Ирээд, Намайг дага
Санах зүйлүүд: Израилын угсаа


“Санах зүйлүүд: Израилын угсаа,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“Израилын угсаа,” Ирээд, Намайг дага: 2026

бодох дүрс

Санах зүйлүүд

Израилын угсаа

Канаанаас зүүн зүгт орших цөлд Иаков ихэр ах Есавтайгаа уулзахыг санаа зовон хүлээж байв. Иаков Есавыг хамгийн сүүлд 20 жилийн өмнө харсан бөгөөд Есав түүнийг алахыг хүсэв. Иаков шөнийн турш өөртэйгөө тэмцэлдэн өнгөрөөж, Бурханаас адислал хүссэн. Иаковын итгэл, шаргуу мөн шийдэмгий байдлын үр дүнд Бурхан залбиралд нь хариу өгсөн. Тэр шөнө Иаковын нэр Израил болж өөрчлөгдсөн бөгөөд энэ нь өөр бусад утгаас гадна “Тэр Бурхантай тэмцэлдсэн” (Эхлэл 32:28, зүүлт тайлбар б) гэсэн утгатай.

Иаббок гол

Иаббок голын ойролцоо Иаков Израил хэмээх нэрийг хүлээн авав.

Библи дээр анх удаа ийнхүү Израил гэх нэр гарч ирж байгаа бөгөөд энэ нь энэ номд болон түүхийн туршид хадгалагдсаар ирсэн нэр юм. Удалгүй энэ нэр нь зөвхөн нэг хүн биш харин олон хүнтэй хамаатай болсон. Иаков 12 хүүтэй байсан бөгөөд тэдний үр удам бүгдээрээ “Израилын угсаа,” “Израилын овог,” “Израилын хүүхдүүд” эсвэл “Израилчууд” хэмээн нэрлэгддэг.

Түүхийн туршид, Израилын хүүхдүүд Израилын арван хоёр овгийн аль нэг гарал үүсэлдээ маш их ач холбогдол өгдөг. Тэдний удам тэдний гэрээг тодорхойлох чухал хэсэг байсан. Төлөөлөгч Паул өөрийгөө “Бениамин овгийн” (Ром 11:1) нэгэн гэдгээ тунхагласан. Лихай хөвгүүдээ гуулин ялтаснуудыг олж авахын тулд Иерусалим руу явуулах болсны нэг шалтгаан нь гуулин ялтаснууд нь “эцэг өвгөдийнх нь удмын бичгийг” (1 Нифай 5:14) агуулсан байсан. Лихай Иосефын удам гэдгээ олж мэдсэн бөгөөд түүний үр удам Израилын угсаатай холбоотой гэдгийг ойлгосон нь ирээдүйд чухал гэдгийг харуулсан.

Өнөөдөр Сүм дээр та Израилын тухай “Израилын цугларалт” гэх мэт үгсийг сонсох болно. Бид “Израилын Гэтэлгэгч,” “Израилын Найдвар,” мөн “Израилын ахлагчид аа” гэж дуулдаг. Эдгээр тохиолдолд бид эртний Израилын хаант улс эсвэл өнөө үеийн Израил үндэстний тухай ярьж эсвэл дуулаагүй юм. Харин бид Есүс Христийн Сүмд дэлхийн улс орнуудаас цугларсан хүмүүсийг хэлж байгаа юм. Бурхантай хамт тэмцдэг, Түүний адислалуудыг чин сэтгэлээсээ эрэлхийлж, баптисм хүртсэнээр Түүний гэрээт хүмүүс болсон хүмүүсийг бид хэлж байна. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлснээр Израилынх байна гэдэг нь “Бурханыг өөрсдийн амьдралдаа давамгайлахыг зөвшөөрч, … Бурханд өөрсдийн амьдралдаа хамгийн хүчтэй нөлөө үзүүлэх боломжийг олгодог.”

Патриархын адислал тань таныг Израилын угсааны овгуудын аль нэгтэй холбоотой гэдгийг хэлж өгдөг. Энэ нь гэр бүлийн түүхийн нэгэн сонирхолтой хэсэг гэдгээс илүү утга учиртай юм. Энэ нь таны одоо болон ирээдүйтэй холбоотой. Израилын угсааны нэг хэсэг байна гэдэг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой гэрээ байгуулсан гэсэн үг. Энэ нь Абрахамын адил та Бурханы хүүхдүүдэд “ерөөл” болох болно гэсэн үг юм (Эхлэл 12:2; Aбрахам 2:9–11). Петрийн хэлснээр энэ нь “Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм” (1 Петр 2:9) хэмээх утгатай юм. Энэ нь та Бурхантай байгуулсан гэрээгээ хүндэтгэснээр “Бурхантай тэмцэлддэг”, “Бурханыг амьдралдаа ялуулдаг” нэгэн гэсэн үг.

гэр бүлийн мод

Иаковын гэр бүлийн мод (Израил), Брэнт Эванс

Эх сурвалж

  1. Мөн Эхлэл 32:24–32 -ыг үзнэ үү. Израил гэдэг нэр олон утгатай бөгөөд үүний дотор “Бурхан захирдаг,” “Бурхан тулалддаг эсвэл тэмцдэг,” “Бурханыг амьдралдаа ялуулах” гэсэн олон утга бий.

  2. Алма 26:36; 3 Нифай 20:25-ыг үзнэ үү.

  3. Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101.