“Гашуудал 1; 3: ‘ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Гашуудал 1; 3: ‘ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Хичээл 136: Иеремиа 31–33; 36–38; Гашуудал 1; 3
Гашуудал 1; 3
“ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй”
Аврагч өрөвч сэтгэлээр дүүрсэн учраас биднийг Түүний эсрэг нүгэл үйлдсэн ч гэсэн эдгээж, тайтгаруулж, уучлахад бэлэн байдаг. Иерусалимыг нүгэл, бослогын улмаас устгагдсаны дараа Иеремиа Аврагчийн өрөвдөх сэтгэлийг ойлгож, үүнд итгэл найдварыг олоход нь иудейчүүдэд туслахыг эрэлхийлсэн. Энэ хичээл суралцагчдад нүгэл үйлдсэн үедээ ч гэсэн өөрсдийнх нь төлөөх Аврагчийн өрөвч сэтгэлийг мэдрэхэд тусалж чадна.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Аврагчийн энэрлийн мөн чанарыг харуулсан судруудын түүхийг эргэн санахад урь. Суралцагчдад энэ түүхийг хичээл дээр дурдах боломж гарна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бид нүгэл үйлдсэний дараа
Дараах жишээг хуваалцаж, хичээлийг эхлүүлэхийг бодоорой.
Эсвэл та “Painted into a Corner (Өөрийгөө буланд шахсан минь)” видео бичлэгийг цагийн код 0:00-оос 1:47 хүртэл үзүүлж болно. Энэ видео бичлэгийг ChurchofJesusChrist.org-ээс үзэх боломжтой. Та видео бичлэгийн үлдсэн хэсгийг хичээл дээр дараа нь үзүүлж болно.
Нэгэн залуу эр амьдралдаа зөв сонголт хийхийн тулд чадах бүхнээ хийсэн гэж төсөөл. Нэг өдөр үдэшлэгт оролцож байхдаа үе тэнгийнхнийхээ дарамтад ороод, согтууруулах ундаа уусан байв. Учир нь тэр найзуудынхаа хүрээлэлд багтахыг хүсэж байв. Маргааш өглөө нь тэр сэрээд ганцаардаж, өөрийгөө буруутгаж, сэтгэлээр унасан байв. Тэр аажим аажмаар өөр буруу сонголт хийж, ирээдүйдээ найдах найдвараа алдаж эхэлдэг.
Дараах асуултуудад хариулсан суралцагчдын хариултыг самбар дээр бич. Бичсэн хариултуудыг хичээлийн туршид харж эш татна.
-
Нүгэл үйлдсэн хүн өөрийгөө юу гэж харж эсвэл мэдэрдэг вэ?
-
Тэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар хэрхэн харж, мэдэрч болох вэ?
Суралцагчдыг эдгээр хариултыг тунгаан бодож, өөрсдийнхөө мэдрэмжийг үнэлж дүгнэхэд урь.
-
Самбар дээрх мэдэгдлүүдийн аль нэгийг нь та бодож байсан уу?
-
Эдгээр мэдэгдлийн аль нь худал болохыг та мэдэх үү? Та алинд нь эргэлзэж байна вэ?
Бид бүгд нүгэл үйлдэж, “Бурханы алдар сууд хүрдэггүй” (Ром 3:23) гэдгийг санах нь чухал. Өнөөдөр Гашуудал номын талаар судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг алдаа гаргасан үед ч гэсэн таны талаар юу мэдэрдгийг ойлгоход тань туслах Ариун Сүнсний өдөөлтийг олж мэдээрэй.
Нүгэл үйлдсэндээ харамсах
Дараах зургийг харуулах талаар бодож үз. Суралцагчдыг энэ зурган дээр харсан зүйлээ эсвэл энэ нь өөрсдөд нь ямар сэтгэгдэл төрүүлж байгааг хуваалцахад урь. Энэ зураг Иеремиаг болон түүний агуу харамслыг харуулж байгааг тайлбарла. Суралцагчид Иеремиагийн түүх,түүний яагаад харамсаж байсан тухай юу санаж байгаагаа хуваалцаж болно. Шаардлагатай бол дараах догол мөрөөс дэлгэрэнгүй мэдээллийг хуваалц.
