“Гэтлэл 2–4: ‘Би амтай чинь хамт байна,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Гэтлэл 2–4: ‘Би амтай чинь хамт байна,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
39-р хичээл: Гэтлэл 1–6
Гэтлэл 2–4
“Би амтай чинь хамт байна”
Саад бэрхшээлтэй тулгарах үед Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан биднийг хайраар чиглүүлдэг. Фараоны засаглал доор Израилын хүүхдүүд боолчлолд зовж, Их Эзэнд хандан тусламж гуйн хашхирч байв. Их Эзэн тэдний гуйлтыг сонсож, тэдэнд туслахын тулд Мосег бошиглогчоор дуудав. Энэ хичээл нь Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан хэлсэн үгсийг амьдралынхаа нэгэн хэсэг болгоход суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Бошиглогчдын сүүлийн үеийн сургаалыг давтахад суралцагчдыг урь. Дараа нь бошиглогчийн сургаалыг дагах нь амьдралыг нь хэрхэн адисалсан талаар гэр бүлийнхээ гишүүнтэй эсвэл найзтайгаа ярилцахад тэднийг урь.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Аль дуу хоолойд итгэх вэ
Дараах мэдэгдлийг хуваалцаад, доорх асуултуудыг тавьснаар хичээлийг эхлүүл.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн ажигласан.
Сая сая дуу хоолойгоор биднийг өөр олон зүйл хийхэд нөлөөлдөг шуугиантай гараг ертөнц дээр бид амьдарч байна. Интернэт, ухаалаг утас, олон янзын үзвэр үйлчилгээ бүгд л анхаарлыг маань татахыг хүсэж, бидэнд нөлөөлөх гэж оролдож байна. (“Бурханы бошиглогч,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган)
Сүүлийн хэдэн өдрийн турш харсан эсвэл сонссон дуу хоолойн хэдэн жишээг жагсаан бич.
-
Та нар янз бүрийн мэдээллийн эх сурвалжаас юу олж анзаарсан бэ?
-
Бошиглогчдын үгс бусад дуу хоолойноос юугаараа ялгаатай байна вэ?
Дараах өөрийгөө үнэлэх мэдэгдлүүдийг харуулаад, хариултынхаа талаар бодоход суралцагчдыг урь.
Дараах мэдэгдэл тус бүрд өөрийгөө 1 (огт үнэн биш)-ээс 5 (маш үнэн) хүртэлх оноогоор үнэлнэ үү.
-
Би бусад дуу хоолой, нөлөөллийн оронд бошиглогч, төлөөлөгчдийн үгэнд илүү их итгэдэг.
-
Би Их Эзэний бошиглогч, төлөөлөгчдөөс хүлээн авдаг зөвлөгөө, чиглэлд итгэдэг.
-
Би өнөөгийн бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг хичээл зүтгэл гарган судалдаг.
Энэ хичээлийг судалж байхдаа бошиглогч, төлөөлөгчдийн зөвлөгөөг амьдралдаа хэрхэн илүү бүрэн дагаж мөрдөх талаар Сүнснээс авах мэдрэмжээ сонсоход суралцагчдыг урь.
Их Эзэн Мосег бошиглогчоор дуудсан
Их Эзэн Мосег Өөрийнхөө бошиглогч болгохоор хэрхэн бэлтгэсэн талаар ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Мосегийн амьдралын эхэн үеийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад тэднийг урь. Мэддэг зүйлээ эргэн санахад нь суралцагчдад туслахын тулд та нялх Мосегийн зургийг үзүүлж болно. Та түүнчлэн ChurchofJesusChrist.org сайтаас “Baby Moses” (1:37) видеог үзүүлж болно.
Дараах догол мөрүүд суралцагчдыг хураангуйлахад тустай байж болох дэлгэрэнгүй мэдээллийг агуулна.
Хэдийгээр израил хүн болж төрсөн ч бошиглогч Мосе нь Египетэд Фараоны гэр бүлд өсжээ. Мосег өлгийтэй нялх хүүхэд байхад Фараон шинээр төрсөн бүх израил хөвгүүнийг алахыг тушаав (Гэтлэл 1:22-ыг үзнэ үү). Мосег аврахын тулд ээж нь түүнийг сагсанд хийн нууж, голын дэргэд тавьжээ. Фараоны охин Мосег олж, өөрийнхөө хүү болгон өсгөв (Гэтлэл 2:1–10-ыг үзнэ үү). Мосе Египетэд сайн боловсрол эзэмшиж, “үг болон үйлсээр хүчтэй эр болжээ” (Үйлс 7:22).
Мосе насанд хүрсэн хойноо израил боолуудын нэгийг хамгаалахдаа египет хүнийг хөнөөв. Мосе Мидиан руу зугтаж, Иетро хэмээх дээд присттэй хамт амьдарч, охин Зиппоратай нь гэрлэжээ (Гэтлэл 2:11–21-ийг үзнэ үү). Мосег Мидианд хонь хариулж байхад Иеховатай холбоотой нэгэн үйл явдал тохиолдов.
Дараах зургийг үзүүл. Дараах шүлгүүдийг уншихдаа өөрсдийгөө Мосе гэж төсөөлөн бодоход мөн жижиг бүлгүүдэд хуваагдан дараах асуултуудад хариулахад суралцагчдыг урь. Дараа нь тэд ангиараа сурсан зүйлээсээ онцлох хэсгийг хуваалцаж болно.
Гэтлэл 3:1–6. Та нарт ямар санагдах вэ? Яагаад?
Гэтлэл 3:7–14. Та нарт Их Эзэний сургаалуудаас аль нь хамгийн чухал эсвэл тайтгаруулам санагдсан бэ?
