Семинар
Гэтлэл 12–13, 1-р хэсэг: Их Эзэний Алгасал баяр


“Гэтлэл 12–13, 1-р хэсэг: Их Эзэний Алгасал баяр,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Гэтлэл 12–13, 1-р хэсэг: Их Эзэний Алгасал баяр,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

42-р хичээл: Гэтлэл 7–13

Гэтлэл 12–13, 1-р хэсэг

Их Эзэний Алгасал баяр

Алгасал баярын зоог

Израилчуудыг чөлөөлөхийн тулд Иехова (Есүс Христ) Египетийн бүх ууган хүүхдийн үхэл болох сүүлийн гамшгийг илгээв. Дараа нь Түүнд дуулгавартайгаар итгэдэг хэн бүхэнд гамшгийг “алгасах” заавар өгчээ (Гэтлэл 12:13-ыг үзнэ үү). Есүс Христ Өөрийн Цагаатгалын аврах хүчнийхээ бэлгэ тэмдгийн сануулга болгож Алгасал баярын зоогийг барьдаг болгосон. Энэ хичээл нь Аврагч ба Түүний Цагаатгал амьдралд нь ямар чухал болохыг мэдрэхэд суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Есүс Христийн бэлгэдлийн талаар өмнө нь судалж байсан зүйлээ тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэдгээр бэлгэдэл нь Түүний талаар юу гэж зааж байгааг бодоход тэднийг урь. Дараа нь нэг бэлгэдэл сонгож, энэ нь Есүс Христийн талаар юу зааж байгааг хэн нэгэнд тайлбарлахад тэднийг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Аврагдах хэрэгцээ

Занганд орж, өөрсдийгөө суллаж чадахгүй байгаа хэн нэгний түүхийг унших юм уу тоймлон хураангуйлах замаар хичээлийг эхлүүл. Дараах түүх бол ийн үйлдэх нэг арга зам юм. (Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол reuters.com “Timeline: Thai cave rescue that transfixed the world for 17 days,” 2019 оны 6-р сарын 24-ийг үзнэ үү)

2018 оны 6-р сарын 23-ны өдөр 11–16 насны өсвөрийн хөл бөмбөгийн багийн 12 тамирчин 25 настай туслах дасгалжуулагчтайгаа бэлтгэл хийсний дараа Тайландын хойд хэсэгт орших нарийн тогтоцтой агуйг судлахаар шийджээ. Тэднийг агуйд ороод удаагүй байтал аадар бороо цутгаж, агуй үерт автан, агуй дотор 4км (2.5 миль) цаана тэд занганд орж гадаад ертөнцтэй холбоо тасарснаар долоо хоногоос илүү хугацаа өнгөрчээ.

  • Хэрэв тэдний оронд байсан бол та нарт ямар санагдах байсан бэ?

7-р сарын 2-ны өдөр мэргэжлийн шумбагчид эцэст нь өсвөрийн тамирчдын байршлыг илрүүлжээ. Гэвч үерийн ус, нэмж орох борооны улмаас нэн даруй аврах ажиллагааг эхлүүлэх бараг боломжгүй байв. Хөвгүүдэд болон тэдний дасгалжуулагчид амь насыг нь аврах анхны тусламж үзүүлж байх үед мэргэжилтнүүд янз бүрийн хувилбаруудыг авч хэлэлцэж байв. Тэд шумбах хэрэгсэл ашиглан хөвгүүдийг гаргаж ирэхийг оролдож болох ч сэлэх зам нь тогтворгүй, мэргэжлийн ур чадвар шаардсан байлаа. Мөн тэд хадыг нэвтлэн өрөмдөхөөр оролдож, өөр гарах зам хайж эсвэл усны түвшин буурах хүртэл хэдэн сар хүлээж болох байв. Борооны улиралд илүү их бороо орох учир хөл бөмбөгийн багийнхныг агуйгаас хэрхэн аврах нь тодорхой бус хэвээр байлаа.

  • Сүнслэг байдлын хувьд бид хэрхэн занганд орсон, гацсан эсвэл найдваргүй болсон мэт санагдаж болох вэ?

Суралцагчид биднийг нүгэл, үхэл, бидний амьдралд тохиолддог бусад бэрхшээлээс чөлөөлөхөд Аврагчийн тусламж хэрэгтэй гэдгийг онцолж магадгүй юм.

Аврагчид болон Түүний Цагаатгалд найддаг найдвараа үнэлэхэд нь суралцагчдад туслахын тулд та тэднийг судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулахад урьж болно.

Яг одоо тэмцэж буй бэрхшээл эсвэл нүглийнхээ талаар тунгаан бодоход хэсэг хугацааг зарцуул. Эдгээр нүгэл эсвэл бэрхшээлийн талаар хэрхэн мэдэрч байгаагаа бодож үз. Дараа нь дараах асуултуудад хариул.

