“3-р сарын 23–29. ‘Би гэрээгээ санасан’: Гэтлэл 1–6,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“3-р сарын 23–29. ‘Би гэрээгээ санасан’,” Ирээд, Намайг дага: 2026
Мосе ба шатаж буй бут, Жэрри Томпсон
3-р сарын 23–29: “Би гэрээгээ санасан”
Гэтлэл 1–6
Египетэд амьдрах урилга нь Иаковын гэр бүлийг аварсан юм. Гэвч хэдэн зуун жилийн дараа “Иосефыг мэдэхгүй” шинэ фараон (Гэтлэл 1:8) тэдний үр удмыг боолчилж, айлган сүрдүүлсэн. Бурхан Өөрийн гэрээт хүмүүст яагаад ийм зүйл тохиохыг зөвшөөрсөн талаар израилчууд гайхах нь гарцаагүй байсан. Тэрээр тэдэнтэй байгуулсан гэрээгээ санаж байсан уу? Тэд Түүний хүмүүс хэвээр байсан уу? Тэд ямар их зовж шаналж байгааг Тэрээр харж байсан уу?
Магадгүй танд ч бас үүнтэй ижил төстэй асуултыг асуумаар үе тохиолдсон байх. “Бурхан миний юу туулж өнгөрүүлж байгааг мэддэг болов уу? Тэр тусламж гуйж буй миний үгийг сонсож байна уу?” хэмээн та бодож байж магадгүй. Израилын Египетээс чөлөөлөгдсөн нь иймэрхүү асуултуудад Бурхан Өөрийн хүмүүсийг мартдаггүй хэмээн тодорхой хариулдаг. Тэрбээр бидэнтэй хийсэн гэрээгээ санаж, тэдгээрийг Өөрийн цаг хугацаанд, Өөрийн арга замаар биелүүлэх болно. “Сунгасан мутраар Би та нарыг аварна” хэмээн Тэр тунхагладаг. “Та нарыг [та нарын] хүнд ачаан дороос гаргасан ЭЗЭН Бурхан чинь Би” (Гэтлэл 6:6–7).
Гэтлэл номын талаарх тоймыг Судруудын удирдамж, “Египетээс гарсан нь” хэсгийг уншина уу.
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
Гэтлэл 1–2
Бурхан Өөрийн зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд надаар дамжуулан ажиллаж болно.
Гэтлэл 1–2 дээр гарч буй эмэгтэйн юу нь таны анхаарлыг татсан бэ? Тэд Бурханд Өөрийн хүмүүст зориулсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд нь хэрхэн тусалсан бэ? Тэдний хичээл зүтгэл танд Бурханы ажилд үйлчлэх талаар юу заасан бэ?
Гэтлэл 1–3
Есүс Христ бол миний Чөлөөлөгч.
Та Гэтлэл номыг уншиж эхлэхээсээ өмнө, Их Эзэн таныг чөлөөлнө гэж найдаж буй өөрийн даван туулж байгаа нэг бэрхшээлийн талаар бодож болох юм. Гэтлэл 1–3 дахь ямар ямар үг хэллэг өнөөдөр бидэнд тулгарч буй сүнслэг боолчлолтой эсвэл бусад зүйлтэй адил сонсогдож байна вэ? Түүнчлэн Израилын хүүхдүүд хэрхэн чөлөөлөлтийг эрэлхийлж, Их Эзэн хэрхэн хариулсныг анхаар (жишээ нь, Гэтлэл 2:23–25; 3:7–8-ыг үзнэ үү). Их Эзэн таныг “чөлөөлөхөөр хэрхэн бууж ирсэн бэ?”
Гэтлэл номоос та Мосе, Есүс Христ хоёрын зарим төстэй шинжийг олж харж болно (Дэд хууль 18:18–19; 1 Нифай 22:20–21-ийг үзнэ үү). Жишээлбэл: Гэтлэл 1:22; 2:1–10 болон Матай 2:13–16-аас та ямар төстэй зүйлсийг олж харсан бэ? Эсвэл Гэтлэл 24:18, Матай 4:1–2 дээр ямар төстэй зүйлс байна вэ? Их Эзэн танаас Өөрийнх нь тухай мөн Өөрийнх нь хүчний талаар юуг ойлгоосой хэмээн хүсэж байна гэж та бодож байна вэ?
Есүс Христийг гэрчлэх бэлгэдлүүдийг эрж хай. “Та бошиглогчид, судрууд дахь итгэлтэй эрэгтэй, эмэгтэйчүүдийн амьдралаас Аврагчийн амьдралтай ижил төстэй зүйлийг олж харах болно. [Ингэснээр] Аврагчийн тухай үнэнийг олж харж чадахааргүй газруудаас ч илчлэлийг олж авч чадна” (Аврагчийн арга барилаар заах нь, 7; мөн Хосеа 12:10-ыг үзнэ үү).
