Нээлтийн үг
Ямар гайхамшигтай, сайхан, онцгой байв аа. Энд байгаа Аврагчийн гайхалтай дүр төрх бүхий Христийн хөшөөг харахын ялдамд би Түүний мутар та нарын зүг сунгаастай байдгийг мэднэ. Аврагчийг гэсэн хайраа тун сайхан илэрхийлсэн та нарт баярлалаа. Та нарт бүр үнэхээр их баярлалаа.
Дэлхий даяарх хайрт ах, эгч нар минь ээ, би та бүхэнд хайртай мөн Сүмийн шинэхэн зохион байгуулагдсан Тэргүүн зөвлөл—ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, ерөнхийлөгч Д.Тодд Кристоффэрсон нар та нарыг хайрладаг.
Түүнчлэн би чуулгынхаа, Арван хоёр төлөөлөгчийн чуулгынхны хайрыг та бүхэнд уламжилж байна. Кэти, бид хоёр Их Эзэний үзэсгэлэнт өргөө Вашингтон Ди Си ариун сүмийн дэргэдэх Зочид хүлээн авах төвд байгаадаа маш их талархаж байна.
Энэ төвд байгаа бас дэлхийн өнцөг булан бүрд буй гайхалтай залуучуудтай хамт цугласандаа би баяртай байна. Бид та нарт хайртай. Бид та нарын Есүс Христийг гэсэн сүсэг бишрэлд мөн Түүний шавь байгаад тань маш их талархаж байна.
Энэ цагт Их Эзэний Сүнс бидэнтэй хамт байж, Аврагчид мөн Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэх бидний итгэл хүчирхэгжин, баталгаажаасай хэмээн би чин сэтгэлээсээ залбирч байна. Өнөө орой бид бошиглогч мөн ариун сүм хэрхэн биднийг Аврагч, Есүс Христ рүү чиглүүлдэг тухай ярина.
Эхлээд алс холоос ерөнхийлөгч Өүксэд хандан хайраа илэрхийлсэн залуучуудын мэндчилгээг толилуулъя.
Хойд Канадын залуучууд: Сайн байна уу ерөнхийлөгч Өүкс. Бид танд бас Өүкс эгчид санаа тавьдаг гэдгээ хэлмээр байна. Бид Канадын хойд хэсгээс та хоёртоо өөрсдийн залбирал мөн хайраа илгээж байна. Баяртай!
Энзайн коллежийн залуучуудын бүлэг: Ерөнхийлөгч Өүкс, бид таны үлгэр жишээ, заасан зүйлсэд үнэхээр их талархаж байна. Бид танаас суралцах мөчийг хүсэн хүлээж байгаа.
Өмнөд Африкийн залуучууд: Өмнөд Африкийн Йоханнесбургээс мэндчилж байна. Ерөнхийлөгч Өүкс, бид танд хайртай.
Филиппиний залуучууд: Сайн байна уу ерөнхийлөгч Өүкс. Филиппинээс мэндчилж байна. Бид таны захиаснаас суралцах гээд маш их догдолж байна.
Ахлагч Нийл Л.Андэрсэн: Дэлхий даяар. Би яриагаа хэдхэн хоногийн өмнө буюу 10-р сарын 14-ний мягмар гарагт болсон маш нандин туршлагаасаа эхэлье.
Томилогдсон төлөөлөгчдийн хувьд тэр өдөр бид 14-лээ уулзаж, мацаг барьж, шинэ Тэргүүн зөвлөлийг дахин зохион байгуулахад Их Эзэний адислалыг хүсэн чин сэтгэлээсээ залбирсан юм. Энэ бол тэнгэр, газрыг холбосон онцгой мөч байлаа.
Надад болон бидний хүн нэг бүрд хувьчлан мөн нэгдмэл байдлаар ирсэн хүчирхэг, мартагдашгүй сүнслэг гэрчлэлд болон баталгаанд би хэчнээн их талархаж байна гээч. Бидний 13 төлөөлөгч, ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн толгой дээр гар тавьж, ерөнхийлөгч Жэффри Р.Холланд Их Эзэний ахмад төлөөлөгчийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр томилсон.
