“2-р сарын 17–23: ‘Миний нөхөд үйлчлэгч та нарт’: Сургаал ба Гэрээ 12–17; Иосеф Смит—Түүх 1:66–75,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ (2025)
“Сургаал ба Гэрээ 12–17; Иосеф Смит—Түүх 1:66–75,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
Пеннсильвани мужийн Хармонигийн ойролцоох Сасквиеханна гол
2-р сарын 17–23: “Миний нөхөд үйлчлэгч та нарт”
Сургаал ба Гэрээ 12–17; Иосеф Смит—Түүх 1:66–75
Дэлхий даяарх ихэнх хүн Пеннсильванийн Хармонигийн талаар огт сонсож байгаагүй байх. Их Эзэн ихэнхдээ Өөрийн хаант улсын чухал үйл явдлуудад энгийн газруудыг сонгодог. 1829 оны 5-р сарын 15-нд Хармонигийн ойролцоох ой модонд Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Баптисч Иохан үзэгдсэн юм. Тэр тэдний толгой дээр гараа тавин, “миний нөхөд үйлчлэгчид” (Сургаал ба Гэрээ 13:1) хэмээн дуудаж, тэдэнд Аароны санваар хүртээсэн.
Баптисч Иохан бол Аврагчид баптисм хүртээж, Түүний ирэх замыг бэлдсэн Бурханы итгэлтэй үйлчлэгч байсан юм (Матай 3:1–6, 13–17-г үзнэ үү). Иоханы нөхөд үйлчлэгчид хэмээн дуудуулах нь хорин хэдтэй энэ хоёр залуугийн хувьд даруусмаар, бүр ахадсан хэрэг байсан нь гарцаагүй. Тухайн үед хүмүүс Хармониг мэддэггүй байсан шиг Иосеф, Оливер хоёрыг ч бас мэддэггүй байв. Гэвч Бурханы ажилд үйлчлэх нь биднийг хэн мэдэж байгаа гэдгээс илүүтэй хэрхэн үйлчлэх тухай асуудал юм. Таны хувь нэмэр жижиг эсвэл үл мэдэгдэм санагдаж байгаагаас үл хамааран та ч бас Их Эзэний “агуу хийгээд гайхамшигт ажил”-д (Сургаал ба Гэрээ 14:1) нөхөр үйлчлэгч юм.
Гэр орон болон сүмд суралцах санаа
Би Бурханы “агуу хийгээд гайхамшигт ажилд” оролцож чадна.
Иосеф Найт, Давид Витмер хоёр хоёул Их Эзэний ажилд хэрхэн тусалж болохоо мэдэхийг хүсэж байв. Та Их Эзэний хариултыг тэдэнд уншиж өгөхдөө (Сургаал ба Гэрээ 12; 14) “Сионы ашиг сонирхлыг урагш авчирч мөн төлөвшүүлэх” гэдэг нь юу гэсэн үг болохыг бод (12:6; мөн 14:6-г үзнэ үү). Танд үүнийг хийхэд туслах ямар зарчим болон Христийнхтэй адил зан чанарыг та эдгээр хэсгээс олсон бэ?
Есүс Христ Аароны санваарыг сэргээхийн тулд Баптисч Иоханыг илгээсэн билээ.
Баптисч Иохан Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг өөрийнхөө “нөхөд үйлчлэгчээр” дуудсан. Таны бодлоор Баптисч Иоханы нөхөр үйлчлэгч байх гэдэг нь ямар утгатай вэ? (Матай 3:13–17; Лук 1:13–17; 3:2–20-ийг үзнэ үү).
Та Аароны санваарын тухай Баптисч Иоханы хэлсэн зүйлийг 13-р хэсгээс уншихдаа Их Эзэний замыг бэлтгэх Иоханы номлолыг гүйцэлдүүлэхэд энэхүү санваарын түлхүүрүүд хэрхэн тусалдаг талаар тунгаан бод. Жишээлбэл:
-
“Тэнгэр элчийн тохинуулал” гэж юу вэ? (2 Нифай 32:2–3; Моронай 7:29–32; Судруудын удирдамжаас “Тэнгэр элч”-ийг Gospel Library дээрээс үзнэ үү).
-
“Наманчлалын сайн мэдээ” гэж юу вэ? (Сургаал ба Гэрээ 84:26–27-г болон Дэйл Г.Рэнландын “Санваар ба Аврагчийн цагаатгагч хүч” захиасыг 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган сэтгүүлийн 60–63-р хуудаснаас үзнэ үү).
Аароны санваарын ёслолууд (баптисм, ариун ёслол гэх мэт) нь амьдралдаа Аврагчийг хүлээн авах арга замыг бэлтгэхэд танд хэрхэн тусалдаг вэ?
Санваарын түлхүүрүүд гэж юу вэ?
Ахлагч Дэйл Г.Рэнланд, түүний эхнэр Рут хоёр санваарын түлхүүрүүдийн талаар дараах тайлбарыг өгчээ.
