Doctrine and Covenants 2025
3-р сарын 17–23: “Илүү сайн дэлхийн зүйлсийг эрэлхийл”: Сургаал ба Гэрээ 23–26


“3-р сарын 17–23: ‘Илүү сайн дэлхийн зүйлсийг эрэлхийл’: Сургаал ба Гэрээ 23–26,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 23–26,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Эмма Смит

3-р сарын 17–23: “Илүү сайн дэлхийн зүйлсийг эрэлхийл”

Сургаал ба Гэрээ 23–26

Ихэнх хүний хувьд баптисм хүртэх нь хүндэтгэлтэй, амар тайван туршлага байдаг. Гэсэн хэдий ч дээрэмчид Эмма Смит болон бусад хүний баптисмыг бусниулж, тэднийг доромжилж, заналхийлж, улмаар зугтаахад хүргэсэн юм. Дараа нь Иосеф шинэ гишүүдийг гишүүнээр батлахынхаа өмнөхөн, сургаал номлож нийгмийг бухимдуулсан хэргээр баривчлагдав. Энэ бүх эсэргүүцлийн үед Эмма зөв зүйл хийж байгаа гэдэг баталгааг хэрхэн олж авсан бэ? Мөн үүнтэй адил замаар буюу Их Эзэнээс ирэх илчлэлтээр дамжуулан бид бүгд үүнийг олж авч чадна. Тэр “[дэлхийн] илүү сайн зүйлс” болох Түүний хаант улсын талаар мөн үүн дэх түүний байр суурийн талаар Эммад хэлэв. Тэрээр түүнд бүү ай, “зүрх сэтгэлээ өргөж мөн баясагтун, мөн хийсэн гэрээнүүдээ итгэлтэйгээр сахигтун” гэж хэлжээ. Мөн эдгээр урам зориг, зөвлөмжийн үг нь “бүгдэд хандах [Түүний] дуу хоолой” юм (Сургаал ба Гэрээ 25:9–10, 13, 16).

Мөн Гэгээнтнүүд номын 1:89–90, 94–97-г үзнэ үү.

судлах шигтгээ зураг

Гэр орон болон сүмд суралцах санаа

Сургаал ба Гэрээ 24

Аврагч намайг “зовлон зүдгүүрүүдээс [минь]” гарган авч чадна.

Сургаал ба Гэрээ 24 дэх илчлэлт Иосеф Смит, Оливер Каудери хоёрт зовлон бэрхшээл тулгарсан үед “хүч өгч, зоригжуулан мөн зааварлахын тулд” өгөгдсөн (хэсгийн гарчиг мөн Гэгээнтнүүд номын 1:94–96-г үзнэ үү). Сургаал ба Гэрээ 24 дээр тэднийг хүчирхэгжүүлж, урамшуулах байсан гэж бодож буй үгсийг олж мэд.

Дараах судрууд Аврагч хэрхэн зовлон зүдгүүртэй үед тань тусалдаг талаар юу хэлж байна вэ?

Сургаал ба Гэрээ 24:1–3

Сургаал ба Гэрээ 24:8

Сургаал ба Гэрээ 121:7–8

Исаиа 40:28–31

Moзая 24:14–15

Христ нэгэн эрийг эдгээсэн нь

Тэрээр төрөл бүрийн өвчнийг эдгээсэн зургийн хэсгээс, Ж.Көрк Ричардс

Сургаал ба Гэрээ 25

Надад Бурханы хаант улсад гүйцэтгэх чухал үүрэг бий.

Эмма Смит өөрийн нөхөр Иосеф Смитээр дамжуулан Сэргээлт өрнөхийг харж байхдаа өөрөө ямар үүрэгтэй байж болох талаар тунгааж байлаа. Сургаал ба Гэрээ 25 дээрээс Бурханы өгсөн хариултуудыг хайж ол. Танд энэ хэсгийн ямар нэг зүйл “[танд] хандах [Түүний] дуу хоолой” шиг санагдаж байна уу? (16-р шүлэг).

Мөн Жой Д.Жөүнсийн “Онцгой нэр төртэй дуудлага” захиасыг 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганы 14–17-р хуудаснаас үзнэ үү.

5:15

"An Elect Lady"

Сургаал ба Гэрээ 25:5, 14

“Номхон дөлгөөн байдлын сүнсэнд үргэлжлүүл.”

