“Сэргээлтийн дуу хоолой: Либерти шорон,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025(2025)
“Либерти шорон,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
Сэргээлтийн дуу хоолой
Либерти шорон
Иосеф Смит Миссурийн Либерти шоронд хоригдож байхдаа, захирагчийн тушаалаар мужаас хөөгдөж байгаа хожмын үеийн гэгээнтнүүдийн түгшүүртэй нөхцөл байдлын талаар мэдээлсэн захидлуудыг хүлээн авчээ. Эхнэр Эммагаас нь түүнд сэтгэл өвтгөсөн захиа ирэв. Түүний үгс болон Иосефын хариу захиа Сүмийн түүхийн энэ хүнд хэцүү үед тэдний шаналал зовлон, итгэл найдварын аль алиныг харуулдаг.
1838–1839 оны өвөл энэ шоронд Иосеф Смит бусдынхаа хамт хоригдож байв.
Иосеф Смитэд бичсэн Эмма Смитийн захидал, 1839 оны 3-р сарын 7
Эрхэм хань нөхөр минь,
Найзаараа дамжуулан явуулах боломжтой байгаа болохоор би захидал бичихээр оролдож байна. Гэхдээ би мэдэрч байгаа бүх зүйлээ бичихгүй, учир нь тэдгээрийг бүрэн дүүрэн дүрслэх аргагүй юм. Биднийг тусгаарлаж байгаа шоронгийн хана, сараалжин цонх, шоронгийн цоожтой хаалганууд, мөн урсгал голууд, өндөр толгод, гүн хөндийнүүд болон бидний хоорондох өргөн уудам тал, чамайг шоронд хорьж, одоо болтол байлгасаар байгаа харгис, шударга бус байдлаас болж мэдэрч байгаа бүхнээ дүрслэн бичиж чадахгүй нь.
Өөрсдийгөө гэмгүй гэдгийг би мэдэхгүй байсан бол, тэнгэрлэг ач ивээл байгаагүй бол би амссан зовлонгоо тэвчиж чадахгүй байх байсан гэдэгтээ бүрэн итгэлтэй байна … ; гэвч би амьд байна, мөн энэ нь найрсаг Бурханы минь хүсэл юм бол би илүү их зовлонг чиний төлөө амсахад бэлэн байна.
Бид бүгдээрээ сайн байгаа. Харин Фредрик өвдөөд, хүндхэн байгаа.
Би одоо бяцхан Александрыг тэвэрч байна. Тэр бол чиний амьдралдаа харж байсан хамгийн гайхалтай хүүхэд. Тэр тун эрүүл чийрэг бөгөөд сандал түлхээд өрөөн дотуур явахгүй газар гэж түүнд байхгүй. …
Хүүхдүүдээсээ бусад бараг бүх эзэмшил, гэр орноо орхин, ганцаардмал тэр шоронд чамайгаа үлдээн, Миссури мужаас гарч одох миний оюун санаа, сэтгэлдээ мэдэрч байгаа бүхнийг Бурханаас өөр хэн ч мэдэхгүй. Гэвч энэ бүхний талаар бодох нь ямар ч хүний амсах ёстойгоос илүү хүнд хэцүү зүйл юм. …
… Илүү сайхан өдрүүд бидэнд ирнэ гэж би найдаж байна. … [Би] чамдаа үүрд хайртай.
Эмма Смит
Иосеф Смитийн Эмма Смитэд бичсэн захидал, 1839 оны 4-р сарын 4
Хайрт, энхрийхэн эхнэр минь,
Пүрэв гарагт нар жаргаж, энэхүү ганцаардмал шоронгийн төмөр сараалжны завсраар гэрэл сүүмийн тусах зуур би өөрийнхөө нөхцөл байдлын талаар чамд мэдүүлэхээр захиа бичин сууж байна. Би өдөр шөнөгүй ууртай харуулуудаар сахиулан, ганцаардмал, харанхуй, бохир заваан шоронгийн дөрвөн хананы дунд, сараалжин цонх, хяхтнасан төмөр хаалганы цаана сууснаас хойш таван сар зургаан өдөр болж байна гэж бодож байна. Зөвхөн Бурхан л мэдэх сэтгэлээр би энэхүү захидлыг бичиж байна. Энэ нөхцөл байдлын талаарх миний бодлыг үзгээр бичиж, үгээр илэрхийлэх аргагүй бөгөөд бидний амссан бүх зовлон зүдгүүрийг амсаж үзээгүй хүмүүнд тэнгэр элч ч тайлбарлаж, дүрслэн үзүүлж чадахгүй. … Бид чөлөөлүүлэхийн тулд өөр хэнд ч биш, зөвхөн Иеховагийн хүчинд найдна. Хэрэв тэр хийхгүй бол хийгдэхгүй гэсэн үг. Энэ мужийн олон хүн биднийг хөнөөхийг хүсэж байгаа ч энэ нь бид ямар нэгэн зүйлд буруутайн улмаас биш юм гэдэгт итгээрэй. Хайрт Эмма минь, би чамайгаа болон хүүхдүүдээ үргэлж боддог. … Би Фрэдэрик, Жөүсэф, Жүлиа, Алэксандэр, Жоана болон хөгшин хошуучийг [гэрийн нохой] харахыг хүсэж байна. Би эндээс та нарыгаа харахын тулд малгайгүй, гуталгүй, хагас нүцгэн ч хамаагүй баяртайгаар алхаж очиход хүнд хэцүү биш, агуу баяр хөөр гэж бодох байсан. Би бүх хавчлага дарамтыг сэтгэлийн тэнхээтэй даван туулж байгаа. Мөн надтай хамт байгаа хэд маань ч гэсэн бууж өгөөгүй байна. [Хүүхдүүдийг маань] намайг мартахгүй байхад нь анхаараарай гэж би чамаас хүсэж байна. Аав нь тэдэнд төгс хайртай, тэдэндээ очихын тулд энэ дээрэмчдээс мултран явах гэж чадах бүхнээ хийж байгаа гэж хэлээрэй. Сайн хүүхдүүд байж, ээжийнхээ үгэнд орж байх хэрэгтэй гэж аав нь хэлж байна гэж хэлээрэй.
Чиний
Бага Иосеф Смит.