Тэр бол газар дэлхий дээрх Их Эзэний бошиглогч гэсэн ариун нандин, даруухан гэрчлэлээ би та нартай хуваалцъя. Тэр Их Эзэний дуу хоолойг таньдаг. Тэр биднийг үнэн рүү удирдаж, Их Эзэн, Есүс Христ рүү чиглүүлдэг. Биднийг заалгах хүсэлтэй, бэлэн байх үед оюун ухаан, сүнс маань тэлж, тэнгэрийн хүч амьдралыг маань адислах болно.
Бурханы санваарын түлхүүрүүд одоо бүрэн байдлаараа байгаа ба эдгээр түлхүүрийг хэрэгжүүлэх эрх мэдлийг ерөнхийлөгч Даллин Х.Өүкс атгадаг. Та нар төлөөлөгч Петрт хэлсэн Есүсийн үгийг санаж байгаа байх.
Тэрээр “Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө. Та нар газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдох бөгөөд газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт мөн тайлагдах болно” хэмээн хэлсэн.
Их Эзэн бошиглогч Иосефын талаар хэлэхдээ: “Учир нь түүний үгийг та нар миний амнаас гарсан мэтээр бүхий л тэвчээр болон итгэлтэйгээр хүлээн авах ёстой” гэсэн. Эдгээр үг бидний бошиглогч, ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн тухайд ч мөн адил хамаатай юм. Энэ талаар бодож үзээрэй.
Ерөнхийлөгч Өүкс 41 жил ариун нандин дуудлагадаа үйлчлэхдээ Их Эзэн Есүс Христийн онцгой гэрчийн хувиар гэрчилж явсан. Хамтдаа үзэцгээе!
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (1984): Энэхүү хагас жил тутмын чуулган бол Арван хоёрын зөвлөлд үйлчлэх дуудлагаа хүлээн авснаа илэрхийлж, Сүмийн нийт гишүүдэд хандан үг хэлж буй анхны боломж минь юм. … Би надад итгэж өгсөн энэ их итгэл найдварт, ялангуяа дэлхий дахинд Есүс Христийн нэрийн онцгой гэрч байх үүрэгт бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаа зориулж үнэнчээр зүтгэх болно.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (1987): Бид Их Эзэн Есүс Христэд хайртай. Тэр бол Мессиа, бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч. Түүний нэр бол бидний аврагдаж чадах цорын ганц нэр юм.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (1994): Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл та нарыг амьдралд тохиолдох аливаа зүйлсэд бэлтгэдэг. Ийм төрлийн итгэл таныг хүлээн авсан боломжуудаа бүрэн дүүрэн ашиглаж, алдсан боломжуудынхаа араас урам хугарсан ч тууштай байхад туслах зэргээр амьдралын боломжуудтай харьцахад бэлтгэдэг.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (2000, “Амьд Христ”): Бид Түүний албан ёсоор томилсон төлөөлөгчдийнх нь хувьд—Есүс Христ бол амьд Христ, Бурханы үхэшгүй Хүү хэмээн гэрчилж байна. Тэр бол өнөөдөр Эцэгийнхээ баруун гар талд зогсож буй агуу Иммануэл Хаан. Тэр бол дэлхийн гэрэл, амь бөгөөд найдвар юм.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (2006): Би Есүс Христ, бидний Аврагч бид бүгдийг Түүнд ирж, Түүгээр төгөлдөржигтүн хэмээн урьдаг гэдгийг гэрчилж байна. Тэр бидний шархыг боож, хүнд ачаа дарамт үүрсэн хүмүүсийг эдгээх болно.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (2013): Христийг дагах нь хааяа нэг эсвэл тохиолдлоор хийдэг зүйл биш юм. Энэ бол хэдийд ч, хаана ч хэрэгждэг амьдралын замнал бөгөөд байнгын үүрэг юм.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (2025): Бидний Мөнхийн Эцэгийн Төрсөн Ганц Хүү бол Их Эзэн Есүс Христ гэдгийг би гэрчилж байна. Тэрээр тэнгэрлэг гэр бүлийн цугларалт руу хөтөлдөг гэрээний замыг дагахад биднийг урьдаг. Көртландын ариун сүмд сэргээгдсэн түлхүүрүүдээр удирдуулсан санваарын лацдан холбох хүч нь гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэдэг. Үүнийг одоо дэлхий даяарх өсөн нэмэгдэж буй Их Эзэний ариун сүмүүдэд хэрэгжүүлдэг. Энэ бол бодит юм. Бүгдээрээ үүний нэг хэсэг байцгаая.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (2025): Энэ бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэдгийг би амьдралдаа юу юунаас илүү тодорхой мэднэ. Би энэ Сүмийн тэргүүн Их Эзэн, Есүс Христийг гэрчлэхийн сацуу Түүнд үйлчлэхээр эрэлхийлэх үед бид бүгдийн дээр Түүний адислалууд байх болтугай хэмээн залбирч байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.
