадварыг тань сайжруулах зорилгоор номлолын тань дундуур танай номлолын ерөнхийлөгч эсвэл үйлчлэлийн номлолын зөвлөхүүд танд хамтрагч томилж өгч болно. Хамтрагчдыг үйлчлэлийн номлолын өөр бүсүүдээс, заах айлчлалууд мөн үйлчлэл үзүүлэх газруудад эсвэл тусгай үйлчлэлийн үйл ажиллагаанд зориулан томилж болно.

Бусад номлогчтой харилцахдаа дараах зүйлийг үргэлж санаарай. Үүнд:

  • Бусад номлогчийг хайрлаж, хүндэлж, хүчирхэгжүүлэх

  • Даруу байж, нэг нэгнийхээ давуу талыг таньж мэдэх

  • Өөрт чинь хэрхэн хандахыг хүсдэг шигээ бие биедээ тийнхүү хандах

  • Бусад номлогчийн эерэг талыг олж харах

  • Шүүмжлэл, маргаанаас зайлсхий.

  • Үйлчлэлийн бусад номлогч, Сүмийн гишүүд, гэр бүл, найз нөхдөдөө бие биеийнхээ талаар сөрөг зүйл хэлэхээс зайлсхийх зэрэг юм.

Та ямар нэгэн зохисгүй зан авир, нөхцөл байдлыг анзаарвал энэ талаар үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэй ярилцаарай.

2.3

Хурал, чуулган, зөвлөлүүд

Хурал, чуулган, зөвлөгөөн дээр Их Эзэний Сүнсийг урих ёстой бөгөөд эдгээр нь илчлэл авах цаг байх ёстой (Сургаал ба Гэрээнүүд 6:32-ыг үзнэ үү). Номлогчдын цугларалт нь мөн танд бусдыгаа дэмжиж, тэдэнтэй хамт баясах боломжийг олгодог (Сургаал ба Гэрээнүүд 43:8; 50:22-ыг үзнэ үү).

Номлогчид сургалт өгөх, авахын тулд хамтдаа зөвлөлддөг. Мөн тэд үйлчлэлээ удирдагчид, бусад номлогчтой төлөвлөж, зохицуулахын тулд хамтдаа зөвлөлддөг.

Номлогчид хурал уулзалтуудаа номлолын ерөнхийлөгчийн эсвэл үйлчлэлийн номлолын зөвлөхүүдийн удирдлага доор явуулдаг. Таны оролцдог тогтмол хурал уулзалтуудад дараах орно. Үүнд:

  • Бүсийн чуулган

  • Дүүргийн хурал

  • Долоо хоног эсвэл сар тутмын хурал

  • Номлолын удирдлагын зөвлөгөөн

2.4

Үүрэг даалгавар ба хуваарь

Номлогчийн үүрэг даалгавар, хуваарийг дагахдаа итгэлтэй мөн хичээнгүй бай.

2.4.1

Тусгай үүрэг даалгаврууд

Их Эзэн таныг номлогчоор дуудсан билээ. Тэр танаас бүхий л зүрх сэтгэл, чадавх, оюун ухаан болон хүч чадлаараа үйлчлэх[ийг] хүсдэг билээ (Сургаал ба Гэрээнүүд 4:2-ыг үзнэ үү).

Таны авьяас, ур чадвар, бэлэгт зориулж онцгойлон сонгосон тусгай номлолд та үйлчлэхээр томилогдсон. Та номлолынхоо туршид олон үүрэг хариуцлага хүлээн авч үйлчлэх болно. Тэдгээрт энэрлийн байгууллагууд, Сүмийн үйл ажиллагаа, ариун сүм, заах дуудлагатай номлогчидтой хамт заах айлчлал хийх, гадаснаас хуваарилсан үйлчлэлийн боломжууд зэрэг орно.

Та долоо хоногт нэгээс олон газарт үйлчилж магадгүй. Үйлчлэх газар бүрдээ та удирдагчид тайлагнах ба тэрээр үүрэг хариуцлага биелүүлэхэд шаардлагатай сургалт, багаж хэрэгсэл, дэмжлэг туслалцааг үзүүлнэ.

Үйлчлэх газраа цагтаа ирж, сайн үйлчлэхэд бэлтгэлтэй бай. Найдвартай, итгэл даахуйц бай. Удирдлагынхаа зааврыг анхааралтай, бүрэн дагаж мөрд.

Их Эзэний ажилд бодитой хувь нэмэр оруулахын тулд чадах бүхнээ хий. Үйлчилж мөн харилцаж байгаа хүмүүстээ эерэг нөлөө үзүүлж, урам зориг өг. Аюулгүй ажиллаж, үргэлж сайжруулахыг хичээ.

