“2-р сарын 24-өөс 3-р сарын 2: ‘Бодгалийн үнэ цэн агуу’: Сургаал ба Гэрээ 18,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 18,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
2-р сарын 24-өөс 3-р сарын 2: “Бодгалийн үнэ цэн агуу”
Сургаал ба Гэрээ 18
Хувь хүний зохистой байдлыг хэмжих олон арга бий. Авьяас билэг, боловсрол, эд баялаг, гадаад төрх зэрэг нь бүгд биднийг өөрсдийгөө болон нэг нэгнээ үнэлэхэд нөлөөлдөг. Харин Бурханы мэлмийд бидний үнэ цэн энгийн нэг эд зүйлсээс хавьгүй илүү гэдгийг Сургаал ба Гэрээ 18-д “Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу гэдгийг санагтун” (10-р шүлэг) хэмээн тодорхой дурджээ. Энэ энгийн үнэн нь Бурхан юу хийдэг, үүнийг яагаад хийдэг талаар илүү их тайлбарладаг. Тэр яагаад Иосеф Смит, Оливер Каудери хоёрт өнөө үед Есүс Христийн Сүмийг зохион байгуулахыг зааварласан бэ? (1–5-р шүлгийг үзнэ үү). Учир нь бодгалийн үнэ цэн агуу. Тэр яагаад “газар бүрийн бүх хүмүүнд наманчлахыг зарлиглаж,” наманчлалыг номлуулахаар төлөөлөгчдөө илгээдэг вэ? (9-р шүлэг). Учир нь бодгалийн үнэ цэн агуу. Мөн Есүс яагаад “махан бодид үхлийг” бас “бүх хүмүүний зовлонг” амссан бэ? (11-р шүлэг) Учир нь бодгалийн үнэ цэн агуу. Эдгээр бодгалийн нэг нь ч болов Аврагчийн бэлгийг хүлээн авахыг сонговол “наманчилдаг сүнсэнд түүний баяр хөөр агуу их” учир Тэрээр баясдаг (13-р шүлэг).
Гэр орон болон сүмд суралцах санаа
“Миний сүмийг өсгөн бэхжүүл.”
18-р хэсэгт Их Эзэн Есүс Христийн Сүмийн суурийг тавихад туслах зааварчилгааг Оливер Каудерид өгсөн. Түүний өгсөн 1–5-р шүлэг дэх зөвлөгөөнөөс та юу олж харсан бэ? Та энэхүү зөвлөгөөг Христэд итгэх итгэлээ “өсгөн бэхжүүлэхдээ” хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож үз. Жишээлбэл:
-
Та Их Эзэнээс юу “мэдэхийг хүссэн” бэ? (1-р шүлэг).
-
Таны хувьд “бичигдсэн тэдгээр зүйлүүдэд чи итгэ” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (3-р шүлэг). Сүнс эдгээр зүйл үнэн гэдгийг хэрхэн “чамд илэрхийлсэн” бэ? (Мөн 2-р шүлэг, Сургаал ба Гэрээ 6:22–24-ийг үзнэ үү).
-
Та хэрхэн “[Аврагчийн] сайн мэдээ болон [Түүний] хадны суурин дээр” амьдралаа босгох вэ? (5-р шүлэг).
Aсуултууд тавь. Сургаал ба Гэрээ бол асуултууд илчлэлт рүү хөтөлдгийн нотолгоо юм. Судруудыг судалж байхдаа, өөрт байгаа асуултуудыг бичиж тэмдэглэ. Дараа нь тунгаан бодож, хариулт эрэлхийлж залбир.
“Бодгалийн үнэ цэнэ Бурханы мэлмийд агуу.”
