“1-р сарын 27-оос 2-р сарын 2: ‘Миний ажил урагш ахих болно’: Сургаал ба Гэрээ 3–5,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав 2025 (2025)
“Сургаал ба Гэрээ 3–5,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025
1-р сарын 27-оос 2-р сарын 2: “Миний ажил урагш ахих болно”
Сургаал ба Гэрээ 3–5
Иосеф Смит Их Эзэний бошиглогчоор үйлчилсэн эхний хэдэн жилдээ хийхээр дуудагдсан “гайхамшигт ажлын” талаар бүхнийг хараахан мэдээгүй байв. Гэвч түүний эхэн үеийн туршлагуудын нэг нь Бурханы ажилд тохирохоор болохын тулд “Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулах” (Сургаал ба Гэрээ 4:1, 5) ёстойг түүнд заасан явдал юм. Жишээ нь: Их Эзэн түүнд хийх эсэхдээ итгэлгүй байгаа зүйлийг хийхийг зөвлөсөн бол тэр Их Эзэний зөвлөгөөг дагах хэрэгтэй байв. Тэр “олон илчлэлттэй байж, мөн хүчирхэг олон ажлыг хийх хүчтэй байж болох хэдий ч” түүний хүссэн зүйл түүний хувьд Бурханы хүслээс илүү чухал болж эхэлбэл тэр “унах ёстой” (Сургаал ба Гэрээ 3:4). Гэвч Иосеф “Бурхан нигүүлсэнгүй” бөгөөд хэрэв чин сэтгэлээсээ наманчилбал “сонгогдсон хэвээр байгаа” (10-р шүлэг) хэмээсэн Бурханы ажлыг хийхтэй холбоотой өөр чухал зүйлийг сурч мэджээ. Бурханы ажил эцсийн эцэст гэтэлгэлийн ажил юм. Энэ ажил “хясагдаж болохгүй” (1-р шүлэг).
Гэр орон болон сүмд суралцах санаа
Би Бурханд итгэж чадна.
Иосеф Смитэд тохинууллынхаа эхэнд Мартин Харрис шиг хүндлэл хүлээсэн, чинээлэг, Иосефын ажилд тусламж дэмжлэг үзүүлэхийн тулд агуу золиос гаргасан сайн найзуудыг олоход хэцүү байв. Иймд Мартиныг Мормоны Номын орчуулагдсан эхний 116 хуудас гар бичмэлийг эхнэртээ үзүүлэх зөвшөөрлийг хүсэх үед Их Эзэн үүний эсрэг анхааруулсан хэдий ч Иосеф түүний хүсэлтийг биелүүлмээр байсан. Харамсалтай нь, хуудаснууд Мартины мэдэлд байхдаа алдагдаж, Мартин, Иосеф хоёр Их Эзэнээс хатуу зэмлэл хүлээв (Гэгээнтнүүд номын 1:51–53-ыг үзнэ үү).
Та Сургаал ба Гэрээ 3:1–15-ыг уншихдаа, тэдэнд тохиолдсон зүйлээс Их Эзэн таныг юу сураасай гэж хүсэж байгааг тунгаан бод. Жишээлбэл: Та дараах зүйлсийн талаар юу сурч мэдсэн бэ?
-
Бурханы ажил (1–3, 16-р шүлгийг үзнэ үү).
-
Бурханд найдахаас илүү хүмүүнээс айхын үр дагавар (4–8-р шүлгийг үзнэ үү).
-
Итгэлтэй байснаар ирэх адислалууд (8-р шүлгийг үзнэ үү).
-
Их Эзэн Иосефыг залруулж мөн урамшуулсан арга зам (9–16-р шүлгийг үзнэ үү).
“Та хаашаа харсан байна вэ?” гэдэг үгэндээ ахлагч Линн Г.Роббинс Бурханаас эмээдэг хүмүүс мөн бусдын шахалтад автсан хүмүүсийн тухай судрын олон жишээг өгсөн (2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 8–11). Түүний эш татсан судруудаас эдгээр жишээг унших талаар бодож үз. Та эдгээр түүхээс юу сурч мэдсэн бэ? Танд өөр зүйл хийх шахалттай тулгарах үедээ Их Эзэнд итгэж байсан ямар туршлага тохиолдож байсан бэ? Таны үйлдлийн үр дүн юу байсан бэ?
