2025 оны онцгой цугларалтууд
Гэрлэлт, гэр бүл ба үр хүүхэд


12:5

Гэрлэлт, гэр бүл ба үр хүүхэд

Ахлагч Нийл Л.Андэрсэн: Сүүлийн чуулган дээр ерөнхийлөгч Өүксийн хэлсэн захиас бидний сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн. Гэр бүл, гэрлэлт, үр хүүхдийн талаар тэр агуу хүчээр ярьсан. Түүний “Зарим тохиолдолд Есүс Христийн Сүм гэр бүлд төвлөрсөн Сүм гэдгээрээ танигдсан байдаг гэж хэлснийг санаарай. Тийм ээ!” Эхлээд энэ богино бичлэгийг, дараа нь залуучуудтай ярилцсан хэлэлцүүлгийг үзэцгээе.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (2025): Бидний Бурхантай харилцах харилцааг болон мөнх бус амьдралын зорилгыг гэр бүлтэй хамаатуулж тайлбарладаг. … Хожмын үеийн гэгээнтнүүд гэрлэлтийн зорилго, хүүхдүүдийн үнэ цэний талаарх ойлголтоо алдахгүй байх нь чухал. Энэ бол бидний хүрэхийг зорьдог ирээдүй.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаал гэр бүл дээр төвлөрдөг.

Бид бол гэр бүлийн сүм.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (2023): Гэрлэлт нь мөнх бус амьдрал, үүний дараах амьдралын зорилгын төвд байдаг. Бид хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүд ба өсөж үржин, газар дэлхийг дүүргэ гэсэн зарлигийг нь дагах чадавхтайгаар бүтээгдсэн. Тэрхүү бүтээх хүч нь мөнх бус амьдралд бидэнд байгаа хамгийн үнэ цэнтэй бэлгүүдийн нэг юм. Гэхдээ энэ бэлгийн төв нь ариун явдлын хууль буюу үр удмаа үлдээх хүчээ зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох гэрлэлтийн хүрээнд ашиглах зарлиг юм. …

Хожмын үеийн гэгээнтэн залуус гэрлэлтээ урт хугацаагаар санаатайгаар хойшлуулах үед ямар боломжоо алдаж, ямар адислал хойшилдгийг авч үзье. Энэ нь зан чанарын хувьд золиосол, даруу байдал гэх мэт эрэгтэй, эмэгтэй, эхнэр, нөхөр хоёрын харилцаанд өрнөдөг хувь хүний чухал өсөлт хөгжил хойшилдог гэсэн үг юм. Энэ нь Бурханы хаант улсыг байгуулахад хамтран ажиллах боломж нь багасдаг гэсэн үг. Хамгийн чухал нь энэ нь сайн мэдээний адислалд өсөж торних хүүхдүүдийн төрөлт цөөрнө гэсэн үг юм.

Биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгт залуучуудад зориулсан төлөвлөгөө байдаг. Уг төлөвлөгөөний нэг хэсэг бол гэрлэлт ба хүүхдүүд гэдгийг сана.

Ахлагч Нийл Л.Андэрсэн: Вашингтон Ди Си ариун сүмийн хамгийн үзэмжтэй хэсэгт байгаа энэ газрын сайханд бахдахгүй байхын аргагүй. Бид энд гэр бүл, гэрлэлт, үр хүүхдийн тухай ярилцана.

Бидэнтэй хамт, гэрлэсэн хос Макс, Никол нар байна. Мөн миний энэ талд гэрлэсэн хос Крис, Линзий нар байна. Сүүлийн чуулган дээр ерөнхийлөгч Өүксийн хэлсэн захиасыг сонсоод та нар юу гэж бодсон бэ?

Макс: Би ерөнхийлөгч Өүксэд мөн гэр бүлийн ач холбогдлын талаар заасанд нь талархаж байна. Хувь хүнийхээ хувьд Николтой гэрлэсэн минь миний амьдралд хамгийн онцгой адислалыг авчирсан юм. Бас гэр бүлтэй болсон минь ч. Бид Инок гэдэг 3 настай хүүтэй.