Ахлагч Нийл Л.Андэрсэн: Өнөөдөр бид ерөнхийлөгч Өүксийн заасан хүчирхэг сургаалуудаас ярилцаж, эдгээр нь бидний амьдралыг хэрхэн адисалж болох талаар тунгаахыг хүсэж байна. Түүнчлэн бид ариун сүмийн энэхүү ариун нандин орчинд Их Эзэний өргөө таны амьдралын энэ чухал цаг үед хэрхэн хүч чадал, амар амгалан, илчлэлийг авчирдаг талаар ярилцах болно.
Вашингтон Ди Си ариун сүмийг зарлах үед тохиолдсон туршлагаа ярьж өгнө үү хэмээн би Кэтигээс хүсье. Кэти
Кэти Андэрсэн эгч: Вашингтон Ди Си ариун сүм миний хувьд маш онцгой юм. Би багадаа Америкийн өмнөд хэсэг дэх Флорида мужид өссөн. Бидэнд хамгийн ойр ариун сүм 3701 километрийн зайд буюу Солт Лэйк Ситид байсан.
Намайг 4 настай байхад бид гэр бүлээрээ лацдан холбогдохоор Солт Лэйк Сити рүү аялсан юм. Намайг 12 настай байхад Вашингтон Ди Си ариун сүм баригдах талаар зарласан. Манайхаас ердөө 1448 километрийн зайд ариун сүм баригдах гэж байгаад бид маш их догдолж байлаа.
Нэгэн ням гарагт бишоп маань бүх эцэг эхийг сүмийн дараа үлдэж, түүнтэй онцгой уулзалтад оролцохыг хүссэнийг би маш тод санаж байна. Хүүхэд байсан учраас би яагаад бишоп бүх эцэг эхтэй уулзаж байгаа юм бол гэж гайхаж бас бага зэрэг айсан.
Аав ээж хоёр маань уулзалтаас гарч ирэн, гэр лүүгээ явахаар машинд суугаад надад “Бишоп, Сүмийн удирдагчид биднээс Вашингтон Ди Си ариун сүмийг барихад их хэмжээний мөнгө хандивлахыг хүссэн” гэж хэлэв.
Манай гэр бүлд тийм ч их мөнгө байгаагүй ба тэднээс хүссэн мөнгө их хэмжээтэй байх шиг санагдсан. Гэхдээ ээж, аав хоёр минь “Бид үүний төлөө гэр бүлээрээ зарим зүйлийг золиослох хэрэгтэй болно. Гэхдээ манайхаас ердөө 1400 километрийн зайд ариун сүм баригдсанаар бид ямар их адислагдана гэдгээ төсөөлж байна уу?” гэж хэлсэн. Энэ ариун сүм миний зүрх сэтгэлд, гэр бүлийн маань хувьд маш онцгой байр суурь эзэлдэг.
Ахлагч Нийл Л.Андэрсэн: Баярлалаа. Гайхалтай. Баярлалаа, Кэти.
Бошиглогч мөн ариун сүм биднийг Аврагч руу чиглүүлдэг. Үймээн самуун, төөрөгдөл, олон янзын саад тотгороор дүүрэн дэлхийд бошиглогч мөн ариун сүм биднийг сүнслэг суурьтай маань бат бөх бэхэлж өгдөг.
