Илчлэл
Ахлагч Нийл Л.Андэрсэн: Бидний гурав дахь сэдэв бол илчлэл. Ерөнхийлөгч Өүкс энэ сэдвийн талаар яриад зогсохгүй өөрөө үүний дагуу амьдарч, үлгэрлэн харуулсан. Түрүүн хэлсэнчлэн тэрээр “Амьдралын минь туршид миний хамгийн чухал багш Их Эзэний Сүнсээр дамжин ирсэн намуухан, хүнгэнэх дуу хоолой, мэдрэмж байсан” гэсэн.
1992 онд хэлсэн хүчирхэг үгэндээ ерөнхийлөгч Өүкс Ариун Сүнсний удирдамж түүнийг болон танихгүй нэгэн залуугийн амь насанд аюул учрахаас хамгаалсан тухай ярьсан юм. Тэр үед ерөнхийлөгч Өүкс Чикагод амьдарч байжээ. Орой тарсан Сүмийн хуралдааны дараа тэрээр, эхнэртэйгээ Чикагогийн аюултай хэсэгт амьдардаг тойргийнхоо эгчийг хүргэж өгөхөөр явжээ. Ерөнхийлөгч Өүкс тэр эгчийг хаалган дээр нь хүргэж өгсөн байна.
Түүнийг машин руугаа буцаж явтал гэнэт хаанаас ч юм гартаа буу барьсан нэгэн залуу гарч ирээд, гэдсэнд нь буугаа тулгасан байна. Буугаа тулгасан чигтээ мөнгө нэхэж, нэлээд ширүүн ярилцсаны дараа, нэгэн автобус ойртон ирсэн ба дараах өдөөлт түүнд ирсэн тухай тэр хуваалцсан юм. Хамтдаа үзэцгээе!
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (1992): Залуухан дээрэмчний ард автобус ирэхэд, харж чадахгүйгээсээ болж тэр сандарч, анхаарал нь сарнисан. Тулгасан буу нь гэдэснээс минь хөндийрч аажмаар зүүн тийш чиглэлээ. Би аль хэдийн гараа бага зэрэг өргөсөн байсан тул шалавхан хөдөлж бууг нь шүүрч аваад, буудуулахгүйгээр түүнтэй тэмцэлдэж чадахаар байв. Би тэр залуугаас өндөр, биерхүүгээс гадна тэр үедээ нэлээд спортлог байсан юм. Хэрвээ би энэ тэмцлээс бууг нь холдуулж чадвал түүнийг хялбархан унагаад ялалт байгуулж чадна гэдэгтээ эргэлзээгүй.
Гэвч яг бодсоноо гүйцэтгэх гэж байтал надад өвөрмөц зүйл тохиолдсон. Би юу ч хараагүй, юу ч сонсоогүй боловч нэг зүйлийг мэдсэн юм. Хэрэв би түүний бууг шүүрэх юм бол юу болохыг мэдсэн. Бид тэмцэлдэж, би бууг түүний цээж рүү чиглүүлэхээс өөр аргагүйд хүрнэ. Тэгээд гал нээж, тэр нас барах байсан. Тэр залуугийн цус үлдсэн амьдралын минь туршид миний ухамсарт үлдэх ёсгүй гэдгийг би бас ойлгосон.
Би тайвшраад автобус холдож эхлэх үед мэдрэмжээ даган баруун гараа залуугийн мөрөн дээр тавьж, түүнд сургамж айлдаж эхлэв. Тэр үед манай хүүхдүүд өсвөр насан дээрээ байсан болохоор хэлэх зүйлсээ би төвөггүйхэн олсон.
“Юу гээч, ингэх нь зөв биш. Чиний хийж байгаа зүйл зөв биш. Дараагийн машин цагдаагийнх ч байж мэднэ. Чи үүнийхээ төлөө амиа алдаж эсвэл шоронд орж магадгүй шүү дээ” гэж би хэлсэн.
Буугаа гэдсэнд дахин тулгаад тэр залуу дээрэмчин миний сургамжийн хариуд гурав дахь удаагаа мөнгө нэхэв. Гэхдээ энэ удаа түүний дуу хоолой аядуухан болсон байлаа. Намайг ална гэж сүүлчийн удаа сүрдүүлэхдээ тэр үнэмшилтэй сонсогдоогүй. Би дахин татгалзахад тэр хэсэгхэн зуур эргэлзсэнээ буугаа халаасандаа хийн, гүйж одсон. Жүнь машины хаалгыг онгойлгож, бид машинаа асаан хөдлөхдөө талархлын залбирал хэлсэн.
Ахлагч Нийл Л.Андэрсэн залуучуудын хамт: Бидэнтэй хамт энд Жой, Линзий, Никол, Макс нар байна. Бид илчлэлийн талаар ярилцана. Та нар ерөнхийлөгч Өүксийг тэрхүү үйл явдлын талаар ярихыг сонслоо. Тэрээр “Би юу ч хараагүй, юу ч сонсоогүй боловч нэг зүйлийг мэдсэн” гэж хэлсэн. Та нарын хэн нэгэнд ийм эсвэл үүнтэй төстэй зүйл тохиолдож байсан уу?
Никол: Гэр бүлтэй болох шийдвэр гаргасан үе минь санаанд орж ирлээ. Би маш их залбирч, маш их мацаг барьсан. Би энэ дэлхийд хүүхдүүдийг авчрахыг хүссэн. Бүх зүйл хэрхэн өрнөхийг сайн мэдэхгүй байсан ч би Их Эзэнд өөрийн хүслийг дэлгэж, хүүхэдтэй болохыг хүсэж байгаагаа илэрхийлснээ санаж байна.
Энэ бол миний зүрх сэтгэлийн хүсэл байсан. Бурхан миний зүрх сэтгэлийг харсан, миний мэдэрч буй бүхнийг ойлгосон, миний хүслийг таньж мэдсэн гэдгийг мэдэрсэн учраас би амар тайван байсан. Тэр хүсэл минь зохистой байсан.
Ахлагч Нийл Л.Андэрсэн: Оливиа, та бидэнд юу хэлэх вэ?
Оливиа: Миний сэтгэлд хамгийн гүн хүрсэн илчлэлүүд ариун сүмд байхад минь тохиосон гэж би боддог. Би хишгийн талаар бүх зүйлийг бүрэн ойлгодоггүй л дээ. Хишгийн ёслолыг бүх талаас нь бүрэн мэдэхээс илүүтэйгээр Есүс Христ тэр ёслолд оршиж, Түүний санваар бүрэн байдлаараа тэнд байгааг, намайг ариусгаж, тэрхүү ойлголтыг өгч байгаа нь Тэр юм гэдгийг ойлгож, мэдрэх нь илүү чухал гэж би бодож байна.
Би “My Shepherd Will Supply My Need” дуулалд дуртай. Сүүлийн бадагт нь “Зочин эсвэл гаднын хүн биш, харин гэртээ байгаа хүүхэд шиг” гэж гардаг. Бид ариун сүмд зочдын хувиар ордог гэдгийг би мэднэ. Гэхдээ би ариун сүмд ороод, Бурхантай харилцахыг хичээх үедээ гэртээ байгаа хүүхэд ямар байдгийг үнэхээр ойлгох шиг болсон.
Ахлагч Нийл Л.Андэрсэн: Гайхалтай.