Никол: Гэр бүлийн ач холбогдлын талаарх бошиглогч, төлөөлөгчдийн сургаалд би маш их талархдаг. Яг өдөр тутмын амьдрал дээр тулаад ирэхээр ажил, гэр бүлээ яах вэ гэхчлэн амьдралаа зохицуулахад хэцүү байж магадгүй. Миний хувьд би бакалаврын дараах боловсрол эзэмшихийг хүссэн. Бас гэр бүлтэй болохыг ч хүссэн. Энэ хоёрыг хоёуланг нь амжуулах гэдэг амар байгаагүй. Макс, бид хоёр эдгээрийг хэрхэн тэнцвэртэй авч явах талаар ойлголт эрэлхийлэн мацаг барьж, залбирч, ариун сүмд ихээхэн цагийг өнгөрүүлсэн. Тэгээд хэрвээ бид гэр бүлийг нэгт тавибал бүх зүйл аяндаа бүтнэ гэсэн өдөөлтийг мэдэрсэн.

Заримдаа сараас сард энэ бүхэн хэрхэн бүтэхийг мэдэхгүй байсан ч эцэст нь болсон. Надад гэр бүлийн ач холбогдлын талаар, үүнийг амьдралдаа эн тэргүүнд тавих ёстой гэсэн хүчирхэг гэрчлэл бий.

Ахлагч Нийл Л.Андэрсэн: Линзий, бидэнд Кристэй гэрлэсэн тухайгаа ярьж өгнө үү.

Линзий: Бид хоёр энэ ариун сүмд, энд гэрлэсэн. Кристэй лацдан холбогдох боломжтой байна гэдэг, түүн шиг агуу, найрсаг хүнтэй хамтдаа гэдгээ мэдэх нь миний амьдралын хамгийн гайхамшигтай адислалуудын нэг юм. Гэхдээ гэр бүл гэдэг бол зөвхөн бид хоёрын тухай биш юм. Гэр бүлийн маань төвд Христ байдаг. Бидэнд ямар ч сорилт тулгарсан, оюутны зээлээ төлөх, ажил хайх, карьераа босгох гээд юу ч байсан бид Христтэй хамт гэдгээ мэддэг.

Крис: Бид арай хожуу гэр бүл болсон байж магадгүй. Гэхдээ энэ нь бид хичээгээгүй гэсэн үг биш л дээ. Бүх зүйл Их Эзэний тогтоосон цаг хугацаатай гэж би боддог. Бид хоёр хоёулаа Их Эзэнд бидэнд зориулсан төлөвлөгөө байгаа гэж итгэж, итгэлтэй байдаг байсан. Хэрвээ бид Түүний зарлигуудыг тууштайгаар дагавал эцэст нь бидний цаг хугацаа ирэх болно.

Ахлагч Нийл Л.Андэрсэн: Бидэнтэй хамт Итан, Жой, Оливиа, Зак, Самийта, Линзий, Кэлсон нар байна. Одоо бид гэр бүл, гэрлэлт, үр хүүхэд гэсэн сэдвийн талаар товчхон ярилцана.

Кэлсон: Гэр бүлийн янз бүрийн, ялгаатай нөхцөл байдалтай олон хүн байдаг гэж би боддог. Надад маш их удирдамж, чиглүүлэг өгч, зорилго, мөн чанараа ойлгож, аюулгүй гэдгээ мэдрэх боломжийг олгосон гэр бүлээр би адислагдсан.

Би гэр бүлтэй байснаар хүлээн авсан бүхий л адислалаа эргэцүүлэн бодох дуртай. Ах, эгч, дүү нараа, тэдний гэр бүлийг хараад гэр бүлийн амьдрал ямар гайхалтай байж болдог юм бэ гэдгийг би ойлгодог. Би олон хүнийг мэднэ. Ямар ч гэр бүл төгс биш гэдгийг мэднэ. Гэхдээ гэр бүлтэй байхын баяр баясгаланг нэг удаа мэдэрсэн л бол хүн өөрийн гэсэн гэр бүлтэй болохыг хүсэж урамшдаг.

