“Амос 8: Сүнслэг өлсгөлөнгөө дарах нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Амос 8: Сүнслэг өлсгөлөнгөө дарах нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Амос; Обадиа; Иона: 150-р хичээл
Амос 8
Сүнслэг өлсгөлөнгөө дарах нь
Бид бүгдээрээ өлсөж үзсэн. Сүнслэгээр өлсөж зовох нь ямар байдгийг төсөөлөөд үз дээ. Их Эзэн Амосоор дамжуулан энэ дүрслэлийг ашиглан Израилчуудад заасан. Амос өөрийнх нь хүмүүс Их Эзэний үгийг хүлээн авахаас татгалзсан учраас дахин тэдэнд өгөгдөхгүй гэж бошиглосон. Их Эзэний үгийг алдах нь сүнслэг өлсгөлөнд хүргэнэ. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр сайн мэдээний сэргээлтээр дамжуулан тэдний сүнслэг өлсгөлөнг дарна гэдэгт итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд суралцагчдад тусалж чадна.
Суралцагчийн бэлтгэл: Судрууд эсвэл бошиглогчдын үгс байгаагүй бол амьдрал нь хэрхэн өөр байх байсныг тунгаан бодоход суралцагчдыг урь. Суралцагчид бодол санаагаа хуваалцах бэлтгэлтэйгээр ангид ирж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Сүнслэг өлсгөлөн
Хоол хүнсний зураг эсвэл энгийн хүнсний зүйл авчирч, дараах асуултуудыг тавих замаар хичээлийг эхлүүлэх талаар бодож үз.
-
Та хэзээ онцгой их өлсөж үзсэн бэ?
-
Өлссөн үедээ бид яадаг вэ?
Хариулт нь бухимдах, тамир тэнхээгүй болох эсвэл ямар нэг юм идэхээр улайрах зэрэг байж болно.
Самбарт Сүнслэг өлсгөлөн гэж бич.
-
Хүмүүсийн сүнс юугаар өлсөж, юуг олох гэж зүдэрч болох вэ?
Суралцагчийн хариултыг самбарт бичих талаар бодож үз. Суралцагчид Бурханы хайр, амьдралын зорилго, үнэнийг мэдэх, хэцүү шийдвэр гаргахад чиглүүлэх удирдамж заавар гэх мэт зүйлсийг хэлж болно.
Та эсвэл таны таньдаг хэн нэгэн хэрхэн сүнслэгээр өлсөж болох арга замуудыг судлах тэмдэглэлдээ бичихэд цаг гарга.
Есүс Христийн санал болгодог сүнслэг тэжээлийг хүлээн авахын тулд юу хийж болохоо тунгаан бодох үедээ өнөөдөр Ариун Сүнсийг эрэлхийлэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.
Их Эзэний үгийг сонсохын төлөөх өлсгөлөн
Бошиглогч Амос сүнслэгээр өлсөх тухай бошиглосон. Тэрээр Их Эзэний үгсийг Израилын хүмүүст илчилсэн боловч тэд сонсохыг хүсээгүй ( Aмос 2:12; 7:11–16-г үзнэ үү).
Хэрэв та энэ нь тустай гэж үзвэл, Израилчууд Амосоор дамжуулан Их Эзэний үгэнд хэрхэн хандсан болохыг ойлгохын тулд Амос 7:12–13-ыг уншихад суралцагчдыг урь.
Aмос 8:11–12-ыг уншаад, хүмүүс Их Эзэний үгийг эсэргүүцсэнээр гарах үр дагавруудыг олж мэд.
Шаардлагатай бол өлсгөлөн гэдэг нь хоол хүнсний туйлын хомсдол гэдгийг тайлбарлаж өг.
-
Та ямар үр дагавруудыг олж харсан бэ?
Хэрэв суралцагчид тэдгээрийг онцлон дурдахгүй бол дараахтай адил үнэнийг хуваалц: Хүмүүс Их Эзэний бошиглогчдыг эсэргүүцсэнээр Их Эзэний үгийн адислалуудыг алддаг. Бурханы үггүй бол бид сүнслэг байдлын хувьд өлсөнө.
-
Яагаад өлсгөлөнг Их Эзэний үггүйгээр амьдрахтай харьцуулахад тохиромжтой гэж та нар бодож байна вэ?
-
Амосын бошиглол ямар арга замаар биелсэн бэ?
Шаардлагатай бол эдгээр шүлэг нь урвалт гэж нэрлэгддэг цаг үеийн тухай өгүүлж байгааг суралцагчидтай хуваалц. Урвалт гэдэг нь хувь хүмүүс эсвэл хэсэг бүлэг хүн сайн мэдээний зарчмуудаас татгалзаж, Их Эзэн тэдэнд бошиглогчдыг илгээхээ болихыг хэлнэ. Христийн төлөөлөгчдийг нас барсны дараа Амосын бошиглол биеллээ олсон бөгөөд үүнийг Их урвалт хэмээн нэрлэдэг. Их Урвалт нь Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сайн мэдээгээ сэргээх хүртэл үргэлжилсэн.
Та сайн мэдээний сэргээлтийн ач холбогдлыг харуулахын тулд “Dispensations: The Pattern of Apostasy and Restoration” (6:52) видео бичлэгийг хуваалцаж болно.