Мөн Дэйл Г.Рэнландын “Хувийн илчлэлт авах цогц дүрэм” захиасыг 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 16–19-өөс мөн “Бурханы зарлиг зөөлөн” дууг Дуулал номын д. 65-аас үзнэ үү.
Би Бурханд бүхий л зүрх сэтгэл, хүч чадал, оюун, чадлаараа үйлчилж чадна.
4-р хэсэг нь ихэнхдээ бүрэн цагийн номлогчдод хамаатай. Гэвч энэ илчлэлтийг номлолд дуудагдаагүй ч “Бурханд үйлчлэх хүсэлтэй” (3-р шүлэг) байсан Ахмад Иосеф Смитэд хамгийн анх өгсөн гэдгийг мэдэх нь сонирхолтой байж болох юм.
Энэ хэсгийг унших нэг арга бол үүнийг Их Эзэний ажилд туслахыг хүссэн хүний ажлын байрны тодорхойлолт гэж төсөөлөх явдал. Их Эзэн юуг хайж байсан бол? Тэр ямар урамшуулал санал болгож байна вэ?
Та энэ илчлэлтээс Их Эзэнд үйлчлэх талаар юу мэдэж авсан бэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Израилын цугларалт бол “өнөөдөр дэлхий дээрх хамгийн агуу сорилт бэрхшээл, хамгийн агуу учир шалтгаан, хамгийн агуу үйл хэрэг юм” хэмээн хэлсэн (“Израйлын найдвар” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], Gospel Library). Энэ ажилд оролцох урам зориг өгөх юуг та түүний үгээс олж мэдсэн бэ?
Бурханд үйлчлэх хүсэлтэй хүн бүр уг ажилд дуудагдсан болой.
Ариун Сүнсээр дамжуулан би Мормоны Номын тухай гэрчлэлийг олж авч чадна.
1829 оны 3-р сард Мартин Харрисын эхнэр Люси Иосеф Смитийг алтан ялтаснууд орчуулж байгаа мэтээр хүмүүсийг хуурч байгаа гэж шүүхэд зарга үүсгэсэн юм (Гэгээнтнүүд номын 1:56–58-ыг үзнэ үү). Тиймээс Мартин Иосефоос алтан ялтаснуудыг бодит гэдгийг батлах илүү олон нотлох баримтыг хүсэж байв. Сургаал ба Гэрээ 5 нь Мартины хүсэлтэд хариу болон өгөгдсөн илчлэлт юм. Та нар энэ хэсгээс дараах зүйлийн талаар юу сурч авсан бэ?
-
Алтан ялтаснуудыг дэлхийд дэлгэн үзүүлбэл тохиолдох болно гэж Их Эзэний хэлсэн зүйл (Сургаал ба Гэрээ 5:7-г үзнэ үү). Яагаад ийм зүйл болно гэж та бодож байна вэ?
-
Их Эзэний ажилд гүйцэтгэх гэрч нарын үүрэг (11–15-р шүлгийг үзнэ үү; мөн 2 Коринт 13:1-ийг үзнэ үү).
-
Мормоны Номын гэрчлэлийг хэрхэн өөрөө олж авах вэ? (16, 24-р шүлэг; мөн Моронай 10:3–5-ыг үзнэ үү).
Есүс Христ Иосеф Смитээр дамжуулан Өөрийн үгийг бидэнд өгсөн.
Сургаал ба Гэрээ 5:1–10 нь энэ эрин үед таны амьдралд Иосеф Смитийн гүйцэтгэх үүргийн талаар юу зааж байна вэ? (Мөн 2 Нифай 3:6–24-ийг үзнэ үү.)
Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.
Хүүхдүүдэд заах санаа
Сургаал ба Гэрээ 3:5–10; 5:21–22
Бусад хүн надаар буруу зүйл хийлгэхийг оролдох үед би зөвийг сонгож чадна.
