Жил тутмын нэвтрүүлэг
Амьдралд бэлтгэх хичээлийг бэлтгэж, заах нь: Багш нартай хамт


10:59

Амьдралд бэлтгэх хичээлийг бэлтгэж, заах нь: Багш нартай хамт

2025 оны ИС-ын жил тутмын сургалтын шууд нэвтрүүлэг

2025 оны 1 дүгээр сарын 23, баасан гараг

Жарэн Дайрэн ах: Бид өнөөдөр энд ирээд, хамтдаа ярилцах боломжтой байгаад баяртай байна. Та нар Амьдралд бэлтгэх хичээл болон өнөөдөр ярилцах зүйлсийн талаар зөндөө сонсож байсан байх. Дадлага ажлаар бидний авч үзэх ур чадварууд нь дараа жил орох Амьдралд бэлтгэх хичээлийг заахаар бэлтгэхэд бидэнд асар их тусална.

Амьдралд бэлтгэх хичээл заахад бэлтгэх нь

Тиймээс өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулахаар Каванау ахыг оршил хэсгийг уншина уу гэж урья. Хүн нэг бүрд тараах материал өгсөн байгаа. Тэгээд Каванау ахаас уг материалын оршлыг уншихыг хүсье. Энэ нь өнөөдөр бидний ярилцах зүйлсийн хам сэдвийг өгөх юм. Уншаарай.

Кавано ах: Амьдралд бэлтгэх хичээл нь суралцагчдад амьдралын саад бэрхшээл хийгээд гайхалтай боломжуудад бэлтгэх ур чадваруудыг олгоход тусална. Судрын бусад цуврал хичээлийн адил Амьдралд бэлтгэх хичээл нь өсвөр үеийнхэн, залуучуудад Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд илүү гүнзгий хөрвөгдөн, ариун сүмийн адислалыг хүртэхүйц зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ мөн бусдыг Тэнгэр дэх Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдралд бэлтгэхэд туслах явдал юм.

Энэ хичээлүүд нь Есүс Христэд төвлөрч, Бурханы үгэнд суурилж, суралцагчдын хэрэгцээ шаардлагыг хангахад анхаарсан болно. ИС-ын зорилгодоо хүрэхийн тулд үр дүнтэй заахад туслах хэд хэдэн чухал ур чадвар байдаг. Дараах зүйрлэлийг бодож үз: Байт харваа заахаар бэлтгэж буй дасгалжуулагч нь бай, нум сум, мөн суралцагч бүрд дадлага хийх боломжийг олгох ёстой.

Энэ зүйрлэлийг семинарын хичээлийг заахад бэлтгэхдээ хэрэгжүүлье.

Дайрэн ах: Маш их баярлалаа. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр та бүхнийг дотроо залбирахыг уриалж байна. Дээр дурдсанчлан ийм боломж олдож байгаад би баяртай байна. Энэ нь эдгээр ур чадварыг хэрэгжүүлэхэд биднийг болон суралцагчдыг маань асар ихээр адисална гэдгийг би мэднэ. Тиймээс бүгдээрээ эхлээд байны талаар мөн энэ нь уг зүйрлэлд юуг төлөөлж байгааг ярилцъя.

Симмонс ахыг тараах материал дахь хичээлийн зорилгын доор байгаа эхний хэсгийг уншихад урья.

Симмонс ах: Хичээлийн зорилго нь суралцах туршлагын эцэст суралцагчид юуг сурч мэдэн, мэдэрч, эсвэл хийсэн байх ёстой талаарх тодорхой байг өгсөн байгаа. Суралцагчдын суралцахуйд зориулж хичээлийн тодорхой зорилготой байснаар бид хичээлийн явцад суралцагчдыг юуг хийхэд урихаар төлөвлөж байгаадаа төвлөрч чадна. Нэг дэх ур чадвар: Хичээлийн оршил догол мөрийн хамгийн сүүлчийн өгүүлбэрт орсон хичээлийн зорилгыг тодорхойлж, тэмдэглэ.

Дайрэн ах: За, та нарт хувь нь байгаа “Технологийг хариуцлагатай ашиглах” гэсэн 177-р хичээлд хэрхэн бэлтгэхийг ярья. Оршил хэсгийг харвал догол мөрийн хамгийн сүүлчийн өгүүлбэрт уг хичээлийн зорилгыг бичсэн байна. “Энэ хичээл нь технологийн хэрэглээндээ хариуцлагатай хандахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад нь суралцагчдад туслах” гэсэн байна. Тиймээс би тэр хэсгийг тодруулж тэмдэглэнэ.

