“Дуулал номын удиртгал, 2-р хэсэг: Их Эзэнийг шүтэн биширч, Ариун нэрийг нь магтах нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Дуулал номын удиртгал, 2-р хэсэг: Их Эзэнийг шүтэн биширч, Ариун нэрийг нь магтах нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Дуулал 1–2; 8; 19–33; 40; 46: 101-р хичээл
Дуулал номын удиртгал, 2-р хэсэг
Их Эзэнийг шүтэн биширч, Ариун нэрийг нь магтах нь
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх нэг арга зам бол Тэднийг хайрлах хайраа болон үнэнч байдлаа илэрхийлэх явдал юм. Дуулал номын ихэнх хэсэг нь магтаал, гуйлт, залбирлаар Эцэг, Хүү хоёрыг шүтэн бишрэх яруу найргийн жишээ болдог. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх мэдрэмжээ илэрхийлэхэд суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай бодол санаа, мэдрэмжээ мөн энэ хичээлээр эдгээр мэдрэмжээ хуваалцахад бэлтгэх ариун нандин зүйлсийн талаар эргэцүүлэн бодох боломжтой байх болно гэдгийг суралцагчдад мэдэгд. Хүндэтгэлтэй хөгжим сонсож, дуртай судар, эшлэл эсвэл ариун нандин зургуудыг үзэхдээ хуваалцаж болох тодорхой зүйлсийг олж харахад суралцагчдыг урамшуулан дэмж. Ингэснээр энэ хичээлийн үйл ажиллагаанд зориулан тэдний зүрх сэтгэл, оюун ухааныг бэлтгэж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бурханыг шүтэн бишрэх нь
Тэмдэглэл: Энэ хичээлийн төгсгөл дэх үйл ажиллагаа нь 112-р хичээл: “Суралцахуйгаа үнэлэх нь 7” хичээлийн эргэцүүлэн бодох хэсэг болно. Хичээлийн үеэр уг үйл ажиллагааг хийж эхлэх хангалттай цагийг суралцагчдад гаргаж өг.
Хичээлийг эхлүүлэхдээ суралцагчдад дараах асуултын талаар тунгаан бодох цаг гаргаж өг.
-
“Бурханыг шүтэн бишрэх” гэдэг нь та нарын хувьд юу гэсэн үг вэ?
Тэргүүлэх бишопын зөвлөлд үйлчилж байсан ахлагч Дийн М.Дэйвийс дараахыг заахдаа Бурханыг шүтэн бишрэх зарим арга замыг хуваалцсан юм.
Бид Бурханыг шүтэн бишрэхдээ хайраар, даруу төлөв, хүндэтгэлтэй ханддаг. Бид Түүнийг өөрсдийн сүр жавхлант эзэн хаан, дэлхий ертөнцийг Бүтээгч, бидний хайрт, хязгааргүй хайраар дүүрэн Эцэг хэмээн хүлээн зөвшөөрдөг.
Бид Түүнийг хүндэтгэн дээдэлдэг.
Бид Түүнд захирагддаг.
Бид хүчит залбирлууддаа зүрх сэтгэлээ уудалж, Түүний үгсийг нандигнан, ач ивээлд нь баясаж, чин үнэнчээр дагахаа амладаг. (“Шүтлэг бишрэлийн адислал,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 86)
-
Та нар сүмд, ариун сүмд, семинарт зүгээр л очих, Бурханыг шүтэн бишрэхээр очих хоёрын ялгааг хэрхэн тайлбарлах вэ?
Хүмүүсийн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх мэдрэмжээ илэрхийлсэн, танд таалагддаг арга замуудаас нэг юм уу хоёрыг суралцагчидтай товчхон хуваалц. Жишээ нь, яруу найраг, видео бичлэг, урлагийн бүтээл, уран бичлэг эсвэл нандин дуу хөгжим гэх зэрэг байж болно. Та өөрөө бичсэн эсвэл бүтээсэн зүйлсээ оруулж болно. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх мэдрэмжээ илэрхийлэх олон арга зам байдаг гэдгийг суралцагчдад тайлбарла.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх мэдрэмжээ хэрхэн илэрхийлж болох талаараа эргэцүүлэн бодоход суралцагчдыг урамшуулан дэмж. Хичээлийн туршид яг одоо Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой ямар нэг байдлаар холбогдож чадаагүй байж болох суралцагчдад анхаарал болгоомжтой, мэдрэмтгий хандаарай.
Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудаас нэг юм уу хэд хэдийг нь сонгоод хариул. Та нар ахлагч Дэйвийсийн захиаснаас эсвэл өөрийн үгээр санаа бодлоо нэгтгэн дүгнэж болно.
-
Та нар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай, мөн ариун нандин зүйлсийн талаар юу гэж боддог вэ?
-
Та нар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт эсвэл сүнслэг адислалуудад хайр, хүндлэл, хүндэтгэл бишрэлээ хэрхэн хамгийн сайнаар илэрхийлэх вэ?
Өнөөдөр хичээлийн төгсгөлд та нар өөрсдийн мэдрэмжийн илэрхийллээ бүтээж эхлэх болно. Судалж байхдаа үүнийг санаарай. Сурч, мэдэрч байгаа зүйлээ хэрхэн илэрхийлэхээ бод. Хичээл зүтгэлдээ тусламж хүсэж Ариун Сүнсийг урь.
Дуулалд Их Эзэнийг шүтэн бишрэх нь
Олон дуулал нь зохиогчийн ариун бодол, мэдрэмж, итгэл найдвар, хүсэл эрмэлзлийг яруу найраг, залбиралтайгаар илэрхийлсэн илэрхийлэл юм. Олон сударт Их Эзэний бидэнд хандан хэлсэн үгсийг цэдэглэсэн байдаг бол дуулал нь зохиогчийн Түүнд хандсан үгсийг олонтоо тусгадаг. Дуулал 18:1–6-г уншаад, Их Эзэний талаар өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэхдээ ашигласан Давидын үг, хэллэгийг олж мэд.
Олж тогтоосон үг, хэллэгээ самбар дээр бичихэд суралцагчдыг урь. Суралцагчид хэд хэдэн өөр хэллэгийг тодорхойлж болох юм. Жишээлбэл:
-
Хүч минь болдог ЭЗЭН (1-р шүлэг).
-
ЭЗЭН бол миний хад, цайз, аврагч, Бурхан, хоргодох хад, бамбай, авралын эвэр, бэхлэлт юм (2-р шүлэг).
-
Магтуулах зохистой ЭЗЭН (3-р шүлэг).
-
Их Эзэн Өөрт нь хандах бидний хашхирааныг сонсдог (6-р шүлэг).
Үг хэллэг бичсэн суралцагчид яагаад Давид уншигчдаа Их Эзэний тухай эдгээр зүйлийг мэдээсэй хэмээн хүссэн байж болох талаар хуваалцаж болно. Их Эзэн эдгээр үүргийг хэрхэн тэдний амьдралд биелүүлснийг суралцагчдаас асууж болно.
Хамтрагчтайгаа хамт судлахаар дараах судрын хэсгүүдээс аль нэгийг нь сонгоход суралцагчдыг урь. Тэднийг ойр ойрхон түр зогсож, бодол санаа, мэдрэмжээ нэг нэгэнтэйгээ хуваалцахад урамшуулан дэмж.
Эдгээр дуулал нь Их Эзэний талаарх мэдрэмжээ хуваалцах олон арга замыг харуулдаг. Дараах судрын хэсгүүдээс нэгийг нь удаан судалж, Их Эзэний талаарх та нарын мэдрэмжийг харуулсан үг хэллэгүүдийг цохон тэмдэглэ.
Дуулал 8:1–9
Дуулал 27:1–9
Дуулал 30:1–12
Дуулал 46:1–11
Шүтлэг бишрэлээ бичихээс өөрөөр илэрхийлэх арга замуудыг суралцагчдад заа. Та ChurchofJesusChrist.org дээрх дараах видеонууд шиг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх мэдрэмжээ бүжиг, дуу хөгжим, урлагийн бүтээлээр дамжуулан илэрхийлсэн видеог сонгож болно. Бүтээгчид дууны үг, уран зураг гэх мэт зүйлсээр дамжуулан юуг илэрхийлж байсан гэж бодож байгаагаа тунгаан бодоход суралцагчдыг урь.
