“Эхлэл 39: Уруу таталтыг даван туулах нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Эхлэл 39: Уруу таталтыг даван туулах нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
34-р хичээл: Эхлэл 37–41
Эхлэл 39
Уруу таталтыг даван туулах нь
Иосефыг Потифарын гэрийн даамал болсны дараа Потифарын эхнэр түүнийг ариун явдлын хуулийг зөрчихөд уруу татаж байв. Энэ уруу таталтад автагдах нь “Бурхандаа нүгэл үйлдсэн” хэрэг болно гэдгийг Иосеф мэдэж байсан тул уруу таталтаас зугтахыг сонгожээ (Эхлэл 39:9, 12-ыг үзнэ үү). Энэ хичээл ариун явдлын хуулийг зөрчих уруу таталтыг эсэргүүцэн Бурханд үнэнч байдлаа харуулахад нь суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Ням гаргийн анги дээр Сатаны уруу таталтыг эсэргүүцэх өөр өөр арга замын талаар ярилцлага өрнүүлэхийг тэднээс хүссэн гэж төсөөлөхөд суралцагчдыг урь. Гурван арга зам бодож ангийнхантайгаа хуваалцахад суралцагчдыг урь.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бидэнд тулгардаг уруу таталтууд
Өнөө цаг үед өсвөр үеийнхэнд тулгардаг уруу таталтуудын жагсаалтыг самбарт бичихийг ангийнхнаас хүс. Хувь хүнд тулгардаг уруу таталтуудынхаа талаар мөн уруу таталтад орохдоо ямар хариу үйлдэл гаргадгаа илүү их бодоход нь суралцагчдад туслахын тулд та дараах үйл ажиллагааг цаасан дээр хийж гүйцэтгэхэд суралцагч бүрийг урь.
Нэг уруу таталтыг сонгоод, өсвөр үеийн хүүхэд уруу таталттай тулгарч болох товч бөгөөд бодит жишээ бич.
Жишээнүүдийг авч цуглуулаад, ангийнханд дахин хуваарилж өг.
Шинээр авсан жишээгээ унш. Цаасны нөгөө талд юу уг уруу таталтыг сөрөн зогсоход хэцүү болгож болохыг бич. Мөн уг уруу таталтыг эсэргүүцэж, даван туулахад нь туслахын тулд хэн нэгнийг хийхэд урамшуулж болох хоёр зүйлийг бич.
Энэ жишээнд жагсаасантай адил уруу таталтад орж байгаагүй байж болох ч тэд үүнтэй адил зөвлөгөөг өөрсдийн нөхцөл байдалд авч хэрэгжүүлэх боломжтой гэдгийг суралцагчдад онцлон хэл. Уруу таталтыг эсэргүүцэх эсвэл даван туулах чадвараа үнэлэхэд нь суралцагчдад тусал.
Өөрт тохиолдож буй уруу таталтуудын талаар бод.
-
Тэдгээр уруу таталтыг эсэргүүцэх хүчийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос хүлээн авахын тулд та нар юу хийсэн бэ эсвэл юу хийж чадах вэ?
Та уг жишээнд бичсэн зүйлдээ өөрсдийн туршлагыг нэмж оруулахад суралцагчдыг урьж болно. Эхлэл 39-ийг судлахдаа жишээн дээрээ үргэлжлүүлэн санаанууд нэмж оруулахад суралцагчдыг урамшуул. Ариун Сүнснээс тусламж эрэлхийлэх үед Тэр тэдэнд уруу таталтыг эсэргүүцэх, тэр ч байтугай даван туулах санаагаар урамшуулж чадна гэдгийг мэдүүл.
Иосефын уруу таталттай холбоотой туршлага
Хэрэв та 33-р хичээл: “Эхлэл 37–41” хичээл дээр Иосефын амьдралын үйл явдлуудыг товч хураангуйлахдаа зураг ашигласан бол тэдгээрийг дахин үзүүл. Их Эзэн Иосефыг Потифарын гэрт хэрхэн адисалсан талаар санаж байгаа зүйлээ хураангуйлахад суралцагчдыг урь. Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол Эхлэл 39:1–6-г уншаад, хураангуйлахад тэднийг урь.
