Хаалтын үг
Ахлагч Нийл Л.Андэрсэн: Энэхүү хэлэлцүүлэгт оролцсон та нартай хамт байсандаа би маш их баяртай байна. Та бүхний итгэл, шавийн замнал надад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээлээ. Хэрэв та ийм хэлэлцүүлгийг илүү давтамжтай үзэх хүсэлтэй бол тэд энэ онцгой цугларалтын цахим хувилбарт холбоосыг оруулах болно.
Хайрт ах, эгч нар аа, Кэти бид хоёр өнөө оройг та бүхэнтэй хамт өнгөрүүлсэндээ маш их баяртай байна. Кэти, төгсгөлд нь энэ цугларалтын үеэр төрсөн сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцах уу?
Кэти Андэрсэн эгч: Баярлалаа. Өнөө орой би энд нөхөртэйгөө бас та нартай хамт байх онцгой боломжид маш их талархаж байна. Үнэхээр онцгой үдэш байлаа. Бид үүнийг сэтгэлийнхээ гүнд хүртэл мэдэрлээ.
Удахгүй болох гадасны чуулган дээр эсвэл Ерөнхий чуулганыг үзэхдээ гараа өргөн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч хэмээн дэмжинэ гэхээс би догдолж байна.
Тэрхүү боломжийг тохиох хүртэл би зүрх сэтгэлдээ болон залбиралдаа гараа өндрөөс өндөрт өргөсөөр байх болно. Би Тэнгэрлэг Эцэгтээ Бурханы бошиглогч, энэхүү хайраар дүүрэн хүний төлөө талархаж байна. Ерөнхийлөгч Өүксийн тухай бодох бүрд санадаг, нөхөр бид хоёрын байнга ярьдаг нэгэн судар байдаг. Энэ бол Сургаал ба Гэрээнүүд номд гардаг Хайрум Смитийн тухай Их Эзэний ярьсан хэсэг юм.
Тэрээр “учир нь зүрх сэтгэлийнх нь үнэнч шударгын учир мөн миний өмнө зөв болох зүйлийг тэрээр хайрладгийн учир … бибээр түүнийг хайрладаг билээ” хэмээн айлдсан. Бид амьдралдаа маш олон удаа ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн зүрх сэтгэлийн талаар ярьсан.
Би Тэнгэрлэг Эцэгтээ бас өөрийн Аврагч Есүс Христэд хайртай. Энэ орой найрал дуучдын дуулсан гайхамшигтай, сайхан дууллын үгсээр би гэрчлэлээ үлдээе. “Бүтээлтийн Хаан, Бүхнийг Чадагч, Их Эзэнийг магтацгаа! Алив бүхнээрээ бишрэн шүтэж, Эзэнийг магтацгаа!” Би Түүнд хайртай, би Түүнийг бүхий л зүрх сэтгэл, бодгалиараа бишрэн шүтдэг. Есүс Христийн нэрээр, амен.
Ахлагч Нийл Л.Андэрсэн: Би чамайг ийш нь хүргээд өгье.
Би та нарт хайртай.
Бид та нарын сайн сайхан байдал, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлд тань баясдаг. Бид та нартай мөн залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд, Бурханы хөвгүүд, охид, гэрээний хүүхдүүд, Есүс Христийн шавь гээд дэлхий даяарх хүн бүртэй уулзах дуртай. Аврагчийг гэсэн сүсэг бишрэлийг тань бид гайхан биширдэг. Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэж буй энэ цаг үед та нарыг бидэнтэй хамт байгаад бид Бурханд талархаж байна.
Уруу таталтууд газар авсан, дэлхийн жишгүүд Есүс Христийн сайн мэдээний жишгүүдээс тэс өөр болсон аюултай цаг үед бид амьдарч байна. Бид шавийн замналдаа хайнга хандаж болохгүй цаг үед амьдарч байна. Намайг та нарын насан дээр байхад Бурханы бошиглогч “[Итгэлтэй хүн бүр] итгэлийн ханыг түшдэг ба тэнд … тэрээр [өөрийн] байр суурийг хамгаалж бат зогсох ёстой” гэж хэлж байсан. Би үүнийг үнэн гэдгийг мэднэ.
Бурханы өөр нэгэн бошиглогч “Аливаа хүн Сүмийн удирдагчдын дээр Бурханы хүч оршиж буйг харж, энэ нь [түүний] зүрх сэтгэлд гал мэт дүрэлзэн асаагүй л бол жинхэнээсээ хөрвөөгүй гэсэн үг” гэж заасан. Энэ ч бас үнэн юм.
Бошиглогч мөн ариун сүм биднийг Есүс Христ рүү чиглүүлдэг. Энэхүү эцсийн өдрүүдэд Түүний хоёр дахь ирэлтэд бэлтгэж буй шавь нарынх нь хувьд бид Их Эзэний бошиглогчийн тухай, Их Эзэний өргөөний талаарх гэрчлэлээрээ хэмжээлшгүй арга замаар хүчирхэгжсэн.
Бошиглогч, ариун сүм хоёр бол Түүний Сүнсний хүчний хамт, саад тотгороор дүүрэн дэлхийд сайныг муугаас ялгаж, мөнх бус байдлынхаа жинхэнэ зорилгыг ойлгож, Өөрийнх нь жинхэнэ шавь болоход бидэнд туслахаар нөхөн өгсөн Их Эзэний хоёр хүчирхэг адислал юм.
Би ерөнхийлөгч Даллин Х.Өүксийг гэрчилж байна. Тэрээр энэ үед Их Эзэний нэрийн өмнөөс ярьж, биднийг удирдан чиглүүлэхээр бэлтгэгдэж, бэрхшээлийн галд цэвэршиж, бие махбод, оюун ухаанаараа дахин шинэчлэгдсэн юм.
Бидний өмнө байгаа энэ ариун сүм, Их Эзэний ариун өргөө бүр хүч чадал, амар амгалан, тайтгарал, илчлэлээр дүүрэн гэдгийг, дэлхий дээр юуг лацадна, тэдгээр нь тэнгэрт лацдагдах боломжийг олгодог санваарын түлхүүрүүд тэнд оршдог гэдгийг би гэрчилж байна. Одоо дэлхий даяар олон тооны ариун сүм баригдаж байгаад бид хэчнээн их талархаж байна гээч.
Энэ бол амьдрахад гайхалтай цаг үе, Аврагчийн эргэн ирэлтийг хүлээж, үүнд бэлтгэх цаг үе юм. Тэрээр биднийг “Зоригтой байгтун; Би ертөнцийг ялсан” хэмээн урамшуулсан.
Түүний эрх мэдэлтэй төлөөлөгчийн хувьд би та нарыг Аврагчийн маань эргэн ирэлтэд өөрсдийгөө бэлдэхээр эрэлхийлэх үед Их Эзэний бошиглогч, Түүний ариун өргөөний ариун нандин хүчний талаарх баттай гэрчлэл та нарт өгөгдөхөөр адисалж байна. Есүс Христийн жинхэнэ шавь байхыг эрэлхийлэх үед тэнгэр элч нар та нарыг адислах болно гэдгийг би амлаж байна.
Есүс Христ бол Бурханы Хүү, хүн төрөлхтний Аврагч бѳгѳѳд Гэтэлгэгч гэдгийг би гэрчилж байна. Энэ бол миний гэрчлэл, Есүс Христийн нэрээр, амен.