Семинар
Эхлэл 25–27: Иаков, Есав хоёр


“Эхлэл 25–27: Иаков, Есав хоёр,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Эхлэл 25–27: Иаков, Есав хоёр,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

30-р хичээл: Эхлэл 24–33

Эхлэл 25–27

Иаков, Есав хоёр

Esau sells his birthright to Jacob for a bowl of pottage.

Ихэр хүүхэд Иаков, Есав хоёрыг төрүүлснээр Ребека, Исаак хоёрын үр удмын гэрээний амлалт эцэстээ биеллээ олов. Ихрийн том нь болох Есав ууган хүүд өгөгдсөн ууган хүүгийн эрхийн амлалтуудыг авах эрхтэй байсан. Харамсалтай нь, Есав мөнхийн адислалуудаа нэн тэргүүнд авч үзэлгүй, оронд нь дэлхийн хүслээ хангахыг эрэлхийлжээ. Энэ хичээл Их Эзэний мөнхийн адислалуудыг дэлхийн хүслээс илүү эрхэмлэн үзэхэд суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Өөрсдийн амьдрал дахь Бурханы зүйлс (залбирал, судар судлах, сүмийн үйл ажиллагаа гэх мэт)-д болон дэлхий дээрх зүйлсэд хэр их цаг гаргаж, анхаарч байгаа талаараа залбирч дүгнэхэд суралцагчдыг урамшуул. Мөнхийн зүйлсээс илүү чухалд үзэх магадлалтай дэлхий дээрх аливаа анхаарал сарниулах зүйлсийг олж мэдэхэд тэднийг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бурханы зүйлсийг эрхэмлэх

Нэн даруй шийдвэрлэх шаардлагатай хэрэгцээ эсвэл хүсэл заримдаа урт хугацааны зорилгод хэрхэн нөлөөлж болох талаар эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслахын тулд дараах хүснэгтийг самбар дээр зур.

Одоо

Ирээдүй

Ирээдүйнхээ талаар ямар зорилготой байгаагаа хуваалцахад цөөн хэдэн суралцагчийг урь. Эдгээрийг самбар дээр хоёр дахь баганад жагсаан бич. Хоёр дахь баганад байгаа зорилгын аль нэгийг сонго. Ийн үйлдсэн бол хэн нэгнийг тэрхүү зорилгод хүрэхэд саад болж болох нэн даруй шийдвэрлэх шаардлагатай хэрэгцээ эсвэл хүслийн талаар бодоход суралцагчдыг урь. Цөөн хэдэн өөр санааг хуваалцах боломжийг суралцагчдад олго. Бидний одоо хийж буй сонголтууд ирээдүйн зорилгуудад хэрхэн нөлөөлдөг, тэр ч бүү хэл тэдгээр зорилгод хүрэхэд бидэнд саад болж болох талаар ярилц.

Суралцагчдыг ярилцаж дуусах үед энэ ойлголт нь Бурханы мөнхийн адислалуудыг эрэлхийлэх бидний хичээл зүтгэлтэй ч мөн хамаатай гэдгийг тайлбарла. Судлах тэмдэглэлдээ дараах өөрийгөө үнэлэх үнэлгээний дагуу үнэлэхэд суралцагчдыг урь.

Дараах мэдэгдлүүдийг залбирч тунгаан бод. Мэдэгдэл бүр танд хэр зэрэг хамааралтай болохыг тэмдэглэлдээ “гарцаагүй,” “ихэнхдээ,” “бага зэрэг,” “огтхон ч үгүй” гэсэн хариултуудыг ашиглан тэмдэглэ.

  • Би мөнхийн адислалуудын төлөө дэлхийн хүслийг золиослоход бэлэн байна.

  • Их Эзэн Өөрийн мөнхийн адислалуудыг одоо хүсэж байгаа зүйлээсээ илүү эрхэмлэн үзэхийг надаас яагаад хүсдэгийг би ойлгож байна.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дэлхийн зүйлсээс илүү чухалчлан үзэх үед ирдэг адислалуудыг би мэддэг.

Өнөөдөр судалж байхдаа та мөнхийн адислалуудын үнэ цэнийг олж харахад тань туслах Ариун Сүнсийг урь. Мөнхийн адислалуудыг хэрхэн дэлхийн хүслээс илүү нэн тэргүүнд тавих талаар удирдамж эрэлхийл.