“Номхон дөлгөөн байдлын сүнс” гэх хэллэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? Номхон дөлгөөн байх гэдэг нь ямар утгатайг ойлгоход тань туслах үг, хэллэгийг 25-р хэсгээс хайж олох талаар бодож үз. Ахлагч Дэвид А.Бэднарын “Зүрх сэтгэлдээ номхон дөлгөөн” захиас мөн тус болж болох юм (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 36–39). Таны хувьд Есүс Христ хэрхэн номхон дөлгөөн байдлын үлгэр жишээ болдог вэ? (Матай 11:28–30-ийг үзнэ үү). Та амьдралдаа “номхон дөлгөөн байдлын сүнсэнд” хийж болох зүйлсийн талаар тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 25:10, 13

семинарын шигтгээ зураг
“Энэ дэлхийн зүйлүүдийг хойш тавьж, мөн илүү сайн зүйлүүдийг эрэлхийл.”

Таныг Сургаал ба Гэрээ 25:10 дээрх Их Эзэний зөвлөгөөг тунгаан бодоход энэ нь Түүний танаас “хойш тав[иасай]” гэж хүсдэг “энэ дэлхийн зүйлүүдийг” жагсаахад тус болж болно. Дараа нь та Түүний танаас эрэлхийлээсэй хэмээн хүсдэг “[дэлхийн] илүү сайн зүйлүүдийн” жагсаалтыг гаргаж болно. Та эхний жагсаалтаас хойш тавих дор хаяж нэг зүйлийг мөн хоёр дахь жагсаалтаас эрэлхийлэх нэг зүйлийг сонгож болно.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “энэ дэлхийн олон зүйлийг хойш тавих” талаар амлалт, зөвлөгөө өгсөн. “Сүнслэг эрдэнэс” хэмээх түүний захиасны 77-р хуудаснаас үүнийг хайж ол (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган). Та түүний зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Та 13-р шүлгийг уншаад, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой байгуулсан гэрээнүүдээ эргэцүүлэн бод. Эдгээр гэрээг “итгэлтэйгээр сахих” гэдэг нь юу гэсэн үг вэ? “Энэ дэлхийн зүйлүүдийг хойш тавьж, мөн илүү сайн зүйлүүдийг эрэлхийлэхэд” гэрээнүүд тань хэрхэн тусалдаг вэ?

“Энэ дэлхийн зүйлүүдийг” болон “илүү сайн зүйлүүдийг” ялгахад тус болох өөр хэдэн судрыг энд өгөв. Үүнд: Матай 6:19, 21, 25–34, Лук 10:39–42, 2 Нифай 9:51.

Хуваалцахад урь. Хэрэв та хэрхэн “дэлхийн зүйлүүдийг хойш тавих” талаар бусдад зааж байгаа бол тэднийг энэ зөвлөгөөг дагахын тулд юу хийж байгаа талаараа хуваалцахад урих арга замуудыг бод. Бид нэг нэгнийхээ санаа бодол, туршлагыг сонссоноор агуу хүч чадал, урам зоригийг олж авч чадна.

Сургаал ба Гэрээ 25:11–12

Их Эзэн миний “зүрх сэтгэлийн дуунд” баясдаг.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх мэдрэмжийг тань илэрхийлэх ямар дуунууд буюу “зүрх сэтгэлийн дуу[нууд]” байдаг вэ? Тэдгээрийн заримаас дуулах юм уу сонсоорой. Эдгээр дуу юугаараа таны хувьд онцгой байдаг вэ?

Мөн эдгээр сүмийн дуулал юугаараа залбиралтай адил талаар та тунгаан бодож болно. Ариун нандин дуу хөгжим болон залбиралд ямар нийтлэг зүйл байдаг вэ? Таны ариун нандин дуунууд хэрхэн “адислалаар хариулагдаж” байсан бэ?

Сургаал ба Гэрээ 26:2

“Сүмд бүх зүйл сүмийн нийтийн дэмжлэгээр … хийгдэх болно.”

