“3-р сарын 31-ээс 4-р сарын 6: ‘Есүс Христ Өөрийнхөө хүмүүсийг цуглуулах болно’: Сургаал ба Гэрээ 29,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 29,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
3-р сарын 31-ээс 4-р сарын 6: “Есүс Христ Өөрийнхөө хүмүүсийг цуглуулах болно”
Сургаал ба Гэрээ 29
Есүс Христийн Сүм 1830 онд зохион байгуулагдсан хэдий ч сайн мэдээний олон үнэн илчлэгдээгүй байсан бөгөөд эртний Сүмийн гишүүдэд асуултууд гарч ирсээр байв. Тэд Израилын цугларалт болон Сионыг байгуулах талаар Мормоны Номон дээрх бошиглолуудыг уншсан байжээ (3 Нифай 21-ийг үзнэ үү). Хэрхэн ийм зүйл тохиолдох вэ? Хайрам Пейжийн авсан гэх илчлэлтүүд гишүүдийн сонирхлыг татсан сэдвийг хөндсөн байв (Сургаал ба Гэрээ 28-ыг үзнэ үү). Зарим хүн Адам, Ева хоёрын Уналт болон сүнслэг үхлийн талаар гайхаж байсан. 1830 онд Их Эзэн эдгээр асуултыг хүлээн авсан ба Тэр өнөө үед ч бидний асуултуудыг хүлээн авдаг. “Миний зарлигийн дагуу залбиралд нэгдсэн байх аваас, та нар итгэлд юу ч хүслээ гэсэн, та нар хүлээн авах болно” (Сургаал ба Гэрээ 29:6) хэмээн Тэр гэгээнтнүүдэд хэлжээ. Үнэндээ Сургаал ба Гэрээ 29 дээрх сургаалаар баялаг илчлэлт нь Их Эзэн зарим үед бидний асууснаас хавьгүй илүү үнэн болон мэдлэгийг өгөх замаар бидний асуултуудад хариулдаг.
Гэр орон болон сүмд суралцах санаа
Өөрийн хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөө Тэнгэрлэг Эцэгт бий.
Сургаал ба Гэрээ 29 Бурханы Өөрийн хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөөний талаар олон үнэнийг заадаг. Уншиж байхдаа та Түүний төлөвлөгөөний дараах бүх хэсгийн талаар олж мэдсэн үнэнүүдээ хайж ол.
-
Мөнх бус байдлын өмнөх амьдрал (36–37-р шүлгийг үзнэ үү)
-
Бүтээлт (31–33-р шүлгийг үзнэ үү)
-
Адам, Ева хоёрын уналт (40–41-р шүлгийг үзнэ үү)
-
Мөнх бус амьдрал (39, 42–45-р шүлгүүдийг үзнэ үү)
-
Есүс Христийн Цагаатгал (1, 42–43, 46–50-р шүлгүүдийг үзнэ үү)
-
Амилуулалт (13, 26-р шүлгүүдийг үзнэ үү)
-
Эцсийн шүүлт (12–13, 27–30-р шүлгүүдийг үзнэ үү)
Та ямар ямар ойлголтыг олж авсан бэ? Энэ нь танд тустай бол энэ тоймын төгсгөлд байгаа зургийн зайд бичиж болно. Эдгээр үнэн амьдралд тань хэрхэн нөлөөлдөг вэ?
Над дээр ирэгтүн зургийн хэсгээс, Жэнэди Пэйж
Есүс Христ Өөрийнхөө хүмүүсийг Хоёр дахь ирэлтийнхээ өмнө цуглуулахад туслуулахаар намайг урьдаг.
Есүс Христ “тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг” (Сургаал ба Гэрээ 29:2) Өөрийн хүмүүсийг цуглуулах талаар ярьсан. Энэ харьцуулалт Есүс Христийн талаар танд юу зааж байна вэ? Энэ тоймд буй эм тахиа болон дэгдээхэйнүүдийн зургийг хараад танд өөр ямар бодол, сэтгэгдэл төрж байна вэ? Есүс Христ таныг хамгаалж бас цуглуулж байгааг хэрхэн мэдэрч байснаа эргэцүүлэн бод.