-
Бүжиг: “Trust in the Lord: Music Video” (4:11)
-
Дуу хөгжим: “Here I Am, I Will Follow Jesus Christ” (3:07) эсвэл “Peace in Christ” (4:09)
-
Уран зураг: Кристэн М.Еий эгч Аврагчийг зурсан хөрөг зургаа Facebook дээр хуваалцсан нь (https://www.facebook.com/reel/1240140883346653?mibextid=kcDB8O)
Шүтлэг бишрэлийн мэдрэмжээ илэрхийлэх
Суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар ямар бодолтой байдгаа харуулсан ямар нэгэн зүйл бүтээж эхлэхэд хичээлийн үлдсэн цагийг өг. Суралцагчдынхаа хэрэгцээг дүгнэж, дараах сонголтуудын заримыг эсвэл бүгдийг нь үзүүл.
Та өөрсдийн мэдрэмжийг дүрслэн үзүүлэхийг хүссэн суралцагчдад цаас, өнгийн харандаа, маркер гэх мэт уран зургийн хэрэгсэл өгч болно.
Энэ нь бие даан гүйцэтгэх төсөл учраас та ангиар тойрон явж, шаардлагатай бол тусламж, удирдамж, урам дэм өгч болно. Тохиромжтой бол энэ үйл ажиллагааны үеэр намуухан, нандин дуу хөгжим тоглуул.
Энэ нь Их Эзэний талаарх бодол, мэдрэмжээ олохыг хичээж байгаа суралцагчдад таны хайр, итгэлийг илэрхийлэхэд тусалж болох юм. 6-р үйл ажиллагаа нь итгэлийнхээ талаар эргэлзэж байгаа суралцагчдад зөв сонголт байж болно.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн хоёрын тухай болон ариун нандин зүйлсийн талаарх бодол санаа, мэдрэмжээ илэрхийлэхэд цаг гарга. Дараах сонголтуудаас нэгийг нь сонго эсвэл өөрөө нэгийг зохио. Өнөөдөр хичээл дээрээ хийж буй зүйлээ дуусгаж амжихгүй байж болох ч дуу, шүлэг зохиож эсвэл уран зураг юм уу видеоны ерөнхий зохиомжийг гаргахаар эхлүүлж болно. Хичээлээс гадуур бүтээж буй зүйл дээрээ үргэлжлүүлэн ажиллаж болно. Дуулал номоос утга учиртай гэж үзсэн нэг судраа багтаахаар сонгож болох юм.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай өөрийн мэдрэмжийг илэрхийлсэн шүлэг эсвэл дуу зохио.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай сэтгэгдлээ хуваалцсан видео эсвэл аудио бичлэг хий. Видео бичлэгт Gospel Library-аас авсан дуртай ариун нандин зургуудаа оруулж болно.
-
Дуулал номыг зохиогчид Аврагчийг өөрсдөд нь ямар утга учиртайг харуулахын тулд өөр зүйлтэй олонтоо зүйрлэсэн. Жишээ нь “ЭЗЭН бол миний хад, миний цайз” (Дуулал 18:2), “ЭЗЭН миний гэрэл” (Дуулал 27:1) гэх зэрэг орно. Их Эзэний талаар ямар бодолтой байдгийг тань илэрхийлж болох өөрийнхөө амьдралд байдаг зүйлсийн жагсаалтыг гарга.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх мэдрэмжээ харуулсан зураг, уран зураг, мийм, дижитал зураг эсвэл бусад урлагийн бүтээлийг туурви.
-
Хэд хэдэн ариун нандин зураг хайн олж, зургийн цуглуулга хий. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай мөн та нарын хувьд чухал гэгдэх сайн мэдээний талаарх зүйлсийг төлөөлөх зургийг сонго. Зураг бүрд бодол санаа, мэдрэмжээ нэгтгэн дүгнэсэн тэмдэглэл бич.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх бодлоо бич. Тэдний талаарх та нарын үзэл бодолд нөлөөлсөн туршлагаасаа хуваалцаж болох юм.
Та өнөөдөр бүтээсэн зүйлээ хуваалцах боломжийг суралцагчдад олгож болно. Суралцагчдыг бүтээлээ хийж дууссаны дараа дараагийн хичээлүүд дээр бүтээлээ хуваалцах цагийг гаргаж болно. Суралцагчдыг дараагийн хэдэн хичээлээр Есүс Христийн талаар үргэлжлүүлэн суралцахдаа хийж бүтээж байгаа зүйл дээрээ нэмж хийхэд урих талаар бодож үз. 112-р хичээл: “Суралцахуйгаа үнэлэх нь 7” хичээл дээр энэхүү бүтээл хийсэн туршлагаа эргэцүүлэн бодох болно гэдгийг суралцагчдад хэл.