Эхлэл 39:7–8-ыг уншаад, Потифарын гэрт даамал болсны дараа Иосефт юу тохиолдсоныг олж мэд.
-
Иосеф ямар уруу таталттай тулгарсан бэ?
Иосеф ариун явдлын хуулийг зөрчих уруу таталттай тулгарсан гэдгийг тайлбарла. Дараахыг хийж гүйцэтгэхэд урих замаар ариун явдлын хуулийн талаар ойлгосон зүйлээ эргэцүүлэн бодоход суралцагчдад тусал.
Ариун явдлын хуулийг хэрхэн тодорхойлохоо мөн яагаад чухал болохыг нь судлах тэмдэглэлдээ бич.
Суралцагчдыг бичиж дуусах үед дараах мэдэгдлийг үзүүл. Мэдэгдлийг өөрсдөө уншаад, судлах тэмдэглэлд бичсэн зүйл дээрээ нэмж болох ойлголтуудыг олж мэдэхэд суралцагчдыг урь.
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч нь ариун явдлын хуулийн талаар дараах зүйлийг мэдэгдсэн.
Ариун явдлын хуульд зөвхөн гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүний хооронд бэлгийн харьцаа байж болохыг Бурхан зөвшөөрдөг талаар өгүүлдэг. …
Гэрлээгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр хүний нууцлаг, нандин газруудад хувцастай байсан ч хүрч болохгүй. Хийх, харах, унших, сонсох, бодох, олон нийтийн сүлжээнд нийтлэх зүйлдээ эсвэл зурвас илгээхийг сонгох үедээ өөртөө болон бусдад тачаадсан мэдрэмжийг санаатайгаар төрүүлэх аливаа зүйлээс зайлсхий. Үүнд аливаа хэлбэрийн порнограф орно. (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч, 23, 25)
-
Тэнгэрлэг Эцэг яагаад бидэнд ариун явдлын хуулийг өгсөн гэж та бодож байна вэ?
-
Сатан ямар ямар арга замаар өсвөр үеийнхнийг ариун явдлын хуулийг зөрчихөд уруу татах вэ?
Суралцагчдын өгч болох хариултуудад зохисгүй зураг авах, илгээх, бэлгийн харьцаа эсвэл бэлгийн дур хүслийг ариун байлгаагүй, бэлгийн дур хүслээ илэрхийлсэн эсвэл ил тод харуулсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзэх, сонсох зэрэг багтана. Хэрэв суралцагчдад ижил хүйстэндээ татагдах талаар асуух зүйл байвал “ижил хүйстэндээ татагдах нь нүгэл биш юм. Хэрэв [хэн нэгэнд] ийм мэдрэмж төрж байгаа бол мэдрэмждээ хөтлөгдөж үйлдэл бүү хий. [Тэд] Тэнгэрлэг Эцэгийн ариун явдлын ариун нандин хуулиар амьдарч байгаа гэдгийг тайлбарлах нь тустай юм (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч, 27).
Эхлэл 39:9–12-ыг уншаад, Иосеф ариун явдлын хуулийг зөрчих уруу таталтыг хэрхэн тэвчсэнийг олж мэд.
Эхлэл 39:9 нь төгс эзэмших сургаалын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд суралцагчдыг урьж болно.
-
Та нар Иосефын жишээнээс юуг сурч мэдсэн бэ?
Суралцагчид Бурханд үнэнч байх нь бидэнд ариун явдлын хуулийг зөрчих уруу таталтыг эсэргүүцэх хүч чадлыг өгч чадна (9-р шүлэг) гэх мэт үнэнийг олж тодорхойлж болох юм.
Суралцагчид Иосефын Бурханд үнэнч байдаг нь түүнд юу хийх боломж олгосныг судар дээрээ онцлон тэмдэглэж болно. Жишээ нь: 8-р шүлэг (“тэр татгалзсан”), 10-р шүлэг (“тэр сонссонгүй”), 12-р шүлэг (“тэр гадагш зугтан гарав”).