Дэлхий сүнслэг сууринаасаа аажмаар хөндийрч буй энэ үед Их Эзэн шавь нартаа нөхөн тэнцвэржүүлэх хүчийг илгээдэг. Зөв шударга хүмүүст зориулсан хамгийн агуу нөхөн өгөх хоёр адислал бол бошиглогчдын сургаал ба Их Эзэний өргөөний бэлэг юм.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ер гаруй жилийн турш хадгалагдаж, бэлтгэгдэж, цэвэршүүлэгдсээр ирсэн. Сарын өмнөхөн Ерөнхий чуулган дээр тэр 7 настайд нь аав нь нас барж асар их уй гашууд автсан тухайгаа ярьсан. Түүнийг орон нутаг дахь улсын сургуульд багшилдаг ганц бие ээж нь өсгөсөн.
Идэр насанд нь түүний оюун ухаан, сүнс өсөн хөгжиж, АНУ-ын хамгийн нэр хүндтэй хуулийн сургуулиудын нэг болох Чикагогийн Их сургуульд тэнцэн орсон. Тэрээр маш амжилттай суралцсан тул Улсын Дээд шүүхийн хамгийн өндөр албан тушаалтан буюу Америкийн Дээд шүүхийн ерөнхий шүүгч Өөрл Воррэн хуулийн сургуулиас нь Даллин Өүксийг туслах, нарийн бичгээрээ сонгон авчээ.
Ингэснээр ухаалаг, чадварлаг энэ залууд дэлхий дээрх асар их боломж ирэх зам нээгдсэн юм. Ерөнхийлөгч Өүксэд санхүүгийн хөгжил цэцэглэлт, дэлхийн алдар нэрийг авчрах олон санал ирсэн ч тэрээр Их Эзэний төлөвлөгөөнөөс холдоогүй.
Үүний оронд тэр Их Эзэнээр удирдагдаж, намуухан өдөөлтийг дагасан. Тэрээр “Амьдралын минь туршид, миний хамгийн чухал багш бол Их Эзэний Сүнсээр дамжин ирсэн намуухан, хүнгэнэх дуу хоолой, мэдрэмж байсан” гэжээ. 38 насандаа тэрээр Бригам Янгийн Их сургуулийн захирлаар томилогдсон юм.
Би хувьдаа ерөнхийлөгч Өүксээс болон сургаалаас нь 50 гаруй жил суралцаж, зааварлуулж, нөлөөлөгдсөн. Би номлолоосоо буцаж ирээд түүнтэй анх уулзахад тэр БЯИС-ийн эрч хүчтэй, алсын хараатай ерөнхийлөгч байсан юм. Тэр эелдэг, найрсаг, оюутнуудын хайрыг татсан хүн байсан.
Миний төгссөн жил түүний хэлсэн үгээс товчлон хүргэе.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс (1975): Хичээлийн жилийн дундуур би ихэвчлэн сургуулийнхаа цайны газруудын нэгэнд очиж, тавгаа аваад, гайхсан байдалтай суух оюутнуудтай хамт өдрийн хоолоо иддэг. Би үүнийг оюутнуудынхаа бодол санааг мэдэх хамгийн шилдэг боломжуудын нэг гэдгийг ойлгосон. Хэдэн жилийн өмнөх нэгэн намар би Кэннон төвд зочилж, 1-р дамжааны хөвгүүдийн ширээнд суув. Өөрийгөө танилцуулалгүйгээр би тэднээс БЯИС-ийн талаарх үзэл бодол, туршлагыг нь асууж эхлэв. Удалгүй тэр залуусын нэг танихгүй хүний энэ байцаалтад бага зэрэг бухимдсан бололтой “Та энд ажилладаг юм уу, үгүй юм уу?” гэж асуух нь тэр. Тийм ээ гэж намайг хариулахад “Юу хийдэг юм бэ?” гэсэн цөөн үгтэй асуултыг тавив. “Би ерөнхийлөгч” гэхэд бусдынхаа нудрахыг үл тоон тэрээр үргэлжлүүлэн “Юуны ерөнхийлөгч юм бэ?” гэж асуулаа. Би түүнд тайлбарлахад бид бүгдээрээ их л инээлдсэн юм. Гэтэл тэр миний санаанаас хэзээ ч гардаггүй нэг зүйлийг хэлж билээ. “Өө, би уг нь бүх цуглаанд очдог бас таныг тэнд байгааг мэддэг ч та биднээс дэндүү хол суудаг учраас царай чинь харагддаггүй юм” гэж хэлсэн.
