Семинар
Иона: “Та бол нигүүлсэнгүй мөн өрөвч Бурхан”


“Иона: ‘Та бол нигүүлсэнгүй мөн өрөвч Бурхан,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Иона: ‘Та бол нигүүлсэнгүй мөн өрөвч Бурхан,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Амос; Обадиа; Иона: 151-р хичээл

Иона

“Та бол нигүүлсэнгүй мөн өрөвч Бурхан”

The Old Testament prophet Jonah depicted lying on the beach at Nineveh after having survived being swallowed by a whale. The ocean and a whale are depicted in the background. The image depicts Jonah being returned to preach at Nineveh.

Иона болон Ниневегийн хүмүүс асар том алдаа гаргасан ч Их Эзэн тэдэнд нигүүлслийн мутраа сунгасан юм. Бидэнд ч мөн адил хайр, нигүүлсэл үзүүлснийг бид мэдсэнээр Их Эзэнийг “нигүүлсэнгүй Бурхан мөн өрөвч, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам” (Иона 4:2) хэмээн дуу алдаж болно. Энэ хичээл тэдэнд болон бусдад зориулсан Их Эзэний хайр, нигүүлслийг мэдрэхэд нь суралцагчдад тусалж чадна.

Суралцагчийн бэлтгэл: Ионагийн түүхийг гэр бүлийнхэнтэйгээ хамт судлахад эсвэл өөрсдөө давтаж, үүний гол захиас гэж бодож байгаа зүйлийг тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэд мөн суралцах явцдаа асуулт тавьж, санаа бодлоо илэрхийлж болно.

семинарын дүрсЭнэ урилга суралцагчдад гэртээ сурч байгаа зүйлсээ ангидаа сурч байгаа зүйлтэй уялдуулахад туслах жишээ юм. Энэ нь судрын болон Аврагчийн тухай илүү гүн мэдлэгтэй болоход суралцагчдад тусалж чадна. Гэртээ сурч байгаа зүйлсээ ангидаа сурч байгаа зүйлтэй уялдуулах талаар нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дахь “Хувиараа болон гэр бүлээрээ судар судлахдаа сурч мэдсэн зүйлээ ангийнхаа туршлагатай холбоход суралцагчдад туслах асуултуудыг боловсруулж, тавь” дээрээс харна уу.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бидний ойлголт

Самбар дээр дараах жинлүүрийг зураад, хажууд нь дагалдах үгсийг бичиж хичээлээ эхлэх талаар бодож үз. Та бусад хүн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар ямархуу бодолтой байдгийг суралцагчдаас асуухдаа тэдний хариултыг илэрхийлэхийн тулд жинлүүрийн өөр хэсгүүдэд хэдэн өөр зураас байрлуулж болно.

Энэ жинлүүр нь хэн нэгэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар ямархуу бодолтой байдгийг илтгэж байгаа хэмээн төсөөлөн бод.

  • Зарим хүн яагаад Тэднийг хайр энэрлээр дүүрэн, өрөвч, нинжин сэтгэлтэй гэж үздэг байхад зарим нь тэгдэггүй вэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хэрхэн таньж мэдэрч байгаагаа дүгнэхэд нь суралцагчдад туслахын тулд тэднийг дараах зүйлийг тунгаахад урих талаар бодож үз.

Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх үзэл бодлоо зураасны аль хэсэгт байрлуулахаа тунгаан бод. Та яагаад зураас дээрх энэ газрыг сонгосноо бодож үзээрэй.

Одоо энэ жинлүүр таны бусдын талаар юу бодож, тэдэнд хэрхэн ханддагийг харуулж байна гэж төсөөлөөд үз дээ.

  • Бид зарим хүнд нэг өөрөөр хандаж, бусдад огт өөр байдлаар хандаж болох ямар шалтгаан байдаг вэ?

Ионагийн түүхийг судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын жинхэнэ мөн чанарыг олж харахад туслах Ариун Сүнсийг эрэлхийл. Тэдний тухай сурч мэдсэн зүйл тань бусдыг харах, бодох эсвэл бусдад хандах таны хандлагад яаж нөлөөлж болох талаар бодож үз.

