“Леви, 2-р хэсэг: Эзэний төлөө золиослох,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Леви, 2-р хэсэг: Эзэний төлөө золиослох,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Гэтлэл 35–40; Леви 1; 4; 16; 19: 54-р хичээл
Леви, 2-р хэсэг
Эзэний төлөө золиослох
Эртний израилчууд Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг бэлгэдсэн зан үйл үйлддэг байжээ. Эдгээр зан үйлийн нэг нь шатаалт тахил өргөх үйл байв. Эдгээр өргөл нь мөн ямар ч үед Их Эзэний хүссэн бүхнийг золиослоход израилчуудын бэлэн байгааг харуулж байсан юм. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адил болохын тулд гаргаж болох золиослолыг таньж мэдэхэд суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Их Эзэний төлөө золиослох нь зөв гэж бодож байгаа зүйлээ хийхэд суралцагчдыг урь. Зарим жишээнд аравны нэг эсвэл мацгийн өргөлөө өгөх, тусламж хэрэгтэй хүнд цаг зав гарган туслах, хэдхэн минут гарган судруудаас судлах зэрэг багтана. Уг золиослол нь хэрхэн тэдний Их Эзэнтэй харилцах харилцаанд нөлөөлдөг талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Золиослоход бэлэн байх
Их Эзэний төлөө золиослоход бэлэн байхын үнэ цэнийг олж харахад нь суралцагчдад тусалснаар хичээлээ эхлүүлэх тухай бодож үз. Үүний тулд та дараах мэдэгдлийг самбарт бичиж болно. Дагалдах асуултуудыг авч хэлэлцэхэд суралцагчдыг урь.
Тухайн өдрийг амжилттай болгох түлхүүр бол …
-
Та нар энэ мэдэгдлийг хэрхэн гүйцээж бичих вэ?
-
Таны хариулт яагаад хэн нэгний өдрийг амжилттай болгоход тусална гэж та бодож байна вэ?
Далын ахлагч Тэйлор Г.Годой нэгэн амжилттай өдрийн талаар ийн хуваалцсан.
Өөрсдийн өдрийг амжилттай болгох түлхүүр бол золиослоход бэлэн байх явдал юм. (“Дахиад нэг өдөр,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 34)
-
Золиослоход бэлэн байх нь яагаад бидний энэ өдрийг амжилттай болгодог гэж та бодож байна вэ?
Дараах асуултад өгсөн суралцагчдын хариултыг самбарт бичих талаар бодож үз. Та тэдгээр хариултыг хичээлийн турш, өөр өөр хэсэгт эш татаж болно.
-
Биднийг амжилттай өдөр, долоо хоног эсвэл амьдрал руу хөтлөх ямар ямар золиослолыг гаргаасай хэмээн Их Эзэн хүсдэг гэж та нар бодож байна вэ?
Их Эзэний төлөө золиос гаргахад бэлэн байгаа эсэхээ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урих талаар бодож үз. Ийн үйлдэх нэг арга зам бол суралцагчдад дугуй диаграмм үзүүлэх явдал юм. Дараах заавруудаар ханга.
Судлах тэмдэглэлдээ гурван дугуй диаграмм зур. Өнгөрсөн долоо хоногт Их Эзэний төлөө золиос гаргахад хэр бэлэн байснаа хувиар (0 хувиас 100 хувь хүртэл) илэрхийл. Дараа нь дараах асуултуудыг тунгаан бод.
-
Хэрэв золиос гаргасан хувиа өндөр гэж бодож байвал та яагаад Их Эзэний төлөө золиослоход бэлэн байсаар байна вэ?
-
Хэрэв золиос гаргасан хувиа бага гэж бодож байвал Их Эзэний төлөө золиослоход юу саад болсон бэ?
Дотроо залбирах талаар бодож үз. Хувийн золиослолтой холбоотой юуг мэдэж, юуг хийгээсэй хэмээн Тэнгэрлэг Эцэг танаас хүсэж байгааг ойлгоход туслахыг Түүнээс хүс. Энэ хичээлийн үеэр Ариун Сүнсээр дамжин танд ирэх бодол санаа, мэдрэмжид анхаарлаа хандуул.