Усны хөвөөн дэх итгэл, Айнн Мари Оборн
Гэтлэл 3:1–6
Бид ариун зүйлсэд болон газруудад хүндэтгэлтэй хандаж чадна.
Ямар нэгэн зүйлд гайхаж, бахдаж байсан үеэ та бодож чадах уу? Та хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн бэ? Та мэдэрсэн сэтгэл хөдлөлөө хэрхэн дүрслэх вэ?
Үүнийг бодож, Гэтлэл 3:1–6-г унш. Мосегийн сүнслэг туршлагын юу нь таныг гайхшируулдаг вэ? Мосе Бурханд хүндэтгэл бишрэлээ үзүүлэхийн тулд юу хийсэн бэ? Түүний үйлдэл, ариун нандин зүйлсэд хүндэтгэлтэй хандах хоёроос та ямар уялдаа холбоо харж байна вэ?
Эдгээр шүлгийг унших нь амьдралынхаа ариун зүйлсийн тухай болон ариун газруудын талаар бодоход тань түлхэц болж болох юм. Эдгээр нь танд яагаад ариун нандин байдаг вэ? Та эдгээрт нийтлэг зүйлсээс хэр өөр ханддаг вэ? Та тунгаан бодоход чиглүүлэхийн тулд ахлагч Дэвид А.Бэднарын “Үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтууд” (2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87–90) хэмээх захиасны “Амлалтуудыг санах нь” гэсэн гарчигтай хэсгийг харж болно. Та нар бас “Би гайхширна” (Дуулал, 98) гэх мэт хүндэтгэл бишрэлийг төрүүлсэн дууллыг дуулж эсвэл сонсож, сайн мэдээний юу нь таны гайхширлыг төрүүлдэг тухай тунгаан бодож болно.
Мэдээж бидэнд гайхамшигт сүнслэг туршлага тохиолдсон байлаа ч ариун нандин зүйлсийг үл тоомсорлох аюул байсаар байдаг. Та үүнээс хэрхэн зайлсхийдэг вэ? Энэ асуудлыг хөндсөн хоёр захиасыг доор дурдсан бөгөөд нэгийг нь сонгон авч, өөрт туслах мэдэгдлийг хайж ол: Үлиссэс Соарэс, “Христийг болон Түүний сайн мэдээг бишрэн шүтэхүй” (Лиахона, 2022 оны 5-р сар, 115–117); Жэралд Коссэй, “Та нарын хувьд сайн мэдээ гайхамшигтай хэвээрээ байна уу?” (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 86–88).
Мөн Сургаал ба Гэрээнүүд 6:10–12; 63:64-ийг үзнэ үү.
Гэтлэл 3–4
Их Эзэн Өөрийнх нь ажлыг хийхээр дуудагдсан хүмүүст хүч чадлыг өгдөг.
Өнөөдөр бид Мосег агуу бошиглогч, удирдагч гэдгийг мэддэг. Гэхдээ Мосе Их Эзэн түүнийг анх дуудахад өөрийгөө ийм байдлаар хараагүй. Гэтлэл 3–4-ийг уншихдаа Мосегийн санаа зовнилыг болон Их Эзэн хүн бүрд хэрхэн хандсаныг жагсаан бич. Та эдгээр бүлгээс өөрийгөө хангалтгүй хэмээн бодох үедээ таныг урамшуулах юуг олж мэдэх вэ? Бурхан Өөрийнх нь ажлыг хийхэд таныг эсвэл бусдыг хүчирхэгжүүлэхийг та хэзээ харж байсан бэ?
Гэтлэл 5–6
Их Эзэний зорилго Түүний Өөрийнх нь цаг хугацаанд биелэгдэх болно.
Бид Их Эзэний хүслийг биелүүлэхээр хичээж байгаа ч хүсэн хүлээсэн үр дүнгээ харахгүй байхад буюу бидний чин сэтгэлийн хүчин чармайлт үр дүнгээ өгөхгүй байгаа үед урам хугарч болно. Мосед тохиолдсон иймэрхүү туршлагын талаар мэдэж авахын тулд Гэтлэл 5:4–9, 20–23-ыг унш. Их Эзэн Мосед урам хугарсан мэдрэмжээ даван туулахад нь хэрхэн тусалсан бэ? (Гэтлэл 6:1–13-ыг үзнэ үү). Их Эзэн танд Өөрийнх нь хүслийг биелүүлэхэд тууштай байхад тань хэрхэн тусалсан бэ?
Мөн Жэффри Р.Холландын “Их Эзэнийг хүлээх” хэмээх захиасыг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х.128–130-аас үзнэ үү.
Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Энэ ням гараг сарын тав дахь ням гараг учир Хүүхдийн хэсгийн багш нарт “Хавсралт Б: Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх нь” хэсгийн суралцах үйл ажиллагаануудыг ашиглахыг зөвлөж байна.
Гэтлэл 1–2
Бурхан Өөрийн зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд надаар дамжуулан ажиллаж болно.
-
Мосе Израилыг боолчлолоос гаргахад томоохон үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ түүний ээж, эгч, Фараоны охин, мөн бусад итгэлтэй эмэгтэй түүнийг хамгаалж, асарч халамжлаагүй бол үүнийг гүйцэлдүүлж чадахгүй байх байсан. Гэтлэл 1:15–20; Гэтлэл 2:2–10 (мөн Тооллого 26:59-ийг үзнэ үү) болон Гэтлэл 2:16–21-ээс эдгээр эмэгтэйн тухай мэдэж авахад нь хүүхдүүддээ тусал. Та тэдний түүхүүдийг ярихдаа энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг болон “Нялх Мосе” (Хуучин Гэрээний түүхүүд, 61–63) хэсгийг ашиглаж болно. Эдгээр эмэгтэй Бурханы төлөвлөгөөг хэрхэн гүйцэлдүүлсэн бэ? Энгийн хийгээд жижиг арга замуудыг оролцуулаад Бурханы ажилд тусалж байгааг нь хүндэлж биширч явдаг хүмүүсийнхээ талаар бие биетэйгээ ярилц. Бид хэрхэн тэдний жишээг дагаж болох вэ?
1:36Baby Moses
Гэтлэл 3:1–5
Би ариун газруудад хүндэтгэлтэй хандаж чадна.
-
Гэтлэл 3:1–5-ыг хамтдаа уншсаны дараа хүүхдүүдээсээ эдгээр шүлгийг өөрийнхөө үгээр тоймлон ярихыг хүс (Мөн Хуучин Гэрээний түүхүүд дэх “Бошиглогч Мосе” хэсгийг 64–66-р хуудаснаас үзнэ үү). Мосе Их Эзэний оршихуйд хэрхэн хүндэтгэл үзүүлсэн бэ? Их Эзэн биднээс хэрхэн хүндэтгэл үзүүлэхийг хүсдэг вэ? Та бас бидний хүндэтгэлтэй хандах ёстой ариун газруудын эсвэл үйл ажиллагаануудын зургийг олоход (эсвэл зурахад) туслахыг хүүхдүүдээсээ хүсэж болно. Бид гэр орноо ариун газар болгохын тулд юу хийж болох вэ?
1:26Moses the Prophet
-
“Хүндэтгэл бол хайр” (Хүүхдийн дууны ном, 12) гэх зэрэг хүндэтгэлийн тухай дууг хамтдаа дуул. Ингэснээр хүүхдүүд тань хүндэтгэлтэй байх гэдэг нь юу гэсэн үг болохыг тайлбарласан үг, хэллэгийг олж болно. Хэрэв бид найзыгаа сүмд анх удаа авчирч байгаа бол хүндэтгэлтэй байх гэдэг нь юу гэсэн үг болохыг хэрхэн тайлбарлах байсан бэ?
Мосе, Аарон хоёр ард түмэнд хандан ярив, Жэймс Ж.Тиссот
Гэтлэл 3–4
Их Эзэн надаас ямар нэг зүйл хийхийг хүсэх үед Тэр надад туслах болно.
-
Гэтлэл 3; 4:1–17 дахь түүхийг ашиглан Мосегийн дүрийг хүүхдүүдээрээ ээлжлүүлэн тоглуул. Гар чийдэн, шатах бутыг төлөөлөх ургамал зэрэг эд зүйлс эсвэл энгийн зүйлсийг оролцуулах нь хөгжилтэй байж болох юм. Мосе Их Эзэний өөрт нь өгсөн даалгаврын талаар юу мэдэрснийг олж мэдэхэд нь хүүхдүүддээ тусал (Гэтлэл 3:11; 4:1, 10-ыг үзнэ үү.) Та нар бас ийм мэдрэмжтэй байсан үеэ бие биетэйгээ хуваалцаж болох юм. Мосед туслахын тулд бид ямар зөвлөгөө түүнд өгөх байсан бэ? Их Эзэн Мосег хэрхэн урамшуулсан талаар Гэтлэл 3:12; 4:2–9, 11–12-оос унш. Аврагч танд дуудлагаа биелүүлж, өдөөлтийг дагахад эсвэл өөрт тань хэцүү ямар нэгэн зүйлийг хийхэд тань хэрхэн тусалж байсан талаар хүүхдүүдэд ярьж өг.
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.