Doctrine and Covenants 2025
2-р сарын 10–16: “Ялан дийлэгч болж гарахын тул чи”: Сургаал ба Гэрээ 10–11


“2-р сарын 10–16: ‘Ялан дийлэгч болж гарахын тул чи’: Сургаал ба Гэрээ 10–11,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: Сургаал ба Гэрээ 2025 (2025)

“Сургаал ба Гэрээ 10–11,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон сүмд зориулав: 2025

Ширээн дээрх Мормоны Номын гар бичмэл

Мормоны Номын анхны гар бичвэрийн хуулбар хувь

2-р сарын 10–16: “Ялан дийлэгч болж гарахын тул чи”

Сургаал ба Гэрээ 10–11

Мормоны Номыг үргэлжлүүлэн орчуулах үед асуулт гарч ирэв. Иосеф Смит, Оливер Каудери хоёр алдагдсан орчуулгын хуудаснуудын тухайд юу хийх ёстой вэ? Эрүүл ухаанаар бодвол тэр хэсгийг дахин орчуулж болох байсан ч Их Эзэн тэдний хараагүй зүйлийг олж харжээ. Тэдний дайснууд Иосефын сүнслэг ажилд эргэлзээ төрүүлэхийн тулд энэ хэдэн хуудсан дээрх үгсийг өөрчлөхөөр төлөвлөж байлаа. Бурханд тэр асуудлаас зайлсхийж, уг ажлыг урагшлуулах төлөвлөгөө байсан юм. Хэдэн мянган жилийн өмнө Бурхан Нифайд “Түүний мэргэн зорилгын тулд” (1 Нифай 9:5) тухайн цаг үеийг хамарсан хоёр дахь цэдгийг бичих сүнслэг сэдэл төрүүлжээ.

Их Эзэн “Миний мэргэн ухаан чөтгөрийн заль мэхээс илүү агуу” (Сургаал ба Гэрээ 10:43) хэмээн Иосефт хэлсэн. Итгэл найдварыг сулруулахын тулд дайсны зүгээс гаргаж буй хүчин чармайлт улам эрчимжиж байгаа өнөө үед энэ нь тайвшруулах захиас болдог. Бид Иосефтой адил, Бурханы биднээр хийлгүүлэхээр дуудсан ажилд “итгэлтэй байж мөн дуусгахаар үргэлжлүүлж” (3-р шүлэг) чадна. Тэгээд бид “тамын үүд [биднийг] дийлэх нь үгүй” байж болохын тулд (69-р шүлэг) Тэр биднийг аль хэдийн арга замаар хангасныг олж мэдэх болно.

Гэгээнтнүүд номын 1:51–61-ийг үзнэ үү.

судлах шигтгээ зураг

Гэр орон болон сүмд суралцах санаа

Сургаал ба Гэрээ 10:1–33

“Сатан хилэнцэт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг [Бурхан] хүлцэхгүй.”

Сатан биднийг Түүний оршин байдгийг мартахыг эсвэл Түүний бидэнд нөлөөлөх хүчин чармайлтуудыг танихгүй байгаасай хэмээн хүсдэг (2 Нифай 28:22–23-ыг үзнэ үү). Гэвч Сургаал ба Гэрээ 10 дээрх Их Эзэний үгс Сатан байдаг төдийгүй Бурханы ажлыг байнга, идэвхтэй эсэргүүцэж байдгийг баталдаг. 1–33-р шүлгээс Бурхан Сатаны хүчин чармайлтын талаар юу мэдэж байсныг тодорхойл (мөн 62–63-р шүлгийг үзнэ үү). Та мөн Их Эзэнээс Сатан таныг хэрхэн уруу татаж байгааг олж харахад туслахыг гуйж болно. Та 10-р хэсгийг уншихдаа Сатаны хүчин чармайлтыг эсэргүүцэхэд танд Аврагч хэрхэн туслах талаар тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 10:34–52

семинарын шигтгээ зураг
Их Эзэний “мэргэн ухаан чөтгөрийн заль мэхээс илүү агуу.”