Ионагийн түүх

Иона нь II Иеробоам хааны засаглалын үед Израилд амьдарч байсан гэдгийг тайлбарлах нь тустай байж болох юм ( 2 Хаад 13–15, ялангуяа 14:25-ыг үзнэ үү). Бошиглогч Амос, Хосеа нар бас энэ үед бошиглож байсан. Та Хуучин Гэрээний тоймыг харуулсан зураг үзүүлээд, Ионаг олоход суралцагчдыг урьж болно.

Иона 1:1–3-ыг уншаад, Их Эзэн Ионад ямар заавар өгснийг болон Иона хэрхэн хариулсныг олж мэд.

Ниневе бол Ассиричуудын томоохон хот байсныг тайлбарлах талаар бодож үзээрэй. Ассирийн хаад болон цэргүүд эзэлсэн ард түмнээ тамлан зовоох, хөнөөх зэргээр харгис хэрцгий ханддагаараа зартай байлаа.

Иона Израилыг орхин, Ниневе хотоос эсрэг зүг явсан гэдгээс харвал Таршиш нь одоогийн Испанид байсан байж магадгүй гэдгийг та бас тайлбарлаж болно. Та суралцагчдад газрын зураг үзүүлж, тэднээс Ниневе болон Таршишийг олохыг хүсэж болно.

  • Ниневегийн хүмүүст номло гэсэн Их Эзэний зааварт Ионагийн үзүүлсэн хариу үйлдлээс тэр уг зааврын талаар юу гэж бодож байсан тухай та юу мэдэж болох вэ?

семинарын дүрс Ионагийн түүхийг судлахад суралцагчдад туслахын тулд та тэднийг “Ионагийн түүх” тараах материалыг бие даан эсвэл хосоороо эсвэл жижиг бүлгүүдэд хуваагдан гүйцээхэд урьж болно. Эсвэл та тараах материалаас зөвхөн судрын хэсгүүдийг суралцагчдад өгөөд, тэднийг энгийн зураг зурж, хэсэг бүрийн товч тоймыг бичихэд урьж болно.

Суралцагчдад энэ дасгалыг хийж дуусгах цаг өгсний дараа тэднийг байгаа асуултуудаа асуухад эсвэл энэ түүхийг судалснаар олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

Хэрэв шаардлагатай бол Иона 4-р бүлэгт Иона Их Эзэн өөрт нь нигүүлсэнгүй, өршөөнгүй хандсанд талархсан ч Ниневегийн хүмүүст ийн хандахад дургүйцсэн тухай өгүүлдэг гэдгийг тайлбарла. Их Эзэн Ионад Ниневегийн хүмүүс Өөрийнх нь хувьд эрэндийн бутнаас ч илүү үнэ цэнтэй гэж заасан.

Дараах гүйцэд бус үнэнийг самбарт бичих талаар бодож үз. Ионагийн түүхээс сурсан зүйлсээ ашиглан үнэнийг гүйцээж бичихэд суралцагчдыг урь.

Их Эзэн бол …

Бид Их Эзэнтэй адилхан болохын тулд … ёстой

Самбар дээрх мэдэгдлүүдийг суралцагчдын хуваалцсан үг, хэллэгээр гүйцээж бичих талаар бодож үз:

Их Эзэн нигүүлсэнгүй, нинжин сэтгэлтэй бөгөөд өршөөнгүй.

Бид Их Эзэнтэй адилхан болохын тулд Түүний адил нигүүлсэнгүй, нинжин сэтгэлтэй, өршөөнгүй байх ёстой.

Та Ионагийн түүхээс эдгээр үнэнийг харуулсан тодорхой жишээнүүдийг хуваалцахад суралцагчдыг урьж болно. Тэд мөн сонгосон үг эсвэл хэллэгээ ойлгож мэдэх нь өөрсдөд нь яагаад чухал гэж бодож байгаагаа хуваалцаж болно.

  • Бусдыг хайрлах эсвэл өршөөнгүй хандах нь яагаад амаргүй байдаг вэ?

  • Их Эзэний нигүүлсэл, хайрын тухай олж мэдэх нь бусдыг харах, бодох эсвэл бусдад хандах бидний хандлагад хэрхэн нөлөөлж болох вэ?