Ууган хүүгийн эрхийн өв залгамжлал ба адислал

Есав, Иаков хоёрын гаргасан шийдвэрийн соёлын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах догол мөрүүдийг өөрийн үгээр хураангуйл.

Хуучин Гэрээний цаг үед хамгийн том хүү нь ихэвчлэн ууган хүүгийн эрхийг хүлээн авдаг байв. Ууган хүүгийн эрхийн өв залгамжлалд газар нутаг, эд хөрөнгийн хоёр дахин их хувийг багтаадаг байсан. Мөн үүнд эцгээ нас барсны дараа ээждээ болон гэр бүлийн бусад гишүүнд анхаарал халамж тавих илүү их үүрэг хариуцлага багтдаг байсан. Энэхүү материаллаг өв залгамжлалаас гадна эцэг нь хамгийн том хүүдээ санваарын эрх мэдэл олгохын тулд ууган хүүгийн эрхийн адислалыг өгдөг байв. Энэхүү адислал нь тухайн гэр бүл дэх хүүгийн байр суурийг багш, удирдагч болгон тогтоодог байсан.

Ребека, Исаак хоёр олон жилийн турш зөвт үр удмаар адислагдахын төлөө залбирчээ. Эцэст нь тэд Есав, Иаков хэмээх ихэр хөвгүүнтэй болж адислагдсан. Есав эхэлж төрсөн тул тэрээр ууган хүүгийн эрхтэй хүү болох байсан. Гэсэн хэдий ч Их Эзэн Иаковыг ууган хүүгийн эрхтэй хүү гэдгийг Ребекад илчилсэн юм (Эхлэл 25:22–23).

Эхлэл 25:27–34-ийг уншаад, Есав ууган хүүгийн эрхийн адислалаа эрхэмлэн үзээгүй гэдгээ ямар байдлаар харуулсныг олж мэд. (“Шөл буцалгах” гэдэг нь шөл гаргах эсвэл чанах гэсэн үг юм.)

  • Та нар юу олж мэдсэн бэ?

Эхлэл 26:34–35-ыг уншаад, Есавын шийдвэр, түүний гэрлэлтийн сонголтын талаарх эцэг эхийнх нь сэтгэгдлийг олж мэд. (Хитүүд нь хуурамч бурхдыг шүтдэг канаанчууд байв.)

  • Есавын шийдвэрт Ребека, Исаак хоёр яагаад энэлэн шаналсан бэ?

Хэрэв суралцагчид өмнөх асуултад хэрхэн хариулахаа мэдэхгүй байгаа бол та канаанчуудыг шүтээн шүтэж, өөр нүгэлт зан үйлд оролцдог байсныг тайлбарлаж болно. Есав канаан эмэгтэйчүүдтэй гэрлэх нь Абрахамтай болон түүний үр удамтай байгуулсан Бурханы гэрээнээс нүүр буруулсан гэсэн үг юм.

Бурханы зүйлсийг эрхэмлэн үзэхийн адислалууд

Иаков, Есав хоёрын түүхийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах догол мөрийг уншиж эсвэл нэгтгэн дүгнэж болно.

2:5

Нас өндөр болсон Исаак Есавын муу сонголтуудыг үл харгалзан, Есавыг дуудаж, түүнд ууган хүүгийн эрхийн адислалыг өгсөн. Есавыг ирэхээс өмнө Ребека Иаковыг ахынх нь дүрд хувиргажээ. Исаак Иаковыг Есав гэж бодоод, Иаковыг ууган хүүгийн эрхийн адислалаар адислав (Эхлэл 27:1–29-ийг үзнэ үү). “Есавын оронд Иаковыг адисалснаа Исаак мэдсэнийхээ дараа Бурханы таалал гүйцэлдлээ гээд Иаковыг ‘гарцаагүй ерөөгдөнө’ (Эхлэл 27:33) хэмээн батлан хэлсэн” (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Хуучин Гэрээ 2022, 39).

Эхлэл 27:34, 38-ыг уншаад, Исаак Иаковт ууган хүүгийн эрхийн адислал өгснийг мэдээд Есавын ямар хариу үйлдэл үзүүлснийг олж мэд.

  • Танд юу нь онцгой санагдсан бэ?

  • Үнэний мэдэгдэл болох энэ түүхээс бид юу сурч болох талаар та хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

    Суралцагчдын үгийг ашиглан дараахтай төстэй үнэнийг олж тогтоо. Бурханы мөнхийн адислалаас илүүтэй ойр зуурын эсвэл дэлхийн хүслийг сонгох нь уй гашуу, харамсалд хүргэж болно.