Энэ шинэхэн оюутны хэлсэн зүйлээс би оюутнуудад илүү олон харагдаж, тэдэнтэй ойр дотно байхын төлөө хичээе гэж шийдсэн. Би нэг оюутанд “би эхнэр, хүүхдүүдээ аваад маш их аялдаг, үнэндээ Нэгдсэн Улсын 25 мужаар явж майхнаа бариад гадаа хоноглосон” гэж ярьсны дараа тэр шийдвэр маань илүү баттай болсон юм. Тэр итгэж ядсан байдалтайгаар “Та үнэхээр тэгж аялдаг гэж үү? “Ерөнхийлөгч хүн тэгж аялдаг гэж би төсөөлж чадахгүй нь ээ” гэлээ.
Албан ажлын ихээхэн сүр хүч, хол хөндий байдлаас болоод ихэнх хүний хувьд би, бас манай гэр бүлийнхэн бодит хүмүүс биш юм шиг санагддаг гэдгийг би тэгэхэд дахин ойлгосон. Хүүхдүүдэд маань хүртэл нэг удаа намайг үг хэлэхээр индэр дээр сууж байгааг харахад хөндий мэдрэмж төрсөн гэсэн. Хоёр том охины маань нэг “Аав аа, та маш ууртай, дүнсгэр харагдаж байсан. Хэрэв бид таныг таньдаггүй байсан бол уурлаж байна гэж бодох байлаа” гэж хэлсэн. Энэ нь надад хамгийн ойрын хүмүүс маань л намайг инээж, найрсаг хандаж, бүр маш их стресстэй нөхцөл байдал дунд ч хөгжилтэй байж чаддагийг минь мэдэхээс биш бусад нь мэддэггүй юм байна гэдгийг сануулсан. Би багш хүн учраас бусдаас хол хөндий байх нь, тэдэнд хийсвэр хүн шиг санагдах нь ухаалаг хэрэг биш болохоор үүнийг засахыг хүссэн. Би та нарын царайг харахыг хичээдэг шиг та нар миний царайг харах нь чухал.
Ахлагч Нийл Л.Андэрсэн: БЯИС-д байхдаа олон арга хэмжээгээр дамжуулан надад түүнтэй ганцаарчлан ярилцах боломж тохиож байсан. Би түүний итгэл, шударга зан, бусдыг гэсэн анхаарал, хувь хүмүүсийг мэдэх хүслийг нь анзаарч мэдэрсэн. Боломжтой үедээ тэр Их сургуулийнхаа оюутнуудын хуримын цайллагад очдог байсан.
Энэ зураг дээр тэрээр миний хурим дээр Жүнь Өүкс эгчийн хамт ирсэн нь харагдаж байна. Сонирхуулахад, энэ өдрөөс хойш ердөө хэдхэн долоо хоногийн дараа Өүксийн гэр бүл 6 дахь хүүхдээ өлгийдөн авсан ба алдарт хийлч Жэнни Өүкс Бэйкэр мэндэлсэн юм.
БЯИС-аас авхуулаад би түүний үг, сургаалуудаас суралцсаар ирсэн. 16 жилийн дараа Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүний хувиар тэр Францын Бордүд ажлаар ирсэн ба тэр үед би тэнд номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байв.
Ерөнхий эрх мэдэлтнээр 32 жил үйлчлэхдээ би, бусад ах нарын адилаар түүгээр заалгаж, түүнтэй ярилцаж, түүний гайхалтай мэргэн ухаанаас суралцаж адислагдсан. Энэ бол ерөнхийлөгч Өүкс, Кристин Өүкс эгч хоёртой хамт хэдэн жилийн өмнө Латин Америкт авхуулсан Кэти, бид хоёрын зураг.
