Үйлчлэлийн номлогч
1. Номлогч таны туршлага


“1. Номлогч таны туршлага,” Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлогчид (2025)

“Номлогч таны туршлага,” Номлогчийн жишгүүд—Үйлчлэлийн номлогчид

Есүс шавь нартаа заасан нь

1

Номлогч таны туршлага

1.0

Таны зорилго

Аврагчийн тохинуулал хоёр агуу зарлигийг үлгэрлэн үзүүлсэн. Эхнийх нь “Чи Бурхан Эзэнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрла.” Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” (Матай 22:37, 39) гэсэн байв. Эхлээд бид Бурханыг хайрладаг. Учир нь бид Түүнд болон Түүний хүүхдүүдэд хайртай. Бурханы хүүхдүүдийг хайрлах бидний нэг арга зам бол тэдэнд өөрсдийн хөршийн адилаар үйлчлэх явдал юм.

Танд үйлчлэлийн номлогчийн хувьд тодорхой нэг зорилго бий. Энэ зорилгыг танд Тэргүүн зөвлөлөөс тодорхойлж өгсөн. Энэ зорилго нь таныг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд үйлчлэх ариун нандин дуудлагад тань удирдан чиглүүлэх учиртай.

  • Бусдад Аврагчийн адил хайр, сайхан сэтгэлээр үйлчилснээр Христэд ирэхэд нь тусал. Хүмүүст нэг бүрчлэн Түүний нэрээр, Ариун Сүнсний хүчээр тохинуул. Мөн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, Бурхантай байгуулсан гэрээгээ сахих, эцсээ хүртэл тэвчих зэргээр үлгэр жишээ амьдар.

Таны үйлчлэл Есүс Христэд зориулагдсан бөгөөд таныг Түүн шиг үйлчилж, Түүнтэй адил болоход урьж байна.

1.1

Оршил

Таны номлол таныг онцгойлон адисалсан тэр өдөр эхлээгүй бөгөөд номлолоосоо чөлөөлөгдөх өдөр ч дуусахгүй. Номлол бол өглөө нэрийн тэмдэг зүүгээд, өдрийн төгсгөлд авч тавихаас хавьгүй илүү зүйл юм.

Таны номлолын туршлага Есүс Христэд амлалт өгч, Түүний нэрээр бусдад үйлчлэх хүсэл эрмэлзлийг тань харуулдаг. Баптисм хүртсэн цагаасаа хойш та мөнхийн аз жаргал, баяр баясал, амар амгалан руу хөтөлдөг гэрээний замаар явсаар ирсэн. Номлолын туршлага тань таныг өөрчлөх хүчтэй. Та өөртөө гарсан өөрчлөлтийг үлдсэн амьдралынхаа туршид хадгалах ёстой.

Мөнхийн талаас нь харвал таны номлол бол Есүс Христийн насан туршийн шавь болоход тань туслах нэг арга зам юм. Мормоны Номд “би та нарт эдгээр зүйлийг та нар мэргэн ухааныг сурч болохын тулд хэллээ; та нар бусдад үйлчилж байгаа үедээ зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа гэдгээ мэдэж болохын тулд буюу” (Moзая 2:17) гэж заадаг. Таны номлол бол Их Эзэнд болон бусдад үйлчлэхийн баяр баясгаланг олж мэдэх амьдралын тань онцгой цаг үе юм.

“Бурханд үйлчлэх хүсэлтэй аваас та нар уг ажилд дуудагдсан болой” (Сургаал ба Гэрээнүүд 4:3) гэж Их Эзэн хэлжээ. Танд амьдралынхаа энэ мөчийг Өөрийнх нь нэрээр бусдад үйлчилснээр Их Эзэний үйлчлэлд зориулах онцгой боломж тохиож байна. Энэ дуудлагаараа дамжуулан та бусдыг болон өөрийнхөө амьдралыг мөн гэр бүл, Сүм болон үйлчилж буй байгууллагуудаа адислах үйлчлэлийг үзүүлэх боломжтой.

Бидний хүн нэг бүрийг өөр өөр авьяас, чадвартайгаар дэлхий рүү илгээсэн. Өөрийнхөө өвөрмөц авьяас, чадвараар та Бурханы ажилд чухал хувь нэмэр оруулж чадна.

Бурханаа мөн хөршөө хайрлах замаар номлолын ажлын баяр баясгаланг мэдэр. Энэ бол Есүс Христээр дамжуулан үүрдийн аз жаргал, амар амгаланг мэдэрч, баясах цаг үе юм.

1.2

Дуулгавартай байдал

Есүс Христийн үнэн шавь нар дуулгавартай байдаг. Аврагч “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” (Иохан 14:15) хэмээн заасан. Тушаалуудыг сахих гэдэг нь та Их Эзэнийг хайрладаг учраас Түүний хүссэн зүйлийг өөрийн хүслээр, итгэлтэй гүйцэтгэх гэсэн утгатай. Түүнчлэн дуулгавартай байх гэдэг нь тушаалуудыг “баяр хөөртэйгөөр” мөн “талархал хийгээд өгөөмөр зүрхээр” (Колоссай 1:11, Үйлс 2:46) сахих гэсэн утгатай.

Есүс Христ бол төгс дуулгавартай байдлын үлгэр жишээ мөн. Түүний хийсэн бүхэн Эцэгийн тааллын дагуу байсан. Түүний тушаалуудыг сахин, үйлчлэлийн номлогчийн жишгээр амьдрахын төлөө чадах бүхнээ хийж Түүнийг дага.

