“Есүс Христ ариун сүмийн бүх шүтлэг бишрэлийн төвд байдаг: ‘Би тэдний дунд оршихын тулд,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Есүс Христ ариун сүмийн бүх шүтлэг бишрэлийн төвд байдаг: ‘Би тэдний дунд оршихын тулд,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
201-р хичээл: Ариун сүмийн бэлтгэл
Есүс Христ ариун сүмийн бүх шүтлэг бишрэлийн төвд байдаг
“Би тэдний дунд оршихын тулд”
Ариун сүм бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртоход бидэнд туслахын тулд дэлхийгээс тусгаарлан, онцгойлон адисалсан ариун газар юм. Бидний шүтлэг бишрэлийн төв юу вэ гэдгийг ариун сүм бүр дээр бичсэн “Их Эзэний өргөө” хэмээх бичээснээс мэдэж болно. Ариун сүм доторх бүхэн Аврагч Есүс Христэд төвлөрдөг. Энэ хичээл нь Есүс Христтэй Түүний өргөөнд илүү ойр байх хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэхэд суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Энэ хичээлд бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд өөрсдөө юм уу таньдаг бусад хүнийхээ ариун сүмд орсноор хүлээн авсан адислалуудыг тунгаан бодохыг тэдэнд санал болго.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ариун сүмийн шүтлэг бишрэлийн төв
Унадаг дугуйны дугуйг эсвэл дундаа голтой ямар нэгэн зүйлийг үзүүлж хичээлээ эхэл. Та үзүүлэхээр сонгосон зүйл дээрээ үндэслэн асуултуудаа өөрчлөн тохируулж болно.
-
Унадаг дугуйны гол хэсэг нь яагаад чухал вэ?
-
Голыг нь авах нь дугуйны зориулалтад хэрхэн нөлөөлөх вэ?
Далын ахлагч Аллэн Д.Хэйни ариун сүмийн тухай ярихдаа ийн хэлсэн.
[Есүс Христ] бол бид яагаад ариун сүмд ирдэг шалтгаан юм. Тэр бол биднийг ариун сүмд уулзаасай хэмээн Тэнгэрлэг Эцэгийн хүсдэг тэр хүн юм. Тэрээр ариун сүмийн бэлгэ тэмдэг, ёслол, гэрээ, мөн хүсэн хүлээдэг адислал бүрийн төвд байдаг. Есүсийг ариун сүмд эрэлхийлэх нь яагаад ариун сүмд байгаагаа мөн яагаад эргэж ирэх ёстойгоо ойлгох боломжийг бидэнд олгодог. (“Meeting Jesus in the House of the Lord,” [Brigham Young University devotional, Oct. 10, 2023], 6, speeches.byu.edu)
-
Аврагч бидний ариун сүмд гүйцэтгэдэг бүх зүйлийн төвд байдгийг санах нь хэрхэн тэнд олж авдаг туршлагад тань нөлөөлж болох вэ?
Ариун сүм нь үзэсгэлэнтэй сайхан барилга боловч бид ариун сүм дотор болж өрнөдөг зүйлсээр дамжуулан Есүс Христэд ойртдог гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.
Энэ санааг илүү сайн тайлбарлахын тулд та “A Symbol of Jesus Christ” (1:11) видеог үзүүлж болно.
Суралцагчдад ариун сүмийн тухай бодол санаагаа эргэцүүлэн бодоход нь туслахын тулд дараах хэмжүүр, мөн зааврыг үзүүл.
Өгөгдсөн хэмжүүрийг ашиглан, дараах мэдэгдэл нэг бүртэй хэр санал нийлж байгаагаа хэрхэн дүгнэхээ бодож үзээрэй.
-
Ариун сүм бол Есүс Христэд ойр байгаагаа мэдрэхээр очдог газар юм.
-
Би Аврагчийн ариун өргөөнд Түүнтэй харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхийг хүсдэг.
Өнөөдрийн хичээлийн туршид ариун сүмд байх хүслийг тань өсгөн нэмэгдүүлэх Сүнснээс хүлээж авах мэдрэмжүүдээ бичиж тэмдэглэ.
Хуучин Гэрээн дэх ариун сүм
Суралцагчдад Хуучин Гэрээг ашиглан ариун сүмийн зорилгыг ойлгоход нь туслахын тулд самбарт “Асар,” “Соломоны ариун сүм” гэж бич. Та эдгээр барилгын дагалдах зургуудыг үзүүлээд, суралцагчдыг уг зургийг нэртэй нь тохируулж, тус бүрийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад урьж болно.
Хэрэв тус болох юм бол дараах зүйлийг хуваалцаж болно:
Табернэкл бол Хуучин Гэрээнд (МЭӨ 1300 оны орчим) дурдсан Их Эзэний анхны өргөө байжээ. Энэ нь израилчууд цөлөөр хэрэн тэнүүчилж явахдаа зөөвөрлөж явдаг авсаархан хийц байв. Соломоны ариун сүм бол Иерусалимд (МЭӨ 1000 оны орчим) баригдсан Их Эзэний зөөврийн бус өргөө байсан юм. Ариун сүмийг хожим нь устгаж, дахин барьсан (МЭӨ 500 оны орчим) байдаг. Хуучин Гэрээнд Их Эзэн Өөрт нь өргөө барихыг зарлиглах бүрдээ нэгэн ижил амлалт өгдөг байжээ.
Та суралцагчдыг гурав гурваар нь бүлэг болгон хувааж, бүлгийн гишүүн бүрийг судрын дараах хэсгүүдийн нэгийг уншиж, тайлагнахад урьж болно. Та суралцагчдад ариун сүмийг барих болсон Их Эзэний зорилгыг санахад нь туслахын тулд эдгээр шүлгийг судар дээрээ холбохыг тэднээс хүсэж болно.
