Иов 14; 19: ‘Гэтэлгэгч минь амьдыг би мэднэ’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Иов 14; 19: ‘Гэтэлгэгч минь амьдыг би мэднэ’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Иов 1–3; 12–14; 19; 21–24; 38–40; 42: 98-р хичээл
Иов 14; 19
“Гэтэлгэгч минь амьдыг би мэднэ”
Зовлон бэрхшээл, түүний дотор хайртай хүмүүсээ алдах үед найдвар олоход хэцүү байж болно. Тэнгэрлэг Эцэг Өөрийн Хүүг Цагаатгалыг гүйцэтгүүлэхээр илгээсэн бөгөөд энэ нь Аврагчийн булшнаас амилсан амилалтаар төгссөн юм. Есүс Христийн амилалтын ачаар бид найдвартай байж чадна. Энэ хичээл нь Есүс Христийн Амилалтаар дамжин ирэх найдварыг ойлгоход суралцагчдад тусалж чадна.
Суралцагчийн бэлтгэл: “Гэтэлгэгч минь амьдыг би мэднэ” дууллын үгийг сонсох юм уу уншиж ирэхэд суралцагчдыг урь. Тэд дууллаас бэрхшээлийг даван туулж буй хүнд итгэл найдвар төрүүлэх өөрсдөд таалагдсан хэсгийг сонгож болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Түүхэн дэх хамгийн агуу үйл явдал
Дараах асуултыг үзүүлээд, жижиг бүлгээр ярилцахад суралцагчдыг урь.
-
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал үйл явдлууд гэж хүмүүсийн хэлж болох үйл явдлууд юу вэ? Яагаад?
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) дараах зүйлийг хуваалцсан юм:
Түүхийн хамгийн агуу үйл явдлууд нь хамгийн олон хүнд хамгийн удаан хугацаагаар нөлөөлдөг үйл явдлууд байдаг. Энэ жишгээр бол Эзэний Амилалтаас өөр ямар ч үйл явдал хувь хүмүүст болон үндэстнүүдэд илүү чухал байх аргагүй юм. (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 94)
Аврагчийн Амилалтын талаар мэддэг зүйлээ болон энэ нь яагаад таны хувьд чухал болох талаар тунгаан бодох цаг гарга. Түүнчлэн Аврагчийн Амилалтыг яагаад түүхэн дэх хамгийн чухал үйл явдал гэж үзэж болох талаар бодож болно.
Суралцагчдыг Есүс Христийн Амилалт болон үүний авчирч болох найдварыг илүү сайн ойлгоход нь туслах Ариун Сүнсийг урихад урамшуулан дэмж.
Иовын асуултууд
Хэрэв та 97-р хичээл:“Иов 1–3; 12–13,”-ыг заасан бол суралцагчид Иовын зовлон бэрхшээлийн талаар юу санаж байгаагаа хуваалцаж болно. Эсвэл дараагийн догол мөрийг уншиж болно.
Иов бол хүнд бэрхийг амссан зөв шударга хүн байв. Тэр бүх эд хөрөнгөө алдаж, 10 хүүхэд нь бүгд дээрээс нь байшин нурахад амь үрэгдэж, мөн өөрийнх нь бие аймшигтай өвдөж зовсон.
-
Хэрэв та Иов байсан бол танд ямар асуулт байх байсан бэ?
Иов 14:7–14-ийг уншаад, Иов зовлон зүдгүүрүүддээ итгэл найдварыг хайж байхдаа асуусан хоёр асуултыг тэмдэглэ.
Хэрэв суралцагчдад 10-р шүлэг дэх Иовын асуултыг ойлгоход тусламж хэрэгтэй бол та Иов “Бид үхэхдээ хаашаа явах вэ?” гэж асууж байгааг тайлбарлаж болно.
-
Та үүнтэй төстэй асуултыг хэзээ сонсож эсвэл асууж байсан бэ?
Та суралцагчдыг Иовын асуултуудад хэрхэн хариулахаа бодоход урамшуулан дэмжиж болно.
Суралцагчид 10-р шүлэг дэх Иовын асуултад хэрхэн хариулж чадахаа мэдэхийн тулд 10-р шүлгийг Алма 40:6, 11–14-тэй холбож болно. Мормоны Номын бошиглогч Алма биднийг нас барсны дараа бидний сүнс амилуулалт хүртэл аз жаргал эсвэл зовлон зүдгүүрийн байдалд оршдог гэж заасан гэдгийг тайлбарла.
Суралцагчдыг 14-р шүлэг дэх Иовын асуултад хэрхэн хариулж болох талаар бодоход урь. Тэднийг тунгаан бодох үед та эсвэл нэг суралцагч дараах мэдэгдлийг уншиж болно. Үүнээс гадна, ChurchofJesusChrist.org дээр байгаа “Until We Meet Again” видеог цагийн код 0:00-2:28 хүртэл үзэж болно.
Ерөнхийлөгч Томас С.Монсоны (1927–2018) хүүхэд насны найзуудын нэг Артур Паттон дэлхийн II дайнд амь үрэгджээ. Ерөнхийлөгч Монсон энэ мэдээг сонссоныхоо дараа Артурын гэрт айлчилсан туршлагаа хуваалцсан юм:
Би зүрх сэтгэлдээ залбирсаар Паттоны гэр лүү хөтлөх танил замаар ямар тайтгарлын үгс балчир хүүгийн амнаас гарах бол хэмээн гайхширан алхлаа.