Та Сургаал ба Гэрээ 29:1–11-ийг уншихдаа, дараах ойлголтуудыг хайж ол. Үүнд:
-
Хэнийг цуглуулах талаар
-
Христэд “цуглуулах” гэдэг нь юу гэсэн үг болох
-
Бид яагаад Түүнд цугладаг тухай
Яагаад та бусад хүнийг Есүс Христ дээр цуглуулахыг хүсдэг талаар тунгаан бод. Туслахын тулд юу хийх талаар танд ямар сүнслэг өдөөлт ирж байна вэ?
“Израил аа, Бурхан дуудаж байна” (Дуулал, д. 6) гэх мэт цугларалтын тухай дууг сонсох юм уу уншихдаа яг ижил асуултыг өөртөө тавьж болно. Их Эзэн Өөрийн цуглуулах ажлын тухай танд юу заахыг хичээж байна вэ?
A Witness of God
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Гэвч одоо үндэстэн бүрийн нутагт цугларалт явагдаж байна. Их Эзэн гэгээнтнүүддээ өөр өөрийн төрсөн газар, үндэс угсаанд Сионыг байгуулахыг зарлигласан” гэж хэлжээ (“The Gathering of Scattered Israel,” Liahona, Nov. 2006, 81). Энэ арга замаар цугларах нь Аврагчийн Хоёр дахь ирэлтийн “бүх зүйлд бэлтгэлтэй [байхад]” бидэнд хэрхэн тусалдаг вэ? (8-р шүлэг; мөн 14–28-р шүлгүүдийг үзнэ үү).
Мөн Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсоны “Израилын найдвар” захиасыг (2018 оны 6-р сарын 3-ны өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт) Gospel Library-гаас; Д.Тодд Кристоффэрсоны “Нэгэн хэсэг нь байх сургаал” захиасыг 2022 оны 11-р сарын Лиахонагийн х. 53–56-аас үзнэ үү.
“Бүх зүйл миний хувьд сүнслэг юм.”
Та Сургаал ба Гэрээ 29:31–35-ыг судлахдаа, “бүх зарлиг ямар байдлаар сүнслэг байдаг вэ?” гэж өөрөөсөө асуу. Та цөөн хэдэн зарлигийг жагсаан бичээд, зарлиг тус бүртэй холбоотой сүнслэг үнэнүүдийг бодож үзээрэй. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч нь Бурханы зарлигуудын цаадах зарим мөнхийн үнэнийг заадаг тул үүнийг судлах нь тустай байж болно.
“Бүх зүйл … сүнслэг” гэдгийг мэдэх нь Бурханы зарлигуудыг харах байдалд хэрхэн нөлөөлдөг вэ? Амьдралынхаа бусад тал дээр мөн сүнслэг утга учир, зорилгыг хайж ол.
Мөн 2 Нифай 9:39-ийг үзнэ үү.
Есүс Христэд төвлөр. “Сайн мэдээний сэдэв бүрийг Есүс Христийн тухай зааж мөн суралцах боломж гэж хар” (Аврагчийн арга барилаар заах нь, 6). Та Сургаал ба Гэрээ 29-ийг унших явцдаа Түүний зан чанар, үүрэг, үлгэр жишээний талаар юу мэдэж авсан бэ?
Есүс Христ биднийг Уналтаас гэтэлгэдэг.
Есүс Христээр дамжуулан бидэнд яагаад гэтэлгэл хэрэгтэй болсныг тайлбарлахын тулд Сургаал ба Гэрээ 29:36–50-ийг хэрхэн ашиглаж болох вэ?
Адам, Ева хоёрын уналт дэлхийд үхэл, нүглийг авчирсан хэдий ч энэ нь Христээр дамжин ирэх гэтэлгэл, баяр баясгалангийн замыг ч бас бэлтгэсэн. Үүнийг санангаа, 39–43-р шүлгүүдийг уншаад, танд баяр баясгаланг авчирч буй үг, хэллэгийг тэмдэглэ. Мосе 5:10–12 дээр Адам, Ева хоёр Уналтын тухай хэлсэн байдгийн юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?