Дараах судрын эшлэлүүдийг уншаад, Их Эзэн Өөрийнх нь гэрээт хүмүүс Өөрт нь өргөө баривал юу амласныг олж мэд.
-
Гэтлэл 25:8 (асар)
-
1 Хаад 6:12–13
-
Хаггаи 2:7
Суралцагчдыг сурч мэдсэн зүйлсээ хуваалцахад урь. Бүлэг бүр энэ гурван хэсгээс мэдэж авч болох өнөөгийн ариун сүмтэй хамаатай үнэнийг нэгтгэн дүгнэж болно.
Суралцагчид Их Эзэн Өөрийн хүмүүстэй хамт байхын тулд тэдэнд ариун сүм барихыг зарлигласан гэсэнтэй адил үнэнийг тодорхойлсон байж болох юм.
-
Их Эзэн ариун сүмүүдээр дамжуулан бидний дунд “оршиж” чадна гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
Их Эзэн бидний дунд “орших” гэдэг нь Түүний оршихуйг болон хүч чадлыг мэдэрч, Түүнийг илүү сайн таньж мэдэн, Түүнтэй харилцаагаа хүчирхэгжүүлнэ гэсэн үг юм.
Их Эзэний өргөөнд Түүнийг шүтэн биширснээр ирэх адислалууд
Их Эзэн Өөрийн өргөөнд бидний дунд оршдог гэдгийн баталгааг бид ариун сүмд байхдаа Түүний бидэнд өгдөг адислалуудаас харах боломжтой.
-
Та Их Эзэний өргөөнд шүтэн бишрэхийн ямар ямар адислалыг харсан эсвэл хүлээн авна гэж бодож байна вэ?
Суралцагчдын хариултыг самбарт жагсаан бич.
Дараах мэдэгдлийг судлах нь Их Эзэний өргөөнд Түүнийг шүтэн биширснээр ирдэг нэмэлт адислалуудыг тодорхойлоход суралцагчдад тусална. Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Мэдэгдлийг хамтдаа уншаад, дагалдах асуултуудад хариулахад тэднийг урь.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Их Эзэний өргөөнд үйлчилж, шүтэн биширдэг хүмүүс … залбирлын хариулт, хувийн илчлэлт, илүү их итгэл, хүч, тайтгарал, өсөн нэмэгдэх мэдлэг болон чадлыг авах хүлээлттэй байж болно.
Ариун сүмд цагийг өнгөрүүлэх нь танд селестиел ухаанаар бодож, өөрийгөө жинхэнээсээ хэн болохыг, хэн болж чадахыг, ямархуу амьдралаар мөнхөд амьдарч болох алсын харааг олж авахад тусална. Ариун сүмд тогтмол очиж шүтэн биширснээр та өөрийгөө илүү сайн ойлгож, хэрхэн Бурханы агуу төлөвлөгөөний нэг хэсэг болдгоо мэдэх болно. Би танд үүнийг амлаж байна.
… Хайрт ах, эгч нар аа, би дараах амлалтыг та нарт өгье. Боломжийнхоо хэрээр ариун сүмд тогтмол шүтэн бишрэхээс илүү төмөр бариулаас зууран барихад туслах зүйл гэж үгүй. Дэлхийн харанхуй манантай тулгарах үед таныг үүнээс илүү хамгаалах зүйл гэж үгүй. Өөр юу ч Их Эзэн Есүс Христийн тухай мөн Түүний Цагаатгалын талаарх гэрчлэлийг тань үүн шиг хүчирхэгжүүлж, Бурханы агуу төлөвлөгөөг илүү сайн ойлгоход туслахгүй. Шаналах үед сүнсийг тань илүү илаарьшуулах зүйл үгүй. Тэнгэрийг илүү их нээх өөр юу ч байхгүй. Тийм юу ч байдаггүй! (“Санваарын түлхүүрүүд өгөгдсөнд баяс,” Лиахона, 2024 оны 5-р сар, 121, 122)
-
Өсвөр насныхны жинхэнэ хэрэгцээг шийдвэрлэх ямар ямар адислалыг ерөнхийлөгч Нэлсон амласан бэ?
-
Та эсвэл таны мэддэг хэн нэгэн Их Эзэний эдгээр адислалын алийг нь мэдэрч байсан бэ?
Суралцагчдад хоёр хоёроороо хуваагдан асуултуудаа ярилцах боломж олгосны дараа та заримаас нь ярилцсан зүйлээ мөн эдгээр адислалын талаарх асуултуудаа хуваалцахыг хүсэж болно.
Өөрийн болгох
Эдгээр адислалын ач холбогдлыг мэдрэхэд нь туслахын тулд дараах асуултуудын нэгэнд юм уу бүгдэд нь өгсөн хариултаа тэмдэглэлдээ бичих боломжийг суралцагчдад олго. Хангалттай хугацаа өгсний дараа сурч мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь.
-
Ариун сүмд Их Эзэнтэй хэрхэн илүү ойр байгаагаа мэдэрсэн бэ?
-
Та ариун сүмд орсны үр дүнд жагсаан бичсэн адислалуудаас хүртэж байсан уу?
Жагсаасан адислалуудын дотроос авахыг хүсэж байгаа нэг адислалаа сонгоорой.
-
Яагаад энэ адислал яг одоо таны амьдралд хэрэгтэй гэж та бодож байна вэ?
Бид Их Эзэний ариун өргөөнд Түүнтэй ойр байгаагаа мэдэрч болох арга замуудын тухай гэрчлэл эсвэл хувийн туршлагаа хуваалцан хичээлээ өндөрлө.