93 настай ерөнхийлөгч Өүкс амьдралдаа агуу их амжилтад хүрснээс гадна гунигтай, урам хугарсан мөчүүдийг ч туулсан. 27 жилийн өмнө намайг Далын гишүүн байхад, түүнийг Арван хоёрт үйлчилж байхад түүний эхнэр Жүнь Өүкс эгч нас барсан юм. Үүний дараах саруудад би түүний зовж, шаналахыг харсан. Хайрт хань Жүньдээ хүндэтгэл үзүүлж, гэр бүлийнхэнтэйгээ түүний амьдралын тухай мөн түүнийг гэсэн хайр, дурсамжаа хуваалцахаар тэр гайхалтай ном бичсэн.
Кристин Маккэйн эгчтэй учирч, шархалсан зүрхээ нээсэн нь хоёр жилийн дараа байв. Сүүлийн 25 жилд Кристин эгч түүний амьдралд хэмжээлшгүй их хайр, аз жаргалыг авчирсан. Кэти, чи Кристин Өүкс эгчийн талаар ямар нэг зүйл хэлэх үү?
Кэти Андэрсэн эгч: Би Өүкс эгчийн талаар хэдэн зүйлийг хэлмээр байна. Би Кристин Өүкс эгчид хайртай. Хэрэв та нар түүнийг хараахан таньдаггүй бол удахгүй бас хайрлах нь гарцаагүй. Хэд хоногийн өмнө нөхөр минь гэртээ ирээд “ерөнхийлөгч Өүкс, Өүкс эгч хоёрын видеог үзсэн үү?” гэж асуусан юм.
Тэгэхэд нь би “чи надад хэлсэн бил үү эсвэл хэлээгүй бил үү сайн санахгүй байна. Гэхдээ энэ үнэхээр гайхалтай видео байна лээ, залуучуудад таалагдах нь гарцаагүй” гэж хариулсан. Нөхөр минь “Юу л даа, залуучууд бүгдээрээ үүнийг аль хэдийн үзсэн байх” гэв.
Би түүнд “Зүгээр ээ, Би үүнийг өдөр бүр үзэх дуртай учраас залуучууд дахиад үзэхдээ ч дуртай байна даа. Үнэхээр гоё байсан” гэж саналаа хэлсэн. Нөхөр минь ч санал нийлсэн.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: Чи тэднээр үүнийг хийлгэсэн юм уу?
Кристэн Өүкс эгч: Би тэднээр үүнийг хийлгээгүй ээ.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: Төрсөн өдрийг чинь тохиолдуулан би чамд намайг аз жаргалтай, илүү сайн хүн, илүү мэдээлэлтэй Сүмийн удирдагч, илүү үр дүнтэй өвөө, элэнц өвөө, хуланц өвөө болгодогт баярлалаа гэж хэлмээр байна. Бид 29 ач, зээ, 75 ачинцар, зээнцэр, удахгүй төрөх нэгийгээ оруулаад 3 гучтай. Тэр 28 насандаа маш олон хүнийг тэргүүлж байсан эмэгтэй.
Кристэн Өүкс эгч: Энэ үнэхээр нэр төрийн хэрэг байсан. Миний хувьд гэр бүлтэй байгаа минь, ойр дотно гэр бүлтэй мөн эхнэр тань байгаадаа хамгийн гайхалтай зүйл гэж би боддог.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: Баярлалаа.
Кристэн Өүкс эгч: Тэр бол дэлхий дээрх миний хамгийн хайртай хүн гэдгийг би түүнд үргэлж хэлдэг.
Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: Миний хувьд тэр ч мөн адил.
Кэти Андэрсэн эгч: Та нарт таалагдав уу? Үнэхээр гоё байгаа биз? Кристин Өүкс эгч бол Есүс Христийн үнэнч шавь юм. Түүний амьдрал итгэл, хайраар бялхдаг. Тэр маш зөөлөн сэтгэлтэй нэгэн, би түүнийг дэлхий дээрх энхрийхэн тэнгэр элч гэж боддог.
