“3-р сарын 9–15. ‘Их Эзэн Иосефтой хамт байсан’: Эхлэл 37–41,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)
“3-р сарын 9–15. ‘Их Эзэн Иосефтой хамт байсан’,” Ирээд, Намайг дага: 2026
Иосеф ах дүүсийнхээ хамт, Сэм Ловлор
3-р сарын 9–15: “Их Эзэн Иосефтой хамт байсан”
Эхлэл 37–41
Бурхан Өөрт нь итгэж, зарлигуудыг нь сахидаг хүмүүсийг адисалдаг гэдгийг бид мэднэ. Гэвч заримдаа тийм биш юм шиг санагддаг. Заримдаа Бурханд итгэдэг хүн ч гэр бүлийнхнийхээ хүчирхийлэлд өртөж эсвэл хөсөр хаягддаг. Заримдаа ариун явдлын хуулийг зөрчихөөс эр зоригтойгоор татгалзсан хүнийг ч хилс хэрэгт гүтгэдэг. Иймэрхүү зүйл бидэнд тохиолдоход бид Бурханд уурлахаар уруу татагдаж болох юм. “Зөв зүйлийг хийсэн ч энэ нь амьдралыг улам хэцүү болгож байгаа мэт санагдахад хичээх ямар хэрэг байна?” гэж бид бодож болох юм.
Иаковын хүү Иосеф ч ийн эргэлзэж болох байсан. Энэ итгэлтэй хүнд ч заримдаа өсөж дэвжиж, бусад үед хэдий чинээ итгэлтэй байна төдий чинээ их бэрхшээлтэй тулгарч байгаа юм шиг санагддаг байсан. Гэвч Иосеф Их Эзэнийг хэзээ ч орхиогүй бөгөөд Их Эзэн ч түүнийг хэзээ ч орхиогүй. Энэ нь Их Эзэн Иосефт муу зүйл тохиолдохоос сэргийлсэн гэсэн үг биш, харин энэ бүхнийг “ЭЗЭН түүнтэй хамт байж” даван туулсан (Эхлэл 39:3).
Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа
Эхлэл 37:1–28; 39; 41:9–45
Их Эзэн миний саад бэрхшээлд надтай хамт байж чадна.
Иосефт удаа дараа аз завшаан өөрийг нь орхисон юм шиг санагдаж байсан ч Их Эзэн хэзээ ч түүнийг орхиогүй. Иосефын түүхийг уншихдаа дараах асуултуудыг эргэцүүлэн бод: Иосеф Их Эзэнд ойр байхын тулд юу хийсэн бэ? Их Эзэн “түүнтэй хэрхэн хамт” байсан бэ? (Эхлэл 39; 40:1–19; 41:9–45-ыг үзнэ үү). Та амьдралдаа Их Эзэний оршихуйг таньж мэдэхэд тань туслах юуг Иосефын түүхээс сурч мэдэж болох вэ?
Та бас өөрийн амьдралын талаар үүнтэй адил асуултыг асууж болно. Их Эзэн хүнд хэцүү цаг үед та нарыг орхиогүй гэсэн ямар нотолгоог та харж байсан бэ? Гэр бүлийнхээ гишүүд, хойч үеийнхэнтэйгээ өөрийн туршлагыг хуваалцах талаар бодож үз (1 Нифай 5:14-ийг үзнэ үү).
Мэдээж танд ирээдүйд өөр сорилт бэрхшээлүүд тулгарах болно. Эдгээр сорилт бэрхшээл таныг Их Эзэнээс холдуулахгүй байхад анхаарахын тулд та одоо юу хийж чадах вэ? Юу ч болж байсан Түүнтэй ойр байхад ирээдүйн өөрийгөө урамшуулан дэмжих захидал бичихийг бод. Та Иосефын амьдралаас эсвэл ахлагч Д.Тодд Кристоффэрсоны “Бидний Бурхантай харилцах харилцаа” (Лиахона, 2022 оны 5 сар) хэмээх захиаснаас ойлголт авч болно.
Мөн Иохан 14:18; Ром 8:28; Алма 36:3; Сургаал ба Гэрээнүүд 121:7–8; “Надтай хамт үлдээч!” дууллыг Дуулал, 85-аас үзнэ үү.
Эхлэл 37:5–11; 40; 41:1–38
Хэрэв би итгэлтэй байвал Их Эзэн биднийг хөтөлж, урамшуулах болно.