Хаалга онгойход хатагтай Паттон өөрийн хүүг тэвэрч байгаа мэт намайг тэврэн авлаа. …
[Хамтдаа залбирсны дараа] хатагтай Паттон намайг эгцлэн ширтсэнээ, “Томми, би сүмийн хүн биш, харин чи мөн. Артур дахин амьдрах уу? Үүнийг надад хэлж өгөөч” гэв. (“Mrs. Patton—the Story Continues,” Liahona, Nov. 2007, 22)
Та өөрийгөө ерөнхийлөгч Монсоны оронд байсан гэж төсөөл. Судлах тэмдэглэлдээ хатагтай Паттоны асуултад хариулан богино догол мөр бич.
Суралцагчдыг Есүс Христийн Амилалтын талаар үргэлжлүүлэн суралцахдаа бичсэн зүйл дээрээ нэмж бичихэд урамшуулан дэмж.
“Гэтэлгэгч амьдыг би мэднэ”
Иов 19:23–27-г уншаад, Иов асуултандаа ямар хариу өгснийг олж мэд.
-
Иов юу үнэн гэдгийг мэдэж байсан бэ?
Суралцагчид Есүс Христээс болж бид амилуулагдаж, Бурхантай дахин уулзах болно гэх мэт зүйлийг хуваалцаж болно.
-
23–24-р шүлэг нь энэ үнэний талаар Иовын юу гэж бодсон талаар бидэнд юу зааж болох вэ?
-
Есүс Христийн тухай энэ мэдлэг Иовт сорилт бэрхшээлүүдээ даван гарахад нь хэрхэн нөлөөлсөн байж болох вэ?
-
Энэ мэдлэг бидэнд хэрхэн тус болох вэ?
Суралцагчид дараах мэдэгдлийг бие даан уншаад, өөрт онцгой санагдсан хэсгийг хуваалцаж болно.
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс Есүс Христийн Амилалтын тухай мэдлэг маань бидэнд найдвар төрүүлж болох зарим арга замыг хуваалцсан:
Үхлээс амилах нь бидний итгэлийн хувийн тулгуур багана болдог. Энэ нь бидний сургаалд утга учрыг, бидний зан байдалд сэдлийг, ирээдүйд найдварыг нэмдэг. …
Амилалт бидэнд болон бидний хайртай хүн болгонд тохиолддог мөнх бус байдлын сорилт бэрхшээлийг даван туулах хүч чадал, ойлголтыг бидэнд өгдөг юм. Энэ нь төрөхдөө юм уу мөнх бус амьдралынхаа явцад олж авдаг бие махбод, оюун санаа эсвэл сэтгэл санааны дутмаг байдал зэргийг шинээр харж ойлгоход тусалдаг. Энэ нь бидэнд уй гашуу, бүтэлгүйтэл, цөхрөлийг давах хүч чадал өгдөг. Бид бүгдэд амилуулагдах амлалтыг өгсөн тул эдгээр мөнх бус амьдралын дутмаг байдал зөвхөн түр зуурынх гэдгийг бид мэднэ. (“Аврагч маань бидний төлөө юу хийсэн бэ?,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73)
-
Та хэзээ хэн нэгнийг Есүс Христэд итгэх итгэл болон Түүний Амилалтаар дамжуулан найдвар олж авахыг харсан бэ?
Амилуулалтыг ойлгох нь
Дараах заавруудыг үзүүлэхийн өмнө, бид хэлж, бичих үгсээ Аврагчийн болон Түүний бошиглогчдын үгстэй холбосноор хэрхэн хүчирхэгжүүлж болох талаар ярилцаж болно. Үүнийг хийх нэг арга зам бол судруудаас эш татах явдал юм.
Хатагтай Паттоны асуултад хариулж бичсэн догол мөрөөрөө дараах зүйлсийг хий.
-
Есүс Христийн тухай өнөөдөр сурсан эсвэл мэдэрсэн зүйлсээ болон Түүний Амилалтын ачаар бидэнд боломжтой болсон найдварыг ашиглан нэг юм уу хоёр өгүүлбэр нэмж бич. Иов 19:25–27-оос нэг хэллэгийг оруул.
-
Өөр судруудаас эсвэл Сүмийн удирдагчдын хэлсэн үг, хэллэгүүдийг ашиглан нэг юм уу хоёр өгүүлбэрийг нэмж бич. Үүнийг хийхийн тулд та Gospel Library, Судруудын удирдамж эсвэл Сэдэв ба асуулт дээрээс “Амилалт” гэсэн сэдвийг хайж болно. Та мөн Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023) номын 48, 55–56, 58-р хуудсыг үзэж болно.
Шаардлагатай бол та дараах судрын хэсгүүдээс заримыг нь үзүүлж болно.
1 Коринт 15:20–22; Мозая 16:7–8; Алма 11:42–44; Хиламан 14:17; Моронай 7:41
ТаChurchofJesusChrist.org дээрээс “Түүний учир” (2:44) видеог үзүүлж, суралцагчдыг бичсэн зүйл дээрээ нэмж бичихэд урьж болно.
Суралцагчдыг дууссаны дараа жижиг бүлгүүдэд хуваа. Суралцагчдыг Есүс Христийн Амилалтын тухай бичсэн зүйлээ бүлгийнхэнтэйгээ хуваалцахад урь. Ангийнхан нь хуваалцаж байх үед суралцагчид өөрсдийн догол мөр дээр нэмж бичиж болно.
Хичээлээ дуусгахдаа ерөнхийлөгч Монсон хатагтай Паттонд юу гэж хэлснийг сонсохоор “Until We Meet Again,” видеоны үлдсэн хэсэг буюу цагийн код 2:28-аас 3:39-ийг үзэж болно.