Одоо бүгдээрээ энэ энгийн ур чадварыг давтъя. Хичээлийн төлөвлөгөөнд тусгаснаар дараагийн хичээл бол “Их Эзэнээр дамжуулан сэтгэлийн тэнхээтэй болох” гэх 185-р хичээл орно. Тиймээс би та бүхэнд оршил хэсгийг хараад, уг хичээлийн зорилгыг тодорхойлж, тодруулж тэмдэглэх хугацаа өгье.

Дайрэн ах: Одоо бүгдээрээ хоёр дахь ур чадвараар дадлага хийцгээе. За, би Алкала ахыг Тодоор бичсэн үнэний доор өгсөн хоёр дахь ур чадварын тодорхойлолтыг уншихад урья. Одоо бид нум, сум руу орж байна.

Алкала ах: Судрууд болон Сүмийн удирдагчдын сургаал дахь тодоор бичсэн үнэн нь нум сум шиг хичээлийн зорилгод хүрэхэд шаардагдах хэрэгслээр суралцагчдыг хангадаг. Суралцах туршлага нь Бурханы үгэн дээр суурилсан байх үед бид суралцагчдын Ариун Сүнсний хүчээр суралцах магадлалыг өсгөн нэмэгдүүлдэг. Хоёр дахь ур чадвар: Хичээлийн тодоор бичсэн үнэнийг олоод, үүнийг судрууд болон Сүмийн удирдагчдын сургаалын хаанаас олсныг тэмдэглэ.

Дайрэн ах: Маш их баярлалаа. Харин одоо 177-р хичээл рүү эргэн очъё. Би энэ хичээлийг бэлтгэж байхдаа тодоор бичсэн үнэнүүдийг олоод, яг энэ хичээлд хоёр үнэн байгааг анзаарсан. Эхнийх нь: “Их Эзэн биднийг цагаа дэмий үрэхгүй, сайн сайхны төлөө санаа сэтгэлээ бүрэн зориулаасай гэж хүсдэг.” Хоёр дахь нь: “Сайныг үйлдэхэд ятгадаг, сэнхрүүлдэг тэр зүйл Бурханаас ирдэг” гэсэн үнэн.

Дараа нь би судруудыг болон ахлагч Бэднарын хэлсэн хоёр эшлэлийг судлаад, эдгээр эх сурвалжид тухайн үнэнүүдийг заасан үг, хэллэгийг тэмдэглэх юм. Тэгэхээр жишээ болгон “Их Эзэн биднийг цагаа дэмий үрэхгүй, сайн сайхны төлөө санаа сэтгэлээ бүрэн зориулаасай гэж хүсдэг” гэсэн эхний үнэнийг авч үзье. Тэгээд бид энэ үнэнтэй холбоотой судруудыг уншъя.

Цөмөөрөө Сургаал ба Гэрээнүүд 58-р хэсгийн 26, 27-р шүлгийг нээцгээе.

Эдгээр судрыг уншиж байхдаа би “хүмүүс сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хийх ёстой” гэсэн хэсгийг тэмдэглэнэ. Одоо дараагийн судар болох Сургаал ба Гэрээнүүд 60-р хэсгийн 13-р шүлгийг нээцгээе. Энэ судрын “чи цагаа дэмий үрэх ёсгүй” гэсэн үгийг тэмдэглэе. Харин дараа нь энэ хичээлд орсон бусад судар дахь үнэнүүдийг мөн адил тэмдэглэнэ.

За одоо энэ үнэнтэй холбоотой ахлагч Бэднарын эшлэл рүү орцгооё. Энэ эшлэл, үнэн хоёрыг хараад би хоёр эшлэл сонгож тэмдэглэсэн. Эхнийх нь ахлагч Бэднарын: “Амьдралын туршлага маруухан, төөрөлдсөн хувь хүн нь байж боломгүй их цагийг видео тоглоом тоглоход, онлайнаар харьцахад эсвэл ‘юмсыг байгаагаар нь’ хүлээн авах боломжгүй болгодог дижитал зүйлсэд зарцуулдаг байж магад” гэж хэлсэн хэсэг.