Сүнслэг өлсгөлөнг дарах нь
Их Эзэн энэрэл хайраар Өөрийн хүмүүсийг урвалтын үр нөлөөнөөс аварч, тэднийг адислах болно гэдгийг бошиглогчдоороо дамжуулан тодорхой хэлсэн билээ. Их Эзэн ирээдүйн нэгэн өдөр Өөрийн хүмүүсийг дахин цуглуулж, тэднийг олон арга замаар адислах болно хэмээн Амосоор дамжуулан бошиглосон ( Aмос 9:14–15-ыг үзнэ үү).
Дараах шүлгүүдийг уншаад, Их Эзэн Хоёр дахь ирэлтийнхээ өмнөх эцсийн эрин үед бошиглогчдоороо дамжуулан өөр юу хийхээ илчилснийг олж мэд:
Даниел 2:44–45
Үйлс 3:19–21
Ефес 1:3, 10
Сургаал ба Гэрээнүүд 27:13; 112:30; 128:18
Сурсан зүйлээ хуваалцаж, эдгээр шүлгийн талаар өөрсдөдөө байгаа асуултуудыг тавихад суралцагчдыг урь. Нэмэлт тусламж авахын тулд тэднийг Сэдэв ба Асуулт хэсэг дэх “Сайн мэдээний сэргээлт” хэсэгт чиглүүлж болно.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр сүнслэг байдлын хувьд өлсгөлөн дэлхийд Сэргээлтээр дамжуулан ямар адислалуудыг өгсөн бэ?
Суралцагчид санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл, бошиглогчид, илчлэлтүүд, судрууд, Сүмийн байгууллагууд, ёслолууд, Ариун Сүнсний бэлэг зэргийг жагсаан бичиж болно.
Эдгээр адислал хэрхэн өөрсдийнх нь болон тэдний санаа тавьдаг хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангаж болохыг ойлгоход суралцагчдад хэрхэн тусалж болох тухай бод. Дараах үйл ажиллагаа нь үүнийг гүйцэтгэх нэг арга юм.
Суралцагчдыг самбар дээр Сүнслэг өлсгөлөн гэсэн хэсэгт жагсаасан сэдвүүдийн аль нэгээр өлсөж байгаа нэг хүний жишээ зохиоход урь. Үйл явдлыг илүү хамааралтай болгохын тулд та суралцагчдаас нарийн ширийн зүйлсийг нэмж бичихийг хүсэж болно. Та Мартагийн тухай дараах зүйлийг жишээ болгон хуваалцаж болно. Дараа нь суралцагчид тус тусдаа эсвэл жижиг бүлгүүд болон ажиллаж, тухайн нөхцөл байдлын үйл явдалд хариу үйлдэл үзүүлж болно.
Жишээ: Марта 15 настай бөгөөд амьдралынхаа зорилго чиглэлийг олж мэдэхийг чин сэтгэлээсээ хүсдэг. Тэр өөртөө итгэлтэй биш бөгөөд аль зүг рүү явахаа сайн мэдэхгүй байна.
-
Мартагийн сүнслэг өлсгөлөнг дарахад тусалж болох, сайн мэдээний сэргээлтийн нэг хэсэг болгон Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хийсэн ямар зүйлсийг та нар хуваалцаж чадах вэ?
Хариултдаа судруудыг, Сүмийн удирдагчдын эшлэлүүд, боломжтой бол өөрийн хувийн туршлагаа багтаа.
Хэрэв суралцагчид хариулж чадахгүй байвал тэднээр Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамжийг эсвэл зарим төгс эзэмших сургаалын хэсгийг уншуулж болно.
Хэрэв суралцагчид Мартагийн жишээнд хариулж байвал та тэднийг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамж-ийн “Сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хий” хэсэг эсвэл Мосе 1:39: “Хүмүүний үхэшгүй байдал ба мөнх амьдралыг тохиолгон авчрах нь миний ажил мөн миний сүр жавхлан бөлгөө” гэсэн шүлэг рүү чиглүүлж болно. Их Эзэн өөрсдөд нь анхаарал халамж тавьж, тэднийг Түүний оршихуйд эргэн очихын төлөө идэвхтэй ажиллаж байгаа гэдгийг мэдэх нь тэдний амьдрал дахь Бурханы хайрыг эсвэл зорилгыг мэдрэх сүнслэг өлсгөлөнг хэрхэн дүүргэх талаар суралцагчид тунгаан бодож болно.
Суралцагчдад бичих хангалттай цаг гаргаж өгсний дараа, бичсэн зүйлээ хуваалцахад урь. Тэд энэ үйл туршлагаас олж мэдсэн зүйлээ хуваалцаж болно.
Хувийн эргэцүүлэл
Хичээлээ өндөрлөхийн тулд тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бичихэд суралцагчдыг урих талаар бодож үз.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр сүнслэг өлсгөлөнг маань дарна гэдэгт итгэх итгэлийг тань нэмэгдүүлдэг юуг та өнөөдөр сурч мэдсэн бэ?
-
Олж мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлийнхээ дагуу үйлдэхийн тулд та юу хийж болох вэ?