Ахлагч Нийл Л.Андэрсэн: Их Эзэн Даллин Харрис Өүксийг энэ олон арван жилийн туршид тэтгэж, зааж, сургаж, амьдралынх нь сүүлийн жилүүдэд бэлтгэж ирсэнд нь би ямар их талархаж байна гээч.
“Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно” хэмээсэн судрыг бага залуугаасаа тэр өөрийн уриа болгосон юм.
Тэрээр энэ бүхнийг дэлхийн нэр алдар, эд баялагт анхаарал хандуулалгүйгээр хийсэн. Их Эзэн түүний зүрх сэтгэлийг төлөвшүүлсэн ба түүнийг дэлхий дээрх Бурханы бошиглогчийн хувиар үйлчлэх үед биднийг төлөвшүүлэхэд ашиглах болно.
Бидний бошиглогчийн зан чанарыг илэрхийлэх нэг зүйлийг та нартай хуваалцъя. Мэйнард Диксоны энэ сонирхолтой зураг түүний өрөөнд 40 гаруй жил өлгөөтэй байгаа. Энэ зургийн нэрийг Мартагдсан хүн гэдэг.
Зураг дээр нэгэн эр хашлага дээр гуниглан сууж буйгаар дүрслэгдсэн байдаг. Түүний ард амьдрал хөврөн урсах ч хэн ч түүнд анхаарал хандуулдаггүй.
Ерөнхийлөгч Өүкс Бурханы хөвгүүн, охин нэг бүрийг хайрладаг. Энэ зураг түүнд ганцаардсан, урам нь хугарсан, өөрсдийн үнэ цэнийг, Тэнгэрлэг Эцэгийнхээ хайрыг мэдэх хэрэгтэй байгаа хүмүүст хүрч туслах ёстойг нь сануулдаг.
Зурагт дүрслэгдсэн хүн өөрийгөө мартагдсан гэж бодож байгаа ч түүний толгой дээр тусаж байгаа нар Тэнгэрлэг Эцэг зовлон бэрхшээлийг нь мэдэж ойлгодог гэсэн утгыг илтгэдэг гэж ерөнхийлөгч Өүкс онцолсон. Тэрээр энэ зургийг ихээхэн сургамжтай, мартах ёсгүй зүйлсийг нь сануулж тусалдаг гэж ярьсан. Би ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн зүрх сэтгэлийг үнэхээр биширч хайрладаг.
Вашингтон Ди Си дэх залуучуудтайгаа бид ерөнхийлөгч Өүксийн байнга хөнддөг гурван чухал сэдвээр ярилцсан. Гэхдээ эхлээд дэлхийн өнцөг булан бүрээс ерөнхийлөгч Өүксэд хандаж хайраа илэрхийлсэн мэндчилгээг хүлээн авч үзэцгээе.
Хавайн залуучуудын бүлэг: Алоха, ерөнхийлөгч Өүкс, Өүкс эгч хоёр оо! Та хоёрын бидэнд бас Сүмд үзүүлдэг үлгэр жишээнд бид маш их талархдаг. Бид таныг хайрладаг бас дэмждэг.
Юта мужийн Огден хотын залуучуудын бүлэг: Сайн байцгаана уу, Юта мужийн Огденоос мэндчилж байна. Ерөнхийлөгч Өүкс, бид таны зөвлөгөөнд ялангуяа өргөмжлөл бол гэр бүлийн ажил хэрэг гэж заасанд тань талархаж байна. Бид танд хайртай, таныг дэмждэг шүү.
Италийн Ром хотын залуучууд: Сайн байна уу ерөнхийлөгч Өүкс. Бид Италийн Ромоос танд хайраа илгээж байна. Бид мөнхийн гэр бүлийн тухай таны сургаалд үнэхээр дуртай. Тантай Мөнхийн хотод уулзахыг хүсэн хүлээж байгаа шүү. Баяртай! Бид та нарт хайртай!
Ахлагч Нийл Л.Андэрсэн: Өнөөдрийн эхний сэдэв бол үнэний төлөө зогсох, хоёр дахь нь гэр бүл, гэрлэлт, үр хүүхэд, гурав дахь нь илчлэлийн талаар юм.