“2-р сарын 23–3-р сарын 1. ‘Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?’: Эхлэл 18–23,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“2-р сарын 23–3-р сарын 1. ‘Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?’,” Ирээд, Намайг дага: 2026
Сара, Исаак хоёр, Скотт Снөү
2-р сарын 23–3-р сарын 1: “Эзэнд дэндүү хэцүү юм байна уу?”
Эхлэл 18–23
Абрахам, Сара хоёрын амьдрал уй гашуу, баяр хөөртэй үйл явдлуудаар дүүрэн байсан нь Абрахамын үзэгдэлд үзсэн үнэний баталгаа болдог. “Мөн Их Эзэн, [бидний] Бурханы [бидэнд] зарлиглах юуг боловч, бүх зүйлийг хийх нь үү гэдгийг” (Aбрахам 3:25) батлахаар бид энэ дэлхий дээр байна. Абрахам, Сара хоёр үнэнч гэдгээ баталсан уу? Тэр хоёр өндөр насандаа үр хүүхэдгүй байсан ч гэсэн үр удам нь олон байх болно хэмээх Бурханы амлалтад итгэсээр байсан уу? Исаакийг төрсний дараа тэдний итгэл нь төсөөлөхийн аргагүй тэр тушаал болох—тэрхүү гэрээг гүйцэлдүүлэхээр Бурханы амласан цорын ганц хүүгээ золиослох тушаалыг тэвчсэн үү?
Абрахам, Сара хоёр Бурханд итгэж мөн Бурхан тэдэнд итгэсэн (Эхлэл 15:6; Ром 4:3-ыг үзнэ үү). Эхлэл 18–23-аас бид Абрахам, Сара хоёрын, мөн бусад хүний амьдралаас Бурханы амлалтуудад итгэх, ёсон бусаас зугтаж, хэзээ ч эргэж харахгүй байх, ямар ч золиослолоос үл хамааран Бурхандаа итгэлтэй үлдэх зэрэг өөрсдийн хүслийг бодож үзэхэд нөлөөлөхүйц түүхүүдийг олж хардаг. Бурхан бидэнд нотлох үедээ биднийг мөн сайжруулж байдаг.
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
Эхлэл 18:9–14; 21:1–7
Их Эзэн Өөрийн цаг хугацаанд Өөрийн амлалтуудыг гүйцэлдүүлдэг.
Их Эзэн итгэлтэй хүмүүст гайхамшигтай амлалтуудыг өгсөн байдаг бөгөөд заримдаа бидний амьдралын нөхцөл байдал эдгээр амлалт хэрхэн яаж биеллээ олох бол гэсэн бодлыг бидэнд төрүүлдэг. Абрахам, Сара хоёрт ч бас ийм мэдрэмж төрсөн байж магадгүй. Та тэдний туршлагаас юу сурч мэдэж болох вэ? Суралцах цагаа Эхлэл 17:4, 15–22 дээрх Их Эзэний амлалтыг давтсанаар эхлэх нь хэрэгтэй байж болох юм. Абрахам, Сара хоёр ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? (Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 17:23 [Эхлэл 17:17, зүүлт тайлбар b]; Эхлэл 18:9–12-ыг үзнэ үү). Их Эзэн Өөрийнх нь амлалтад илүү итгэлтэй байхад нь туслахын тулд тэдэнд хэрхэн хариулсан бэ? (Эхлэл 18:14-ийг үзнэ үү).
Итгэлийг тань бий болгох юуг та эдгээр шүлгээс олж мэдсэн бэ? Таны эсвэл өөр хэн нэгний амьдралд тохиолдсон ямар ямар туршлага Их Эзэн амлалтаа Өөрийн цаг хугацаанд болон Өөрийнхөө арга замаар биелүүлэх болно гэсэн итгэлийг тань бэхжүүлсэн бэ? Та мөн энэ амьдралдаа амлагдсан адислалуудыг хүлээн аваагүй үед итгэлээ хэрхэн дэмжиж болох талаар тунгаан бодож болно. Та нар Еврей 11:8–13-аас мөн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104–107) захиаснаас ямар зөвлөгөө олж мэдсэн бэ?