Нифай яагаад өөрийн хүмүүсийн тухай хоёр цэдэг үйлдэх сүнслэг өдөөлт хүлээн авснаа мэдээгүй байсан. Мөн Мормон хоёр дахь цэдгийг яагаад алтан ялтаснуудад оруулах сүнслэг өдөөлт хүлээн авснаа мэдээгүй. Гэсэн ч энэ хоёр бошиглогч Бурханд “мэргэн зорилго” (1 Нифай 9:5; Мормоны Үгс 1:7) байгаа гэдэгт итгэсэн юм. Өнөөдөр бид Мормоны Номын алдагдсан 116 хуудсыг орлуулах нь уг зорилгын нэгээхэн хэсэг болохыг мэдэж авсан. Их Эзэн энэ бүгдээс юуг сурч мэдээсэй хэмээн танаас хүсэж байна гэж та бодож байна вэ? Сургаал ба Гэрээ 10:34–52-ыг уншиж байхдаа уг асуултын талаар тунгаан бод. Та мөн эдгээр шүлгээс Их Эзэний тухай олж мэдсэн үнэнүүдийг жагсааж бичиж болно. Эдгээр үнэн таны Түүнтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ? 116 хуудсыг алдана гэдэгт урьдаас бэлдсэн байсан Их Эзэний мэргэн ухаан, алсын хараа танд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Та мөн амьдралдаа Түүний мэргэн ухаан, алсын харааг харж байсан нотолгоог хайх сүнслэг өдөөлтийг мэдэрч магадгүй. Ахлагч Роналд А.Расбандын “Тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу” хэмээх захиас дахь түүхүүдийг уншсанаар та жишээнүүдийг санаж магадгүй (2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 48–51). Санаанд орсон зүйлсээ бичиж авахыг бодоорой. Их Эзэн таны амьдралд орж хэрхэн ажилласаар байгаа вэ? Жишээлбэл: Тэр ямар ямар “тохиолдолд” урьдаас бэлдсэн байсан бэ? Тэр танд очих адислалуудад зориулан ямар суурийг тавьсан бэ? Тэр хэзээ таныг тусламж хэрэгтэй хүнд тохинуулахаар чиглүүлсэн бэ?

Мөн Ром 8:28; Сургаал ба Гэрээ 90:24-ийг үзнэ үү.

Бошиглогч Мормон алтан ялтаснууд бүхий ширээн дээр сууж байгаа нь

Мормон ялтаснуудыг хураангуйлж байгаа нь зургийн хэсгээс, Том Ловэлл

Сургаал ба Гэрээ 11

“[Их Эзэний] Сүнсэнд итгэлээ тавигтун.”

Иосефын ах Хайрум түүнд зориулсан Их Эзэний тааллыг мэдэхийг хүссэн тул Иосефоос өөрийнх нь өмнөөс илчлэлт эрэлхийлэхийг хүссэн. Бошиглогч ийн үйлдэхэд баяртай байсан ба уг илчлэлтэд (Сургаал ба Гэрээ 11) Хайрум өөртөө зориулсан илчлэлтийг эрэлхийлж болно гэсэн нэг захиас байв. Мөн “сайн сайхан хүсэлтэй, мөн хураахын тулд хадуураараа хадах тэд бүгдэд” (27-р шүлэг) боломжтой. 11-р хэсгийг уншихдаа та Их Эзэн хувийн илчлэлтийн талаар танд юу зааж байна гэж бодож байгаа вэ? Энэ нь Түүний Оливер Каудерид 6–9-р хэсэгт заасан зүйлтэй хэрхэн холбогдож байна вэ? Танд өгөх өөр ямар захиас Түүнд байгаа бол?

Мөн “Ариун Сүнс биднийг хөтлөг” гэх Дуулал номын 75-р дууг үзнэ үү.

Суралцагчдыг асуулт тавихад урь. Асуултууд ихэнхдээ илчлэлт рүү хөтөлдөг. Хэрэв та гэр бүлдээ эсвэл Сүмийн нэг ангид зааж байгаа бол тэднийг асуулт тавихад урамшуулж, судруудаас хариултаа олоход тэдэнд тусал. Жишээлбэл: Тэдэнд хувийн илчлэлтийн талаар асуух зүйл байвал Сургаал ба Гэрээ 11:12–14-өөс хамтдаа хариултыг хайж ол.

Сургаал ба Гэрээ 11:15–26

“[Бурханы] үгийг олж авахаар” эрэлхийлбэл би Түүний Сүнс болон хүч чадлыг хүлээн авах болно.

Хайрум Смит Мормоны Номыг орчуулагдаагүй байхад ч Сэргээлтийн ажилд туслахыг хүсэж байсан юм. Та Их Эзэн түүний хүсэлд хэрхэн хариулж байгаа талаар уншихдаа, “Бурханы үгийг олж авна” (21-р шүлэг) гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатайг бодож үз. Бурханы үгийг олж авах нь Түүнд хүч чадлаараа үйлчлэхэд тань хэрхэн тусалдаг вэ?