Их Эзэнтэй адил болох нь

Суралцагчид дээр жагсааснаас өөр үнэнүүдийг олж тогтоосон байж болно. Хэрэв тэгсэн бол олж мэдсэн үнэнүүдийнх нь талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэх арга замуудыг бодож үз. Дараах үйл ажиллагаанууд суралцагчдад дээрх үнэнүүдийг илүү сайн ойлгож, тэднийг болон бусдыг хайрлах Их Эзэний хайрыг мэдрэхэд тусална.

Та суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилж, суралцагч бүрээр нэг үйл ажиллагааг бие даан гүйцэтгүүлж болно. Дараа нь тэд олж мэдсэн зүйлээ бие биедээ зааж өгч болно. Эсвэл хамтрагчид нэг үйл ажиллагааг хамт хийж, сурсан зүйлээ бие биетэйгээ хуваалцаж болно.

Дараах жишээнүүдийн нэгийг сонго:

Жишээ А. Танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харгис хэрцгий, энэрэлгүй, өршөөлгүй гэж боддог нэг найз байна гэж төсөөл.

Жишээ Б. Өөр хэн нэгэнд энэрэнгүй, сайхан сэтгэлээр хандаж, уучлахад бэрхшээлтэй байгаа найз танд байна гэж төсөөл.

Дараах зүйлийг хий:

  1. Ионагийн түүхээс найзтайгаа хуваалцаж болох нэг шүлгийг ол. (Та тус болох өөр судрын хэсгүүдийг олж болно.)

  2. Тус болж болох нэг туршлагын талаар бодож үз. A жишээний хувьд: Их Эзэн танд эсвэл таны мэддэг хэн нэгэнд хайр, нигүүлслийг үзүүлсэн үеийн талаар бод. Б жишээний хувьд: Их Эзэн танд эсвэл таны мэддэг хэн нэгэнд бусдад хайр, нигүүлсэл үзүүлэхэд нь тусалсан үеийн тухай бод.

Үүнд тусалж болох өөр нэмэлт судрын жишээнд дараах багтана: А жишээний хувьд: Исаиа 1:18 эсвэл Ифер 12:27; Б жишээний хувьд: Moронай 7:45–48 эсвэл Сургаал ба Гэрээнүүд 64:9–11.

Сайн дураараа хуваалцах хүсэлтэй суралцагчид ямар шүлэг эсвэл шүлгүүдийг найзтайгаа яагаад хуваалцахаа ангийнханд тайлбарлаж өгч болно. Тэд бас туршлагаа хуваалцаж болно. Суралцагчдын хариулт өөрсдийг нь болон бусдыг гэсэн Их Эзэний хайрыг мэдрэхэд туслах Ариун Сүнсийг урьж болно.

Хэрэв цаг гарвал Их Эзэний хайр, нигүүлслийг харуулдаг ChurchofJesusChrist.org дээр байгаа “Moving On from Past Mistakes” (3:43) зэрэг видео бичлэгийг үзүүлэх талаар бодож үз. Рэйчилийг өсвөр насандаа алдаа гаргасны дараа Их Эзэн түүнд хайр, нигүүлслээ хэрхэн үзүүлсэн талаар олж мэдэхэд суралцагчдыг урь.

3:43

Та юу олж мэдсэн бэ?

Өөрсдийг нь болон бусдыг гэсэн Их Эзэний хайр, нигүүлслийг харж, мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд тэднийг халим, том ургамал гэх мэт Ионагийн түүхийг сануулж болох ямар нэгэн зүйлийг судлах тэмдэглэлдээ зурахад урь. Дараа нь тэд зурсан зургийнхаа дотор эсвэл хажууд нь асуултуудын аль нэгэнд өгсөн хариултаа бичиж болно.

Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудын аль нэгэнд хариулж бичих талаар бодож үз:

  • Та өнөөдөр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр энэрэнгүй, нинжин сэтгэлтэй, өршөөнгүй гэдгийг мэдрэхэд тань тусалсан юуг олж мэдсэн бэ?

  • Хайрлаж эсвэл өршөөхөд хэцүү байгаа хүмүүсийг хайрлах Тэдний хайрыг мэдрэхэд тань туслах ямар зүйл өнөөдөр та нарт тохиолдсон бэ?