40 орчим жилийн турш Их Эзэн Иеремиад Израилын угсааг наманчилж, Бурханд эргэж очихыг сонгохгүй бол Иерусалим сүйрч, олзлогдох тухай бошигло гэж хэлсэн. (Иеремиа 16:1–13-ыг үзнэ үү). Зедекиа хааны засаглалын үед вавилончууд Иерусалимыг устгаж, олон хүнийг олзлон авчирснаар Их Эзэний бошиглол биелжээ (Иеремиа 52-ыг үзнэ үү). Эдгээр үйл явдлаас хойш хэсэг хугацааны дараа Иеремиа Гашуудал номыг цэдэглэжээ.
Та гашуудал гэдэг үг нь гүн харамсал, уйтгар гунигийн илэрхийлэл гэсэн утгатай болохыг тайлбарлаж болно.
Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад Их Эзэний хүмүүсийн туулсан зовлон шаналлыг ойлгоход тусалж чадна. Та суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилан зохион байгуулж, судрын хэсгүүдийг судлуулж болно. Иеремиа эдгээр шүлгийн ихэнхийг Иерусалимын өнцгөөс хот өөрөө ярьж байгаа мэт бичсэн гэдгийг тайлбарла.
Дараах хэсгүүдээс нэгийг эсвэл хоёрыг уншиж, хүмүүс нүглийнхээ улмаас зовж шаналсныхаа дараа ямар мэдрэмжтэй байсныг илэрхийлсэн үг, хэллэгийг олж мэдээрэй.
Гашуудал 1:1–4
Гашуудал 1:16–18
Гашуудал 1:20–22
-
Та ямар үг, хэллэгүүдийг олж мэдсэн бэ?
Суралцагчдад олж мэдсэн зүйлээ мөнхийн талаас нь шинжлэн судлахад нь туслахын тулд та дараах асуултыг асууж болно.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг хайрладаг гэдгийг мэдсэнээр яагаад биднийг нүгэл үйлдсэн үед Тэд бидэнд ийм зовлон шаналал мэдрэх боломжийг олгодог гэж та бодож байна вэ?
Хэрэв суралцагчдад энэ асуултад хариулахад тусламж хэрэгтэй бол та тэднийг 2 Коринт 7:9–10; Алма 42:18, 29; Сургаал ба Гэрээнүүд 95:1 зэрэг шүлгүүдийг уншихад урьж, тэд боломжит хариултуудыг хайж олж болно.
Аврагчийн хайр энэрэл
Хичээлийн үлдсэн хэсэг нь биднийг нүгэл үйлдэхэд ч гэсэн Аврагчийн өрөвч сэтгэлийг мэдрэхэд суралцагчдад тусалж чадна.
Та суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилснаар дараах сургаалыг судалж, дагалдах асуултуудад хариулуулж болно. Жишээлбэл нэг суралцагч 22–26-р шүлэг, нөгөөх нь 31–33-р шүлэг-ийг судалж болно.
Хичээлийн эхэнд бичсэн самбар дээрх мэдэгдлүүдийг эргэцүүлэн бодоорой. Гашуудал 3:22–26, 31–33-ыг уншаад, ийм бодол мэдрэмжтэй хүнтэй хуваалцах үг, хэллэгүүдээ хайж ол.
-
Та ямар үг, хэллэгийг хуваалцах вэ? Яагаад?
-
Та тэднийг эдгээр шүлгээс ямар үнэнийг ойлгоосой гэж хүсэж байна вэ?
Суралцагчид хуваалцаж байхдаа дараах үнэнийг олж тогтоож болох юм: Их Эзэн биднийг нүгэл үйлдсэн үед ч гэсэн өрөвч сэтгэлээр ханддаг.