Шатаалт тахил
Леви 1-д Их Эзэн израилчуудад шатаалт тахил өргөхийг зааварласан. Тахилчид өдөр бүр ийм өргөл өргөдөг байв. Өргөлүүд нь Аврагчийн Цагаатгалын бэлгэдэл байв. Эдгээр өргөл нь мөн Израил Их Эзэнд тууштай байхын бэлгэдэл байсан юм.
Леви 1:3, 8–9-ийг уншаад, өнөөдөр Их Эзэний төлөө үйлдэж болох золиослолтой хамаатай үг, хэллэгийг олж мэд.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол та дараах зүйлсийн заримыг онцолж болно.
-
“Тэрээр [өөрийн хүслээр] өрг[өнө]” (3-р шүлэг).
-
“Толгой,” “гадар өөх,” “гэдэс дотор,” “мөчүүд” (8–9-р шүлэг). Амьтны эдгээр өөр өөр хэсэг нь зүрх сэтгэл, оюун ухаан, бие махбод зэргийг багтаасан, Их Эзэний биднээс хүсэх ямар нэг зүйлийг Их Эзэнд өргөх өргөлийн бэлгэдэл байж болно.
-
“Энэ бүхнийг тахилын ширээн дээр шатаа” (9-р шүлэг). Амьтныг тахилын ширээн дээр бүхлээр нь шатаах нь Их Эзэнд өөрийгөө бүрэн зориулахын бэлгэдэл юм.
-
“ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил” (9-р шүлэг). Энэ нь бидний золиослол Тэнгэрлэг Эцэгт болон Аврагчид тааламжтай, таалалд нь нийцсэн гэсэн утгатай байж болно.
Есүс Христ бол золиослол өргөхийн төгс төгөлдөр жишээ юм.
-
Золиослоход бэлэн байх нь Аврагчтай илүү адил болоход бидэнд хэрхэн туслах вэ?
Шатаалт тахилын талаар ойлгож мэддэг болсноор бид Тэнгэрлэг Эцэгийн биднээс хүссэн бүхнийг золиослоход бэлэн байснаар Аврагчтайгаа илүү адил болж чадна гэсэн сургамжийг авч болно.
Өнөө цагт золиослолын хуулийн дагуу амьдрах
Есүс Христ цагаатгагч золиослолоо гүйцэлдүүлснийхээ дараа Өөрийн хүмүүсээс хүсдэг золиослолынхоо төрлийг өөрчилсөн юм ( 3 Нифай 9:19–20-ийг үзнэ үү). Бид өнөө үед амьтдаар тахил өргөдөггүй ч Их Эзэн Өөрийн хүмүүсээс золиослолыг хүссээр байгаа. Эдгээр золиослолд материаллаг эд зүйлсээс өөр зүйлсээ зориулах ордог.
Дараах заавар, судрын хэсэг, асуултуудыг үзүүл. Та энэ үйл ажиллагааг бие даан гүйцэтгэж дуусгахад суралцагчдыг урьж болно.
Дараах судрын хэсгүүдээс хоёр эсвэл түүнээс олныг судлаад, доорх асуултуудад хариулахад тань туслах ойлголтуудыг олж мэд.
-
Ром 12:1–2
-
-
Их Эзэн өнөө үед биднээс юуг золиослохыг хүсдэгийг ойлгоход нь хэн нэгэнд туслахын тулд та дээрх судрын хэсгүүдийг хэрхэн ашиглаж болох вэ?
-
Ийм арга замаар золиослох нь Аврагчтай илүү адил болоход бидэнд хэрхэн туслах вэ?
-
Их Эзэний хүссэн зүйлийг золиослоход бэлэн байх нь яагаад зарим хүний хувьд хэцүү байна гэж та нар бодож байна вэ?
