Семинар
Иов 21–24; 38–40; 42: Сорилтуудыг мөнхийн талаас нь авч үзэх


“Иов 21–24; 38–40; 42: Сорилтуудыг мөнхийн талаас нь авч үзэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Иов 21–24; 38–40; 42: Сорилтуудыг мөнхийн талаас нь авч үзэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–40; 42: 99-р хичээл

Иов 21–24; 38–40; 42

Сорилтуудыг мөнхийн талаас нь авч үзэх

Job and His Friends by Ilya Repin. Job's wife grieves behind him, while his friends, Eliphaz, Bildad, and Zophar, observe his impoverished condition.

Бурхан зовлон шаналлыг хүлцэн зөвшөөрдгийн учрыг та нар сонирхож байсан уу? Сорилтуудтай тулгарах үедээ өөр олон асуулт асууж байсан уу? Иов болон түүний нөхөд Иовын зовлон шаналлын шалтгааныг олох гэж оролдсон нь дэмий зүйл байлаа. Бурхан учрыг нь хэлээгүй ч сорилтуудаа илүү дээгүүр, илүү ариун арга замаар олж харахад нь Иовд тусалсан юм. Энэ хичээл бусдад сорилтуудаа мөнхийн талаас нь авч үзэхэд туслах боломжийг суралцагчдад олгоно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад “Бурхан яагаад бидэнд сорилт бэрхшээл тулгарахыг зөвшөөрдөг юм бэ?” гэсэн асуултыг тавь. Хариултыг судрууд, Сүмийн удирдагчдын сургаал, эцэг эх гэх зэрэг тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаас олоход тэднийг урь. Тэд мөн гэр бүлийн гишүүд эсвэл найз нөхдөөсөө уг асуултад хэрхэн хариулахыг нь асууж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Яагаад золгүй явдал тохиолддог вэ?

Дараах асуултуудыг самбар дээр бичиж хичээлийг эхлүүл. Хүмүүсийн сорилтуудаа ойлгохыг хичээж байхдаа асууж болох дахин хоёр асуултыг гаргахад ангийнхныг урь. Тэр хоёр асуултыг нь самбар дээр нэмж бичээд, 5 ба 6 гэж дугаарла. Эдгээр асуултыг хичээлийн туршид дахин дурдах болно.

  1. “Би бүх зүйлийг буруу хийж байгаа байх. Амьдрал яагаад надад хатуу хандана вэ?”

  2. “Би сайн мэдээг дагаж байгаа мөртлөө яагаад сорилт, зовлон шаналлаас зайлсхийж чадахгүй байна вэ?”

  3. “Бурхан намайг хайрладаг гэж би бодсон. Тэр яагаад миний амьдралыг ийм хэцүү болгоно вэ?”

  4. “Хэрэв Бурхан бодитой байдаг юм бол яагаад хүмүүсийн зовлон шаналлыг зогсоодоггүй юм бэ?”

Энэ нь зарим суралцагч сорилтуудтай тулгарсан үедээ эдгээртэй төстэй асуулт тавьсан байж болохыг хүлээн зөвшөөрөхөд тусалж болно. Дараах асуултыг ярилцахдаа суралцагчдыг эелдэг, хүндэтгэлтэй хандахад урамшуулан дэмж.

  • Хүмүүс иймэрхүү асуулт тавихдаа ямар таамаглал дэвшүүлж болох вэ?

    Ярилцлагын дараа та суралцагчдыг дараах асуултын талаар тунгаан бодоход урьж болно. Тэд хариултуудаа судлах тэмдэглэл дээрээ бичиж болно.

  • Та нар хэн нэгэнд Их Эзэнд хандаж, иймэрхүү асуултуудын хариултыг олоход нь тусалж чадна гэж бодож байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?

Тэнгэрээс томилсон эх сурвалжуудыг судлах нь бидний суралцах үйл явцад Ариун Сүнсийг урьж чадна. Энэ хичээлийн судрууд болон мэдэгдлүүдийг уншихдаа Түүний зааж болох ойлголтуудад анхаарлаа хандуул. Эдгээр ойлголт нь сорилтуудынхаа талаарх асуултуудад хариулахад нь бусдад хэрхэн тусалж болохыг бодож үз. Үүнийг хийх нь та нарт сорилтуудаа илүү сайн ойлгоход тусалж болох юм.

Иов ба түүний нөхөд

Энэ хичээлийн эхэнд байгаатай адил Иовын зургийг үзүүл. Иовын түүхийн талаар санаж байгаа зүйлээ хамтрагчтайгаа товчхон ярилцахад суралцагчдыг урь. Дараа нь та дараах зүйлийг хуваалцаж болно.