Why We Need a Savior
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Өөрийн хүүхдүүдэд зориулсан төлөвлөгөө Тэнгэрлэг Эцэгт бий.
-
Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөөний талаар ярилцлага эхлүүлэхийн тулд та аялалд явахаар эсвэл үүрэг даалгавар биелүүлэхээр төлөвлөж байсан үеийнхээ талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж болно. Та мөн дээр нь үйл ажиллагаа бичсэн хуанли эсвэл ямар нэгэн зүйл хийх зааварчилгаа зэрэг төлөвлөгөөний жишээг хуваалцаж болно. Төлөвлөгөө яагаад хэрэгтэй вэ? Дараа нь та Тэнгэрлэг Эцэг юу хийхийг хүсдэг мөн үүнийг гүйцэлдүүлэхийн тулд Түүний төлөвлөгөө бидэнд хэрхэн тусалдаг талаар ярилцаж болно.
-
Та Сургаал ба Гэрээ 29 дэх Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний өөр өөр хэсгүүдийн талаар заадаг шүлгүүдийг олоход хүүхдүүддээ туслахын тулд энэ тоймын төгсгөлд байгаа зургуудыг ашиглаж болно. Та мөн зургуудыг хайчилж, тэдгээрийг зөв дэс дараалалд оруулахыг хүүхдүүдээсээ хүс. Бидэнд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө байдгийг мэддэгтээ бид яагаад талархдаг вэ? Энэ тухай мэдлэгтэй байх нь өдөр тутмын амьдралд маань хэрхэн нөлөөлдөг вэ?
Есүс Христ дахин ирэхээсээ өмнө Өөрийнхөө хүмүүсийг цуглуулах болно.
-
Эм тахиа дэгдээхэйнүүдээ цуглуулж буй доорх зураг эсвэл “Chicks and Hens” (ChurchofJesusChrist.org) видео нь Сургаал ба Гэрээ 29:1–2 дээрх зүйрлэлийг төсөөлөхөд хүүхдүүдэд тань туслах болно. Дараа нь эдгээр шүлгийг хамтдаа уншаад, эм тахиа дэгдээхэйнүүдээ хэрхэн хамгаалдаг мөн энэ нь Аврагчийн бидний төлөө хийж чадах зүйлтэй юугаараа төстэй талаар бие биетэйгээ ярилц.
1:24Chicks and Hens
Би та нарыг цуглуулах болно, Лиз Лэмон Свиндл
-
Аврагчид Өөрийнхөө хүмүүсийг цуглуулахад нь туслахад хүүхдүүдэд тань юу сүнслэгээр нөлөөлөх вэ? Магадгүй тэд Түүний Сүмд нэгдсэнээр Түүнд “цугласан” хэн нэгний туршлагыг сонсохыг хүсэж болох юм. Жишээ нь: Хэн танай гэр бүлд анх Сүмийг танилцуулсан бэ? Аврагчийн Өөрт нь цуглар хэмээх дуудлагыг хүлээн авснаар бид хэрхэн адислагдаж байсан бэ? Бид бусдад Түүнд цугларахад нь хэрхэн тусалж болох вэ?
3:30Video: A Message for Children from President Russell M. Nelson
Есүс Христ дахин ирэх болно.
-
Аврагчийн Хоёр дахь Ирэлтийн зураг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 6 гэх мэт) юм уу үүний тухай дуу (“Түүнийг дэлхийд дахин ирэхэд,” Хүүхдийн дууны ном, 46–47 гэх мэт) нь Сургаал ба Гэрээ 29:11-ийг хүүхдүүдтэйгээ ярилцахад тус болно. Дуу эсвэл зурагт байгаа зүйлийг дүрсэлсэн судрын үг хэллэгийг анзаарахад хүүхдүүддээ тусал. Есүс Христийг дэлхийд дахин ирэх талаар юу гэж боддогоо бие биетэйгээ хуваалц.
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.