Энэ шүлгийн “нийтийн дэмжлэг” хэмээх хэллэг нь дуудлага эсвэл санваарын томилгоо хүлээн авч буй хүнийг гараа өргөн дэмжиж, батлах үйлийг хэлдэг. Хэн нэгнийг дэмжин батлах үйл ямар утгатайг Сүмийн цуглаанд зочлон ирсэн хүнд хэрхэн тайлбарлах вэ? Та ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Дэмжих итгэлийн хүч” захиаснаас ямар ямар хариултыг олж болох вэ? (2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 71–73).

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Хүүхдийн хэсгийн шигтгээ зураг 03

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 24:1, 8

Аврагч намайг “зовлон зүдгүүрүүдээс [минь]” гарган авч чадна.

  • Иосеф Смитэд болон эхэн үеийн гэгээнтнүүдэд учирсан зарим зовлон зүдгүүр буюу сорилтын талаар олж мэдэхийн тулд Сургаал ба Гэрээний түүхүүд номын “11-р бүлэг: Өөр олон хүн Сүмд нэгдэв”-ийг х. 46–47-оос эсвэл Gospel Library дээрх холбогдох видеог үзнэ үү. Дараа нь та хүүхдүүдтэйгээ хамт Их Эзэн Сургаал ба Гэрээ 24:1, 8 дээр Иосеф Смитэд зовлон зүдгүүрийнх нь талаар юу гэж хэлснийг олж мэдэж болох юм. Та нар бас хүнд хэцүү цаг үед Их Эзэн танд хэрхэн тусалдаг талаар бие биетэйгээ хуваалцаж болно.

    1:52

    Chapter 11: More People Join the Church: April–June 1830

  • “[Өөрсдийн] зовлон зүдгүүрүүдэд тэвчээртэй” байх гэдэг нь ямар утгатайг олж мэдэхийн тулд “Тэвчээрт үргэлжлүүл” (Gospel Library) видео дээрх туршилтыг дахин туршиж болох юм. Сургаал ба Гэрээ 24:8 бидэнд тэвчээрийн талаар юу заадаг вэ? Аврагч зовлон зүдгүүрүүдэд маань “[бидэнтэй] хамт” байдаг гэдгээ бидэнд хэрхэн мэдэгддэг вэ?

    2:42

    Continue in Patience

Сургаал ба Гэрээ 25:11–12

Есүс “зүрх сэтгэлийн дуунд” дуртай.

  • Сургаал ба Гэрээ 25:12-ыг уншсаны дараа өөрийнхөө дуртай дуулал буюу “зүрх сэтгэлийн дуу” болох Сүмийн дууг нэг нэгэндээ хэлж, хамтдаа дуулж болно. Та нар яагаад эдгээр дуунд дуртай байдгаа бие биетэйгээ хуваалц. Биднийг эдгээр дууг дуулах үед Их Эзэн яагаад баяртай байдаг вэ? Бидний дуулах нь хэрхэн “[Түүнд] хандсан залбирал” болдог вэ?

Төгөлдөр хууртай дуулж буй гэр бүл

Сургаал ба Гэрээ 25:13, 15

Тэнгэрлэг Эцэгтэй байгуулсан гэрээнүүд маань надад баяр баясал авчирдаг.

  • “Гэрээнүүдээ итгэлтэйгээр сахигтун” (Сургаал ба Гэрээ 25:13) гэдэг нь ямар утгатайг ойлгохын тулд хүүхдүүд тань ямар нэг зүйлийг ээлжлэн хамаг чадлаараа барьж байж болох юм. Дараа нь та хүүхдүүдтэйгээ бид хэрхэн гэрээнүүдээ “сахиж,” зууран барих талаар ярилцаж болно. Шаардлагатай бол бидний байгуулдаг гэрээнүүдийг хүүхдүүдтэйгээ хамт уншиж болно (Moзая 18:8–10; Сургаал ба Гэрээ 20:37 болон энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү).

  • Сургаал ба Гэрээ 25:13-т гарч буй агуулгыг тайлбарлахдаа энэ нь Эмма Смитийг баптисм хүртсэний дараахан Их Эзэний түүнд хэлсэн зүйл гэдгийг онцолж болно. Энэ нь яагаад дөнгөж баптисм хүртсэн хэн нэгэнд тохирсон сайн зөвлөгөө байж болох вэ?

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Судраас судалж буй Эмма

Эммагийн бичсэн сүмийн дууллууд, Лиз Лэмон Свиндл

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас