Ирээд, Намайг дага
3-р сарын 2–8. “Бурхан ялах болтугай”: Эхлэл 24–33


“3-р сарын 2–8. ‘Бурхан ялах болтугай’,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“3-р сарын 2–8. ‘Бурхан ялах болтугай’,” Ирээд, Намайг дага: 2026

Есав ууган хүүгийн эрхээ Иаковт аяга шөлөөр худалдав

Есав ууган хүүгийн эрхээ худалдсан нь, Глэн С.Хопкинсон (дэлгэрэнгүй)

3-р сарын 2–8: “Бурхан ялах болтугай”

Эхлэл 24–33

Та Бурханы адислалыг өөртөө хэрхэн хадгалж үлдээх вэ? Та нар Абрахам Сара хоёрын ач хүү Иаковын цэдэг бол энэ асуултын хариултыг олж авсан хүний түүх гэж болох юм. Ууган хүү нь залгамжлах эрхийн адислал хүртдэг соёлд Иаков ихэр ах Есавынхаа өсгийг атгаж төрсөн, хоёр дахь хүү юм. “Иаков” гэдэг нэр нь өөр хэн нэгнийг орлодог хүн буюу “байрыг нь эзлэгч” гэсэн утгатай. Есав залгамжлах эрхийн адислал авахуйц зохистой биш байсан учир Иаков өв залгамжлагчийн хувиар Есавыг орлохоор олон удаа оролдож нэрийнхээ дагуу амьдарсан (Эхлэл 25:30–34; 26:34–35; 27:36-г үзнэ үү). Үр дүнд нь гэр бүлийн зөрчилдөөн үүсэж, Иаков амиа аврахын тулд цөл рүү зугтах хэрэгтэй болов.

Олон жилийн дараа Бурхан Иаковыг гэртээ харихыг тушаав. Иаков харих замдаа Бурханы адислалыг дахин даруухнаар эрэлхийлэв. Судрууд энэ үеийг Иаковын “тэмцэл” хэмээн дүрсэлдэг ба тэр “Намайг ерөөхөөс тань нааш” (Эхлэл 32:26) явуулахгүй гэсэн байдаг. Дараа нь нэг сургамж буюу адислал хүлээн авав. Бурхан Иаковын нэрийг Израил гэж сольсон нь өөр бусад утгаас гадна “Бурхан ялах болтугай” гэсэн утгатай юм. Бурханы хамгийн үнэ цэнтэй адислалууд болох Түүний гэрээний адислалуудыг хүлээн авахын тулд өөр хэн нэгнийг орлох шаардлагагүй гэдгийг Израил ойлгов. Түүний адислалуудыг худалдаж, хуримтлуулж эсвэл ялж авдаггүй. Тэрээр адислалуудаа Бурханыг амьдралдаа ялуулсан, Израилын нэрийн дагуу амьдардаг бүхэнд үнэгүй өгдөг.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Эхлэл 24

Гэрээний гэрлэлт нь Бурханы мөнхийн төлөвлөгөөнд амин чухал юм.

Эхлэл 24-ийг уншиж байхдаа Абрахам өөрийн хүү Исаакийнхаа гэрлэлтийг яагаад ингэж чухалчилж үзсэнийг өөрөөсөө асуугаарай. Бурханд гэрлэлт яагаад чухал вэ?

Та Ребекагаас хүчирхэг гэрлэлт, гэр бүлийг бүтээх ямар ямар зан чанарыг олж харсан бэ? (ялангуяа 15–28, 57–61-р шүлгүүдийг үзнэ үү).

Мөн Gospel Library дахь Сэдэв ба асуултаас “Зарлиг” гэсэн сэдвийг үзнэ үү.

Эхлэл 25:29–34

Би зуурдын зүйлсээс илүүтэй мөнхийн зүйлсийг үнэлж чадна.

Исаак Ребека хоёрын соёлд ууган хүү нь ууган хүүгийн залгамжлах эрх буюу гэр бүлээ авч явах илүү чухал үүрэг хариуцлагын хамтаар илүү их өв хөрөнгийг өвлөн авдаг байв. Та Эхлэл 25:29–34-ийг уншихдаа Есав яагаад өөрийн ууган хүү байх эрхээ хоолоор солиход бэлэн байсан тухай тунгаан бод. Та энэ үйл явдлаас өөртөө тохирох ямар сургамж авч байна вэ? Энэ нь (1) Бурханы танд өгөхийг хүсдэг мөнхийн адислалууд болон (2) анхаарлыг тань сарниулж болох дэлхийн зүйлс гэсэн хоёр жагсаалтыг гаргахад тусалдаг. Дараа нь та нар шүлгийг “ууган хүү байх эрх” гэдгийг эхний жагсаалтын ямар нэг зүйлээр, харин “шөл” гэдэг үгийг хоёр дахь жагсаалтын ямар нэг зүйлээр орлуулж уншиж болно. Та нар Аврагч дээр болон Түүний сайн мэдээний мөнхийн адислалууд дээр анхаарлаа хэрхэн төвлөрүүлэх вэ?