Мөн Сургаал ба Гэрээнүүд 88:68-ыг үзнэ үү.
Эхлэл 19:12–29
Их Эзэн надад ёсон бусаа орхиж мөн эргэж харахгүй байхыг зарлигласан.
Та Лот мөн түүний гэр бүлийн тухай уншаад ёс бусаас зугтаах талаар юу олж мэдэж болох вэ? Жишээлбэл: Лот болон түүний гэр бүл сүйрлээс зугтан гарахад тэнгэр элчийн хэлсэн үгс, хийсэн зүйлийн юу нь таныг гайхшируулж байна вэ? (Эхлэл 19:12–17-г үзнэ үү). Дэлхийд гарч буй муу нөлөөнөөс хамгаалах хамгаалалт олоход мөн зугтахад Их Эзэн танд болон танай гэр бүлд хэрхэн тусалдаг вэ? Аврагчид итгэн урагш харах ёстой үед та “эргэж харах”-аар (26-р шүлэг) уруу татагдаж болох нөхцөл байдлын талаар бод. Лук 9:62 энэхүү зарчмыг ойлгох ойлголтыг тань хэрхэн нэмэгдүүлж байна вэ?
Мөн Иосеф Смитийн орчуулга, Эхлэл 19:9–15-ыг үзнэ үү (Библийн хавсралт дахь).
Эхлэл 19:26
Лотын эхнэр юуг буруу хийсэн бэ?
Ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.
“Чухамдаа Лотын эхнэр ямар буруу зүйл хийсэн бэ гэвэл тэр зүгээр л эргэж харж байсан биш, харин зүрх сэтгэлдээ бол буцахыг хүсэж байсан ажээ. Бүр хотын захаас гарахаас өмнө тэрээр Содом, Гоморра дахь зүйлсээ санагалзаж байсан бололтой.
“Лотын эхнэр Их Эзэний ардаа орхи гэсэнд дургүйцсэн учраас эргэж харсан байж болзошгүй. … Ийм болохоор Лотын эхнэр зүгээр нэг эргэж харсан биш, харин хуучнаа саналгалзан эргэж харжээ. Товчоор өгүүлбэл, хуучнаа санагалзсан нь ирээдүйдээ итгэх итгэлээс нь давжээ. Тэгэхлээр энэ нь адаглаж л түүний нүглийн нэг хэсэг байсан нь лавтай.
… Өнгөрсөн үетэйгээ зууралдахгүй байхыг эсвэл өнгөрсөн юмс хэчнээн сайн сайхан байсан ч араас нь дэмий санагалзахгүй байхыг би та нараас хүсэж байна. Өнгөрсөн үеэс суралцаж болно. Харин түүгээр амьдрах ёсгүй. Бид үеэ өнгөрөөсөн зүйлсээр нь амьдрах гэж биш, харин сайн сайхан зүйлсээс нь суралцах гэж өнгөрсөн үеийг эргэж хардаг. Бид сурах хэрэгтэй юмаа сурч мэдэн, үр дүнг нь биеэрээ үзсэн үед урагш харан, итгэл ямагт ирээдүй өөд чиглэдгийг санадаг билээ. …
… Ийнхүү өнгөрсөн үеэр, түүний дотор өнгөрсөн алдаа дутагдлаар амьдрах нь мэдээж хэрэг буруу зүйл! Энэ бол Есүс Христийн сайн мэдээ биш. …
Эдгээр асуултыг асуух бүхий л үеийн хүн бүрд би “Лотын эхнэрийг санагтун” [Лук 17:32] хэмээн хариулна. Итгэл ирээдүй өөд чиглэдэг. Итгэл өнгөрсөн үе дээр төлөвшдөг ч хэзээ ч тэндээ үлддэггүй. Итгэл Бурхан бидний хүн нэг бүрд зориулан агуу зүйлсийг төлөвлөсөн Христ бол “ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч” (Еврей 9:11)” (“Амтат үр жимс нь ирээдүйд ирнэ,” Лиахона, 2010 оны 1-р сар, х.24, 26–27) гэдэгт биднийг үнэмшүүлдэг билээ.