Самийта: Би хараахан гэрлээгүй байгаа. Гэхдээ ариун сүмд гэрлэхийг хүсдэг. Гэрлэлт бол Бурханы төлөвлөгөөнд амин чухал гэдгийг би мэднэ. Сайн мэдээ өөрөө үүнийг бидэнд заадаг бөгөөд энэ нь биднийг адисалж, мөнхөд өргөмжилдөг. Заримдаа бид аливааг бүтээсэй гэж хүсдэг ч хүссэнээр болдоггүй.

Бурханы цаг хугацаанд итгэж найдахыг би амьдралаасаа сурсан. Түүнд бидний хүн нэг бүрд зориулсан төлөвлөгөө бий. Тэр биднийг нэг бүрчлэн мэддэг, хайрладаг гэдгийг би мэднэ. Удаж байсан ч шантралгүй зүгээр л Түүнд итгэ.

Миний сурсан хоёр дахь зүйл бол өөрийгөө сүнслэг байдлын хувьд, хувь хүний хувьд бэлтгэх явдал юм. Хамтрагчаа олсноор та мөнхийн гэрлэлтэд бэлтгэж эхэлдэггүй. Та хувийн аяллаа одоо эхлүүлж болно.

Ахлагч Нийл Л.Андэрсэн: Жой, намайг үүнийг хэлсэнд таныг дургүйцэхгүй байх гэж найдъя. Та маш харамсалтай гэрлэлтийг туулсныхаа дараа хэдхэн жилийн өмнө Сүмд нэгдсэн. Та одоо гэр бүл, гэрлэлтийн талаар ямар бодолтой байгаа вэ? Та Сүмийн гишүүний хувьд одоо ямар байр суурьтай байна вэ?

Жой: За, ерөнхийлөгч Өүкс хүн бүрд хамаатай сэдвээр үг хэлсэн нь бас бүх нөхцөл байдал аз жаргалтай байдаггүй гэж хүлээн зөвшөөрсөн нь надад үнэхээр таалагдсан. Бас ээжүүдэд хандаж хэлсэн үг нь надад маш их таалагдсан. Яагаад гэвэл би гэрлэж, дөрвөн настай хүүгийн ээж болсон.

Та одоогоор ганц бие байлаа ч хүүхдүүддээ гэр бүлийн адислалуудыг олж харахыг, ариун сүмд лацдан холбогдохыг зааж болно гэж хэлсэн нь бас сайхан санагдсан. Тэрээр уламжлалт бус гэрлэлтийн нөхцөл байдалд байгаа эсвэл ганц бие ээжүүдэд хандан ярьсан нь намайг анзаарч, ойлгодог юм байна гэж санагдсан.

Ахлагч Нийл Л.Андэрсэн: Маш сайхан хэллээ.

Итан: Ерөнхийлөгч Өүкс өмнө нь BYU-ийн онцгой цугларалтын үеэр та сүнслэг зүйлсийг албадаж чадахгүй гэж хэлж байсан. Тэрхэн хэсгийг уншихад надад үнэхээр нөлөөлсөн л дөө. Яагаад гэвэл бид сүнслэг гэрлэлт, сүнслэг гэр бүлийг хүсдэг. Бид Христэд төвлөрсөн гэр бүлийг хүсдэг. Бид хамтдаа үйлчилж, бие биеэ дэмжиж чадах итгэлтэй хамтрагчийг хүсдэг. Харин энэ нь биднийг амьдралаа Есүс Христэд төвлөрүүлэх үед л бий болдог. Заримдаа залуу байхад “Өө, би үүнийг эсвэл тэрийг хийж чадах байсан” гэсэн бухимдал төрдөг. Үнэндээ та сүнслэг зүйлсийг албадаж чадахгүй.

Ахлагч Нийл Л.Андэрсэн: Таны хэлсэн зүйл надад таалагдлаа. Одоо би та нараас хэдэн асуулт асууя. Та нар сүнслэг зүйлсийг албадаж чадахгүй. Гэхдээ залуу эмэгтэйчүүдтэй илүү харилцаа холбоо тогтоохоор урьж чадна. Та үүнийг хэр хийж байна вэ?

