Үнэний төлөө зогсох нь
Ахлагч Нийл Л.Андэрсэн: Үнэний төлөө зогсохоос эхэлье. Та нар олон жил ерөнхийлөгч Өүксийн үгийг сонссон бол мэдэж байгаа байх. Тэр бол үнэнийг хайраар ярихаасаа эмээдэггүй нэгэн. Би түүний эр зоригийг биширдэг. Тэр ярихдаа үргэлж бусдад найрсаг байж, бусдыг бодолцдог ч бидэнд юу нь зөв гэдгийг шууд хэлдэг.
Эхлээд ерөнхийлөгч Өүксийн богино хэмжээний бичлэгийг, дараа нь энд бидэнтэй хамт байгаа хэсэг залуучуудтай ярилцсан хэлэлцүүлгийг үзэцгээе.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (2024): “Христийг дагах нь хааяа нэг эсвэл тохиолдлоор хийдэг зүйл биш. Энэ бол хэдийд ч хаана ч биднийг чиглүүлэх амьдралын замнал ба байнгын үүрэг юм. Есүс Христийн сургаал ба үлгэр жишээ шавь бүрийнх нь замыг тодорхой болгож өгдөг.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (2022): Бид мууг сайн, сайныг муу гэж нэрлэж буй аюултай цаг үед амьдарч байна. Бид Их Эзэний сургаал, байгуулсан гэрээ, онцгой эрх, үүргээс маань биднийг холдуулдаг үзэл бодол, дадал зуршлын эсрэг бат зогсох ёстой. Бид үүнийг хайраар хийж чадна.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (2023): Бид өөрсдийн мэддэг үнэнийг үгүйсгэхгүйгээр бусдыг хайрлаж, учраа ололцож чадна.
Ахлагч Нийл Л.Андэрсэн: Энэ газар ямар үзэсгэлэнтэй юм бэ? Одоо бид үнэний төлөө зогсох талаар ярина.
Вашингтон Ди Си бүсийн дөрвөн гайхалтай залуу надтай хамт энд байна. Тэднийг Зак, Самийта, Жой, Итан гэдэг. Одоо бид сая үзсэн ерөнхийлөгч Өүксийн захиасны талаар товчхон ярилцана.
Түүний үгийг сонсоход та нарын санаанд юу орж ирж байна вэ? Эхлээд хуваалцах хүн байна уу?
Итан: “Би Христийн шавь байна. Хэцүү байсан ч эсвэл нөхцөл байдал, мэдрэмж маань намайг хязгаарласан ч би Христийг сонгоно. Тэр үүнийг даван гарч, надад тусалж чадна гэдгийг би мэднэ” гэж хэлэх нь ухамсартай сонголт юм.
Зак: Миний хувьд хэн ч хараагүй байхад Христийг сонгох нь илүү хэцүү байж болох юм. Тэр мөчид би цаг хугацаагаа хэрхэн өнгөрүүлэх вэ эсвэл Есүс Христийн шавь байхыг хэрхэн сонгох вэ гэдгээ шийдэх ёстой.
Ахлагч Нийл Л.Андэрсэн: Өнөөдөр бидэнтай хамт Крис, Оливиа, Линзий бас Кэлсон байна. Ерөнхийлөгч Өүксээс сонссон сэтгэгдлээ та нарыг хуваалцахыг хүсэж байна. Линзий, эдгээр үгийг сонсоод чамд ямар бодол төрсөн бэ?
Линзий: Үнэний төлөө зогсох нь энэ дэлхий дээр амархан биш гэдгийг би мэднэ. Гэхдээ чи бас ганцаараа биш шүү. Ариун Сүнс чамтай хамт байгаа. Хэрэв чи магадгүй эмзэг, бэрхшээлтэй нөхцөл байдалд Ариун Сүнсийг хамт байхыг гуйвал Тэр чамайг удирдаж, хэлэх ёстой үгийг чинь чамд мэдүүлнэ. Учир нь чи ганцаараа биш. Чи Христийн шавь байж, Түүнийг төлөөлөх, дэлхий дээрх хамгийн агуу зорилгын нэг хэсэг.
Крис: “Үнэний төлөө зогсох” гэдэг хэллэгт нэг далд утга байдаг буюу тэр нь ямар нэгэн бэрхшээл байгаа гэсэн санаа юм. Тийм ч учраас үнэний төлөө зогсох нь заримдаа амаргүй байдаг. Гэхдээ надад тусалсан нэг зүйл бол хоёр агуу зарлигийг санасан явдал юм. Эхнийх нь, Бурханыг хайрла, үүнийг бид Түүний зарлигуудыг дагах замаар харуулдаг. Удаах нь, хөршөө хайрлах. Үнэний төлөө зогсох хамгийн сайн арга бол ярьж буй зүйлийг тань гэрчлэх Ариун Сүнсийг урих орчныг бүрдүүлэх явдал юм. Харин Ариун Сүнсийг урих хамгийн сайн арга бол хайраа үзүүлэх.
Ахлагч Нийл Л.Андэрсэн: Хоёр дахь сэдэв рүүгээ орохоос өмнө дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн хайраар дүүрэн мэндчилгээнүүдийг үзэцгээх үү?
Мозамбикийн залуучууд: Бид Мозамбикийн Мунхахва хотод байна. Ерөнхийлөгч Өүкс, бид танд хайртай.
БЯИС-ийн залуучууд: Ерөнхийлөгч Өүкс, бид танд хайртай. Бид таны амьдралаараа үзүүлсэн итгэлийн үлгэр жишээнд талархаж байна. Ерөнхийлөгч Өүкс, бид танд хайртай.
Испанийн залуучууд: Сайн байцгаана уу ерөнхийлөгч Өүкс, Өүкс эгч хоёр оо! Бид Испанийн Мадридад байдаг. Заасан зүйлд чинь баярлалаа. Хайртай шүү! Үнсье!