“Гэтлэл 12–13, 2-р хэсэг: ‘Намайг дурсаж үүнийг үйлд,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Гэтлэл 12–13, 2-р хэсэг: ‘Намайг дурсаж үүнийг үйлд,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
43-р хичээл: Гэтлэл 7–13
Гэтлэл 12–13, 2-р хэсэг
“Намайг дурсаж үүнийг үйлд”
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дурсан санах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ? Израилын хөвгүүдэд Их Эзэн тэднийг Египетээс чөлөөлсөн гэдгийг санахад нь туслахын тулд Тэрээр Алгасал баярыг зохион байгуулжээ. Есүс Христ ариун ёслолын ёслолыг тогтоохдоо Өөрийг нь үргэлж дурсан санах шинэ арга замыг бидэнд өгсөн. Энэ хичээл нь ариун ёслолын ёслолд бэлтгэх, оролцох үедээ Аврагчийг дурсан санахад суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Ариун ёслолын өмнө, үеэр мөн дараа нь Аврагчийг санахад тусалсан ямар нэг зүйлийг хуваалцахад бэлтгэж ирэхэд суралцагчдыг урь. Үүнд дуртай зураг, судар, дуулал эсвэл эшлэл бэлдэж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Үргэлж дурсан сана
Дурсан санахын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд өөрт тань чухал ямар нэгэн зүйл эсвэл хэн нэгнийг дурсан санахад тань тусалдаг зураг эсвэл биет зүйлийг харуул. Үүнд хуримын бөгж, зураг эсвэл дурсгалын бэлэг байж болно. Тус зүйл нь тухайн хүн эсвэл үйл явдлыг дурсан санахад тань хэрхэн тусалдгийг товчхон хуваалц. Дараа нь дараах асуултуудад хариулахад суралцагчдыг урь.
-
Та хэнийг эсвэл юуг амьдралынхаа туршид дурсан санахыг хүсдэг вэ? Яагаад?
-
Энэ зүйлийг эсвэл хүнийг дурсан санахад туслах та нарын хийдэг эсвэл хийсэн зарим зүйл юу вэ?
Дараа нь та Есүс Христийн зургийг үзүүлж болно. Аврагчийн талаар залбираад бодож байхдаа зураг руу харахад суралцагчдыг урь. Дараа нь та суралцагчдын судлах тэмдэглэлдээ хариулж бичих дараах асуултуудыг үзүүлж болно.
-
Та нар Аврагчийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-
Түүний талаар юуг дурсан санах нь чухал гэж та нар бодож байна вэ? Яагаад?
Өнөөдөр та бүгд энэ хичээлийг судалж байхдаа Аврагчийг дурсан санахын тулд юу хийж чадах, Түүний та нарын төлөө хийсэн зүйлийг мэдэхэд туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
“Энэ өдөр та нарын хувьд дурсгал болно”
Өмнөх хичээл болох “Гэтлэл 12–13, 1-р хэсэг”-т суралцагчид Их Эзэн хэрхэн израилчуудыг Египетээс чөлөөлсөн тухай судалсан. Та Алгасал баяр гэсэн үгийг самбарт бичиж болно. Та өмнөх хичээлд ашигласан Алгасал баярын зургийг үзүүлж болно. Дараа нь анхны Алгасал баярын гайхамшгуудын (Гэтлэл 12:1–13-ыг үзнэ үү) талаар санаж байгаа зүйлсээ дүгнэн хэлэхэд суралцагчдыг урь.
Суралцагчдыг гурав гурваар нь бүлэг болгон хуваарил. Дараах хэсгүүдийн аль нэгийг судалж, сурч мэдсэн зүйлээ бүлгийн бусад гишүүнтэй хуваалцахыг суралцагч бүрээс хүс.
Их Эзэн хүмүүстээ Алгасал баярын зоогийг “үе уламжлан” (Гэтлэл 12:14) тэмдэглэхийг зарлигласан. Дараах шүлгүүдийг уншаад, Их Эзэн тэднийг юу санаж, хийхийг хүссэнийг харуулсан үг, хэллэгийг олж мэд.
