Жил тутмын нэвтрүүлэг
Тэрхүү хүч тэдний дотор буй


24:7

Тэрхүү хүч тэдний дотор буй

2025 оны ИС-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг

2025 оны 1 дүгээр сар 23, баасан гараг

Оршил

Вэбб ахын үгс гайхалтай байлаа. Институт, семинарын хувьд маш сайхан цаг үе тохиож байна. Бидэнд амьдралд бэлтгэх шинэ хөтөлбөр байгаа. Мөн бидэнд Институтийг шинэчлэх санаачилга байна. Семинар, институтэд хамрагдагчдын тоо ч өсөн нэмэгдсээр байна. Бидний хийж байгаа эдгээр бүх зүйл суралцагчдын туршлага болон хичээлүүдийг мартагдашгүй болгоход тусалж байна. Гэрээнүүдээр дамжуулан нэмэлт хүч чадал ирдэг гэж хэлсэн Вэбб ахтай би санал нийлж байна. Залуучууд, өсвөр үеийнхэн, залуу насанд хүрэгчдийг гэрээ байгуулж, гэрээнүүдээ шинэчлэх үед, хийж байгаа бүхнийг маань өсгөн нэмэгдүүлэх хүч бидний ажилд орж ирдэг.

Ангидаа илүү гүн гүнзгий суралцах талаар би өнөөдөр жаахан яримаар байна. Ерөнхий эрх мэдэлтний хувьд би номлолуудаар үе үе явж, номлолын өсөлтийг харж, номлолын удирдагчдыг ажиглан, номлогчдын уур амьсгал, хандлагыг үнэлж шинждэг.

Ийм нэгэн айлчлалын үеэр надад номлол даяар удирдлагын үүрэг хүлээн авсан номлогчид бүхий Номлолын удирдлагын зөвлөлийг ажиглах боломж гарсан юм. Эдгээр залуу удирдагч бүгд итгэлтэй байсан ч номлолын ерөнхийлөгчийн номлол даяар өгсөн үүрэг хариуцлагад туршлага муутай зарим номлогчийг оролцуулах шийдвэр гаргахдаа тулгамдаж байв. Номлогчдын нэг нь ийм өндөр хариуцлага бусад номлогчид хүлээлгэн найдаж болохгүй гэж санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм. Тэр тэднийг тухайн хариуцлагыг гүйцэтгэх чадвартай эсэхэд эргэлзэж байснаас гадна үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэхэд сүнслэг байдлын хувьд гүйцэд төлөвшөөгүй гэж бодож байв. Туршлага багатай номлогчдод энэ нь дэндүү ахадсан ажил шиг бусдад нь санагдсан бөгөөд удирдлагын бүлгээрээ уг үүргийг өөрсдөө гүйцэтгэвэл илүү хялбар байх болов уу гэж тэд бодож байлаа.

Сүмийн өргөн хүрээний туршлагаар, санааг нь зовоож байгаа номлогчдоос тийм ч ахмад биш эдгээр залуу номлогчийг хараад надад инээмсэглэл тодорсон. Тэгээд би уг удирдлагын бүлгээс Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ үйлдэх, өсөж хөгжих, сайн мэдээний үүрэг хариуцлагыг хүлээн авах боломж олгодог тухай бодохыг хүсэж билээ. Тэдний өнцгөөс харахад, өөрсдийнх нь туршлага, чадвар номлолын бусад номлогчийнхоос их ялгаатай харагдаж байсан байх. Тэгээд би Бурханы харах өнцгөөс, дээрээс харахад бид ямар харагдаж болох талаар бодохыг тэднээс хүссэн.

Номлолын удирдлага, номлолын бусад номлогч хоёрын хоорондох ялгаа Бурханы бидэн рүү харах өндөрлөгтэй харьцуулахад ялгаагүй шахуу харагдаж болох юм. Гэсэн хэдий ч Тэрээр цаг ямагт чухал үүрэг хариуцлага даалгаж, бидний олонхыг бишоп, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, бүсийн удирдагч болон номлогч эгч нарын сургагч удирдагчаар оролцуулдаг.

Сургаал ба Гэрээнүүд дээрээс бид “Үнэнээр би хэлнэ, хүмүүс зөв байр суурийн төлөө санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хийж, мөн зөв шударга байдлыг ихээр тохиолгон авчрах ёстой; Учир нь хүч тэдэнд буй, үүгээр тэд өөрсдийнхөө төлөө сонгогчид юм. Мөн хүмүүс сайныг үйлдэхийн хэрээр тэд яавч шагналаа алдах учиргүй” хэмээн уншдаг.

Суралцахуй болон хувийн хөрвөлтөө гүнзгийрүүлэхдээ өөрсдийн сонголтыг ашиглах боломжийг суралцагчдад олгон, тэдэнд итгэж найдах шаардлага багш нарт гардаг тухай би өнөөдөр яримаар байна. Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Хичээнгүйлэн суралцахад урь” хэсгээс би голчлон ярих болно.

Ифер номын 3-р бүлэгт Жаредын ах: “Ай Их Эзэн, эдгээр чулуунд хуруугаараа хүрээч мөн тэдгээрийг харанхуйд гэрэлтэж болохоор бэлтгэж өгөөч; … тэгснээр бид далайг гатлахдаа гэрэлтэй байж болох болой” хэмээн Их Эзэнээс гуйдаг. Би удаан хугацаанд энэ түүхийг болон энэ харилцааг Жаредын ах өөрөө санаачилж, сонголтоо ашигласан үйлдэл гэж боддог байсан ба тийм ч байсан. Гэхдээ Их Эзэн юуны түрүүнд Жаредын ахыг хариуцлага хүлээхэд урьж байгааг би саяхан л анзаарлаа. Мормоны Номын энэ бошиглогчийг гэрэлтүүлж болох чулууг олохоос өмнө Их Эзэн түүнд хөлөг онгоц барихыг төдийгүй хөлгийг гэрэлтүүлэх боломжтой шийдлийг олох хариуцлагыг хүлээлгэсэн аж.

Жаредын ахыг шийдэл санал болгохоос өмнө Их Эзэн түүнээс ийн асуужээ. “Далайн гүнд хучигдахын цагтаа та нар гэрэлтэй байж болохын тулд намайг та нар юу бэлтгээсэй хэмээн хүсэж байна вэ?” Энэ нь яг миний өмнө байж байсан. Би өмнө нь хэзээ ч үүнийг анзаарч байгаагүй. Жаредын ахыг бидний биширдэг үйлдлийг үйлдэхээс өмнө, түүнийг үйлдэхэд болон шийдлийн хариуцлагыг хүлээхэд урьсан байсан. Тийм ээ, Жаредын ах санаачилга гаргасан. Гэхдээ түүнийг бодож, үйлдэж, шийдвэр гаргахад урьснаар Агуу Багш үүний тохиолдох боломжийг нэмэгдүүлсэн юм.

Аврагчийн арга барилаар заах нь дээрээс бид ийн уншдаг: “Аврагчийг усан дээгүүр алхаж байхыг харах сэтгэл хөдлөм байсан нь тодорхой. Гэхдээ энэ нь Петрийн хувьд хангалтгүй байв. Тэр Аврагчийн үйлдсэнийг үйлдэж, байсан газарт нь байж, адил туршлага хуримтлуулахыг хүссэн.” Өөрөөр хэлбэл, Аврагч бид бүгдийн төлөө сурсны адил, шавь нараа хичээнгүйлэн суралцахад урьсан.

Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагад заасан, хичээнгүйлэн суралцахад урих гурван арга замын талаар би өнөөдөр ярих болно. Нэгдүгээрт, ”суралцагчдыг суралцахаар бэлтгэхэд урь.” Хоёрдугаарт, ”суралцаж байгаа үнэнийхээ талаар хуваалцахад суралцагчдыг урамшуул.” Гуравдугаарт, ”сурч мэдсэн зүйлийнхээ дагуу амьдрахад тэднийг урь.”

Хичээнгүйлэн суралцахад хүргэх эдгээр хүчин зүтгэл бүрийн талаар намайг ярих үед бид дараах хоёр зүйлийг үйлдээсэй гэж би найдаж байна. Нэгдүгээрт, бид суралцагчдаа Бурхан тэднийг хэрхэн хардгийн адилаар харж, тэдэнд хүч чадал байгааг зөвшөөрөөсэй мөн бид бүгдэд үйлдэх, чөлөөт сонголтоо ашиглах тэнцүү боломж өгөгдөх үед бид бүгд суралцах чадвартай гэсэн Бурханы өнцгөөс хараасай гэж найдаж байна. Хоёрдугаарт, сайжруулах шаардлагатай зүйлс байгаа бол хичээнгүйлэн суралцахад урьж болох арга замыг тунгаан бодоосой гэж би найдаж байна. Түүнчлэн би энэ өдөр Сүнс таны заах үйл явцад эдгээр боломжийг гэрэлтүүлж туслаасай хэмээн залбирч байна.

Миний сайн мэдээг номло номоос бид “Сайн багшаас суралцах нь чухал ч судруудыг бие даан судалснаар утга учиртай суралцах туршлага олж авах нь мөн адил чухал” гэж уншдаг. Суралцагчдаа суралцахад бэлтгэхэд урих нэг арга зам нь тэднийг судраас судлахад урих явдал юм. Суралцагчид маань судруудаар дамжуулан Их Эзэнтэй хувийн болон шууд харилцаа холбоог хөгжүүлж сурах хувийн боловсрол олж авахын тулд ангиас бага хамааралтай байхад нь бид тэдэнд туслах ёстой. Семинар, институтэд оролцохыг уриалахаас гадна бид суралцагч бүрийг судрууд болон бошиглогчдын бусад захиасыг уншихад урьдаг. Энэ нь ангийн ярилцлагаас өмнө байвал хамгийн үр дүнтэй. Яагаад гэвэл, бэлтгэл нь сурах явдлыг гүнзгийрүүлэхээс гадна танхимын эсвэл онлайн хичээлийн ярилцлагын чанарыг сайжруулдаг.

Суралцагчдад бэлтгэхэд нь туслах маш олон арга зам бий. Миний тусалдаг арга замуудын нэг бол хичээлийн төгсгөл бүрд дараагийн хичээлийн уншлагын талаар сануулах явдал юм. Ангид байгаа үедээ би ихэвчлэн самбарын баруун дээд хэсэгт уншлагын хуваарийг бичээд, хичээлийн төгсгөлд энэ талаар дурддаг. Онлайнаар хичээл явуулж байгаа үед хичээл заах загварт үүнийг программчлан оруулж болдог. Хичээлээс өмнө судраас судлахыг урих өөр аргуудад ангийн ярилцлагаас өмнө суралцагчдад э-мэйл юм уу мессежээр сануулга явуулах нь багтаж болох юм. Суралцагчдыг орой ангидаа ирэх үед уншсан судраасаа сурсан зүйлээ хуваалцах эсвэл үүнтэй холбоотой асуух зүйлээ хуваалцахад урьснаар суралцагчдын бэлтгэлийг үнэлж, судраас урьдчилан суралцах байдлыг сайжруулж чадна.

Судар судлахаас гадна, суралцагчдыг сурахад бэлтгэхийг урих өөр аргууд бий. Ангид ярилцлага өрнүүлэхээс өмнө суралцагчдад бодож тунгаах асуултуудыг тавьдаг үр дүнтэй багш нарыг би харсан. Хичээлд бэлтгэх үр дүнтэй өөр нэг эх сурвалж бол зарим суралцагчаар хичээлийн нэг ухагдахууныг заалгах эсвэл бусдын ойлголтыг гүнзгийрүүлж болох туршлагыг нь хуваалцуулахаар хичээлээс өмнө бэлдэхийг хүсэх явдал юм. Эдгээр зүтгэл нь багшийн зүгээс илүү ихийг хийхийг мөн суралцагчдынхаа хэрэгцээ, туршлагын талаар илүү ихийг мэддэг байхыг шаарддаг ч, эдгээр нь бүх суралцагчийнхаа суралцах туршлагыг гүнзгийрүүлэхэд маш их нөлөө үзүүлдэг.

Багш нарыг суралцагчдыг урьдчилан бэлтгэхэд урьсан эсэхийг би шууд мэддэг. Учир нь эдгээр урилгын үр дүнд суралцагч хичээл зүтгэл гаргадаг төдийгүй ярилцлага нь гүн гүнзгий, илүү утга учиртай байж, Сүнсийг бүрэн дүүрэн мэдэрдэг. Ангийн ярилцлага эсвэл үйл ажиллагаанаас өмнө суралцагчдыг сурахад бэлтгэхэд хэрхэн урьж болох талаар бодоорой.

Гүнзгий суралцах нь хөндлөнгөөс зүгээр сонсохоос хавьгүй илүү зүйл билээ. Суралцагчид маань урагш өндийж суун, идэвхтэй суралцах хэрэгтэй байна. Ийн үйлдэх нэг арга нь суралцагчдад сурч байгаа зүйлээ бусадтай хуваалцах боломж олгох явдал юм. Хэрэв та нар заалгаж байгаа зүйлээ бусадтай хуваалцах талаар асууна гэдгийг мэдэж байгаа бол өөрөөр бэлтгэдэг. Энэ шаардлага нь арай өөрөөр, илүү идэвхтэй сонсоход тусалдаг. Мэдээж, сурсан зүйлээ илэрхийлэн ярих нь уг ойлголтуудыг гүнзгийрүүлээд зогсохгүй суралцагчийн сурч, мэдэрч байгаа зүйлийг улам тодорхой болгодог.

Сургаал ба Гэрээнүүдэд “Өөрсдийнхөө дунд багшийг томил, мөн бүгдээрээ нэг зэрэг яригчид бүү байг; харин бүгдээрээ ярихад бүгдээрээ бүхнээс сэнхэрсэн байж болохын тулд, мөн хүн болгон тэгш боломжтой байж болохын тулд нэг нэгээрээ ярьж, мөн бүгдээрээ түүний хэлэхийг сонсог” хэмээн бидэнд анхааруулсан байдаг.

Томилогдсон багш ерөнхийдөө илүү их туршлагатай, ихэнх суралцагчаас илүү гүн гүнзгий түвшинд материалаа судалсан байдаг нь мэдээж. Захиасныхаа эхэнд би бусдад тэднийг хөгжүүлэх үүрэг хариуцлага онооход найдаагүй номлогчдын талаар хуваалцсаныг санаж байна уу? Суралцах туршлагад багш давамгайлж байгаа үед тэрээр өөрийнх нь заавар ятгаж сэнхрүүлэм төдийгүй өөрийнх нь мэдрэмжтэй нийлдэг учраас өөрийгөө үр дүнтэй багш гэж бодож магадгүй. Гэхдээ суралцагчдыг оролцуулахгүй бол тэр багш заавар нь тэдний суралцахуйд үнэндээ хэр нөлөөлж байгааг мэдэхгүй байх магадлалтай. Түүнээс гадна, заавар өгдөг ганц эх сурвалж бусад суралцагчид сурч байгаа зүйлээ хуваалцах гүнзгий боломжийг олгодоггүй.

Суралцагчдад сурч байгаа зүйлсээ хуваалцах боломж олгох олон арга байдаг. Ийн үйлдэх хамгийн энгийн нэг арга бол тунгаан бодох цаг гаргаж өгөх явдал юм. Ярилцлагын нэг хэсэг болгож суралцах тэмдэглэлд бичүүлэх, бүр тунгаан бодох үйл ажиллагааг явуулснаар ийн үйлдэж болно. Түүнчлэн сургаалт зүйрлэл, амьдралын аливаа нөхцөл байдал, хувийн амьдрал дахь хэрэгжилт зэргийг танилцуулаад, бусадтай хуваалцахаасаа өмнө бодлоо бичиж, тунгаан бодох боломжийг суралцагчдад олгож болно.

Мөн суралцагчдад бодох, бодол санаагаа хуваалцахад урих асуултуудыг тавин ярилцлага өрнүүлэх байдлаар суралцах туршлагад бүгдэд адил тэгш боломж олгох нь бас нэгэн арга зам юм. Хэрвээ надад гурван сайн асуулт байвал би нэг ангид нэг цагийн турш хичээл зааж чадна гэж би хэлдэг байсан. Би заахаар бэлтгэхдээ, эхлээд хичээлийн сэдэв болон суралцах зорилгод үндэслэн асуултуудыг зохиож бичдэг. Аль судар, бошиглогчийн үгс эсвэл хувийн туршлага эдгээр суралцах зорилгод илүү дөхөм байгааг шийдээд, дараа нь би эдгээр суралцах зорилгын тухай үнэнийг олж мэдэхэд нь суралцагчдад туслах арав гаруй асуултуудыг ахин дахин зохиож бичдэг. Миний бичиж авсан асуултуудын зарим нь няцаамгүй, илүү ятгам байдаг бол бусад асуулт нь миний гол сэдэвт зориулсан, гүнзгийрүүлэх үр нөлөөтэй асуултууд байдаг.

Мөн танд асуух асуултуудаа болон ярилцлагын уур амьсгалаа илүү үр нөлөөтэй болгох аргууд бий. Нэг юм уу хоёр суралцагч ярилцлагад давамгайлан оролцох нь багш давамгайлан зааж байгаагаас онц ялгаагүй. Би бүлгийн дунд асуулт тавихдаа, асуулт тавьсны дараа суралцагчдын хариултыг сонсохоосоо өмнө цаг гаргаж өгдөг. Тэр даруй хариулт авч сурсан багшид энэ нь тухгүй санагдаж болох ч ганц, хоёр мөч завсарлах нь багадаа хоёр тал дээр ач тустай. Нэгдүгээрт, энэ нь суралцагчдад тунгаан бодох цаг гаргаж өгдөг. Хоёрт, ярилцлагад хариу өгөх хүмүүсийн хүрээг өргөжүүлэх нэмэлт цагийг багшид гаргаж өгдөг. Хамгийн эхэлж гараа өргөсөн хүнийг дуудах албагүй гэдгээ санаарай. Ангид асууж магадгүй асуултуудаа хичээлээс өмнө суралцагчдад тавих нь тэдэнд бэлтгэхэд нь тусалдаг бөгөөд ялангуяа ичимхий, хариулт нь тус нэмэр болохгүй гэж боддог суралцагчдад тустай байдгийг би олж мэдсэн. Оролцоход урихын тулд бүх талаар аюулгүй суралцах орчныг бий болгох шаардлагатай гэдгийг санаарай. Суралцагчийн хуваалцсан үгс дээр суурилан ярих, эсвэл дараа нь түүнд мессеж илгээх зэрэг нь тэдний оролцоог сайжруулж, суралцагчдад өөрсдийнх нь оролцоог үнэлж байгааг мэдрүүлэхэд тустай.

Эцэст нь хэлэхэд, хамгийн сайн явагдаж байгаа бүлгийн ярилцлагаар ч заагдсан хугацааны дотор бүх эсвэл ихэнх суралцагчид оролцох боломжийг олгохгүй байж болно. Би ихэвчлэн гол асуултуудынхаа нэгийг авч, суралцагчдаас хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгүүд болон хуваалцахыг хүсдэг бөгөөд тэгснээр бүх ангийнханд сурч байгаа зүйлээ бусадтай хуваалцах ядаж нэг боломж гардаг. Бид суралцаж байгаа үнэнийхээ талаар хуваалцахад суралцагчдыг урамшуулснаар өөрсдийн суралцах үйл явцад хариуцлага хүлээхэд тэднийг урьдаг.

Сонгох хүч нь өөрсөд дээрээ үйлдүүлэх биш, харин өөрсдөө үйлдэх боломжийг олгодог хэмээн Нифай заасан. Анги маань суралцагчдад суралцах явцдаа үйлдэх, хариуцлага хүлээх орчныг бий болгож байна уу, эсвэл суралцагчид маань чимээгүй сонсох зуур үйлдүүлж байгаа идэвхгүй орчныг бий болгож байна уу? Хэрвээ хэн нэгэн энэ долоо хоногт танай ангид очвол, тэд суралцагчдад суралцах үйл явцад оролцох боломж өгөгдөхийг харах уу? Бид суралцагчдад өөрсдийн ойлголт, сүнслэгээр өдөөгдсөн зүйлс болон олж харсан үнэнээ хуваалцах боломжийг олгохгүй бол хичээнгүйлэн суралцахад урих нь хэцүү байдаг. Суралцаж байгаа үнэнүүдээ хуваалцахад суралцагчдыг урамшуулан, үүнийг ангийн туршлагын нэг хэсэг болго.

Ахлагч Дэвид А.Бэднар: “Аврагчид итгэх итгэл нь үйлдэл болон хүчний зарчим учраас үйлдэхийг урих нь чухал. Их Эзэний үйлчлэгчийн хувьд, миний үүрэг хариуцлага бол зөвхөн мэдээллийг түгээх явдал биш юм. Хэрэв хүмүүс Есүс Христэд итгэх итгэлээ өсгөхийг хүсэж байгаа бол тэд Аврагчийн сургаалын дагуу үйлдэх хэрэгтэй” хэмээн заасан.

Сүмийн боловсролын системийн шашны боловсрол олгох зорилго нь “Суралцагч нэг бүрд насан туршдаа Есүс Христийн шавь байж, гэрээнүүдийг байгуулан бас сахиж, Бурханыг болон бусдыг хайрлан, хөшигний хоёр талд Израилыг цуглуулах чадвартай, хүсэлтэй, шийдвэр бүхий болоход туслах арга замуудаар Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг заах” явдал юм. Илүү сайн болж, сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдрахад урих урилгыг багтаан заах үед л ийм шавь төрөн гардаг.

Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагад дараах үгс бий. ‘Хүмүүсийн өмнө гэрлээ гэрэлтүүл.’ ‘Дайснуудаа хайрла.’ ‘Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө.’ ‘Та нар давчуу хаалгаар орогтун.’ Maтай 6:1644; 7:713 Аврагч дэлхий дээрх бүх тохинууллынхаа хамгийн тод, мартагдашгүй урилгын заримыг Галилын тэнгисийн зэргэлдээ орших уулын энгэрт шавь нартаа зааж байхдаа өгсөн байдаг. Аврагчийн зорилго бол амьдралыг өөрчлөх явдал байсан бөгөөд энэ нь Түүний “Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртэй зүйрлэгдэнэ” (Матай 7:24; тодотгол нэмэгдсэн) гэх сүүлийн урилгаас нь тодорхой харагдаж байна. Суралцагчдаа ангид суралцаж буй зүйлийнхээ дагуу амьдрахад урина уу.