Бид аливаа зүйлийн үнэ цэнийг хэрхэн тодорхойлдог вэ? Жишээлбэл: Зах дээр байгаа нэг зүйл яагаад өөр газарт илүү үнэтэй байдаг вэ? Та энэ долоо хоногт 18-р хэсгийг, ялангуяа 10–13-р хэсгийг уншихдаа Бурханы мэлмийд бодгалийг үнэ цэнтэй болгодог зүйлийг хүмүүсийн ихэнхдээ тодорхойлдог үнэ цэнтэй харьцуулж болно. “Сүнс,” “бодгалиуд” мөн “бүх хүмүүн” гэсэн үгсийг өөрийнхөө нэрээр орлуул. Өөрийнхөө үнэ цэнд эргэлздэг хэн нэгэнд эдгээр шүлэг хэрхэн тусалж болох вэ?
Бодгалийн үнэ цэнийн талаар заадаг бусад судрын хэсгийг энд өгөв. Үүнд: Лук 15:1–10: Иохан 3:16–17; 2 Нифай 26:24–28: Мосе 1:39. Эдгээр хэсэг дээр үндэслэн, Бурхан таны талаар ямар бодолтой байгааг та хэрхэн дүгнэх вэ? Та мөн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын “Та нар Түүнд чухал” (Лиахона, 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22–26) захиаснаас Бурханы хувьд өөрийн үнэ цэнийг мэдэхэд туслах үг, хэллэгийг хайж олж болно.
Та нар Бурханы хувьд агуу үнэ цэнтэй гэдгийг Тэр та нарт хэрхэн харуулдаг вэ? Энэ нь өөрийн болон бусдын талаарх таны бодол санаанд хэрхэн нөлөөлөх вэ?
Мөн Жой Д.Жөүнсийн “Хэмжээлшгүй үнэ цэн” захиасыг 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулганы 140–143-р хуудаснаас үзнэ үү.
Их Эзэн намайг наманчлахад баясдаг.
Сургаал ба Гэрээ 18-д наманчлах, наманчлал зэрэг үгс хэр олон удаа орсныг анзаар. Эдгээр үг орсон хэсгээс юу сурч мэдсэнээ эргэцүүлэн бодоорой. Ялангуяа 11–16-р шүлгийг авч үзнэ үү. Эдгээр шүлэг наманчлалын талаар, таны өөрийн наманчлал болон бусдыг наманчлахад урих үүргийн талаарх бодолд хэрхэн нөлөөлдөг вэ? Сурсан зүйлээ тэмдэглэж авах нэг арга замыг энд дурдъя. “Наманчлал бол ” гэсэн өгүүлбэрийг гүйцээх хэд хэдэн арга замыг жагсаа.
Мөн Алма 36:18–21-ийг болон Судруудын удирдамжаас “Наманчлал”-ыг Gospel Library-гаас үз мөн Дэйл Г.Рэнландын “Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт”-ыг 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы 120–124-р хуудаснаас үзнэ үү.
Алдагдсан хүү зургийн хэсгээс, Кларк Кэлли Прайс
Бусдыг Христэд ирэхэд нь тусалснаар ирэх баяр баясгалан.
14–16 шүлгийг уншихдаа, “наманчлахыг тунхаглах” гэдэг нь юу гэсэн утгатайг мөн энэ нь яагаад ийм баяр хөөрийг авчирдаг талаар тунгаан бод. Та бусдад Аврагчид ирж, өршөөл уучлалыг хүлээн авахад нь туслах ямар арга замуудыг олж мэдсэн бэ? Бусад хүн таны төлөө үүнийг хэрхэн хийж байсан бэ?
Мөн Крэг С.Кристэнсэний “Миний баясал шиг ийм хурц бас амтлаг юм юу ч байж чадахгүй биз ээ” захиасыг 2023 оны 5-р сарын Лиахонагийн 45–47-р хуудаснаас үзнэ үү.
Би судраас Их Эзэний дуу хоолойг сонсож чадна.
Хэрэв хэн нэгэн танаас Их Эзэний дуу хоолой ямархуу байдаг вэ гэж асуувал та юу гэж хариулах вэ? Сургаал ба Гэрээ 18:34–36-г уншиж байхдаа та энэ асуултын талаар бод. Та Сургаал ба Гэрээг уншсанаар Их Эзэний дуу хоолойны талаар юу мэдэж авсан бэ? Та Түүний дуу хоолойг илүү тодорхой сонсдог болохын тулд юу хийж чадах вэ?