Гэтлэл 12:14, 17
Гэтлэл 12:25–27
Гэтлэл 13:3, 8–10
-
Их Эзэнийг дурсан санахад нь израилчуудад туслах зорилготой Алгасал баярын зоогт юу бэлдэж, идэж ууж байсан бэ?
-
Алгасал баярын найрт дуулгавартай оролцсоных нь төлөө Их Эзэн израилчуудыг хэрхэн адисалсан гэж та нар та бодож байна вэ?
Алгасал баяр ба ариун ёслол
Есүс Христийн Сүүлчийн оройн зоог дээрх зургийг үзүүл. Гетсеманид болон загалмай дээр зовж шаналахынхаа өмнөх орой Аврагч Алгасал баярын найрын зоогийг шавь нартайгаа хамт тэмдэглэв.
Энэ үеийг зураглан төсөөлөхөд нь суралцагчдад туслахын тулд та “The Last Supper” видеог цагийн код 0:00-ээс 1:18 хүртэл үзүүлж болно. Энэ видеог ChurchofJesusChrist.org-оос үзэж болно. Суралцагчдыг Лук 22-оос шүлгүүдийг уншсаны дараа цагийн код 2:13-аас 3:15 хүртэл үзүүлж болно.
Лук 22:13–15, 19–20-ийг уншаад, Аврагчийн тогтоосон шинэ ёслолыг олж мэд.
-
Ариун ёслолын ёслол нь Алгасал баяртай юугаараа адил вэ? Юугаараа ялгаатай вэ?
Дараах асуулт нь тэдний амьдралтай холбоотой үнэнийг олж тогтооход суралцагчдад тусалж чадна. Үүн шиг асуултууд нь судалж буй судруудаасаа хувийн хамаарлыг олоход суралцагчдад тусална. Түүнчлэн ийм асуултууд нь суралцагчдад биечлэн заах, сүнслэгээр нөлөөлөх боломжийг Тэнгэрлэг Эцэгт олгодог.
Судруудаас хамаарлаа олоход нь суралцагчдад туслах нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дахь “Есүс Христийн сургаалыг өөрөө сурч мэд” [2022], 29 гарчигтай хичээлээс үзнэ үү.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр яагаад эрт дээр үед Алгасал баяр, өнөө цаг үед ариун ёслол гэх мэт ёслолуудыг үйлддэг талаар эргэцүүлэн бодох үедээ бид ямар үнэнийг сурч мэдэж болох вэ?
Суралцагчид өөр өөр үнэнийг хуваалцаж болох юм. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дурсан санахад бидэнд туслахын тулд Тэд Алгасал баяр, ариун ёслол зэрэг ёслолуудыг үйлддэг гэсэн нэг үнэнийг тэд тодорхойлж болох юм.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг Тэднийг дурсан санахад урамшуулдаг нэг шалтгааныг тайлбарласан.
Тэнгэрлэг Эцэг маань биднээс Өөрийнх нь болоод Хайрт Хүүгийнх нь сайн сайхныг дурсан санахыг хүсдэг бөгөөд … тэрхүү дурсамжийн бидэнд үзүүлдэг нөлөөний улмаас ийн хүсдэг. Тэдний сайхан сэтгэлийг тунгаан бодсоноор бидний алсын хараа, ойлголт өсөн нэмэгддэг. Тэдний нинжин сэтгэлийг эргэцүүлснээр бид илүү даруу төлөв, залбиралтай, тууштай болдог. (“Бурханы сайн сайхан мөн агуу ихийг эргэцүүл,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 48)
-
Бурханы сайн сайхныг дурсан санах нь та нарт хэрхэн нөлөөлсөн бэ?