Хэлэх үгээ бэлтгэж байхдаа, би та нарыг нэг бүрчлэн Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Хичээнгүйлэн суралцахад урь” хэсгээс судлан бэлтгэхийг хүссэн. Бид биечлэн хамтдаа байдаггүй бас зарим маань хувь хувьдаа үзэж байж болох болохоор, би та нарыг дараах асуултуудын талаарх бодлоо цугларсан сургалтын хамт олонтойгоо эсвэл онлайн бүлэгтэйгээ хуваалцахад уриалж байна. Мөн сургалтын удирдагчид үүнийг зохицуулах болно. Тэдгээр асуултаас дурдвал:

  • Сайн мэдээний суралцахуй нь хувиараа үйлдэх, бэлтгэх, хуваалцах, хувийн урилгад хариу өгөх зэргийг багтаах үед яагаад илүү үр дүнтэй байдаг вэ?

  • Дээрх асуултын талаар ажигласан зүйлийг тань судрын эсвэл бошиглогчийн аль мэдэгдэл баталж байна вэ?

  • Эдгээр мэдэгдлийн юу нь тантай илүү холбогдож байна вэ?

Бидний судалсан дараах зарчмуудын талаар бодож, эдгээр нь хэрхэн суралцагчдад хичээнгүйлэн суралцах явдлыг хэвшүүлдэг тухай бодоорой. Нэгдүгээрт, суралцахад бэлтгэхийг суралцагчдадаа уриал. Хоёрдугаарт, сурч байгаа үнэнээ хуваалцахад суралцагчдыг урамшуул. Гуравдугаарт, сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдрахад тэднийг урь.

Заах аргаа эдгээр гурван тал дээр хэрхэн сайжруулж болох талаар бодохыг би та нарт уриалж байна.

  • Суралцах туршлагын өмнө би суралцагчдаа суралцахад бэлтгэхэд нь хэрхэн илүү тогтмол, илүү үр дүнтэй урих вэ?

  • Би ангийнхаа гишүүдийг сурсан зүйлээ хуваалцахад болон ангидаа идэвхтэй оролцогч байхад ямар арга замуудаар урамшуулан дэмжиж болох вэ?

  • Эцэст нь, суралцагчдыг маань хүчирхэгжүүлж, сурч мэдсэн зүйлийнхээ дагуу амьдрахад урьдаг ямар урилгууд байдаг вэ?

Ах, эгч нар аа, бид та нарт маш их хайртай, мөн хичээнгүйлэн суралцах Аврагчийн загварыг дагахад урих боломж бидэнд бий. Суралцагчдадаа итгэж найдаарай. Энэ бол тэдний хувьд Их Эзэний хүсэн хүлээж буй хүн болох цорын ганц арга зам билээ. Бид зүгээр л мэдээлэл түгээдэг хүмүүс биш бөгөөд анхаарал татам зан чанар, сонирхол төрөх хичээлээр суралцагчдаа өдөөдөг хүмүүс биш юм. Цаг үе хүндрэл бэрхшээлтэй байгаа энэ үед бид сүнслэг байдлын хувьд тэсэж гарахад нь суралцагчдаа бэлтгэж байна. Сүнслэг байдлын хувьд тэсэж гарах нь Ариун Сүнсний удирдамжийг таньж мэдэх чадвараас хамаардаг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Ирэх өдрүүдэд Ариун Сүнсний заан чиглүүлж, удирдаж, тайтгаруулах, байнга хамт байх нөлөөгүйгээр сүнслэгээр оршин тогтнох боломжгүй байх болно” хэмээн заасан.

Идэвхтэй оролцсоноор хичээнгүйлэн суралцахыг суралцагчдадаа заах үедээ бид тэдэнд хэрхэн Ариун Сүнсийг эрэлхийлж, Түүнээс удирдамж хүлээн авахыг ч бас зааж өгдөг. Энэ ур чадвар нь тэднийг манай ангийг төгсөж гарснаас нь хойш удаан хугацаанд адислах болно. Та хичээнгүйлэн суралцахад суралцагчдаа урьснаар тэдний амьдралд гайхамшиг тохиохыг харах болно гэж би амлаж байна. Тэдний дотор хүч агуулагддаг. Энэ бүхнийг би Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.