Нэмж санаа авах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн шигтгээ зураг 01

Хүүхдүүдэд заах санаа

Сургаал ба Гэрээ 10:5

Би ямагт залбирснаар Бурханаас хүч чадал хүлээн авдаг.

  • Энэ шүлгийг хүүхдүүддээ танилцуулахдаа тэдний “ямагт” хийдэг зүйлсийн талаар тэднээс асууж болно. Сургаал ба Гэрээ 10:5 дээр Их Эзэн биднээс ямагт юу хийх ёстой гэж хэлсэн бэ? Тэр яагаад биднийг үүнийг хийгээсэй хэмээн хүсдэг вэ?

  • Та хүүхдүүддээ ямагт залбирахаа санахад нь хэрхэн тусалж чадах вэ? Тэд “Сургаал ба Гэрээ 10:5” эсвэл “Ямагт залбир” гэж дээр нь будгаар бичих цөөн жижиг, гөлгөр чулуу цуглуулж болох юм. Тэд чулуугаа орныхоо хажууд, хичээлийнхээ номуудтай хамт эсвэл хоол иддэг газарт гэх мэт залбирахаа байнга санах өөр өөр газарт байрлуулж болно. Сургаал ба Гэрээ 10:5-д цэдэглэснээр, Их Эзэн биднийг залбирах үед хэрхэн адисалдаг вэ? Хүүхдүүд тань “Хүүхдийн залбирал” (Хүүхдийн дууны ном, 6–7) зэрэг дуунаас нэмэлт хариултыг олж болно.

Жижиг чулуунуудыг будаж буй охин

Сургаал ба Гэрээ 11:12–13

Ариун Сүнс намайг сайныг үйлдэхэд хөтөлдөг.

  • Хүүхдүүд Сүнс тэдэнтэй ярьж байгааг таньж мэдэхэд суралцаж чадна. Тэдэнд туслахын тулд чийдэнгийн шил, гар чийдэн, баяр хөөртэй царай зэргийг өрөөний хаа нэгтээ нууж, дараа нь эдгээр зүйлийг олохыг тэднээс хүс. Сургаал ба Гэрээ 11:13-ыг уншаад, олсон эд зүйлтэйгээ холбоотой үгийг тодорхойлоход хүүхдүүддээ тусал. Ариун Сүнс бидэнд хэрхэн тусалдаг талаар эдгээр үг юу зааж байна вэ?

  • Та сүнслэг туршлагаа хуваалцсанаар амьдралдаа Ариун Сүнсний нөлөөг таньж мэдэхэд нь хүүхдүүддээ тусалж чадна. Хуваалцаж байхдаа тэднээс туршлагаа хуваалцахыг мөн хүс. Сургаал ба Гэрээ 11:12–13-ыг хамтран уншаад, Ариун Сүнс биднийг удирдаж байгааг бид хэрхэн таньж мэдэх талаар олж мэд. Тэнгэрлэг Эцэг биднийг Ариун Сүнсээр дамжуулан удирдан чиглүүлэхийг хүсдэг гэдгийг гэрчил.

Сургаал ба Гэрээ 11:21, 26

Би бусдад үнэнийг олоход нь туслахын тулд сайн мэдээг мэдэж авах хэрэгтэй.

  • Хайрум Смитийн адил бусадтай сайн мэдээ хуваалцах олон боломж хүүхдүүдэд тань гарч ирэх болно. Сургаал ба Гэрээ 11:21, 26-г хамт уншаад, Их Эзэн Хайрумд сайн мэдээг зааж болохын тулд юу хийх хэрэгтэй гэж хэлснийг олохыг хүүхдүүдээсээ хүс. Бурханы үгийг “олж авах” гэдэг нь ямар утгатай вэ? Бид хэрхэн ийн үйлдэж чадах вэ? Бид Бурханы үгийг зүрх сэтгэлдээ хэрхэн “нөөцөлж” авах вэ? Магадгүй хүүхдүүд тань Есүс Христ эсвэл Мормоны Номын тухай ямар нэг зүйлийг бусадтай хуваалцаж болно.

Нэмж санаа авах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Иосеф, Хайрум Смит хоёрын хөрөг зураг

Иосеф Смит, Хайрум Смит хоёр, Кэн Корбэтт

Хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны хуудас