Итан: За, юу л даа, олон янзын арга зам бий. Би үргэлж өрөөний нөгөө талд байгаа хүний нүд рүү харахыг эрмэлздэг. Магадгүй апп эсвэл өөр арга ашиглаж болно. Гэвч бодит байдал дээр энэ эрэл хайгуул бол бидний хийж чадах хамгийн чухал зүйл гэдгийг ойлгох нь чухал гэж би бодож байна.

Санаачилгыг гартаа авч, “Би бол Бурханы хүү, чамд зориулсан олон сайхан зүйл надад бий” гэж хэлэх хэмжээний өөртөө итгэх итгэлтэй байх хэрэгтэй. Би гарч яваад, хэн нэгэнтэй танилцаж, тэдний талаар, хэн болох, юунд итгэдэг, юу хийдэг талаар илүү ихийг мэдэж авч болно. Нөгөө хүндээ анхаарлаа төвлөрүүлж чадвал, чи өөрийнхөө тухай ч бас илүү ихийг ойлгож мэдэж чаддаг.

Ахлагч Нийл Л.Андэрсэн: Оливиа. Та гэрлэж магадгүй хүн рүүгээ хараад түүнээс юуг хайдаг вэ?

Оливиа: Би тухайн хүнийг гэрээгээ сахидаг эсэхийг нь хамгийн түрүүнд чухалчилж хардаг.

Ахлагч Нийл Л.Андэрсэн: Зак, ерөнхийлөгч Өүкс Гэр бүлийн тунхгийн талаар нэлээн ярьсан шүү дээ. Үүнд байдаг өөр өөр зарчмуудын талаар юу бодож байна вэ? Ер нь сүүлд энэ тухай бодож үзсэн үү?

Зак: Надад хоёр бодол байна. Нэг дэх нь, Сүмийн удирдагчдыг сонсож, гэр бүлийн тунхгийг уншаад энэ цаг үед амьдрал маань хаанаа хангалтгүй байгааг олж харахад хэцүү байдаг. Гэхдээ энэ нь хэцүү гэдэг нь энэ үнэн эсвэл худлаа гэсэн үг биш л дээ. Хоёр дахь бодол нь, ерөнхийлөгч Өүкс видеондоо хамгийн агуу өсөлт хөгжил нь гэрлэлт болон гэрлэлтийн харилцаанаас ирдэг гэж дурдсан. Тэгээд үүний үнэнийг мэдээд, итгээд, үнэн гэдэгт нь найдаж байгаагийн хувьд гэрлээгүй би ч гэсэн гэрээндээ төвлөрч, Христтэй адил болохын төлөө чадахаараа хичээх хэрэггүй гэсэн үг биш юм.

Ахлагч Нийл Л.Андэрсэн: Яг тийм. Гайхалтай бодол байна, баярлалаа.

Гурав дахь сэдэв рүүгээ орохоос өмнө ерөнхийлөгч Өүксэд хандсан сүүлийн мэндчилгээнүүдийг толилуулахыг зөвшөөрнө үү.

Тонгагийн залуучууд: Бид Тонгагийн үзэсгэлэнт арлаас та бүхний төлөө залбирч байна.

Солонгосын залуучууд: Солонгосоос хайр илгээж байна! Ерөнхийлөгч Өүкс, бид танд хайртай.

Айдахо дахь Бригам Янгийн Их сургуулийн залуучууд: Ерөнхийлөгч Өүкс, Сүмийн удирдлагын энэ шинэ үед таныг Сүмийн бошиглогчоор дэмжих нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Бид таныг баяртайгаар дагах болно. Дэлхий даяарх залуучууд бид таныг дэмжинэ гэхээс сэтгэл догдолж байгаа.

Эх сурвалж

  1. Даллин Х.Өүкс, “Гэр бүлд төвлөрсөн Есүс Христийн сайн мэдээ,” Лиахона, 2025 оны 11-р сар

  2. Даллин Х.Өүкс, “Гэр бүлд төвлөрсөн Есүс Христийн сайн мэдээ”