“Санваарын түлхүүрүүд гэсэн нэр томьёог хоёр өөр арга замаар хэрэглэдэг. Нэг дэх нь, Аароны эсвэл Мелкизедек санваарыг хүлээн авсан хүн бүрд олгогддог эрх буюу давуу эрх юм. Жишээлбэл: Аароны санваартнууд нь тэнгэр элч нарын тохинууллын болон бэлтгэл сайн мэдээний мөн нүглүүдээс ангижрахын тулд усанд умбуулалтаар хийх баптисмын түлхүүрүүдийг хүлээн авдаг (С ба Г 13:1; 84:26–27-г үзнэ үү). Мелкизедек санваартнууд хаант улсын нууцуудын болон Бурханы мэдлэгийн мөн Сүмийн сүнсний бүх адислалын түлхүүрүүдийг хүлээн авдаг (Сургаал ба Гэрээ 84:19; 107:18-ыг үзнэ үү). …
“Хоёр дахь арга зам нь санваарын түлхүүр гэсэн нэр томьёог удирдлага гэсэн утгаар ашигладаг явдал юм. Санваарын удирдагчид нь санваарын нэмэлт түлхүүрүүдийг буюу Сүмийн байгууллагын салбарууд эсвэл чуулгыг тэргүүлэн удирдах эрхийг хүлээн авдаг. Энэ талаас нь авч үзвэл, санваарын түлхүүрүүд нь Сүмд удирдаж, залж, засаглах эрх, хүч юм” (The Melchizedek Priesthood: Understanding the Doctrine, Living the Principles [2018], 26).
Иосеф Смит Оливер Каудерид баптисм хүртээж байгаа нь, Дэл Парсон
Ёслолууд надад Бурханы хүчийг хүртэх боломжийг олгодог.
Та Сэргээлтийн чухал үйл явдлуудын үеэр Иосеф Смит, Оливер Каудери хоёртой хамт байсан бол ямар байх байсан бол гэж бодож байсан уу? Иосеф Смит—Түүх 1:66–75-ыг 71-р шүлгийн төгсгөл хэсгийн тэмдэглэлтэй хамт уншихдаа тэдэнд ямар байсныг бага ч болов ойлгох болно. Тэдний хэлсэн ямар үгс таны сэтгэлийг хөдөлгөж байна вэ? Ялангуяа санваар хүлээн авч, баптисм хүртэхэд тэдэнд ирсэн адислалуудыг анзаар. Аврагч санваарын ёслолуудаар дамжуулан танд ямар ямар адислалуудыг өгсөн бэ?
Илүү ихийг мэдэхийн тулд Ёслолууд болон Адислалууд гэсэн гарчигтай хүснэгт үүсгэж болно. Дараа нь та эдгээр судраас ёслолуудыг болон тэдгээрээс ирэх адислалуудыг хайж олж болно. Үүнд: Иохан 14:26; Үйлс 2:38; Сургаал ба Гэрээ 84:19–22; 131:1–4; Иосеф Смит—Түүх 1:73–74. Та уг жагсаалтад өөр ямар адислалуудыг нэмэх байсан бэ? Таны хүлээн авсан ёслолууд таны амьдралд Аврагчийн хүчийг хэрхэн авчирсан бэ?
Түүнчлэн Дэвид А.Бэднарын “Ялгуусан алдар суунд Бурханы хүчээр” захиасыг 2021 оны 11-р сарын Лиахонагийн х. 28–30-аас мөн Гэгээнтнүүд номын 1:65–68-ыг үзнэ үү.
Бодгалиудыг Христэд авчрах нь агуу үнэ цэнтэй билээ.
Та амьдралд тань юу “хамгийн үнэ цэнтэй байж болох” талаар Жон, Петр Витмер хоёртой адилаар бодож байсан уу? (Сургаал ба Гэрээ 15:4; 16:4). Та Сургаал ба Гэрээ 15–16-г уншаад, бодгалиудыг Христэд авчрах нь яагаад ийм их үнэ цэнтэйг тунгаан бод. Христэд “сүнснүүдийг авчирч” болохын тулд та юу хийж байгаа вэ?
Мөн Гэгээнтнүүд номын 1:68–71-ийг үзнэ үү.
Их Эзэн Өөрийн үгийг тогтоохдоо гэрч нарыг ашигладаг.
Гэрч гэж юу вэ? Их Эзэн Өөрийн ажилд гэрч нарыг хэрхэн ашигладаг вэ? (2 Коринт 13:1-ийг үзнэ үү). Та Сургаал ба Гэрээ 17 дээрээс Бурханы Гурван гэрчид хандсан үгсийг уншихдаа эдгээр асуултыг тунгаан бодоорой. (Мөн Мормоны Номын “Гурван гэрчийн гэрчлэл”-ийг үзнэ үү.) Гэрч нар Бурханы “зөв шударга зорилгуудыг” (4-р шүлэг) авчрахад хэрхэн тусалдаг вэ?