2.4.2

Үүрэг даалгаврыг шилжүүлэх

Танай номлолын ерөнхийлөгч болон үйлчлэлийн номлолын зөвлөхүүд нягт хамтран ажилласны үндсэн дээр үйлчлэлийн үүрэг даалгавруудыг номлолын тань үеэр өөрчилж болно.

2.4.3

Өдөр тутмын цагийн хуваарь

Танай үйлчлэлийн номлолын зөвлөхүүд нягт хамтран ажилласны үндсэн дээр таны саналыг оролцуулан номлолын өдөр тутмын хуваарийг гаргах болно. Танай номлолын ерөнхийлөгч хуваарийг батална. Үүнд өсөлт хөгжлийн дараах даалгавар, үйл ажиллагааг багтааж болно. Эдгээр нь:

  • Сүнслэг

  • Нийгмийн

  • Бие махбодын

  • Оюун санааны талууд юм.

Номлолын өдөр тутмын хуваариа тууштай, хичээнгүйлэн дагаж мөрд. Ингэснээр та номлолд үйлчлэх явцдаа илүү их өсөж хөгжин, баяр баясгалантай байж, сүнслэгээр адислагдах болно.

Таны өдөр тутмын хуваарь дараахыг агуулж болно. Үүнд:

2.4.4

Өдөр тутмын цагийн хуваарийн жишээ

Үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэйгээ хамтран бичгээр ерөнхий хуваарь гарга. Та хэрхэн үйлчлэх, сайжруулах, өсөж хөгжихөө тодорхойлохын тулд үүрэг даалгавраа гүйцэтгэх цаг, сонгох эрхээ хэрэгжүүлэх тоог (“сонголтын цаг” гэж нэрлэдэг) хуваарьтаа оруул. Долоо хоног тутмын нэг өдрийг бэлтгэлийн өдөр болгон сонго. Өдөр бүр төлөвлөгөөгөө нягталж, дагаж мөрд.

Танай номлолын өдөр бүрийн цагийн хуваарь доорх жишээтэй төстэй байж болно. Үүнд:

Өглөө:

[Эхлэх цаг]

Босох мөн залбирах

[Эхлэх цаг]

30 минут дасгал хийх (Таны биеийн эрүүл мэнд, нөхцөл байдалд юу хамгийн сайн болохыг эрүүл мэндийн мэргэжилтэнтэйгээ зөвлөлд.)

[Эхлэх цаг]

Шүршүүрт орж, өглөөний унд уун, тухайн өдөртөө бэлдэж дуусгах

[Эхлэх цаг]

Онцгой цугларалт эсвэл сайн мэдээний сургалтад оролцох

[Эхлэх цаг]

Үүрэг даалгавраа цаг тухайд нь тайлагнах (Төлөвлөсөн бол үйлчлэлийнхээ өмнө залбирлын цуглаан эсвэл онцгой цугларалтад оролцох)

Үдээс хойш:

[Эхлэх цаг]

Үдийн хоолоо идэх

[Эхлэх цаг]

Таны үүрэг даалгавар дуусах хүртэл үйлчлэх

Орой:

[Эхлэх цаг]

Оройн хоол идэх

[Эхлэх цаг]

Өдөр бүрийн хуваарь дахь хувийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө дагаж мөрдөх. Үүнд хувиараа сайн мэдээг судлах нэг цаг багтах ёстой. Мөн ариун сүмд орох, институтийн ангиуд, ганц бие залуучуудын (ГБЗ) үйл ажиллагаа, гэрийн ажил зэрэг нь багтаж болно.

[Эхлэх цаг]

Тэмдэглэлдээ мэдрэмж болон туршлагаа бичих

[Эхлэх цаг]

Унтахад бэлдэх мөн залбираад, орондоо орох

Та томилогдсон газартаа үйлчлээгүй байлаа ч номлогч хэвээрээ байгаа. Биеэ авч явах байдал, бодол санаа, үйлдэл тань Есүс Христэд хандах таны үнэнч байдлыг илэрхийлэх ёстой.

2.4.5

Үйлчлэлийн бусад номлогчтой хамт суралцах сургалтууд

Боломжтой газруудад үйлчлэлийн номлолын зөвлөхүүд зөвшөөрсөн тохиолдолд үйлчлэлийн өөр номлогчтой хамт сургалтаа хий. Номлолын ерөнхийлөгч эсвэл үйлчлэлийн номлолын зөвлөхүүд танд хэн нэгнийг томилж өгч болно. Өөр номлогчтой хамт суралцах үйл явцыг голдуу алсын зайнаас хийдэг. Гэсэн хэдий ч нөхцөл байдал бүрэлдсэн үед та биеэр уулзаж, хамтдаа суралцаж болно.