Абрахам, Исаак хоёр, Харолд Коппинг
Эхлэл 22:1–19
Абрахам Исаакийг золиослоход бэлэн байгаа нь Бурхан ба Түүний Хүүгийн адилтгал юм.
Бурхан Абрахамд Исаакаар тахил өргө хэмээн тушаасан бүх шалтгааныг бид мэддэггүй ч энэ нь түүний Бурханд итгэх итгэлийн сорилт байсан гэдгийг бид мэдэж байна. Бид мөн энэ нь “Бурханы болон Түүний Төрсөн Ганц Хүүгийн адилтгал байсныг” (Иаков 4:5) мэднэ. Та Эхлэл 22:1–19-ийг уншихдаа Абрахамын Исаакийг өргөх өргөл, мөн Эцэгийн Өөрийн Хүү Есүс Христийг өргөх өргөл хоёрын хоорон дахь бэлгэдэл эсвэл ижил төстэй шинжүүдийг олж болно. Дараахтай адил хүснэгтэд олж мэдсэн зүйлээ бичихийг бод:
|
Абрахам, Исаак хоёр |
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр |
|---|---|
Абрахам, Исаак хоёр Исаак бол Абрахам, Сара хоёрын цорын ганц төрсөн хүү байв (Эхлэл 22:2; мөн Еврей 11:17-г үзнэ үү) | Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Есүс Христ бол Эцэгийн Төрсөн Ганц болой (Иохан 3:16) |
Абрахам, Исаак хоёр Исаакийг хурганы оронд өргөх ёстой байсан (Эхлэл 22:7–9) | Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Есүс Христ бол Бурханы Хурга (Иохан 1:29) |
Аврагчийн цагаатгагч золиослолын ямар бэлгэдэл эсвэл ижил төстэй зүйл танд хамгийн утга учиртай санагддаг вэ? “Бурхан биднийг хайрласан тул” Дуулал, 97 гэх мэт Тэнгэрлэг Эцэгийн бидэнд хайртайг харуулсан дууны үгийг дуулах юм уу унших талаар бодож үз. Та бас Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар болон Тэдний таны төлөө хийсэн золиослолын талаар сэтгэгдлээ бичиж болно.
Хэрэв та Аврагчийн золиослолын талаар илүү ихийг судлахыг хүсвэл ерөнхийлөгч Жэффри Р.Холландын “Бурханы Хургыг харагтун” (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51–53) захиасыг уншихыг бод. Хурга яагаад Бурханы Хүүгийн хүчирхэг бэлгэ тэмдэг болдог вэ? Ерөнхийлөгч Холланд Тэнгэрлэг Эцэгийн бэлгийг хүндэтгэх хүндэтгэлийг тань нэмэгдүүлэх юуг заасан бэ?
Мөн Gospel Library-аас “Akedah (The Binding) видeoг үзнэ үү.
Akedah (The Binding)
Заахдаа үзүүлэн ашигла. Та заах мөн суралцах арга барилаа баяжуулахын тулд Эхлэл 18–23 дахь түүхүүдийг судлахдаа энэ тойм дахь нэг юм уу хэд хэдэн зургийг ашиглаж болно. Жишээлбэл: Та болон танай гэр бүлийнхэн эсвэл ангийнхан Абрахам, Исаак хоёрын зургуудаас нарийн ширийн зүйлсийг анзаарч болно. Эдгээр нарийн ширийн зүйл энэ түүхэд яагаад чухал болохыг ярилцаад, эдгээрийг судруудаас хайж ол. Эдгээр нь Бурханы Хүүгийн золиосын түүхэн бэлгэдлийг хэрхэн тодотгон харуулж байна вэ?
Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Эхлэл 17:15–21; 18:14; 21:1–7
Бурхан өгсөн амлалтаа биелүүлнэ гэдэгт би итгэдэг.