Эдгээр шүлгийг судлахдаа Есүс Христэд анхаарлаа хандуулахад нь суралцагчдад туслахын тулд Аврагчийн зургийг самбарын голд тавь. Та зургийн эргэн тойронд Аврагчийн тухай үг хэллэг бичиж, Түүний үгсээр дамжуулан Түүний тухай мөн Мосетой болон Израилын хөвгүүдтэй харилцах харилцааных нь талаар юу сурч болохыг дүрслэн бичихэд суралцагчдыг урьж болно. Есүс Мосег нэрээр нь дуудсан (4-р шүлэг), Есүсийн төрх байдал газрыг ариун болгосон (5-р шүлэг), Есүс ард түмнийхээ зовлонг харж, хашхирааныг сонссон (7-р шүлэг), Есүс Мосетой хамт байна гэж амласан (12-р шүлэг) зэрэг ойлголтуудын жишээг багтааж болно.
Хэрэв суралцагчид дурдаагүй бол “БИ БАЙДАГ” (Гэтлэл 3:14) гэсэн нэр цолыг онцол. Энэ нь Иехова гэдэг үгтэй нэг язгуур үгээс гаралтай бөгөөд үүнийг “Тэр байна” эсвэл “Тэр оршдог” гэж орчуулж болно гэдгийг тайлбарла. Энэ нэрийг израил хүмүүс тун амархан таних байсан. Энэ нэрийн ач холбогдлын талаар ойлгоход нь суралцагчдад туслахын тулд та Их Эзэн үнэхээр оршдог, үргэлж байдаг гэдгийг мэдэх нь яагаад утга учиртай болохыг асууж болох юм.
Суралцагчдыг хариултаа хуваалцсаны дараа та дараах асуултыг тавьж болно.
-
Мосегийн оронд байсан бол та нарт ямар асуулт эсвэл санаа зовоосон асуудал гарах байсан бэ?
Их Эзэн Өөрийн хэн гэдгийг төдийгүй юу амласнаа тунхагласан хэдий ч Мосе Израилыг чөлөөлөх дуудлагадаа санаа зовниж байсныг тайлбарла.
Гэтлэл 4:10–15-ыг уншаад, Их Эзэн Мосегийн санаа зовоосон асуудалд хэрхэн хандсаныг олж мэд.
-
Та нар эдгээр шүлгээс бошиглогчийн үгсийн талаар юу мэдэж авсан бэ?
Их Эзэн Өөрийн үгсийг бошиглогчдоороо дамжуулан хэлдэг гэсэн үнэнийг тодорхойлоход нь суралцагчдад тусал.
-
Энэ үнэнийг мэдэх нь та нарын амьдрал эсвэл шийдвэрт хэрхэн нөлөөлөх вэ?
Энэ үнэнийг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд та дараах видеонуудаас нэгийг нь үзүүлж болох юм.
-
“Why Do We Have Prophets?” (1:37)
-
“Listen to a Prophet” цагийн код 0:53-аас 2:56 хүртэл
Хичээлийн эхэнд дурдсан бидний анхаарлыг татах гэж хичээдэг янз бүрийн дуу хоолойг эргэн сана. Их Эзэн бошиглогчдоор дамжуулан ярьдаг бөгөөд бид бусад дуу хоолойг бус бошиглогчдыг сонсох ёстой гэдгийг ойлгоход нь хэн нэгэнд туслахын тулд та нар юу хуваалцаж болохоо бод. Гэтлэл 3-аас сурсан зүйлээ болон Их Эзэн Өөрийн үгсийг бошиглогчдоороо дамжуулан хэлдэг гэдгийг мэдэхэд тусалсан та нарт эсвэл та нарын таньдаг хүнд тохиолдсон аливаа туршлагаа дурдаж болно.
Хэлж болох зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Дараа нь “Энэ ойлголт нь та нарыг эсвэл та нарын мэддэг хүнийг хэрхэн адисалсан бэ?” гэж нэмж тодруулан асууж болох юм.
Их Эзэний бошиглогчдын үгсийг амьдралдаа хэрэгжүүлэх
-
Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан өгсөн үгсийг ямар ямар арга замаар сонсож, хэрэгжүүлж болох вэ?
Бошиглогчдын сургаалыг хэрэгжүүлэх жишээг хуваалцахад хэдэн суралцагчийг урамшуулан дэмж. Хэрэгтэй гэж үзвэл дараах санаануудыг хуваалц. Үүнд:
-
Саяхан болсон ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс тодорхой бошиглолын зөвлөгөөг хэрэгжүүлэх
-
Өглөө болгон сургуульдаа явахаар бэлтгэхдээ ерөнхий чуулганы үгсийг сонсох гэх мэтээр бошиглогчийн үгсийг илүү ихээр судлах
-
Саяхан болсон ерөнхий чуулган дээр Тэргүүн зөвлөлийн болон Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн бүрийн хэлсэн үгийг судлах төлөвлөгөө гаргах (Хэрэв суралцагчид дижитал хувилбар луу орох боломжтой бол Gospel Library аппликэйшн дээрх Сургалтын төлөвлөгөө үйлдлийг ашиглаж болно.)
Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан өгсөн үгсийг хэрхэн сонсож, амьдралдаа хэрэгжүүлэхээ судлах тэмдэглэлдээ бич. Төлөвлөгөөнийхөө хүрээнд, ямар саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй вэ гэдгээ тэмдэглэ. Саад бэрхшээл бүрийг хэрхэн даван туулахаа бич.
Дараа орох 55-р хичээл: “Суралцахуйгаа үнэлэх нь 3”-аар төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлж байгааг дүгнэх боломж олдоно гэдгийг суралцагчдад тайлбарла.
Их Эзэн өнөөдөр амьд бошиглогчдоороо дамжуулан ярьдаг гэсэн гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ дуусга.