Мөн “Ариун судрыг судлах үед” хэмээх дууг Дуулал номын д. 147-оос үзнэ үү.
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Бидний хүн нэг бүр Бурханы хувьд агуу үнэ цэнтэй.
-
Та хүүхдүүдтэйгээ хамт Сургаал ба Гэрээ 18:10–13-ыг уншихдаа, “бодгаль,” “бодгалиуд,” “бүх хүн” гэсэн үгсийн оронд өөрсдийн нэрийг орлуулан тавьж болно. Дараа нь та эдгээр шүлэг Тэнгэрлэг Эцэг бидний хүн нэг бүрийн талаар ямар бодолтой байдгийг ойлгоход хэрхэн тусалдаг талаар ярилцаж болох юм.
-
Та мөн хүмүүст үнэ цэнтэй байдаг зарим зүйлийн талаар бодохыг хүүхдүүдээсээ хүс. Эсвэл та өөрт тань үнэ цэнтэй нэг зүйлийг тэдэнд үзүүлж болно. Өөрсдөдөө чухал гэсэн зүйлсэд бид хэрхэн ханддаг вэ? Дараа нь тэднийг ээлжлэн толинд харуул. Тэднийг толинд харж байхад тэд бол Бурханы хүүхэд, үнэ цэнтэй хүн гэдгийг хүүхэд бүрд хэл. Бидний мэлмийд “[тэдний] бодгалийн үнэ цэнэ агуу” гэдгийг бид бусдад хэрхэн харуулж болох вэ?
-
Бүх хүн Тэнгэрлэг Эцэгт агуу үнэ цэнтэй гэдгийг онцлохын тулд хүүхдүүд тань Сургаал ба Гэрээ 18:10–13-ыг уншихдаа энэ тоймын төгсгөлд байгаа зургийг харж болно.
Бодгалийн үнэ цэн зургийн хэсгээс, Лиз Лэмон Свиндл
Сайн мэдээг хуваалцах нь баяр хөөр авчирдаг.
-
Есүс Христийн сайн мэдээг хуваалцахад хүүхдүүдээ урамшуулахдаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг хүссэн ямар нэг зүйл олж байсан үеэ нэг нэгэндээ ярьж өгч болно. Та яагаад үүнийг хуваалцахыг хүссэн бэ? Мөн үүнийг хуваалцах нь танд ямар санагдсан бэ? Дараа нь та Сургаал ба Гэрээ 18:13, 16-г уншиж болно. Их Эзэнийг баяр хөөртэй болгодог зүйл юу вэ? Бидэнд юу баяр хөөрийг авчирна хэмээн Тэр хэлсэн бэ? Та Аврагчийн сайн мэдээний баяр баясгаланг хуваалцаж байсан туршлагынхаа талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж болно.
-
“Би яг одоо номлогч болохыг хүсэж байна” (Хүүхдийн дууны ном, 90) гэх мэт сайн мэдээний тухай дуу нь хүүхдүүдэд тань сайн мэдээг хуваалцах арга замуудын талаар бодоход тус болно.
Би судраас Их Эзэний дуу хоолойг сонсож чадна.
-
Гэр бүлийн гишүүд, найз нөхөд эсвэл Сүмийн удирдагчид гэх мэт өөр өөр хүний дуу хоолойг таньж мэдэх тоглоом хүүхдүүдэд тань таалагдаж болох юм. Бид нэг нэгнийхээ дуу хоолойг хэрхэн таньж мэддэг вэ? Бид Их Эзэний дуу хоолойг хэрхэн таньж мэддэг вэ? Та нар Сургаал ба Гэрээ 18:34–36-г хамт уншаад, энэ асуултын талаар ярилцаж болно. Та нар мөн судраас Их Эзэний дуу хоолойг хэрхэн сонсож байснаа бие биетэйгээ хуваалцаж болно.
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.