“‘Израилын найдвар’: Сүмийн удирдагчдын сургаалыг судлах нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“‘Израилын найдвар’: Сүмийн удирдагчдын сургаалыг судлах нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
208-р хичээл: Сүмийн удирдагчдын сургаал:
“Израилын найдвар”
Сүмийн удирдагчдын сургаалыг судлах нь
Жилийн турш суралцагчдад Их Эзэний сүнслэг нөлөө бүхий удирдагчдын сургаалыг судлах хэд хэдэн боломж тохионо. “Сүмийн удирдагчдын сургаалыг заах загвар” материал нь суралцагчид тань эдгээр сургаалыг судлах үед удирдан чиглүүлэхэд туслах хэрэгсэл юм. Энэ хичээл нь ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн “Израилын найдвар” ([өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], Gospel Library) үгийг заахдаа энэ загварыг хэрхэн ашиглах жишээг өгнө. Энэ хичээл нь суралцагчдад ерөнхийлөгч Нэлсоны урилгын дагуу үйлдэхэд тусална.
Суралцагчийн бэлтгэл: Ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн “Израилын найдвар” үгийн гарчгийг суралцагчидтай хуваалц. Хичээлийн өмнө уг үгийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн уншиж, үзэх, сонсох даалгаврыг тэдэнд өг. Есүс Христийн үйлчлэгчдийн захиасыг судлахдаа Ариун Сүнсээр заалгахын төлөө залбиран зүрх сэтгэлээ бэлтгэхийг тэднээс хүс.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Жич: Энэ хичээл нь Сүмийн удирдагчдын сургаалыг судлахад суралцагчдад туслахын тулд “Сүмийн удирдагчдын сургаалыг заах загвар” материалыг багш нар хэрхэн ашиглаж болох жишээг өгнө. Та энэ хичээл дэх санаануудыг хэрэгцээндээ тохируулан өөрчилж, загварын өөр өөр санааг нийлүүлэн эсвэл суралцагчдын тань хэрэгцээ шаардлагад илүү сайн нийцсэн өөрийн санааг ашиглаж болно.
Хичээлийг эхлүүлэх
Суралцах туршлагад бэлтгэхэд нь суралцагчдад туслах арга замаар тэдний оюун ухаан, зүрх сэтгэлд сонирхол үүсгэх арга замаар хичээлийг эхлүүл. Өөрийн санааг эсвэл загварын “Хичээлийг эхлүүлэх арга зам” хэсгийн “Сэдвийн талаар асуулт тавь” санааг ашигларай.
Дараах мэдэгдлийг үзүүл. Израилыг цуглуул гэсэн хэллэгийг онцолж эсвэл доогуур нь зур.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дараахыг хэлсэн.
Гайхалтай өсвөр үеийнхэн минь ээ, та нар Израилыг цуглуулахад туслахаар энэ дэлхийн түүхэн дэх хамгийн чухал энэ цаг үед, энэ дэлхийд илгээгдсэн. Одоо энэ дэлхий дээр үүнээс илүү чухал ямар ч зүйл үгүй. Үүнээс илүү агуу үр дагавартай зүйл гэж үгүй. Бүр огт байхгүй. (“Израилын найдвар” [Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], Gospel Library)
Суралцагчид дараах асуултыг хосоороо эсвэл жижиг бүлгээр ярилцаж болно. Эсвэл тэд бие даан тэмдэглэлдээ боломжит асуултуудыг бичиж болно.
-
Ерөнхийлөгч Нэлсоны нэрлэсэнчлэн “одоо энэ дэлхий дээрх” хамгийн чухал үйл явдал болох Израилын цугларалтын талаар танд болон бусдад ямар ямар асуулт байна вэ?
Суралцагчдаас өөрсдийн бодож олсон асуултуудаа хуваалцахыг хүс. Тэд дараахын адил янз бүрийн асуулт хэлж болно.
-
Израилын цугларалт гэж юу вэ?
-
Яагаад цугларалт нь өнөө цагт энэ дэлхий дээр болж буй хамгийн чухал үйл явдал вэ?
-
Би яагаад Израилын цугларалтад оролцохыг хүсэж болох вэ?
Суралцагчдаас бодож олсон асуултуудаа самбарт бичээд, асуулт бүрийн доор зай үлдээхийг хүс.