Иосеф Их Эзэнээс зүүдээр ирсэн захиасыг ялган таних бэлэгтэй байв. Их Эзэнээс илчлэлт хүлээн авч, ойлгох талаар Эхлэл 37:5–11; 40:5–8; 41:14–25, 37–38-аас та юу сурч мэдэж авч болох вэ? Жишээлбэл: Илчлэлтийг ойлгоход хэцүү мэт санагдах үед Иосефын жишээнээс та юу сурч мэдэж болох вэ? (Эхлэл 40:8; 41:16-г үзнэ үү).
Их Эзэн танд Өөрийн хүслийг хэрхэн илчилж байгааг бодож үз. Түүний танд өгсөн илчлэлтийг биелүүлэхийн тулд та юу хийж байна вэ? Түүнээс та нэмэлт удирдамжийг хэрхэн эрэлхийлж байгаа вэ?’
Иосеф сөнч, талхчин хоёрын зүүдийг тайлж байгаа нь, Франсуа Жэралд
Эхлэл 39:1–20
Их Эзэний тусламжтайгаар би уруу таталтаас зайлсхийж чадна.
Хэрэв Иосеф бэлгийн харьцааны нүгэл үйлдэх уруу таталтыг эсэргүүцэх талаар зөвлөгөө өгвөл юу гэж хэлэх байсан гэж та бодож байна вэ? Эхлэл 39 дээр гардаг түүний туршлагын тухай уншихдаа энэ талаар бодоорой. Жишээлбэл: Иосеф иймэрхүү асуудалд хэрхэн хандаж болох байсан бэ?
-
Юу хийж байгааг маань хэн ч мэдэхгүй үед яагаад болохгүй гэж? (8–9-р шүлгийг үзнэ үү).
-
Би эсэргүүцэхийг хичээдэг ч уруу таталт зүгээр л зогсолтгүй мэт санагддаг (10-р шүлгийг үзнэ үү).
-
Би уруу таталт хүчтэй нөхцөл байдалд юу хийх ёстой вэ? (12-р шүлгийг үзнэ үү).
Ариун явдлын хуулийг сахих нь яагаад чухал болохыг та хэрхэн тайлбарлах вэ? (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч, 23–28-ыг үзнэ үү).
Иосефын жишээ бусад төрлийн уруу таталтад ч хамаатай нь ойлгомжтой. Иосефын туршлагыг бодоод уруу таталтаас зайлсхийх, мөн эсэргүүцэх төлөвлөгөө гаргах талаар бодож үзээрэй. Жишээлбэл: Та ямар нэг уруу таталтын тухай бодож, зайлсхийх нөхцөл байдлуудыг болон уруу таталт гарч ирэх үед хэрхэн “зугтахаа” бичиж болно.
|
Уруу таталт | |
|
Зайлсхийх нөхцөл байдал: | |
|
Хариулах төлөвлөгөө гарга: |
Төлөвлөгөөнд тань нэмэр болох өөр судруудыг доор оруулав. Та Аврагч уруу таталтыг эсэргүүцэхэд тань хэрхэн тусалж чадах талаар судар болгоноос юу мэдэж авсан бэ? Матай 4:1–11; 1 Коринт 10:13; 1 Нифай 15:23–24; 3 Нифай 18:17–18.
Та төлөвлөгөөгөө гаргах үед уруу таталтаас амжилттай зайлсхийж эсвэл эсэргүүцэж байсан үеийнхээ талаар бодох нь тустай байж болох юм. Аврагч танд хэрхэн тусалсан бэ? (2 Нифай 4:18–33-ыг үзнэ үү).
Эхлэл 41:15–57
Их Эзэн намайг учирч болзошгүй бэрхшээлүүдэд бэлтгэхэд тусална.
Иосеф Фараоны зүүдийг тайлсан нь өлсгөлөнг эсэн мэнд даван туулах зарим ухаалаг, мөн ашигтай зөвлөгөө рүү хөтөлдөг (Эхлэл 41:15–57-г үзнэ үү). Энэ түүхээр Их Эзэн та нарт ямар сүнслэг захиас өгөхийг хүсэж байгаа талаар бодож үз. Тэр таныг ирээдүйн сорилт бэрхшээлд хэрхэн бэлтгээсэй хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?
Түүнчлэн Дэвид А.Бэднарын “Үүгээр бид тэднийг нотлох болно” захиасыг 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х.5–8-аас үзнэ үү.
Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Эхлэл 37
Би гэр бүлийнхэндээ эелдэг хандаж чадна.