    Дараах асуултад маш олон хариулт байж болно. Хариултаа хуваалцахад цөөн суралцагчийг урамшуулах нь өөр өөр санаа бодол, үзэл санаагаа чөлөөтэй хуваалцахад нь суралцагчдад тусална.

  • Мөнхийн үнэ цэнтэй зүйлсийг нэн тэргүүнд тавих нь яагаад заримдаа бэрх байдаг вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн тайлбарласан.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Өдөр тутмын завгүй амьдрал дунд, өнөөгийн амьдарч буй дэлхийн үймээн самуунд бид таашаал, хөгжил дэвшил, алдар цол, нэр хүндийг чухалчилснаар мөнхийн ач холбогдолтой чухал зүйлүүдээс анхаарлаа сарниулж магадгүй. “Хорвоогийн юмст” болон “хүмүүсийн хүндлэлд” түр ч болов автах нь тогоотой шөлнөөс дутахааргүй биднийг сүнслэг ууган хүүгийн эрхээ алдахад хүргэж болзошгүй. …

Бид бүгд материаллаг болоод сүнслэг нэн тэргүүний зүйлсээ сэтгэлээсээ, залбиралтайгаар дүгнэж цэгнэснээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын бидэнд өгөхийг хүсдэг элбэг дэлбэг адислалуудад саад болж буй зүйлсээ олж тогтоох хэрэгтэй. (“Сион оо, хүч чадлаар хувцаслагтун,” Лиахона, 2022 оны 11-р сар, 94)

Ахлагч Бэднарын хэлсэн үгээс юу нь таалагдсан эсвэл юу сурсныг суралцагчдаар хуваалцуул. Дараа нь тэднийг дараах гурван зүйлийг бие даан эсвэл жижиг бүлгээрээ хийхэд урь.

  1. Таны үе тэнгийн хэн нэгэн хүнийг “тогоотой шөлнөөс дутахааргүй сүнслэг ууган хүүгийн эрхээ алдахад” хүрч уруу татагдаж болзошгүй талаар жишээ зохио.

  2. Эцэгийнхээ хүслийг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай эсвэл дэлхийн хүслээс эрхэмд үздэг байсан Аврагчийн жишээг бодож үз. (Жишээ нь: Матай 4:2–10-ыг эсвэл Лук 22:41–42-ыг үзнэ үү.)

  3. Нэн даруй шийдвэрлэх шаардлагатай эсвэл дэлхийн хүслээс илүү Бурханы хүслийг чухалчлан үздэг хүний талаарх орчин үеийн жишээг бодож үз.

Санал бодлоо хуваалцахыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг санаа бодлоо хуваалцах үед та өнөөдрийн семинарт оролцох нь Бурханыг эхэнд тавихын нэгэн сайн жишээ гэдгийг онцолж болно. Нэгэн залуу далайн давлагаан дээр гулсахын оронд семинарт оролцохыг сонгожээ. Энэ сонголтынхоо ачаар түүний хүлээн авсан адислалуудыг олж мэдэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.

5:39
  • Бурханы зүйлийг дэлхийн зүйлсээс дээгүүр тавьж сонгосныхоо төлөө бид одоо болон ирээдүйд ямар адислал хүлээн авч чадах вэ?

  • Аврагч хэрхэн мөнхийн адислалуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай хүслээс дээгүүр тавьсан бэ?

Төлөвлөгөө гарга

Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг гүйцэтгэхэд суралцагчдыг урь.

Нэн тэргүүнд тавьдаг зүйлсээ чухал биш рүү нь эрэмбэлж жагсаалт гарга.

Жагсаалтыг эргэн хараад, Ариун Сүнс танд ямар өөрчлөлт гаргахаар нөлөөлж буйг анзаар.

Энэ жагсаалтын доор энэ үйл ажиллагааг гүйцэтгэсний дараа төрсөн аливаа санаа бодлоо тэмдэглэ. Та дэлхийн зүйлсээс дээгүүр Бурханы зүйлийг тавьж чухалчлан үзэх дараагийн алхмыг тодорхой тодорхойлж чадах уу? Хэрэв тийм бол үүнийгээ байнга харж байх газарт бич.

Хичээлээ өндөрлүүлэхийн тулд та Бурханы зүйлийг дэлхийн зүйлсээс илүү эрхэмлэн авч үзсэнээр хүлээн авсан адислалынхаа гэрчлэлийг хуваалцаж болно.