-
Абрахам, Сара хоёр Бурханы амлалтуудад итгэдэг байсан тухай суралцахын тулд танай хүүхдүүд үнэхээр хүсэж байсан зүйлээ хүлээх ёстой байсан үеийнх нь талаар та тэдэнтэй ярилцаж болно. Та дараа нь энэ тоймын эхэнд байгаа Сара, Исаак хоёрын зургийг харж, Абрахам тэр хоёрт өгсөн Бурханы амлалтын тухай ярилцаж болно (Мөн Хуучин Гэрээний түүхүүд-ийн х.28–31, “Абрахам, Сара хоёр”-ыг үзнэ үү). Хэрэв бид итгэлтэй байвал Бурханы бидэнд амласан зүйлсийг бодож үзэхэд хүүхдүүддээ тусал. Тэвчээртэй байхыг мөн Бурхан амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэлтэй байхад тэднийг урамшуулан дэмж.
2:20Abraham and Sarah
-
Эхлэл 18:14-өөс чухал үнэнийг олж мэдэхэд нь хүүхдүүддээ туслахын тулд та шүлгийн эхний өгүүлбэрийн үг бүрийг тусдаа цааснууд дээр бичиж болно. Дараа нь цааснуудыг холиод, хүүхдүүдийг үгнүүдийг зөв дэс дарааллаар байрлуулахад урь. Тэгээд та хүүхдүүдтэйгээ хамт Эхлэл 17:15–21; 21:1–7-г уншаад, Их Эзэн боломжгүй мэт санагдсан ямар зүйлийг хийсэн жишээг олж болно. Хэдийгээр Их Эзэний амлалтууд боломжгүй эсвэл удаан хугацаа шаардахаар байсан ч Тэрээр амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэдгээ хүүхдүүдтэйгээ хуваалц.
Эхлэл 19:15–26
Би ёс бусаас зугтаж чадна.
-
Хэн нэгэн зөв биш гэдгийг нь мэддэг зүйлийг хийхийг урьж болох нөхцөл байдлын талаар хүүхдүүдээсээ асуу. Бид ийм нөхцөл байдлаас хэрхэн “зугтаж” болох вэ? Лотын гэр бүл маш ёс бус хотод амьдарч байсан ба тэнгэр элч нар тэдэнд зугтаж гарахыг сэрэмжлүүлсэн гэдгийг тайлбарлан, Эхлэл 19:15–26-г нэгтгэн дүгнэ. Та хүүхдүүдтэйгээ 15–17, 26-р шүлгийг хамтдаа уншихдаа хилэнцтээс “зугтаж”, “Бүү эргэж хар” (17-р шүлэг) гэдэг нь өнөөгийн бидний хувьд юу гэсэн үг болохыг тэднээс асуу.
Содом, Жүлиус Шнорр фон Каролсфэлд
Эхлэл 22:1–14
Абрахам Их Эзэнийг дуулгавартай дагав.
-
Абрахам, Исаак хоёрын болон Цовдлолтын зургуудыг (Сайн мэдээний зургийн цуглуулга, д.9, 57-г үзнэ үү) ашиглах нь Эхлэл 22 дахь түүхийг Аврагчийн золиосын түүхтэй харьцуулахад танай хүүхдүүдэд тусалж чадна (Матай 27:26–37-г үзнэ үү). Бид Абрахам, Исаак хоёрын мөн Цовдлолтын түүхээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу мэдэж авч болох вэ? (Мөн Хуучин Гэрээний түүхүүд “Абрахам, Исаак хоёр”, 34–37-г үзнэ үү.)
2:0Abraham and Isaac
-
Та хүүхдүүдтэй тоглож болох зааврыг нь дагах ёстой энгийн тоглоом бодож олж чадах уу? Удирдамж нь Аврагчийн нуусан зураг руу хөтөлж болох юм. Энэ тоглоом нь бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой дахин хамт амьдрахын тулд Түүний зарлигласан зүйлсийн тухай ярилцах боломжийг олгож болох юм. “Зарлиг бүгдийг дагацгаая” (Хүүхдийн дууны ном, 68–69) гэх мэт дууг дуулахыг бод. Мөн энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас тусалж болно.
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.