-
Тэнгэрлэг Эцэгт найдаж сурах талаар ярилцлагыг эхлүүлэхийн тулд та гар бичмэлийн хуудаснууд алдагдсан тухай түүхийг уншиж болох юм (Сургаал ба Гэрээний түүхүүд номын 18–21-р хуудаснуудыг үзнэ үү). Дараа нь та зөв биш гэж мэддэг зүйлээ хийхээр уруу татагдаж болох зарим нөхцөл байдлыг хүүхдүүдтэйгээ хамт жүжигчлэн тоглож болно. Сургаал ба Гэрээ 3:5–8; 5:21–22 дээрх ямар үг хэллэг эдгээр нөхцөл байдалд тэдэнд тус болж болох вэ?
4:39Martin Harris Helps Joseph: Learning to trust the Lord
Их Эзэн намайг Өөрийнх нь ажилд туслахад урьдаг.
-
Сургаал ба Гэрээ 4-ийн шүлэг бүр Бурханд үйлчлэх талаар суралцахад нь таны хүүхдүүдэд туслах чухал үнэнүүдийг агуулдаг. Эдгээр үнэнийг олж мэдэхэд нь тэдэнд туслах хэдэн санааг доор жагсаав. Үүнд:
-
Та Сургаал ба Гэрээ 4:1-ийг хамтдаа уншаад, Бурханы хожмын үеийн “гайхамшигт” ажлыг харуулсан зургуудыг үзүүлж болно (номлогч, ариун сүм, Мормоны Ном гэх мэт зургууд).
-
Хүүхдүүд тань “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа түүнд үйлчлэх” (Сургаал ба Гэрээ 4:2) гэсэн үг хэллэгийг харуулсан үйлдлүүдийг бодож олох юм уу ийм зураг зурж болох юм.
-
Та талбайд ажиллахдаа ашиглаж болох багаж хэрэгслийг хамтдаа харж болно. Эдгээр багаж хэрэгсэл бидэнд хэрхэн тусалдаг вэ? Дараа нь хүүхдүүд тань Сургаал ба Гэрээ 4:5–6 дээрээс Бурханы ажлыг хийх багаж хэрэгсэл болох зүйлсийг олж болно.
-
Том хүүхдүүд бие даан Сургаал ба Гэрээ 4-ийг судалж, Бурханд үйлчлэх гэдэг нь юу гэсэн утгатай талаар сурч мэдсэн зүйлсийн жагсаалт гаргаж болно.
-
Та “Би яг одоо номлогч болохыг хүсэж байна” (Хүүхдийн дууны ном, 90) зэрэг номлолын ажлын тухай дууг хамтдаа дуулж болох юм.
-
Би бусдад үйлчилснээр Бурханы ажилд тусалж чадна.
Үйл ажиллагаануудыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээнд нийцүүл. Үйл ажиллагаанд багахан өөрчлөлт оруулснаар хүн бүр суралцах боломжтой байх болно. Жишээлбэл: Аль нэгэн үйл ажиллагаанд зураг үзүүлэхийг санал болгосон байвал та харааны асуудалтай хүмүүсийг оролцуулахын тулд зураг үзүүлэхийн оронд дуу дуулж болно.
Сургаал ба Гэрээ 5:1–7, 11, 16, 23–24
Мормоны Ном үнэн гэдгийг би гэрчилж чадна.
-
Гэрчийн талаар хүүхдүүддээ заахын тулд та нэг найз нь тэдэнд урд хөл дээрээ алхаж байсан муурын тухай хэлсэн гэж төсөөлөхийг тэднээс хүсэж болно. Тэд үүнд итгэх байсан болов уу? Хэрэв өөр нэг найз нь адилхан зүйл хэлбэл яах вэ? “Гэрч” гэж юу болох, гэрч яагаад чухал байдаг талаар ярилц. Дараа нь та дараахтай адил асуултуудын хариултыг Сургаал ба Гэрээ 5:1–3, 7, 11-ээс хайхад хүүхдүүддээ тусалж болно.
-
Мартин Харрис юу мэдэхийг хүссэн бэ?
-
Иосеф Смит алтан ялтаснуудыг хэнд үзүүлж болох байсан бэ?
-
Ялтаснуудыг харах нь Мормоны Ном үнэн гэдэгт итгэхэд яагаад нөлөөлөхгүй байх байсан бэ?
-
Мормоны Номын гэрч болохын тулд бид юу хийж болох вэ? (Сургаал ба Гэрээ 5:16; Моронай 10:3–5-ыг үзнэ үү).
-
Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.