Та юуг гэрчилж чадах вэ?
Мөн Гэгээнтнүүд номын 1:73–75-ыг үзнэ үү.
A Day for the Eternities
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Сургаал ба Гэрээ 13; Иосеф Смит—Түүх 1:68–74
Баптисч Иохан Аароны санваарыг сэргээсэн.
-
Энэ тоймын зураг нь Аароны санваарыг сэргээснийг төсөөлөхөд туслах болно (түүнчлэн “6-р бүлэг: Иосеф, Оливер хоёрт санваар хүртээв” гэдгийг Сургаал ба Гэрээний түүхүүдийн х. 26–27-оос үзнэ үү). Тэдэнд Иосеф Смит—Түүх 1:68–74-өөс уншсан зүйлийнхээ дагуу уг үйл явдлын зургийг зурах нь таалагдах болов уу?
2:12Angels Restore the Priesthood: Power to do God's work
-
Та Матай 3:13–17, Иосеф Смит—Түүх 1:68–70-ыг хамт уншиж байхдаа Баптисч Иоханы зургийг мөн үзүүлж болно. Их Эзэн Иосеф Смитэд баптисм хүртээх санваарын эрх мэдлийг өгөхийн тулд Баптисч Иоханыг илгээсэн нь яагаад чухал вэ?
Хүүхдүүдээ Бурханы гэрээний зам дээр амьдралынхаа турш зогсоход бэлтгэх. Хүүхдүүддээ санваарын хүч, эрх мэдэл, түлхүүрүүдийн талаар мэдэж авахад нь туслах нэмэлт санааг авахын тулд хавсралт А эсвэл хавсралт Б-г үзнэ үү.
Есүсийн баптисм хүртэж буй зураг, Дан Бөрр
Тэнгэрлэг Эцэг намайг Аароны санваараар дамжуулан адисалдаг.
-
Сургаал ба Гэрээ 13-т дурдсан түлхүүрүүдийн талаар ярилцлага өрнүүлэхийн тулд хүүхдүүдтэйгээ хамт хэдэн багц түлхүүрийг хараад, түлхүүр бидэнд юу хийх боломж өгдөг талаар ярилц. Та 13-р хэсгээс түлхүүрүүд гэсэн үгийг олоход тэдэнд тусалж болно. Сургаал ба Гэрээ 13 дээр Аароны санваарын адислалуудыг дүрсэлсэн өөр ямар үг, хэллэг байна вэ?
Blessings of the Priesthood
Сургаал ба Гэрээ 15:4–6; 16:4–6
Бусдад Есүс Христэд ирэхэд нь туслах нь “хамгийн үнэ цэнтэй” зүйл юм.
-
Жон Витмер, Петр Витмер хоёр тэдэнд хамгийн үнэ цэнтэй зүйл юу байж болохыг мэдэхийг хүсэж байсан (Сургаал ба Гэрээ 15:4; 16:4-ийг үзнэ үү). Та хүүхдүүдтэйгээ өөрт тань агуу үнэ цэнтэй зүйлсийн талаар ярилцаж болно. Сургаал ба Гэрээ 15:6 эсвэл 16:6-г уншаад, Их Эзэний “хамгийн үнэ цэнтэй” хэмээн хэлсэн зүйлийг сонсмогц гараа өргөхийг хүүхдүүдээсээ хүс.
-
“Сүнснүүдийг [Есүс Христэд] авчирна” гэдэг нь ямар утгатай вэ? Хүүхдүүддээ бусадтай найзлах, найзтайгаа судар хуваалцах, тусламж хэрэгтэй нэгний төлөө залбирах гэх мэт санаануудын жагсаалтыг гаргахад тусал. Хүүхдүүд тань Сүмийн сэтгүүл эсвэл Сайн мэдээний уран зургийн цуглуулга дээрээс уг зүйлсийн зургуудыг харж болно. Эсвэл тэд өөрсдөө зураг зурж болно. Хийх ямар нэг зүйлийг жагсаалтаасаа сонгоход тэднийг урь. Та мөн “Би Аврагчийн хайрыг мэдэрдэг” (Хүүхдийн дууны ном, 42–43) дууны дөрөвдүгээр бадгийг хамт дуулж болох юм.
Би Мормоны Номын гэрч байж чадна.
-
“7-р бүлэг: Алтан ялтаснуудыг харсан гэрчүүд” (Сургаал ба Гэрээний түүхүүд, 31–33 эсвэл Gospel Library дээрх холбогдох видео) хэсэг нь Гурван гэрчийн тухай мэдэж авахад хүүхдүүдэд тань туслах болно. Сургаал ба Гэрээ 17:5–6-г уншсаны дараа Мормоны Номыг үнэн гэдгийг хэрхэн мэдэж авснаа хүүхдүүддээ хэлж өг. Бид хэрхэн Мормоны Номын гэрч нар байж чадах вэ?
4:58Witnessess See the Book of Mormon Plates: Bearing testimony to the world
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.