  • Намайг миний нүглээс болон надад тулгарч болох бусад бэрхшээлээс чөлөөлөх Их Эзэний чадварын юунд нь би итгэдэг вэ?

  • Түүний миний төлөө хийсэн, хийхэд бэлэн байгаа зүйлийн талаар би ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Энэ хичээлээр та нар Аврагч хэрхэн израилчуудыг Египет дэх боолчлолоос чөлөөлсөн тухай мэдэж авах болно. Та нар энэ хичээлийг судалж байхдаа Аврагч бол та нарын бас Чөлөөлөгч юм гэдгийг ойлгоход туслахын тулд Ариун Сүнсийг урь.

Алгасал баярын бэлгэдлүүд

Та Их Эзэн израилчууд, египетчүүдэд Өөрийгөө Бурхан гэдгийг итгүүлэхийн тулд хэрхэн есөн гамшгийг ашигласан тухай ярихыг суралцагчдаас хүсэж болно.

Гэтлэл 11:4–6-г уншаад, арав дахь буюу сүүлийн гамшгийг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

Хэрвээ израилчууд Өөрийнх нь зааврыг итгэлтэйгээр дуулгавартай дагах юм бол тэднийг гамшгийг “алгасаж,” ууган хүүхэд нь үхэхгүй гэж Их Эзэн амлажээ (Гэтлэл 12:13, 23-ыг үзнэ үү). Ийм учраас Их Эзэн энэ үйл явдлыг Алгасал баяр гэж нэрлэсэн (Гэтлэл 12:43-ыг үзнэ үү). Их Эзэний заавар нь зоогт юу бэлдэх, хэрхэн идэх зэрэгтэй холбоотой байв. Аврагч израилчуудад Өөрийнхөө тухай заахдаа Алгасал баярын зоогт бэлгэдлүүдийг ашиглажээ.

Алгасал баярын зоогийн тухай израилчуудад өгсөн Их Эзэний зааврыг тодорхойлоход нь суралцагчдад туслах үйл ажиллагааг явуул. Мөн эдгээр заавар нь Их Эзэний болоод Түүний өгч буй чөлөөлөлтийн талаар юу зааж буйг олж мэдэхэд нь суралцагчдад тусал. Та самбарт дараах гарчиг бүхий хүснэгтийг зурж болно. Суралцагчид судлах тэмдэглэлдээ хүснэгтийг хуулж зураад, жижиг бүлгүүдэд хуваагдан бөглөж болно. Таны жишээнд зориулан боломжит хариултуудыг энд оруулав. Суралцагчид бүлгээрээ хүснэгтийг хэрхэн бөглөж болохыг загварчлахын тулд ангиараа нэг нүдийг бөглөж гүйцэтгэ.

Гэтлэл 12:3–8, 15, 21–23-ыг судлаад, судлах тэмдэглэлдээ дараах хүснэгтийг бөглө.

Их Эзэн израилчуудад ямар заавар өгсөн бэ?

Энэ заавар нь юуг бэлгэдэж болох вэ?

Их Эзэн израилчуудад ямар заавар өгсөн бэ?

Согоггүй, эр хургыг нядалж, иднэ (3–6, 21).

Энэ заавар нь юуг бэлгэдэж болох вэ?

“Бурханы Хурга” болох Есүс Христ (Иохан 1:36) төгс байсан бөгөөд бидний төлөө Өөрийн амийг өгсөн.

Их Эзэн израилчуудад ямар заавар өгсөн бэ?

Хаалганыхаа тотгонд хурганы цус нялна (7, 22).

Энэ заавар нь юуг бэлгэдэж болох вэ?

Есүс Христийн Цагаатгал нь наманчлалын нөхцөлийг амьдралдаа хэрэгжүүлсэн үед л биднийг хамгаалж чадна.

Их Эзэн израилчуудад ямар заавар өгсөн бэ?

Хурганы махыг исгээгүй талх, гашуун ногоотой хамт идэж, хөрөнгийг гэрээсээ зайлуулна (8, 15).

Энэ заавар нь юуг бэлгэдэж болох вэ?

Гашуун ногоо нь израилчуудын Египет дэх гашуун боолчлолыг сануулсан бөгөөд нүглийн гашуунтай адил юм.

Хөрөнгө эсвэл исгэгч нь талхыг хөгцрөхөд хүргэдэг. Бид наманчлалын нэг хэсэг болгон, бидний сүнсийг ялзруулж болох ямар ч зүйлийг амьдралаасаа зайлуулж чадна.

Суралцагчдыг гүйцэтгэж дуусах үед сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг тэдэнд олго. Та хичээлийн эхэнд гарсан зургийг үзүүлж болно. Суралцагчид зурагт харуулсан Алгасал баярын өөр өөр зүйлийг онцолж, тэдгээр нь юуг бэлгэдэж байгааг хэлэлцэж болно.

Есүс Христ биднийг бие махбодын болон сүнсний үхлээс чөлөөлдөг

Алгасал баярыг тэмдэглэснээр израилын хөвгүүдэд юу тохиолдсоныг харахын тулд Гэтлэл 12:50–51; 13:3-ыг унш.

Дараах үнэнийг самбарт бич. Аврагч Өөрийн хүмүүсийг бие махбодын болон сүнсний үхлээс чөлөөлдөг.

Алгасал баяр энэ үнэнийг бэлгэддэг гэдгийг тайлбарла. Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг болгож бүх хүн бие махбодын үхлээс (бие махбод ба сүнсийг тусгаарлах; 2 Нифай 9:6, 11-ийг үзнэ үү) болон сүнсний үхлээс (нүглийн улмаас Бурханаас тусгаарлагдах; Хиламан 14:16–19-ийг үзнэ үү) аврагдах ёстой. Есүс Христийн аврах хүчийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд та Мормоны Ном дахь эдгээр шүлгээс заримыг нь уншихыг суралцагчдаас хүсэж болно. Та мөн Тайландын хөлбөмбөгийн багийн тухай түүхийн үлдсэн хэсгийг уншиж эсвэл тоймлон хураангуйлж болно.

Эхэнд гарсан занганд орсон хөлбөмбөгчдийн түүхийг эргэн санацгаая. Хүч чадлаа дайчилсан хэдэн өдрийн дараа, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мэргэжилтнүүд тэднийг аврах аргыг тодорхойлжээ. Мэргэжлийн шумбагчид нарийн тогтоцтой агуйн аюултай ус руу орж, үерт автсан агуйгаас хөвгүүдийг болон тэдний дасгалжуулагчийг нэг нэгээр нь гаргаж ирэв.

  • Мэргэжлийн шумбагчдын үйлдэл нь Аврагчийн бидний төлөө юу хийж чадахыг хэрхэн бэлгэдэж байна вэ?

Есүс Христийн Цагаатгал миний хувьд чухал юм

Дараах үйл ажиллагаа нь Аврагчийн биднийг чөлөөлөх хүчний ач холбогдлыг ойлгож, мэдрэхэд суралцагчдад тусална. Ангийнхнаа хоёр хоёроор нь хуваарил. Хос бүрийг дараах жишээг жүжигчлэн тоглоход урь. Хэрэв таны суралцагчдад өөрсдийгөө эртний израилчууд байсан гэж төсөөлөхөд хэцүү байгаа гэж бодож байвал үйл ажиллагааны тэр хэсгийг алгасаж, хамтрагчдыг орчин үеийн өсвөр насны хүүхдэд зориулсан асуултуудыг ярилцахыг хүс.

Хосын нэг нь Египетэд анхны Алгасал баярт дөнгөж оролцсон Израилын өсвөр насны хүүхэд, нөгөө нь орчин үеийн өсвөр насны хүүхэд гэж төсөөлөөд үз дээ. Дараах асуултуудыг ашиглан бие биетэйгээ ярилцлага хий.

Израилын өсвөр насны хүүхдэд тавих асуулт

  • Чи Алгасал баярын өмнө боолчлогдож байсан туршлагаа хэрхэн дүрслэх вэ?

  • Чи Алгасал баярын шөнө болсон туршлагаасаа юу сурсан бэ? Иехова чиний амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

  • Иеховаг дагахаас татгалзаж магадгүй хүмүүст Түүний талаар юуг хуваалцмаар байна вэ?

Орчин үеийн өсвөр насны хүүхдэд тавих асуулт

  • Нүгэл нь боолчлолтой юугаараа адил вэ? Сорилтууд нь боолчлолтой юугаараа адил вэ?

  • Есүс Христ чиний амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

  • Чи Есүс Христийн аврах хүчний талаар бусад хүнийг юуг мэдээсэй гэж хүсэж байна вэ?

Хичээлийн эхэнд гарсан өөрийгөө үнэлэх асуултуудад өгсөн хариултаа эргэн харахад суралцагчдыг урь. Аврагчийн болон Түүний тэднийг чөлөөлөх хүчний талаар Сүнснээс ямар мэдрэмж хүлээн авснаа бодохыг тэднээс хүс. Суралцагчид өмнө нь бичсэн зүйлийнхээ талаар ойлголтоо нэмж болно. Та цөөн суралцагчийг Есүс Христийн болон Түүний цагаатгагч чөлөөлөх хүчний талаар санал бодлоо хуваалцахад урьж болно.