Дараах асуултад хариулахад нь суралцагчдад туслахын тулд та тэдэнд Иосефын хийсэн гурван зүйлийг хэн нэгэн хэрхэн хийж болох талаар хуваалцахад ашиглаж болох жишээг өг. Боломжит жишээнд ёс суртахуунгүй дүрс, үг ашигласан кино, шоу, концертод уригдах тохиолдол байж болно. Өөр нэг боломжит жишээ нь үе тэнгийнхэндээ зохисгүй текст эсвэл зураг илгээх дарамтыг мэдрэх явдал байж болно.
-
Биднийг уруу таталттай тулгарах үед Иосефын жишээг дагаж чадах зарим арга зам юу вэ?
Ариун явдлын хуулийг сахих чадвараа хүчирхэгжүүлэх
Энэ үнэний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд дагалдах тараах материалыг тэдэнд тарааж өг. Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилаад, тараах материал дээрх асуултын нэгд анхаарлаа хандуулахыг хамтрагч тус бүрд даалга.
Сурч мэдсэн зүйлээ хамтрагчтайгаа хуваалцахад суралцагчдыг урь.
Аврагч уруу таталтыг даван туулахад бидэнд тусалж чадна
Танд ариун явдлын хуулийг дагаж мөрдөхийн тулд тэмцэж, донтолтыг даван туулж, наманчлах итгэл найдварыг мэдрэх хэрэгтэй байгаа суралцагчид байж болох юм. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын энэрэнгүй, тэвчээртэй, өршөөх мөн чанарыг гэрчил. ChurchofJesusChrist.org дээрх “Temptation Fades as We Seek Christ in Every Thought” (2:57) видеог үзүүл. Аврагч бидэнд хэрхэн итгэл найдвар өгч чадахыг олж мэдэхэд суралцагчдыг урь.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд Бурханы зарлигуудыг дагахаар тэмцэж байгаа хүмүүст Аврагч хэрхэн итгэл найдвар өгч чадах талаар ийн заасан.
Бид замаасаа гарч хэр их удсан эсвэл хэр хол төөрсөн гэдгээс үл хамааран, өөрсдийгөө өөрчлөх шийдвэр гаргах тэр мөчөөс Бурхан бидэнд буцаж ирэхэд маань тусалдаг. Бурханы байр суурин дээрээс харахад, чин сэтгэлээсээ наманчилж, Христэд тууштайгаар урагшилж, зам дээрээ буцаж гарахад хэзээ ч замаасаа төөрөлдөж байгаагүй юм шиг байдаг. Аврагч бидний нүглийн төлөөсийг төлж, хүртэх аз жаргал, адислалууд нь буурах аюулаас чөлөөлдөг. (“Өнөөдөр өөрсдөдөө сонго,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106)
-
Өмнөх сонголтынхоо улмаас итгэл найдвараа алдсан хүний ахлагч Рэнландын мэдэгдлээс юу ойлгоосой гэж та нар хүсэж байна вэ?
-
Уруу таталтыг эсэргүүцэхэд тань тусалсан юуг та нар бусдад санал болгох зүйл юу вэ?
Ариун явдлын хуулийг сахих төлөвлөгөө гаргах
Ариун явдлын хуулийг сахих тухай Сүнсний заасан зүйлийн дагуу үйлдэх төлөвлөгөө гаргахад нь суралцагчдад туслахын тулд тэдэнд судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бичих хэдэн минут өг.
-
Ариун явдлын хуулийг сахихад эсвэл бусад уруу таталтыг эсэргүүцэхэд тус болох юуг та нар сурч мэдсэн бэ?
-
Бурханд үнэнч байх талаар юу сурч мэдсэн бэ?
-
Өнөөдөр сурч мэдэж, мэдэрсэн зүйлээ хэрхэн хэрэгжүүлж эхлэх вэ?
Уруу таталтыг эсэргүүцэх хүчин чармайлтдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг багтаан оролцуулахад суралцагчдыг урамшуул. Уруу таталтыг даван туулахад бидэнд туслах Аврагчийн чадварын мөн биднийг наманчлахад туслах Түүний хайрын нигүүлслийн тухай гэрчлэлээ хуваалц.
Цээжил
Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. Судрын түлхүүр үг хэллэг бол “Би яаж ийм ёрын муу хэрэг хийж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?” юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.