Ариун ёслолын өмнө, дундуур мөн дараа нь Аврагчийг дурсан санах
Дараах үйл ажиллагаа нь ариун ёслолын өмнө, дундуур мөн дараа нь Аврагчийг дурсан санахаар бэлтгэхэд нь суралцагчдад тусална. Та цаас, зургийн хэрэгсэл өгөөрэй. Та зурагт хуудас, товхимол, мийм зэргийг болон ариун ёслолыг сануулах бусад зүйлийг бүтээхэд суралцагчдыг урь. Загвараа гаргахдаа бүтээлч байхад тэднийг урамшуулан дэмж.
Суралцагчид хичээлийн төгсгөлд зориулан цаасныхаа ар талд зай гаргаж болно. Хичээлийн төгсгөлд суралцагчид ариун ёслолын өмнө, дундуур мөн дараа нь Аврагчийг илүү сайн дурсан санахын тулд ямар нэгэн зүйл хийх төлөвлөгөө гаргана.
Ариун ёслолын ёслолд бэлтгэж, үүнд оролцож, дурсан санаж байхдаа Бурханы сайн сайхныг дурсан санахад та нарт туслахын тулд дараах зүйлсийн нэг буюу хэд хэдэн зүйлийг хий.
-
Өөрсдийн судалсан Алгасал баярын найрын зарим бэлгэдлийг жагсаан бич. Эдгээр Алгасал баярын бэлгэдэл нь та нарыг ариун ёслолоос хүртэхээс өмнө Аврагчийг дурсан санахад хэрхэн тусалж болохыг бич.
-
Сургаал ба Гэрээ 20:77, 79 дээрх ариун ёслолын залбирлыг унш. Ариун ёслолоос хүртэхдээ өгдөг бидний амлалтуудыг жагсаан бич. Дараа нь Их Эзэний амлалтуудыг жагсааж бич. Эдгээр амлалтын талаар бодох нь ариун ёслолын үеэр Аврагчийг дурсан санахад хэрхэн туслах тухай богино догол мөр бич.
-
Ариун ёслолын үеэр уншиж, тунгаан бодохыг хүссэн Сүмийн удирдагчийн мэдэгдлээс эсвэл судраас хэдэн хэсгийг жагсаан бич. Аврагчийг дурсан санахад тань туслах судрын хэсгүүд эсвэл мэдэгдлийг сонго.
-
Дуртай ариун ёслолын дууллаа сонго. Дууллынхаа гарчгийг болон хоёр эсвэл гурван мөрийг жагсааж бич. Ариун ёслолын дараа Аврагчийг дурсан санахад туслах, өөрт тань утга учиртай санагдсан мөрүүдийг сонго.
Суралцагчид хийсэн зүйлээ хамтрагчтайгаа мөн бүлэгтэйгээ эсвэл ангийнхантайгаа хуваалцаж болох юм. Та суралцагчдыг хуваалцсан санааг баяжуулахад бусад суралцагчийг урамшуулж болно.
Аврагчийг дурсан санах төлөвлөгөө гаргах
Өнөөдөр сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ чимээгүйхэн эргэцүүлэн бод. Ариун ёслолын өмнө, дундуур мөн дараа нь Есүс Христийг илүү сайн дурсан санахын тулд та нарын хийж болох зүйлийг танин мэдэхэд туслуулахын тулд Ариун Сүнсийг урь.
Цаасныхаа ард талын зайг ашиглан дараах асуултад хариулахад суралцагчдыг урь.
-
Ариун ёслолд бэлтгэх, оролцох мөн эргэцүүлэн бодох үедээ Аврагчийг илүү сайн дурсан санахын тулд ямар ямар тодорхой зүйлийг хийж болох вэ?
Цөөн суралцагч юу хийе гэж бодож байгаагаа өөрийн хүсэлтээр хуваалцаж болно. Сурсан, мэдэрсэн зүйлээ санахад нь тэдэнд туслахын тулд ариун ёслолын цуглаанд цаасаа авч явахад суралцагчдыг урь. Бид ариун ёслолд бэлтгэж, оролцох үедээ Аврагчийг илүү сайн дурсан санаж байх үед бидний амьдралд орж ирж болох хүч чадлын талаарх гэрчлэлээ хуваалц.