Мөн Матай 6:19–33 болон М.Рассэлл Баллардын “Хамгийн чухал зүйлсээ санагтун” хэмээх захиасыг Лиахона сэтгүүлийн 2023 оны 5-р сарын дугаараас үзнэ үү.

Бетелийн Иаков

Бетелийн Иаков, Жэймс Смэтам

Эхлэл 28

семинарын дүрс зураг
Их Эзэний өргөөний гэрээнүүд Бурханы хүчийг миний амьдралд авчирдаг.

Иаков чулуу дэрлээд унтаж байхдаа амьдралыг нь өөрчилсөн нэг зүүд зүүдлэв. Иаков “ЭЗЭН үнэхээр энэ газарт байна” (Эхлэл 28:16) хэмээн тунхаглаад уг газрыг Бетел буюу “Бурханы өргөө” гэж нэрлэсэн нь үнэхээр ариун нандин туршлага байв.

Та Эхлэл 28-ыг уншихдаа Иаковын хувьд юу уг туршлагыг ийм ариун болгосныг өөрөөсөө асууж болно. Энэ үед тэр юу туулж байсан бэ? Түүнд ямар байсан бэ? Та 10–22-р шүлгээс Их Эзэний өргөөний тухай танд сануулах үг, хэллэгүүдийг хайж болно. Танд Бурханы тухай, мөн Түүний өргөө болон гэрээнүүдийнх нь талаар ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Энэ тоймын төгсгөлд Иаковын зүүдийг харуулсан зураг байгаа бөгөөд уншиж байхдаа үүний тухай дурдаж болно. Хэрэв та түүний зүүдний талаар уран сайхнаар дүрсэлж үзүүлэх байсан бол юу хийх байсан бэ? Энэ түүхээс ямар үнэнийг дүрслэн харуулахыг зорих байсан бэ?

Бурхан Тандаа ойр байя” (Дуулал, д.49) дуулал нь Иаковын туршлага дээр үндэслэгдсэн юм. Энэ дуу, Эхлэл 28:10–22-ын хооронд ямар холбоо байгааг та харж байна вэ? Ариун сүм Бурханд илүү ойр байгаагаа мэдрэхэд тань хэрхэн тусалдаг вэ? Энэ асуултын хариултыг ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Ариун сүм ба таны сүнслэг суурь” (Лиахона, 2021 оны 11 сар) захиаснаас олж авах талаар бодож үз. Мөн та нар Ерөнхий гарын авлага, 27.2 (Gospel Library) дахь Их Эзэний өргөөний гэрээ болон адислалуудыг дүгнэж болно. Эдгээр гэрээг сахих нь Бурханы хүчийг амьдралд тань хэрхэн авчирдаг вэ?

Бүтээлч бай. Судруудыг зүгээр уншихаас гадна суралцах олон арга зам бий. Зарим хүн түүхүүдийг нь зурвал судруудыг илүү сайн ойлгодог гэдэг. Зарим нь судартай холбоотой ариун дуу хөгжмөөс сүнслэг ойлголттой болдог. Суралцах цор ганц арга замаар өөрийгөө бүү хязгаарла; янз бүрийн арга туршиж үз.

Эхлэл 29:31–35; 30:1–24

Сорилттой тулгарсан үед ч Их Эзэн намайг мартдаггүй.

Эхлэл 29:31–35 ба 30:1–24-ийг уншиж байхдаа Рахел, Леа хоёрт хандсан Бурханы нигүүлслийг дүрсэлж буй үгсийг хайж ол. Бурхан хэрхэн “[таны] зовлон зүдүүрийг харж” мөн таныг “дурсан санасныг” тунгаан бод (Эхлэл 29:32; 30:22).

Эхлэл 32–33

Аврагч миний гэр бүлийг эдгээж чадна.

Иаков Канаанд буцаж ирэхдээ ах Есав нь өөрийг нь хэрхэн хүлээж авах бол хэмээн “ихэд айн, сэтгэлийн дарамтад орсон” (Эхлэл 32:7) байлаа. Эхлэл 32–33-ыг уншихдаа өөрийнхөө гэр бүлийн харилцааны тухай, ялангуяа эдгэрэл хэрэгтэй байгаа харилцааныхаа талаар тунгаан бод. Энэхүү түүх нь хэн нэгэнд хүрч туслахад тань таныг урамшуулж болно. Эдгээр асуулт нь танд унших чиглүүлэл болж болно. Үүнд:

  • Иаков Есавтай уулзахаар хэрхэн бэлтгэсэн бэ?

