“Сэргээлтийн дуу хоолой: Эхэн үеийн хөрвөгчид,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Эхэн үеийн хөрвөгчид,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
Сэргээлтийн дуу хоолой
Эхэн үеийн хөрвөгчид
1830 оны 4-р сард Сүмийг зохион байгуулахаас өмнө “Талбай нь цагаан хадахад бэлэн байна” (Сургаал ба Гэрээ 4:4) хэмээн Их Эзэн тунхагласан. Энэ мэдэгдэл дараагийн хэдэн сард үнэнийг эрэлхийлсэн олон хүн Есүс Христийн сэргээгдсэн Сүмийг олохоор Бурханы Сүнсээр хөтлөгдөх үед үнэн болох нь батлагдсан юм.
Эдгээр эхэн үеийн хөрвөгчдөөс олон хүн Сэргээлтийн үндсийг тавихад зэмсэг болсон бөгөөд тэдний хөрвөгдсөн түүхүүд өнөөгийн бидэнд үнэ цэнтэй. Тэдний үзүүлсэн итгэл Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөхөд бидэнд хэрэгтэй тэрхүү итгэл юм.
Абигэйл Калкинс Лэнард
Абигэйл Калкинс Лэнард гучин хэдтэй байхдаа нүглүүдээсээ өршөөгдөхийг хүсэж байв. Тэр үе үе Библи уншдаг, тэднийд Христийн сүмээс хүмүүс айлчлан ирдэг байсан ч сүмүүдийг юу ийм ялгаатай болгодогт гайхдаг байлаа. “Нэг өглөө Библиэ авч, ойд очоод, өвдөг сөгдөн суусан” гэж тэр хэллээ. Тэр Их Эзэнд хандан хүчтэй залбирсан байв. “Гэнэт би үзэгдэл үзэж, олон өөр сүм миний дэргэдүүр өнгөрч, ‘Эдгээр нь ашгийн төлөө байгуулагдсан’ гэх дуу хоолой надад сонсогдсон гэж тэр хэлэв. Дараа нь би холоос агуу гэрлийг олж харсан ба дээрээс нэгэн дуу хоолой гарч, ‘Би өөрийн гэх мөн адислахдаа баяртай байх хүмүүсээ босгох болно’ хэмээв.” Удалгүй Абигэйл Мормоны Номын тухай сонсжээ. Түүнд ном байгаагүй ч түүнийг “энэ номын үнэнийг, Ариун Сүнсний бэлэг болон хүчээр мэдэж авахаар” эрэлхийлэхэд тэр даруй “номын байгаа нь мэдрэгджээ.” Дараа нь Мормоны Номыг унших боломжтой болоход тэр “үүнийг хүлээн авахад” бэлэн болсон байлаа. Тэрээр нөхөр Лаймантайгаа 1831 онд баптисм хүртсэн.
Томас Б.Марш
Томас Б.Марш залуудаа Библийг судалж, Христийн сүмд нэгдсэн байна. Гэвч тэр сэтгэл хангалуун байгаагүй тул сүүлдээ бүх сүмээс татгалзаж байв. “Надад бошиглолын сүнсний нэгээхэн хэсэг өгөгдсөн байсан ба би [шашны удирдагчдад] цэвэр ариунаар үнэнийг цогцлоох шинэ сүм байгуулагдана гэж бодож байгаагаа хэлсэн” гэж тэр хэлэв. Үүнээс хойш удалгүй Томас Массачусеттсын Бостон дахь гэрээ орхин, баруун зүг рүү аялах сүнслэг өдөөлт хүлээн авчээ. Нью-Йоркийн баруун зүгээс хайсан зүйлээ ололгүй гурван сар болсны эцэст тэрээр харихаар болов. Замд нь нэг эмэгтэй Томасаас “Иосеф Смит гэдэг хүүгийн олсон Алтан Номын” талаар сонссон эсэхийг асуужээ. Энэ тухай бодолд автсан Томас тэр даруй Палмира явж, Мормоны Номын эхний 16 хуудсыг дөнгөж хэвлэлтээс гарч байхад, хэвлэх үйлдвэр дээр Мартин Харристай уулзсан байна. Томаст эдгээр 16 хуудаснаас өгөхөд, тэр эдгээрийг гэртээ авчран, эхнэр Элизабетдаа өгчээ. “Эхнэр маань уг номыг Бурханы ажил гэж үзэн, ихэд баяртай байсан” хэмээн тэр дурсан өгүүлсэн байдаг. Томас, Элизабет хоёр дараа нь хүүхдүүдтэйгээ хамт Нью-Йорк руу нүүж, баптисм хүртжээ. (Томас Б.Маршийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Сургаал ба Гэрээ 31-ийг үзнэ үү.)