Хэрэв суралцагчдад өрөвч сэтгэл гэдэг үгийг ойлгоход тусламж хэрэгтэй бол та дараах тодорхойлолтыг хуваалцаж болно: “Судруудад өрөвдөх сэтгэл гэдэг нь шууд утгаараа ‘үүний төлөө зовж шаналах’ гэсэн утгатай. Энэ нь мөн бусдад энэрэнгүй, өрөвч, нигүүлсэнгүй хандах гэсэн утгатай” (Gospel Library, Судруудын удирдамж, “Өрөвч сэтгэл” ).
Суралцагчид Аврагчийн өрөвч сэтгэлийг илүү сайн ойлгохын тулд дараах үйл ажиллагааг хийж болно. Суралцагчид дараах сонголтуудын нэгийг судлахын оронд Аврагчийн өрөвч сэтгэлийг харуулсан өөр түүхийг бодоод, судруудаас судалж болно.
Дараах судлах сонголтуудаас нэгийг хийж дуусгаад, Аврагчийн өрөвч сэтгэлийг амьдралдаа хэрхэн мэдэрч болохыг илүү сайн ойлгоход тань юу тусалдгийг олж мэд.
-
Аврагчийн өрөвч сэтгэлийг харуулсан дараах түүхүүдээс нэгийг нь судлаарай: Матай 18:23–35; Иохан 8:1–11.
-
Аврагчийн өрөвч сэтгэлийн талаар заадаг дараах судрын хэсгүүдээс нэгийг эсвэл хоёрыг нь судал: Мозая 15:7–9; Сургаал ба Гэрээнүүд 64:2–4; Сургаал ба Гэрээнүүд 101:9.
Суралцагчдыг сурч, мэдэрсэн зүйлээ бие биедээ заахад урих талаар бодож үзээрэй. Та ангийнхантайгаа хуваалцах хүсэлтэй сурагчдыг урьж болно.
Дараах гэрчлэл ч энэ ярилцлагад тусалж магадгүй юм.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд ийн гэрчилсэн:
Есүс Христ бидний нүглийн төлөөх үнийг төлсөн учраас өршөөдөг.
Гэтэлгэгч маань Өөрийн юутай ч харьцуулшгүй нигүүлсэл, хайраараа өршөөхийг сонгодог билээ.
Аврагч маань уучилж өршөөхийг хүсдэг. Энэ нь Түүний тэнгэрлэг зан чанаруудын нэг юм.
Сайн Хоньчин Тэрээр биднийг наманчлахыг сонгох үед баяр баясгалантай байдаг.
Бид өөрсдийн хийсэн үйлдлийн төлөө бурханлаг харамслыг мэдрэн, наманчлахаар сонгох үедээ амьдралдаа Аврагчийг тэр даруй урьдаг. (“Наманчлал: Баяр хөөр авчрах сонголт,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 121-124)
Намайг гэсэн Аврагчийн өрөвч сэтгэлийг мэдрэх нь
-
Та эсвэл таны таньдаг хэн нэгэн Аврагчийн өрөвч сэтгэлийг хэзээ мэдэрсэн бэ? (Өнгөрсөнд хийсэн нүглээ эсвэл хэт хувийн ямар нэг зүйлийг хуваалцахгүй гэдгээ санаарай.)
Хичээлийн эхэнд гарсан залуу эрийн тухай суралцагчдад сануулж хэлээрэй.
-
Та өнөөдөр сурсан зүйл дээрээ үндэслэн энэ залуу эртэй юу хуваалцах байсан бэ?
“Painted into a Corner (Өөрийгөө буланд шахсан минь)” видео бичлэгийг цагийн код 1:48-аас 3:41 хүртэл үзэж дуусгах талаар бодож үз. Эсвэл видео бичлэгийн эхний хагасыг хараахан үзүүлээгүй бол видео бичлэгийг бүхэлд нь үзүүлэх талаар бодож үзээрэй. Суралцагчид Аврагч залуу эрд өрөвч сэтгэл үзүүлсэн талаарх нотолгоог хайж болно. Олж мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь.
Та Аврагчийн талаарх гэрчлэл, бодлоо эсвэл мэдрэмжээ дүгнэж, хичээлээ өндөрлөж болно.