-
Иосефын гэр бүлд тохиолдсон хэцүү мэдрэмжүүдийн тухай унших нь биднийг гэр бүлийн гишүүддээ хэрхэн хандах талаар ярилцахад хүргэж болно. Эхлэл 37-оос Иосеф болон түүний ах дүүсийн түүхийг ярихын тулд та энэ тоймын зургуудыг эсвэл “Иосефын сүнслэгээр өдөөгдсөн зүүд” (Хуучин Гэрээний түүхүүд, 47–51) хэсгийг ашиглаж болно. Түүхийн талаар мэддэг зүйлсээ хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго. Та хүүхдүүдээ Иосефын гэр бүлд байгаагаар төсөөлөн бодохыг хүсэж болно. Тэд гэр бүлдээ амар тайвныг тогтоогч байхын тулд юу хэлж эсвэл хийх байсан бэ? Жишээлбэл: Манай гэр бүл “амар тайвныг яригч гэж юу гэсэн үг вэ? (4-р шүлэг). Есүс Христ Бурханы гэр бүлд хэрхэн гэрэл болдог вэ?
2:17Joseph’s Inspired Dreams
Эхлэл 37:18–28; 39:20–23; 41:38
Бурхан надад муу муухай зүйл тохиох үед тусалж чадна.
-
Хүүхдүүдэд тань хэцүү үе тулгарахад Их Эзэн Иосефтой хамт байсан шигээ тэдэнтэй ч хамт байх болно гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Та Иосефт тохиолдсон хүнд хэцүү зүйлсийн жагсаалтыг гаргахад хүүхдүүддээ тусалж болох юм (Эхлэл 37:23–28; 39:20; эсвэл Хуучин Гэрээний түүхүүд, “Иосефын сүнслэгээр өдөөгдсөн зүүд”, “Египетийн Иосеф,” 47–51, 52–56-р хуудсыг үзнэ үү). Хүүхдүүдийг зовлон бэрхшээлийг олох тоолондоо “Их Эзэн Иосефтой хамт байсан” (Эхлэл 39:2) гэж давтан хэлэхийг хүс.
2:17Joseph’s Inspired Dreams
2:50Joseph in Egypt
-
Танай хүүхдүүд Эхлэл 39:1–3, 20–23-аас “Их Эзэн Иосефтой хамт байсан” гэсэн хэллэгийн бүх жишээг мөн үүнтэй төстэй үг хэллэгүүдийг хайж олж болох юм. Тэдэнд энэ хэллэг юу гэсэн утгатай болохыг хуваалцах боломж олго. Их Эзэн бидэнтэй хамт байгааг бид хэрхэн мэддэг вэ? Хэцүү үед Бурхан тантай хамт байгааг мэдэрсэн тухайгаа нэг нэгэндээ ярьж өг.
Египетийн Иосеф шоронд, Жэфф Ворд (дэлгэрэнгүй)
Эхлэл 39:7–12
Их Эзэний тусламжтайгаар би уруу таталтаас зайлсхийж чадна.
-
Танай хүүхдүүдэд Иосефын Потифарын эхнэрээс зугтсан жишээг дагахад нь туслах нэг үзүүлэнт хичээл бол Есүс Христ, Сатан хоёрыг төлөөлөх хоёр соронз ашиглах явдал юм. Биднийг төлөөлүүлж, цаасан хавчаар шиг жижиг төмөр ашигла. Дараа нь төмөр, соронз хоёр ойртох тусам соронзын нөлөө улам ихсэж байгааг хүүхдүүддээ харуул. Эхлэл 39:7–12-т Иосефт тохиолдсон явдал энэ үнэнийг хэрхэн харуулж байна вэ? Нүглээс хол байж, Есүстэй ойр байхын тулд бид юу хийх хэрэгтэй вэ? “Temptation Fades as We Seek Christ in Every Thought” (Gospel Library) видео болон “Та байнга хэрэгтэй” дуу (Дуулал, х. 48) энэ ярилцлагад тус болж чадна.
2:58Temptation Fades as We Seek Christ in Every Thought
Дуу хөгжим ашигла. Сүмийн дуулал болон бусад ариун нандин дуу нь хүүхдүүдэд Бурханы хайрыг болон Сүнсийг мэдэрч, сайн мэдээний үнэнүүдийн талаар суралцахад тусалдаг. Ая, хэмнэл, энгийн шүлэг зэрэг нь хүүхдүүдэд сайн мэдээний үнэнийг олон жилийн туршид марталгүй санаж байхад тусалдаг. Хүүхдүүдтэй хамт дуулж байхдаа, тэдэнд дуунд заасан зарчмуудыг олж мэдэн, ойлгоход тусал (Аврагчийн арга барилаар заах нь, 32).
-
Хүүхдүүдэд тулгарч болох уруу таталтуудын талаар бодоход нь тусал. Тэднээр эдгээр уруу таталтаас хэрхэн “зугтаж” чадахыг жүжигчлэн тоглуул.
Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.