Дараа нь би эшлэлийн төгсгөлд байх “Алгуурхнаар, гэмгүй мэт санагдах зугаа цэнгэл хор хөнөөлтэй боолчлол болсон байх нь бий” гэсэн хэсгийг бас тэмдэглэсэн. Одоо 185-р хичээл рүүгээ эргэж очоод, энэ ур чадвараар дадлага хийх боломжийг та нарт олгоё. Та эхлээд энэ хичээлийн тодоор бичсэн үнэнийг, дараа нь уг үнэнтэй холбоотой судрууд болон бошиглогчдын үгсийг олоод, Бурханы үгсийн хаана нь тухайн үнэнийг тодорхой заасныг тодорхойлоорой.

За ингээд гурав дахь ур чадвар луугаа оръё. Роббинс эгч боломжтой бол гурав дахь ур чадварын тодорхойлолтыг унших уу.

Роббинс эгч: Сурч мэдсэн зүйлээ харуул. Хичээлийн төгсгөлд байх суралцах үйл ажиллагаа нь суралцагч бүрд сурч мэдсэн зүйлээ харуулах буюу сумаараа байг онох боломжийг олгодог. Тэмдэглэлдээ бичих, тайлбарлах, хуваалцах, төлөвлөгөө гаргах, ур чадвараа дадлагажуулах, ямар нэгэн зүйл бүтээх гэх мэт нь энэ үйл ажиллагаагаар суралцагчдын хийх зүйлсийн зарим жишээ билээ. Гурав дахь ур чадвар бол хичээлийн зорилгын дагуу сурч мэдсэн зүйлээ харуулах боломжийг суралцагчдад олгодог үйл ажиллагааг тодорхойлж, тэмдэглэхийг хэлнэ.

Дайрэн ах: За бид байгаа тодорхойллоо. Бидэнд бас нум сум гэсэн хэрэгсэл байна. Одоо харин суралцагчдад бай руу сумаа харвах боломж олгоно. Тэгэхээр 177-р хичээл рүү эргэж очоод, хичээлийн төгсгөл хэсгийг хараад, суралцагч бүрд хичээлийн зорилгыг харуулах боломж олгож буй хэсгийг тодорхойлно. Би яг энэ хичээлийн хувьд технологийн хэрэглээндээ хариуцлагатай хандахад нь суралцагчдад туслах хоёр хэсэг байгааг анзаарсан.

Тэдгээрийн нэг нь хэрхэн технологийг хариуцлагатай ашиглах төлөвлөгөөг урьдчилан гаргах дадлага хийхэд суралцагчдад тусална. Харин нөгөө нэг нь зохисгүй медиатай тулгарах үед технологийн хэрэглээгээ хэрхэн түр зогсоох төлөвлөгөө гаргах боломж олгоно. Тиймээс би суралцагчдад зориулсан хоёр боломжийн аль алиныг нь хичээл дээр тодруулж тэмдэглэсэн.

Одоо бид 185-р хичээл рүүгээ эргэж очоод, энэ ур чадвараар дадлага хийх боломжийг олгоё. Тэгэхээр та хичээлийн төгсгөл хэсгийг хараад, суралцагч бүрд хичээлийн зорилгыг харуулах боломж олгож буй хэсгийг тодорхойлон тэр хэсгээ тэмдэглэ. Би та нарт үүнийг хийх нэг минут өгье.

Би та нарын хүн нэг бүрийг нэг зүйл хийхэд урих гэсэн юм. Та Амьдралд бэлтгэх эдгээр хичээлийг энэ жил заахдаа өнөөдөр авч үзсэн гурван ур чадварыг хэрэгжүүлэх үү?

Бүгд: Тийм.

Дайрэн ах: Бид ийн хийснээр суралцагчдадаа Аврагч, Есүс Христэд илүү гүн гүнзгий хөрвөхөд нь тусална гэдгийг би мэднэ. Мөн энэ явцад бидний зүрх сэтгэл ч өөрчлөгдөнө.

Биднийг Тэнгэр дэх Эцэг, Аврагч Есүс Христ маань удирддаг, мөн энэхүү хожмын өдрүүдэд удирдан чиглүүлэхээр томилсон удирдагчдыг нь дагаж, сонсох үед Тэд биднийг адисална гэдгийг би гэрчилж байна. Бидэнд өгсөн энэхүү сургалтын хөтөлбөрт мөн энэ нь Аврагч Есүс Христэд илүү гүн гүнзгий хөрвөхөд туслах боломж олгодогт би талархаж байна.

Би өнөөдөр энэ бүхнийг Есүс Христийн ариун нэрээр хуваалцлаа, амен.