Арваннэгдүгээр сар
Хүндэтгэл нь Бурханаа гэсэн хайр ба хүндлэл мөн
“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла” (Maтай 22:37).
Энд дурдсан санаануудыг өөрөө баяжуулан ашиглаарай. Хүүхдүүдэд сургаалыг танин мэдэж, ойлгон амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслах арга замуудыг төлөвлө. “Суралцахын тулд хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ? Мөн би тэдэнд Ариун Сүнсийг мэдрэхэд нь хэрхэн туслах вэ?” хэмээн өөрөөсөө асуу.
Эхний долоо хоног: Хүндэтгэл нь Бурханаа гэсэн хайр ба хүндлэл мөн.
Сургаалыг таньж мэд: Хүүхдийн залбирч байгаа зургийг үзүүлж, хүүхэд Бурхандаа хайр ба хүндэтгэлээ харуулж байна гэдгийг тайбарла. Хүүхдүүдэд Бурханаа гэсэн хайр ба хүндлэл гэсэн утгыг илэрхийлсэн есөн үсэгтэй үгийг бодож байгаагаа хэл. Самбарт есөн нүхтэй хүснэгт зур. Хүүхдүүдээр хүснэгтийн нүх бүрийн хүндэтгэл гэсэн үгийн үсэг бүрийг таалга. Тэд зөв үсгийг таах бүрд зохих газарт нь үсгийг бич. Ахмад хүүхдээр бичүүлж болно. Бага насны хүүхдүүдэд зураг үзүүлж, хүүхэд хүндэтгэлтэй байгааг тэд хэрхэн мэдсэнийг асуу. Хамтдаа “Хүндэтгэл нь Бурханаа гэсэн хайр ба хүндлэл мөн” гэж хэл.
Ойлгуулахыг хичээ: Хүүхдүүдийг судраа нээж, Иохан 14:15 –г уншихыг хүс. (Хэрэв өнгөрсөн жил хүүхдүүд энэ шүлгийг чээжилсэн бол түүнийг чээжээр уншихыг хүс.) Есүс Христэд бид хайраа хэрхэн харуулдгийг асуу. “Хүндэтгэл бол хайр” (ХДН, 12) дууг дуул. “Хүндэтгэл” эсвэл “бишрэл хүндэтгэлтэй” гэсэн үгс сонсох бүрдээ зүрхэн дээрээ гараа тавихыг тэднээс хүс.
Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Хүүхдүүдийг жижиг групп болгон хуваа. Сүм дээр байхдаа, залбирал хэлэхдээ, гэртээ эсвэл найз нартайгаа байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд өөрсдийн хайр ба хүндэтгэлийг үзүүлж болох арга замуудын талаар ярилц. Бага насны хүүхдүүдээр тэдний хийж чадах зүйлсийг нь зуруул. Зарим хүүхдийг бүх группт хандан өөрийн санаанаас хуваалцахыг хүс. Гэртээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урамшуулан дэмж.
Хоёр дахь долоо хоног: Ариун ёслолын үеэр хүндэтгэлтэй байх нь Есүс Христийг санахад минь тусалдаг.
Ойлголт ба хэрэгжилтийг чухалчил: Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч болон Аароны санваартан хүнийг урьж, ариун ёслолын тухай хүүхдүүдэд заалга. Боломжтой бол хүүхдүүдийг ариун ёслолын танхимд оруулан ариун ёслолын ширээ, тэдний өвдөглөн суугаад залбирдаг газар ба ариун ёслолыг хучдаг бүтээлэг юу төлөөлдөг зэргийг заа. Бас нэгэн Аароны санваартан хүнийг урьж, долоо хоног бүр цугларагсдад ариун ёслолыг түгээхийн тулд тэр юу хийдэг болохыг болон яагаад энэ нь ариун онцгой эрх болохыг тайлбарлуул. Ариун ёслолыг адислахдаа санваартнууд Бурханд ямар хүндэтгэл үзүүлдгийг хүүхдүүдээс асуу (залбирахаар сөгддөг, ариун ёслолыг цагаан бүтээлгээр бүтээдэг, зохистой хувцаслаж хүндэтгэлтэй үйлддэг). Хүүхдүүдээс ариун ёслолын үйлчлэлийн үеэр Есүс Христэд хүндэтгэл үзүүлэхийн тулд юу хийж болохыг үзүүлэхийг хүс.
