“4-р сарын 14–20: ‘’Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан Тэрбээр бөлгөө’: Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
4-р сарын 14–20: “Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан Тэрбээр бөлгөө”
Христийн амилсны баяр
1836 оны 4-р сарын 3-нд Христийн амилсны баярын ням гараг тохиосон юм. Шинээр онцгойлон адислагдсан Көртландын ариун сүмд байсан гэгээнтнүүдэд ариун ёслол түгээхэд тусалсныхаа дараа Иосеф Смит, Оливер Каудери хоёр хөшигний ард нам гүм газар олоод толгой бөхийн чимээгүй залбирч байв. Тэгэхэд Христэд итгэгчид хаа сайгүй Есүс Христийн Амилалтыг тэмдэглэн өнгөрүүлж байсан тэр ариун өдөр Амилсан Аврагч Өөрөө Өөрийнхөө ариун сүмд үзэгдэж, “Бибээр амьдардаг тэрээр болой, би бол алагдсан тэрбээр бөлгөө” (Сургаал ба Гэрээ 110:4) хэмээн тунхагласан билээ.
Есүс Христ бол “амьдардаг тэрээр болой” гэсэн нь юу гэсэн үг вэ? Энэ нь Тэр зөвхөн булшнаас босож, Галилын дагалдагчдадаа үзэгдсэн гэсэн үг биш юм. Энэ нь Тэр өнөөдөр ч гэсэн амьдарч байгаа гэсэн үг. Тэр өнөөдөр бошиглогчдоороо дамжуулан ярьдаг. Тэр өнөөдөр Өөрийн Сүмийг удирддаг. Тэр өнөөдөр шархалсан сэтгэл, эмтэрсэн зүрхийг анагаадаг. Тиймээс бид Иосеф Смитийн дараах хүчирхэг гэрчлэлийг давтаж чадна. “Түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар бидний өгөх, хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!” (Сургаал ба Гэрээ 76:22). Бид эдгээр илчлэлтээс Түүний дуу хоолойг сонсож, амьдралдаа Түүний мутрыг харж мөн “‘Би Гэтэлгэгч амьдыг мэднэ’ гэсэн энэ өгүүлбэрээс агуу баяр баяслыг” мэдэрч чадна! (Дуулал, д. 70).
Гэр орон болон сүмд суралцах санаа
Есүс Христ амьд.
Бидний олон нь бошиглогч Иосеф Смитийн адилаар Есүс Христийг хараагүй билээ. Гэсэн ч бид түүнтэй адил Аврагч амьд, Тэрээр бидний амжилт ололт, зовлон зүдгүүрийг мэддэг мөн бидэнд хэрэгтэй үед туслах болно гэдгийг мэдэх боломжтой. Доор байгаа асуултуудыг тунгааж, дагалдах эх сурвалжуудыг судлахдаа амьд Христийн тухай гэрчлэлээ бод.
-
Есүс Христ гэж хэн бэ? Яагаад бид Түүнийг шүтэн биширдэг вэ? (“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэлийг үзнэ үү).
-
Иосеф Смитийн болон Аврагчийг харсан бусад хүний туршлага надад юу зааж байна вэ? Тэдний гэрчлэл миний гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ? (Сургаал ба Гэрээ 76:11–14; 20–24; 110:1–10; Иосеф Смит—Түүх 17-г үзнэ үү).
-
Би Аврагчийн өөрийнх нь үгсээс Түүний номлол, бурханлаг байдлын талаар юу олж мэдсэн бэ? (Сургаал ба Гэрээ 29:5; 38:7-г үзнэ үү).
-
Өнөө үед Аврагч надад хэрхэн тусалж чадах вэ? (Исаиа 53:3–5; Еврей 2:17–18; Мозая 3:7; Алма 7:11–13; 36:3; Ифер 12:27; Мосе 5:10–12-ыг үзнэ үү).
Цээжлэхэд хүч орж ирдэг. Ахлагч Ричард Г.Скотт ийн тайлбарласан. “Судруудыг цээжлэх нь агуу хүчийг авчирдаг. Судрыг цээжилнэ гэдэг нь шинэ нөхөрлөл бий болгож байгаатай адил билээ. Энэ нь хэрэгтэй үед маань туслан, тайвшрал, сүнсний нөлөөг өгч, өөрчлөлт хэрэгтэй үед маань урам дэм өгдөг шинэ танилтай болсонтой адил юм” (“Судрын хүч,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5). Хэрэгтэй үед таныг тайтгаруулж чадах, танд онцгой утга учир бүхий Аврагчийн тухай судрыг олж мэдвэл үүнийг цээжлэх талаар бодож үз.
“Амьд Христ” дээрх үнэнүүдийг зүрх сэтгэл, оюундаа хүлээн авахын тулд та юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байна вэ?
Let Your Goals Be Guided by the Spirit
Аврагч биднийг өнөө үед хэрхэн адисалдаг талаар олж мэдэхийн тулд та “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Дуулал, д. 70) дууг дуулж, сонсож эсвэл үүнийг судалж болно. Түүнчлэн Сургаал ба Гэрээ 6:34; 84:77; 98:18; 138:23 дээр заасан үнэнүүдийг энэ дуунаас хайх нь урам зориг өгөхүйц байж болно.
Есүс Христийн ачаар би амилуулагдана.
Иосеф Смит хайртай хүнийхээ, түүний дотор аав, хоёр ахынхаа үхэлд гашуудах ямар байдгийг мэддэг байсан. Иосеф, Эмма хоёрын зургаан хүүхэд хоёр ой ч хүрээгүй байхдаа эндэж, тэднийг оршуулж байжээ. Бурханы өгсөн илчлэлтээс Иосеф, Эмма хоёр аливааг мөнхийн талаас нь авч үздэг болсон юм.