Өнөөдөр эдгээр асуултын хариултыг хайхдаа Есүс Христ, Түүний сайн мэдээний тухай мэдлэг нь хэрхэн эдгээр асуултад хариулахад туслах талаар бод.
Захиасыг судлах
Энэ хэсэг ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн “Израилын найдвар” гэх үгийн хэсгийг судлахад нь суралцагчдад туслах зорилготой. Өөрийн санааг эсвэл дараах загварын “Захиасыг судлах арга зам” хэсгийн “Хайж ол: Асуулт эсвэл асуудлын хариулт” санааг ашиглаарай.
Хэрэв танай суралцагчид уг хэлсэн үгийн хэвлэсэн эсвэл цахим хувилбар байхгүй бол суралцагч бүрд “Израилын цугларалт” нэртэй тараах материалыг өг. Энэ тараах материалд энэ хичээлээр үзэх үгийн хэсгийг бичсэн байгаа. Та мөн суралцагчдад ChurchofJesusChrist.org дээрх “Израилын найдвар” видеон дээр уг хэлсэн үгийн хэсгийг цагийн код 30:26-аас 33:37 хүртэл үзүүлж болно.
Хэрэв суралцагчдад уг үгийн урт хэсгүүдийг унших эсвэл сонсоход хүндрэлтэй байвал тараах материалаас нэг юм уу хоёр догол мөрийг хуваалцаад, Израилын цугларалт нь тэдний хувьд ямар утга учиртай болохыг зурж эсвэл бичих даалгаврыг тэдэнд өг.
Энэ хэлсэн үгээс сонгож авсан хэсгүүдийг судлан, самбарт жагсааж бичсэн асуултуудын хариултыг хайж ол. Та олсон аливаа хариултаа үг дээр тэмдэглэж болно. Та нар асуулт бүрийн хариултыг бусад асуултаас өөрөөр тэмдэглэхийг бод. Жишээлбэл: Нэг асуултын хариултыг дугуйлж, нөгөө асуултын хариултыг доогуур нь зурж эсвэл бүгдийг нь өөр өөр өнгөөр тэмдэглэж болно.
Суралцагчдыг хэлсэн үгийн таны сонгосон хэсгүүдийг судалсны дараа тэднээр дараах асуултуудыг ярилцуулахаар хос хосоор нь хуваа.
-
Таны судалсан ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үгийн хэсгүүдэд ямар ямар асуултад хариулсан гэж бодож байна вэ? Тэдгээрийг хэрхэн хариулсан байна вэ?
Суралцагчдаас самбарт хариулсан асуултынхаа доор хариултаа бичихийг хүс. Дараа нь та суралцагчдыг хариултаа тайлбарлахад урь.
Ерөнхийлөгч Нэлсоны захиасыг хэрэгжүүлэх
Энэ хэсэг нь Израилыг цуглуулах ерөнхийлөгч Нэлсоны урилгыг хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах зорилготой. Өөрийн санааг эсвэл энэ загварын “Захиасыг хэрэгжүүлэх арга зам” хэсгийн “Урилгыг тодорхойлж, хэрэгжүүл” санааг ашиглаарай.
“Израилын цугларалтад оролцох урилга” гарчигтай тараах материалыг бүх суралцагчид өг. Тэднээс энэ хуудсыг бие даан судлахыг хүс.
Ерөнхийлөгч Нэлсоны өсвөр үеийнхэнд өгсөн урилгыг судлах явцад оюун ухаан, зүрх сэтгэлд тань орж ирсэн бодол санаа, Ариун Сүнсний өдөөлтийг тунгаан бод. Их Эзэний аль урилгыг хүлээн авч, даган Израилын цугларалтад оролцоосой гэж хүсэж байгааг залбирч бодоорой. Нэгээс олон урилгын дагуу үйлдэх хэрэгтэй гэсэн бодол танд төрж болох юм.
Энэ урилгыг судлах тэмдэглэлдээ бич. Түүнчлэн энэ урилгын дагуу үйлдэх нь хэрхэн танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход туслах талаар бичиж болно.
Ерөнхийлөгч Нэлсоны заасан үнэний тухай гэрчлэлээ хуваалц. Хүлээн авсан өдөөлтүүдийнхээ дагуу үйлдэхэд суралцагчдыг уриал.