Итгэлтэй, дуулгавартай байх гэдэг нь та суралцаж, өсөж хөгжин, сайжрахаар мэрийнэ гэсэн утгатай. Алдаагаа хурдан зас. Наманчлалыг бүү хойшлуул. Өөрийн үйлдэлд хувийн хариуцлага хүлээх замаар итгэлтэй, дуулгавартай байдлаа харуул.

Та тушаалуудыг болон номлолын жишгүүдийг дагаж, ухаалаг байснаар адислагдах болно. Гэвч тушаалуудыг сахидаг байсан ч танд гутрал, өвчин зовлон, бусад төрлийн сорилт тулгарч болно гэдгийг ухаараарай (2 Нифай 4:17–19; Алма 26:27-г үзнэ үү). Аврагч энэ бүхнийг мөн амссан (Алма 7:11–12; Сургаал ба Гэрээнүүд 122:8-ыг үзнэ үү) бөгөөд “Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ” (Иoхан 14:18) гэж амласан.

Бурхан танд хайртай. Та Бурханд хайртай учраас тушаалуудыг сахихыг сонгоорой. Түүнтэй тохиролцох гэж бүү оролд мөн дуулгавартай байхыг тодорхой адислалуудыг авахын тулд хийсэн хэлцэл гэж бүү хар.

1.3

Сонгох эрх

Сонгох эрх буюу өөрсдийнхөө төлөө сонгож, үйлдэх чадвар нь Бурханы хүүхдүүддээ өгсөн агуу бэлгүүдийн нэг юм. Бидний мөнхийн өсөлт хөгжил бид энэхүү бэлгээ хэрхэн ашиглахаас шалтгаалдаг. Бид Есүс Христ болон Түүний сургаалыг дагах сонголтыг хийснээр баяр баясгаланг мэдрэх болно.

Бидний ёс суртахууны сонгох эрх нь бидэнд суралцах, өсөж хөгжих, Аврагчийг дагах боломжийг олгодог. Бидэнд сонгох эрхийн бэлэг байгаа учир бид “бүх хүмүүний агуу их Зуучаар дамжуулан, эрх чөлөөг болон мөнх амьдралыг сонгох … эрхтэй” (2 Нифай 2:27).

Та гаргаж буй шийдвэрүүддээ өөрөө хариуцлага хүлээдэг. Та агуу хүч чадалтай Бурханы хүүхэд мөн. Нөхцөл байдал ямар байгаагаас үл шалтгаалан танд шударга ёс, аз жаргалыг сонгох чадвар бий.

Та Бурханы өгсөн авьяас, чадваруудыг хөгжүүлэх үүрэгтэй. Таны номлол бол хэрхэн ур чадвараа ашигласнаа мөн юунд цаг хугацаагаа зарцуулснаа

Түүний өмнө тайлагнаж сурах хугацаа юм. Залхуу байдалд цагаа бүү үр. Шаргуу хөдөлмөрлөх хүсэлтэй бай. Тууштай, итгэл даахуйц байхыг сонго. Чөлөөт хүсэл зоригоороо олон сайн зүйл хий (Сургаал ба Гэрээнүүд 58:27–28-г үзнэ үү). Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Бурханы хүч, эрх мэдлээр тохинуулах нь” үгийг үзнэ үү.

1.4

Номлогчийн зорилт

Тэргүүн зөвлөл үйлчлэлийн номлогчийн зорилтыг ийн тодорхойлжээ. Үүнд:

  • Хүсэлтэй бүх залуу эмэгтэй, залуу эрэгтэйд Их Эзэнд үйлчлэх, Түүний тухай гэрчлэлээ өсгөх боломжийг олго.

  • Үйлчлэлийн номлогч бүрийг насан туршдаа үйлчлэхээр бэлтгэхэд нь тусал.

  • Сүмд болон олон нийтийн байгууллагуудад үйлчлэх замаар Их Эзэнд хэрэгтэй төдийгүй үнэ цэнтэй үйлчлэлийг үзүүл.

Номлолынхоо турш болон дараа та Аврагчид Өөрийнх нь нэр, арга замаар итгэлтэйгээр үйлчил. “Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэхийг эрэлхийлэхдээ, Түүнд анхаарлаа төвлөрүүл. … Тэдгээр зан чанараар адислахыг хүсэн, Бурханд залбир” (Миний сайн мэдээг номло124). Уг зан чанарууд танд номлогчийн хувьд зорилгоо биелүүлж, Есүс Христийн илүү үнэнч шавь болоход тань туслах болно.

Номлолын тань турш танд сүнслэг, нийгмийн, бие махбодын, оюун санааны шинэ ур чадваруудыг хөгжүүлэх боломжууд гарч ирэх болно. Энэ ур чадварууд нь таныг адисалж, амьдралын тань тал бүрд нөлөөлөх болно.

1.5

Амьдралын жишиг

Бурхан таныг амьдралынхаа турш өөрийгөө Түүнд зориулахад урьдаг. Хувиараа суралцах, зорилго тавих, технологийг зөв зохистой ашиглах зэрэг номлолын жишгүүд номлолд байхад тань төдийгүй номлолын тань дараа ч таныг адислах болно.

Судрууд дээрх тушаалууд болон номлолын эдгээр жишгийг насан туршийнхаа удирдамж болго. Та Бурханы зарлиг, жишгүүдийг дагавал Тэрээр таныг бүх амьдралын тань туршид удирдан, адисалж, чиглүүлэх болно.