Сургаал ба Гэрээ 29:26–27; 42:45–46; 63:49; 88:14–17, 27–31; 93:33–34-өөс үхэл болон Бурханы мөнхийн төлөвлөгөөний талаарх үнэнүүдийг хайж ол. Эдгээр үнэн таны үхлийг харах өнцөгт хэрхэн нөлөөлөх вэ? Эдгээр нь таны амьдрах хэв маягт хэрхэн нөлөөлж болох вэ?
Мөн 1 Коринт 15; Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), х. 197–199; Easter.ChurchofJesusChrist.org зэргийг үзнэ үү.
Есүс Христ “төгс цагаатгалыг” миний төлөө гүйцэлдүүлсэн.
Христийн амилсны баярын үеэр Аврагч дээр анхаарлаа хандуулах нэг арга зам бол Сургаал ба Гэрээнээс Түүний цагаатгах золиослолын талаар зааж буй илчлэлтүүдийг судлах явдал юм. Эдгээрийн заримыг Сургаал ба Гэрээ 18:10–13; 19:16–19; 45:3–5; 76:69–70 дээрээс олж болно. Эдгээр шүлгээс олж мэдсэн үнэнүүдээ жагсаан бичиж болно. Судлах үйл явцаа улам гүнзгийрүүлэхийн тулд Лук 22:39–44; 1 Иохан 1:7; 2 Нифай 2:6–9; Мозая 3:5–13, 17–18; Моронай 10:32–33-аас хайж олсноо жагсаалтдаа нэмж болно.
Таныг судраас судлахад чиглүүлэх асуултууд:
-
Есүс Христийн Цагаатгал гэж юу вэ?
-
Есүс Христ яагаад бидний төлөө зовж шаналан нас барахыг сонгосон бэ?
-
Би Түүний золиослолын адислалуудыг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ?
-
Эдгээр шүлгийг уншсаны дараа би Есүс Христийн талаар юу мэдэрч байна вэ?
The Savior Suffers in Gethsemane
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Есүс Христийн ачаар би амилуулагдана.
-
Амилалтын талаар хүүхдүүддээ заахдаа та Аврагчийн үхэл, Амилалтын тухай зургийг тэдэнд үзүүлэхээс эхэлж болно. Эдгээр үйл явдлын талаар мэддэг зүйлсээ хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго. Та мөн “Есүс үхлийн дараа үнэхээр амилсан уу?” зэрэг дууг дуулж болно. (Хүүхдийн дууны ном, 45).
-
Биднийг нас барахад (бидний сүнс бие махбодоос маань салдаг) болон амилуулагдахад (бидний сүнс, бие махбод хоёр эргэн нийлж, бидний бие махбод төгс, үхэшгүй болдог) юу болдгийг ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд үзүүлэнт хичээл бодож ол. Жишээ нь: Бид гар чийдэнгээс зайг нь эсвэл үзэгнээс бэхийг нь салгавал юу болдог вэ? Эдгээр зүйлийг буцаан нийлүүлэхэд юу болдог вэ? (Алма 11:44–45-ыг үзнэ үү.)
-
Танай хүүхдүүд нас барсан хэн нэгнийг мэдэх үү? Эдгээр хувь хүний талаар багахан хуваалцуулаад, дараа нь Сургаал ба Гэрээ 138:17-г хамтдаа унш. Бидний хайртай хүмүүс амилуулагдаж, дахин бие махбодтой болно гэдгийг мэдэж авахад ямар санагдаж байгаа талаар бие биетэйгээ ярилц.
-
Хэрэв та том хүүхдүүдтэй бол дараах хэсгүүдээс Христийн амилсны баярын захиасыг агуулсан хэллэгүүдийг хайж олоход тэднийг урьж болно. Үүнд: Сургаал ба Гэрээ 63:49; 88:14–17, 27; 138:11, 14–17. Бид хэрхэн энэ захиасыг бусадтай хуваалцаж болох вэ?
Бошиглогч Иосеф Смит Есүс Христийг харсан.
-
Хүүхдүүдийнхээ хамт Иосеф Смит—Түүх 1:14–17; Сургаал ба Гэрээ 76:11–24; 110:1–10 дээр цэдэглэгдсэн, Есүс Христийн Иосеф Смит болон бусад хүнд үзэгдсэн гурван өөр тохиолдлыг унших нь сонирхолтой байж магад. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудас дээрх эдгээр үйл явдлын талаарх зургийг хүүхдүүддээ үзүүлж болно. Бид эдгээр туршлага нэг бүрээс Есүс Христийн талаар юу мэдэж авч болох вэ? Иосеф Смит болон бусад хүн амилсан Аврагчийг харсан гэдгийг мэдэх нь яагаад адислал болдог вэ?
Есүс Христийн ачаар би нүглүүдээсээ өршөөгдөж чадна.
-
Христээр дамжин ирэх өршөөлийн талаар Иосеф Смитийн олж мэдсэн үнэн нь хүүхдүүдэд тань алдаа дутагдал, гэм нүглээсээ өршөөгдөх боломжтой гэсэн найдварыг өгөх болно. Хүүхдүүдээ дараахтай адил гарчиг бүхий хүснэгт зурахад урь. Тухайлбал: Аврагчийн миний төлөө хийсэн зүйл; Би Түүний өршөөлийг хүлээн авахын тулд миний хийх ёстой зүйл. Хүүхдүүддээ Сургаал ба Гэрээ 18:10–13; 19:16–19; 45:3–5; 58:42–43 зэргээс эдгээр гарчгийн доор бичих ямар нэгэн зүйлийг хайж олоход тусал. Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлсэд баярлаж, талархаж байгаагаа бие биетэйгээ хуваалц.
The Shiny Bicycle
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.