Парлей Прат, Танкфүл Прат хоёр
Томас Маршийн нэгэн адил Парлей Прат, Танкфүл Прат хоёр ч бас энэ зүйлийг Библиэс ойлгомогцоо сайн мэдээг номлох хүсэлдээ хөтлөгдөн, Охайо дахь өөрсдийн цэцэглэж буй фермийн аж ахуйг орхин явах сүнслэг өдөөлтөд хариулсан юм. “Эдгээрийн зорилго миний оюун бодлыг хүчтэй эзэмдэх болсон тул би зүгээр сууж чадахаа больсон” хэмээн Парлей ахдаа хэлсэн байна. Тэднийг Нью-Йоркийн зүүн хэсэгт ирэхэд Парлей тэнд нэг хэсэгтээ үлдэх сүнслэг өдөөлтийг хүлээн авав. Тэд Танкфүлыг ганцааранг нь явуулахаар шийджээ. Парлей эхнэртээ “надад энэ газар хийх ажил байна, юу болохыг нь бас хэр удахыг мэдэхгүй байгаа ч, дуусгаад харья” гэв. Энэ бол Парлейгийн хувьд Мормоны Номын талаар анх сонссон газар байв. “Би энэ номд хачин их дурлаж билээ” гэж тэр хэлсэн юм. Тэр уг номыг аваад, шөнөжин уншжээ. Өглөө нь тэр уг номын үнэнийг мэддэг болж, “дэлхийн бүх эд баялгаас илүүгээр“ үнэлэх болсон байв.” Парлей хэдхэн өдрийн дотор баптисм хүртэв. Тэр дараа нь Танкфүл дээр очиж, тэр ч бас баптисм хүртжээ. (Парлей П.Праттын талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл Сургаал ба Гэрээ 32-ыг үзнэ үү.)
Парлей П.Пратт Мормоны Номыг уншиж байгаа нь, Жэффри Хэйн
Сидней Ригдон, Феб Ригдон хоёр
Парлей Пратт Нью-Йоркоос Миссури руу номлолд явж байхдаа хамтран хөдөлмөрлөгчдийнхөө хамт Охайогийн Менторт, Парлейгийн Охайод байхаасаа мэддэг болсон Сидней Ригдон, Феб Ригдон хэмээх хуучны хоёр найзынхаараа саатжээ. Сидней Христийн санваартан байсан ба Парлей урьд нь түүний цуглааны гишүүн байж, түүнийг сүнслэг байдлынхаа зөвлөх хэмээн үздэг байв. Парлей найзууддаа Мормоны Номын тухай болон Есүс Христийн сайн мэдээ сэргээгдсэн талаар ихэд баяртай ярьж өгөв. Сидней өөрөө Шинэ Гэрээн дээр тайлбарласанчлан үнэн Сүмийн сэргээлтийг хайж байсан боловч эхэндээ Мормоны Номын тухайд эргэлзэж байлаа. “Гэвч би чиний номыг уншиж үзээд, үүнийг Бурханы илчлэлтээр ирсэн эсэхийг мэдэхийг хичээнэ” гэж тэр өөрийн найз Парлейд хэлжээ. Хоёр долоо хоног судалж, залбирсны эцэст Феб тэр хоёр хоёул энэ номын үнэнд итгэсэн байв. Гэвч Сүмд нэгдэх нь гэр бүлийнх нь хувьд том золиослол болно гэдгийг Сидней мэдэж байсан юм. Тэр санваартны ажлаа болон орон нутаг дахь нийгмийн байр сууриа гарцаагүй алдахаар байв. Феб тэр хоёрыг энэ тухай ярилцсаны дараа Феб: “Би эрсдэлээ тооцоолсон. … Бурханы хүслийг биелүүлэх нь миний хүсэл тул үхвэл үхэг, амьдарвал амьдраг” гэжээ.