Хүүхдийн xэсэгт зочин урихдаа тэднийг хүүхдүүд ойлгохоор энгийн үгээр ярихыг сануулаарай. Хүүхдийн xэсэгт үг хэлэх зочдыг Бишопын зөвлөл батлах ёстой.
Гурав дахь долоо хоног: Ариун газруудад болон ариун зүйлсэд хүндэтгэлтэй байснаар би хүндлэл үзүүлж чадна.
Сургаалыг таньж мэд: Самбар дээр “Ариун газруудад болон ариун зүйлсэд хүндэтгэлтэй байснаар би хүндлэл үзүүлж чадна” гэж бич. Нийт Хүүхдийн xэсгийнхэндээ уншиж өгөхийг нэг хүүхдээс хүс. Хүүхдүүдийн нүдийг аниулаад өөрөө задгай мөнгө эсвэл товч шалан дээр унаган хэрэв тэд унах чимээг сонсвол гараа өргөхийг тэднээс хүс. Сүмийн байр нь ариун газар бөгөөд томоотой сууж, анхааралтай сонсох нь хүндэтгэл үзүүлэх нэг арга зам гэдгийг хэл. Сүмийн байранд хүндэтгэлээ үзүүлэх бусад зүйлсийн талаар хуваалцахыг тэднээс хүс.
Ойлгуулахыг хичээ: Мосе болон шатаж буй бутны зургийг үзүүлж, түүхийг Eгипетээс гарсан нь 3:1–10 дээрээс олж болохыг хэл. 5-р шүлгийг чангаар уншиж, яагаад Их Эзэн Мосег гутлаа тайлахыг хүссэнийг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Хүндэтгэлтэй байхын тулд бид гутлаа тайлах шаардлагагүй ч ариун газар ба зүйлсэд хүндэтгэлээ үзүүлэх олон арга зам байдгийг тайлбарла.
Хэрэгжилтийг урамшуулан дэмж: Дараах зурагнуудаас үзүүл: ариун сүм эсвэл сүмийн байр, гэр орон, гэр бүл, хэн нэгэн залбирч байгаа, хүүхэд, судрууд, хэсэг хүүхэд, Хүүхдийн xэсгийн анги, ариун ёслол. Зурагнуудын урдуур том даавуугаар хааж, нэг зургийг ав. Урдуур татсан даавууг авч, ямар зураг байхгүй болсныг асуу. Авсан зургаа үзүүлж, зурган дээрх газар эсвэл юманд хэрхэн хүндэтгэлээ үзүүлж болохыг үзүүлэхийг хүүхдүүдээс хүс. Энэ мэтээр бусад зурагнуудтай давтан хий.
Сурахын тулд хүүхдүүд юу хийх вэ? Үйл ажиллагаандаа бэлтгэж байхдаа үүнийг асуух нь хүүхдүүд сайн оролцсоноор сайн сурахад нь тусална. Жишээ нь, гурав дахь долоо хоногийн гурав дахь үйл ажиллагаанд бүх хүүхэд ярианд оролцож, зураг үзэж, санаагаа хуваалцах боломжтой.
Дөрөв дэх долоо хоног: Бурхандаа хүндэтгэлтэй байх нь бусдыг хүндэлж, тэднийг хайрлахад минь тусалдаг.
Ойлгуулахыг хичээ: Дараах дуунуудыг дуул. Дууг дуулах бүрд, дуун дээр гарсан зүйлтэй холбоотой асуудлуудын талаар ярилц.
-
“Хүндэтгэл бол хайр” (ХДН, 12). “Миний хүндэтгэл үгэнд минь, үйлсэд минь харагддаг” гэсэн мөрийг давтан хэл. Тэнгэрлэг Эцэг эсвэл бусдад хүндлэл үзүүлэх ямар үгс буюу хэллэг байна вэ? Бид бусдад хүндэтгэлээ үзүүлж болох ямар зүйлс байна вэ? гэж асуу.
-
“Би элэгсэг нэгэн баймаар байна” (ХДН, 83). Найз нартаа бид ямар арга замаар эелдэг байж чадах вэ? гэж асуу.
-
“Би Тантай алхана” (ХДН, 78). Хэнд бидний эелдэг зан хэрэгтэй вэ? Тэдэнд бид хэрхэн эелдэг байж чадах вэ? гэж асуу.