Иовыг сорилтуудтай тулгарах үеэр нь түүн дээр гурван найз нь зочилжээ. Иов болон түүний нөхөд Иовын зовлон шаналлын шалтгааныг олох гэж оролдов. Тэдний хязгаарлагдмал үзэл бодол буруу таамаглал дэвшүүлэхэд хүргэжээ.

Доорх шүлгүүдийг ашиглан, ангийн зүүн талд байгаа суралцагчдыг Иов зовлон шаналлынхаа талаар юу гэж бодож байсныг, баруун талд байгаа суралцагчдыг Иовын найз Елифаз харин юу гэж бодож байсныг судлахад урь. Эсвэл та эдгээр шүлгийг нэгтгэн дүгнээд, “Мөнхийн талаас нь авч үзэх” гэсэн гарчиг руу орж болно. Нэгтгэн дүгнэх нь Иовын түүхийн төгсгөлийг судалж, тараах материалыг ярилцахад илүү их цаг гаргах боломжийг суралцагчдад олгоно.

  1. Иов 19:6–11-ийг уншаад, Иов Бурханы талаар юу гэж бодсоныг олж мэд.

  2. Иов 22:5–10-ыг уншаад, Елифаз Иовын талаар юу гэж бодсоныг олж мэд.

  • Энэ хоёрын аль аль нь ямар буруу таамаглал дэвшүүлсэн бэ?

Хэрэв суралцагчдад уншсан зүйлээ ойлгоход тусламж хэрэгтэй бол та Бурхан өөрт нь зовлон шаналал учруулаад, өөрийг нь орхисон мэт Иовд санагдсан гэдгийг тайлбарлаж болно. Елифаз Иовыг бусадтай зүй бусаар харьцсан гэж гүтгэсэн. Тэрбээр Иовын зовлон шаналал бол ёс бус байдлын үр дагавар гэдэгт итгэж байв.

Мөнхийн талаас нь авч үзэх

Иовыг зовлон шаналалтайгаа тэмцэж байх үед нь Бурхан түүнтэй ярив. Бурхан Иовд дэлхийн бүтээлтийн талаар олон асуулт тавьсан ч Иов хариулж чадаагүй юм (Иов 38–41-ийг үзнэ үү).

Иов 38:4–7-г уншаад, Бурханы Иовоос асуусан асуултуудын жишээг олж мэд.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд Бурхан Иовыг хариулж чадахгүй байгаад хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг ийн тайлбарласан.

Elder Dale G. Renlund takes an official portrait in 2021.

Бурхан Иовд “Чи миний бүтээсэн дэлхийн талаарх асуултуудын нэгэнд нь ч хариулж чадахгүй байхад, чиний ойлгохгүй мөнхийн хуулиуд гэж байх боломжтой байна уу? Чамд ор үндэслэлгүй гаргасан таамаг байна уу? Чи миний учир шалтгааныг мөн миний аврал болон өргөмжлөлийн төлөвлөгөө хэрхэн хэрэгждэгийг ойлгож байна уу? Мөн чи ирээдүйн хувь заяагаа урьдчилан харж чадах уу?” хэмээн тэвчээртэй бөгөөд эелдгээр хэлсэн юм шиг санагддаг.

Бидний мөнх бус амьдралын амин чухал хэсэг бол бүх зүйлийг мэдэхгүй байх явдал гэдгийг Бурхан мэргэн ухаанаараа мэддэг. Түүнд итгэж найдах нь бидэнд Түүнтэй илүү адил болж өсөж хөгжих боломжийг олгодог. (“Trust God and Let Him Prevail,” Liahona, Aug. 2022, 5)

  • Энэ мэдэгдэл та нарт Бурхан болон сорилтуудын талаар юуг ойлгоход тусалж байна вэ?

Суралцагчдыг хариулах үед Бурхан Иовын зовлон шаналлын учрыг хэлээгүй гэдгийг онцлон хэл.

Иов 42:1–6-г уншаад, Иовын Их Эзэнд хандан хэлсэн хариултыг олж мэд.

  • Иовын хариултаас юу нь та нарт онцгой санагдаж байна вэ?

  • Иовын түүхээс сорилтуудаа илүү сайн ойлгоход туслах юуг та нар сурч мэдсэн бэ?

Суралцагчид сорилтуудаа мөнхийн талаас нь авч үзэхэд Бурхан бидэнд тусалж чадна гэх мэт олон үнэнийг олж тогтоож болно.