Судрууд (ялангуяа Мормоны Ном), амьд бошиглогчдын сургаал болон Миний сайн мэдээг номло гарын авлагын Үйлчлэлийн номлогчийн амьдралд дасан зохицох нь зэрэг холбогдох хэсэг болон энэ гарын авлагад анхаарлаа хандуул. Эдгээр зөвшөөрөгдсөн материал нь таны Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний мэдлэг, гэрчлэлийг хүчирхэгжүүлж, үйлчилж байгаа хүмүүсийн тань хэрэгцээг хангахад бэлтгэж чадна.

2.5

Үйлчлэлийн үүрэг даалгавраас гадуурх үйл явдал, үйл ажиллагаа, бэлтгэл ажил

Таны номлолын хуваарьд долоо хоног тутмын бэлтгэлийн өдөр багтсан байх ёстой. Бэлтгэлийн өдрөөр хувийн болон гэр бүлийн хэрэгцээнд анхаарлаа хандуул. Тэдгээрт гэр орны ажил, эмчийн үзлэгийн цаг, гэр бүлийн цаг, зохистой амралт чөлөөт цаг зэрэг орж болно. Бэлтгэлийн өдөр бол “өөрсдийгөө зохион байгуул[ах]; хэрэгтэй зүйл болгоныг бэлтгэ[х], мөн өргөө, бүр … дэг журмын өргөөг байгуул[ах]” (Сургаал ба Гэрээнүүд 109:8) цаг юм.

“Өөртөө байгаа хүч чад[лаас] … илүү хурдан хийж эсвэл илүүгээр бүү хөдөлмөрлө” (Сургаал ба Гэрээнүүд 10:4). Та нар ядрахгүй байхын тулд орондоо эрт орж бай; та нарын бие болон оюун чинь сэргэж болохын тулд эрт босож бай (Сургаал ба Гэрээнүүд 88:124) гэсэн Их Эзэний цагаа олсон анхааруулгыг сана. Амрах, өөрийгөө бэлтгэхийн тулд завсарлага авах нь бусдад үйлчлэх чадвараа хадгалж, номлогчийн зорилгоо биелүүлэхэд тань тусална.

2.6

Хүндэтгэлийн өдрийн үйл ажиллагаа

Христийнхтэй адил үйлчлэлээр дамжуулан бусдыг Христэд ирэхэд нь тусалж номлолын зорилгоо биелүүлэхэд тань дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаануудыг Хүндэтгэлийн өдөр төлөвлө. Сургаал ба Гэрээнүүд 59:13–19 дэх Хүндэтгэлийн өдрийн тухай Их Эзэний сургаалыг сана.

Танай орон нутгийн санваарын удирдагчид үйлчлэлийн номлолын зөвлөхүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр танд номлолын тань туршлагыг нэмэгдүүлэх тойрог эсвэл гадасны дуудлага өгч болно. Та мөн тохинуулагч ах, эгчээр үйлчилж болно.

2.7

Олон нийтэд үйлчлэх

“Та нар ертөнцийн гэрэл мөн. … Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, Тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” (Maтай 5:14, 16). Есүс Христийн шавь болох нэг арга зам нь Түүний адил бусдад үйлчлэх явдал юм. Танай үйлчлэлийн номлолын зөвлөхүүд олон нийтэд чиглэсэн үйлчлэлийн боломжуудыг олж тогтооход танд дэмжлэг үзүүлэх болно (Мозая 2:17-г үзнэ үү).

Та ямар ч хариу харалгүй бусдад туслах чин хүсэлтэйгээр үйлчил. Христийнхтэй адил үйлчлэлээрээ дамжуулан та Бурханыг болон Түүний хүүхдүүдийг хайрладаг гэдгээ харуулдаг.

Зарим үүрэг даалгавар нэмэлт сургалт эсвэл чиглүүлэг шаарддаг. Таны үйлчилж буй энэрлийн байгууллагаас үйлчлэлийн номлолын зөвлөхүүдэд сургалтын тусгай төлөвлөгөө ирүүлээгүй тохиолдолд та дараах хориглогдсон үйл ажиллагаануудын аль нэгд оролцох ёсгүй. Үүнд:

  • Хүүхэд эсвэл эмзэг бүлгийн насанд хүрэгчидтэй харилцах

  • Машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл ажиллуулах

  • Аливаа бэлэн мөнгө, үнэт зүйлтэй харьцах

  • Мэргэжлийн дүгнэлт өгөх зэрэг юм.

Энэрлийн байгууллагад үйлчилж байх хугацаандаа сургаалыг тунхаглаж болохгүй гэдгийг үргэлж сана.