  • Эхлэл 32:9–12-т байгаа Иаковын залбирлын юу нь та нарын анхаарлыг татсан бэ?

  • Та нар Есавын жишээнээс уучилж өршөөх талаар юу суралцаж болох вэ?

  • Гэр бүлийн харилцааг сайжруулахад Аврагч бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс 01

Хүүхдүүдэд заах санаа

Эхлэл 24:10–21

Би бусдад эелдэг байж чадна.

  • Ребекагийн сайхан сэтгэлийн гайхалтай жишээг онцлохын тулд та Эхлэл 24:10–21 дээрх түүхийг тоймлон ярихдаа доорх зургийг эсвэл энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг хүүхдүүддээ үзүүлж болно. Танай хүүхдүүдэд түүхийг жүжигчлэн үзүүлэх нь таалагдаж болох юм. Энэ нь та болон танай хүүхдүүдийн харж байсан сайхан сэтгэлийн үйлдлийн талаар харилцан яриа руу хөтөлж болох юм.

  • Би элэгсэг нэгэн баймаар байна” (Хүүхдийн дууны ном, 83) зэрэг эелдэг сайхан сэтгэлийн тухай дууг хамтдаа дуулахыг бод. Танай хүүхдүүд “эелдэг сайхан” (эсвэл ойролцоо утгатай өөр үг) үгийг олж сонсохдоо босож зогсож болно. Бид хэрхэн Ребекатай адилхан сайхан сэтгэлтэй байж чадах вэ?

Ребекагийн хөрөг зураг

Хуучин Гэрээний баатрууд, Диллин Марш (дэлгэрэнгүй)

Эхлэл 25:21–34

Мөнхийн зүйлс дэлхийн зүйлсээс илүү чухал юм.

  • Эхлэл 25:21–34 дээрх түүхийг хүүхдүүддээ ойлгоход нь туслахын тулд “Иаков, Есав хоёр” (Хуучин Гэрээний түүхүүд, х.38–41) сэдвийг ашиглахыг бод. Магадгүй танай хүүхдүүд Есав ууган хүүгийн эрхээ шөлөөр солих эсэхэд тэднээс зөвлөгөө хүсэж байна гэж төсөөлж болох юм. Тэд түүнд юу гэж хэлэх байсан бэ?

    2:5

    Jacob and Esau

  • Юу танд болон танай хүүхдүүдэд мөнхийн ач холбогдолтой вэ? Хүүхдүүд тань эдгээр зүйлийг төлөөлөх зураг эсвэл эд зүйлсийг олж болох юм. Эдгээр нь бидэнд чухал гэдгийг Их Эзэнд хэрхэн харуулж болох вэ?

Эхлэл 28:10–22

Гэрээнүүд нь Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очиход надад тусална.

  • Та Эхлэл 28:10–22-ыг хамтдаа уншихдаа бидний гэрээнүүд хэрхэн шаттай адил байдаг талаар ярилцахдаа шат (эсвэл энэ тоймын төгсгөлд байгаа зурагтай адил зураг) ашиглаж болно. Магадгүй танай хүүхдүүд шатаар өгсөж байгаа дүр үзүүлж, алхам бүрдээ баптисм, ариун ёслолоос хүртэх, ариун сүм рүү явах гэх мэт Бурханыг дуулгавартай дагахаар амладаг үеийнхээ талаар ярьж болно. Бидний гэрээнүүд биднийг хэрхэн Бурхантай илүү ойртуулдаг вэ?

Эхлэл 32:6–11; 33:1–4

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр гэр бүлээ хайрлахад минь тусалж чадна.

  • Эдгээр шүлгийг танилцуулахдаа та Иаков олон жил зовж шаналсны эцэст Есавтай дахин уулзах гэж байгааг тайлбарлаж болно. Гэтлэл 32:6–11-ийг хамтдаа унш. Иаковт ямар санагдсан бэ? Тэр тусламж авахын тулд юу хийсэн бэ? Эхлэл 33:1–4-ийг хамтдаа уншаад, Их Эзэн Иаковын залбиралд хэрхэн хариулсныг олж мэд. Хэрэв Иаков, Есав нар өнөөдөр бидэнтэй ярилцаж чадвал гэр бүлд маань маргаан гарахад тэд бидэнд туслахын тулд юу хэлэх бол?

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Иаков шатны талаар мөн тэнгэр элчүүд тэнгэрээс бууж ирж байгаа зүүд зүүдлэв

Иаковын зүүд Ж.Кэн Спэнсэр

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Би бусдад эелдэг хандаж чадна