Иов өөрийнх нь ойлголт Бурханыхтай харьцуулахад өчүүхэн гэдгийг хүлээн зөвшөөрч, сорилтууддаа хандах хандлагаа өөрчилжээ. Түүний зовлон шаналал нүглийн болон тэнгэрлэг шийтгэлийн үр дүн биш байсан гэдгийг тэр мэдэж авсан. Бурхан Иовыг амьдралынх нь төгсгөлд агуу ихээр адисалсан юм (Иов 42:12–13-ыг үзнэ үү).

Сорилтуудыг ойлгох нь

Бид бэрхшээлийнхээ учир шалтгааныг тэр болгон ойлгохгүй байж болох юм. Гэвч Их Эзэн сорилтуудаа мөнхийн талаас нь авч үзэхэд бидэнд туслах тэнгэрлэг эх сурвалжуудыг өгсөн.

семинарын шигтгээ зураг Суралцагчдад “Сорилтуудыг ойлгох нь” гарчигтай тараах материалыг өг. Суралцагчид дор бүрдээ эргэцүүлэн бодох үүднээс үүнийг бие даан хийж дуусгаж болно. Эсвэл тэдний ойлголт болон оролцоог нэмэгдүүлэхийн тулд тараах материалыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваан судлуулж болно.

Та тараах материалыг ашиглахын оронд сорилтуудыг илүү сайн ойлгоход туслах ойлголтуудыг олж авахын тулд Gospel Library дээрээс “саад бэрхшээл” эсвэл “сорилт” гэх мэт үгсийг хайж үзэхэд суралцагчдыг урьж болно.

Суралцагчдыг тараах материалыг хийж дууссаны дараа хичээлийн эхэнд самбар дээр бичсэн сорилтуудын тухай зургаан асуултыг дахин уншихыг тэднээс хүс. Дараа нь та дараахтай адил асуултуудаар ярилцлага явуулж болно.

  • Эдгээр асуултыг тээж явдаг хэн нэгэнд сорилтуудаа мөнхийн талаас нь авч үзэхэд туслах юуг та нар сурч мэдсэн бэ?

  • Та нарын судалсан сургаалууд хэрхэн тулгарсан сорилтуудын тань хувьд үнэн бодит болохыг харсан бэ?

  • Та нар бусдын хуваалцаж байгаа зүйлийг сонсоод Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу сурч мэдэж авч байна вэ?

Мөн та ChurchofJesusChrist.org дээрээс “Why Do Bad Things Happen to Good People?” (4:39) видеог үзэж болно. Брок сорилтуудаасаа юу сурч мэдсэнийг олж мэдэхэд суралцагчдыг урь.

4:39

Дүгнэлт

Сорилтуудаа мөнхийн талаас нь авч үзэхэд бусдад туслах дүрд тоглох боломжийг суралцагчдад олго. Та суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилснаар үүнийг хийлгэж болно. Хамтрал бүрд зургаан тал бүхий шоо өг. Дараах заавруудыг үзүүл. Хэрэв шоо байхгүй бол та зааврыг өөрчилж болно.

Та хамтрагчтайгаа дараах үйл ажиллагааг гүйцэтгэхдээ самбар дээр бичсэн сорилтын тухай зургаан асуултыг ашиглана.

  1. Шоог орхих нэг хүнийг сонго.

  2. Хэрэв та шоог орхиж байгаа бол самбар дээрх асуултуудаас буулгасан тоотойгоо тохирох дугаарын асуултыг хамтрагчаасаа асуу. (Жишээлбэл: Хэрэв та нэгийг буулгасан бол “Би бүх зүйлийг буруу хийж байгаа байх. Амьдрал яагаад надад хатуу хандана вэ?” гэсэн асуултыг тавина.)

  3. Хэрэв чи шоо орхиогүй бол хамтрагчийнхаа асуусан асуултад хариул. Сорилтуудаа мөнхийн талаас нь авч үзэхэд нь хамтрагчдаа туслахын тулд хичээлээс олж авсан ойлголтуудаа ашигла. Тэнгэрлэг Эцэг эсвэл Есүс Христийн талаар өөрт төрсөн бодол, мэдрэмжээ багтаа.

  4. Хоорондоо хийсэн үйлдлээ сольж, үйл ажиллагааг дахин нэг удаа давт. Хэрэв өмнө буусан тоо дахиад буувал, шоог дахин орхи.

Өнөөдөр суралцагчдын хуваалцсан зүйлс дээр гэрчлэлээ нэмж хичээлээ дуусга.