-
Олж мэдсэн зүйлээ болон дээрх хоёр асуултад хэрхэн хариулахаа хүсвэл сайн дураараа хуваалцахад суралцагчдыг урь. Та мөн эдгээр шүлэг нь хичээлийн эхэнд самбарт жагсаасан золиослолтой юугаараа хамаатай байж болох талаар ярилцаж болно. Энэ хэлэлцүүлэг дараагийн асуулт руу хөтөлж болох юм.
Золиослолын адислал
Суралцагчдыг жижиг бүлгүүд болгох талаар бодож үз. Их Эзэний хүссэн зүйлийг золиослох тухайд эргэлзэж болох нэг нөхцөл байдлын жишээг зохиохдоо дээрх асуултад өгсөн хариултуудыг ашиглахад тэднийг урь. Дараах нь нэг энгийн жишээ юм. Бүлгээрээ дагалдах асуултыг авч үзэн ярилцахад суралцагчдыг урь. Энэ хэлэлцүүлэгт туслахын тулд суралцагчид Судруудын удирдамж дахь “Золиослол” гэсэн сэдвийг судалж болно.
Их Эзэний тэднээс хүсдэг золиослолуудыг гүйцэтгэх цаг зав байхгүй гэж боддог нэг найз танд байна гэж төсөөл.
-
Найзын тань зарим асуудлыг шийдэхэд туслах юуг та хуваалцаж болох вэ?
Зарим ойлголтоо хуваалцахад хэдэн бүлгийг урь. Тэднийг хуваалцаж байх зуур “Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын төлөө золиослоход илүү бэлэн байхад найзад тань тусалж болох юуг түүнийг мэдээсэй гэж хүсэж байна вэ?” эсвэл “Их Эзэний төлөө золиослохын үнэ цэнийн талаар заасан хувийн ямар туршлагаа та хуваалцаж болох вэ?” зэрэг дагалдах асуултуудыг тавих талаар бодож үз.
Та золиослолын талаарх ойлголтыг нь гүнзгийрүүлэхийн тулд дараах мэдэгдлийг үзүүлж болно.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс Их Эзэний төлөө золиослоход Түүний өгдөг зарим адислалын талаар ийн хуваалцсан.
Бурханы хүсэлд харш аливаа зүйлийг хаяж, биднээс өгөөсэй хэмээн хүссэн бүхнийг золиослон, Түүний сургаалыг дагахыг хичээх нь бидэнд Есүс Христийн сайн мэдээний зам дээр үлдэж, бүр зовлон бэрхшээл, бодгалийн сул дорой байдал, нийгмийн дарамт шахалт, Түүний сургаалтай сөргөлдөх дэлхийн гүн ухаантай тулгарах үед ч тэсэж гарахад бидэнд туслах болно. (“Загалмайгаа үүрэгтүн,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 130)
-
Та Их Эзэний талаар мөн Түүний биднээс золиослохыг хүсдэг шалтгаануудын талаар юу мэдэж авсан бэ?
Хувийн золиослол
Төрсөн сэтгэгдлээ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Дараах заавруудыг үзүүлэх талаар бодож үз. Хэрэв тустай гэж үзвэл, суралцагчид энэ үйл ажиллагааг гүйцэтгэж байхдаа самбар дээрх золиослолын жагсаалтыг харж болно.
Судлах тэмдэглэлдээ дараахын аль нэгийг хийж гүйцэтгэ.
-
Тэнгэрлэг Эцэгийн төлөө миний аль хэдийн гаргаж байгаа нэг золиослол бол …
Энэхүү золиослолыг цааш үргэлжлүүлэх эсвэл сайжруулахад туслах өнөөдөр миний сурсан нэг зүйл бол …
-
Их Эзэний төлөө золиослоход бэлэн байгаагаа харуулахын тулд миний хийж эхлэх эсвэл хийхээ болих нэг зүйл бол …
Ийнхүү өөрчлөгдөхөд надад туслах, өнөөдөр миний сурсан нэг зүйл бол …
Та бичсэн зүйлээ болон сурсан эсвэл мэдэрсэн зүйлээ гэрчлэлтэйгээ хамт хуваалцахад суралцагчдыг урьж болно.