“Мосе 7:53–69: Сионы Хаан өөрийн хүмүүсийг хамгаалан үлдэх болно,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Мосе 7:53–69: Сионы Хаан өөрийн хүмүүсийг хамгаалан үлдэх болно,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Moсe 7: 18-р хичээл
Мосе 7:53–69
Сионы Хаан өөрийн хүмүүсийг хамгаалан үлдэх болно
Аврагчийн нэг цол бол “Сионы Хаан” (Мосе 7:53) юм. Тэр хүмүүсээ харж хандаж байдаг бөгөөд эцсийн өдрүүдэд тэднийг тохиолдох асар их зовлон бэрхшээлээс хамгаалан үлдэх болно. Энэ хичээл бидний энэ цаг үеийн сорилтуудыг даван туулахад туслах юуг Их Эзэн хийсэн болохыг таньж ойлгон, талархахад суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг сорилттой учирсан үед нь тус болж байсан судрын хэсгийг Мормоны Номоос хуваалцах бэлтгэлтэйгээр ангидаа ирэхийг урь.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Эцсийн өдрүүдэд тохиох асар их зовлон бэрхшээл
Танай хотод хүчтэй шуурга ирж байна гэж төсөөлөхийг суралцагчдаас хүс. Хэрэгтэй гэж үзвэл, хүчтэй шуурганы зургийг үзүүлж болно.
-
Эцсийн өдрүүдэд тохиох агуу сорилт, бэрхшээлүүдийн зарим нь юу байж болох вэ? Эдгээр сорилт, бэрхшээлийг шуургатай хэрхэн дүйцүүлэн ойлгож болох вэ?
-
Эдгээр шуурганаас эсэн мэнд үлдэх ямар арга зам байж болох вэ?
Эдгээр шуурганаас төрж буй мэдрэмжээ болон эсэн мэнд үлдэхийн тулд ямар хүчин чармайлт гаргах шаардлагатайг тунгаан бодоход суралцагчдыг урь. Дараах өөрийгөө үнэлэх аргачлал нь үүнийг хийх нэг арга юм.
Дараах мэдэгдлүүд таны хувьд хэр үнэн болохыг тунгаан бод.
-
Их Эзэн надад тулгарч буй энэхүү шуургыг (сорилт, бэрхшээлийг) давж гарахад туслахын тулд юу хийснийг би мэднэ.
-
Би Их Эзэний хийсэн зүйлд талархаж, Түүний тусламжийг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Судлах явцдаа Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийлэхэд суралцагчдыг урь. Тэдний туулж буй шуурганд Их Эзэн суралцагчдад хэрхэн тусалж болох арга замыг Ариун Сүнс зааж өгөх болно.
Сионы Хаан
Енох болон түүний хүмүүс “Ариун хот, бүр Сион хэмээн нэрлэгдсэн хот байгуулав” (Мосе 7:19). Их Эзэн тэднийг “аюулгүй байдалд үүрд оршин тогтнох” (Мосе 7:20) болно гэж амласан. Енох үерийн үеэр ирэх сүйрлийг хараад уйлжээ. Енох тайтгарал эрэлхийлэн, үерийн дараа ирсэн хүмүүст Их Эзэн нигүүлсэнгүй хандах эсэхийг асуув. Хариуд нь Их Эзэн Енохт Аврагчийн талаар болон Түүний Цагаатгалын тухай заасан (Мосе 7:42–57-г үзнэ үү).
Мосе 7:53-ыг уншиж, Аврагч Өөрийгөө хэрхэн дүрсэлснийг олж мэд.
-
Энэ шүлэгт дурдсан Их Эзэний Енохтой хуваалцсан зүйлс түүнийг хэрхэн тайвшруулсан бэ?
53-р шүлэгт дурдсан Есүс Христийн өөр өөр цол хэргэм, үүргийн талаар тэмдэглэн авч, ярилцахад суралцагчдыг урь. Энэ хичээл Түүний “Сионы Хаан” хэмээх цол хэргэмд төвлөрөх болно. Та энэ цол хэргэмийн талаар суралцагчдад дараах асуултуудыг тавьж болно.
-
Есүс Христ бидний хувьд хүчирхэг бөгөөд хайраар дүүрэн хаантай юугаараа адил вэ?
-
Энэ шүлгийн өөр ямар хэллэг Сионы Хааныг дагаснаар таны хүсэж болох адислалуудыг дүрсэлсэн байна вэ?
Сион нь Енохын хүмүүс шиг “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” (Сургаал ба Гэрээ 97:21) буюу Их Эзэнтэй адил хүмүүсээс бүрддэг гэдгийг суралцагчдад сануулаарай.
Их Эзэн хүмүүсээ хамгаалан үлдэх болно
Енох Их Эзэнээс дэлхий дээр дахин ирэх эсэхийг асуув. Их Эзэн Енохт эцсийн өдрүүд болон Түүнийг дагахаар хичээж буй хүмүүсийн төлөө юу хийхээ харуулсан.
Мосе 7:60–61-ийг уншаад, Их Эзэний хийхээр амласан зүйлсийг олж мэд.
-
Их Эзэн Түүнийг дагахыг хичээж буй хүмүүсийг “хамгаалан үлдэнэ” гэдэг нь ямар утгатай вэ?
Суралцагчдыг доор зааварласны дагуу Мосе 7:62-ыг унших үед та Бурхан Өөрийн хүмүүсийг хамгаалан үлдэхдээ хэр идэвхтэй байдгийг ойлгоход тэдэнд тусалж болно. Үүнийг гүйцэтгэх нэг арга бол Би гэсэн үгийн хэрэглээ, үүнийг дагалдах үйл үг болгонд анхаарлаа хандуулахад суралцагчдыг урих явдал юм. Та мөн Их Эзэн миний гэсэн үг, үүнтэй холбогдож буй үгсийг хэдийд ашиглаж буйд анхаарал хандуулахад тэднийг урьж болно.
Хэдийгээр Енох Ноагийн өдрүүд дэх сүйрлийн үерийг үзэгдэлд олж харсан ч үүний дараа Их Эзэн Өөртөө хүмүүсийг цуглуулж, тэднийг хамгаалан үлдэх арга замыг Енохт үзүүлсэн.
Мосе 7:62-ыг уншиж, Их Эзэн хүмүүсээ хамгаалан үлдэхийн тулд юу хийхийг олж мэд.
-
Хүмүүсээ хамгаалан үлдэхийн тулд Их Эзэний хийх зарим зүйл юу байна вэ?
Дараах хэллэгүүдийг самбар дээр бич. Эцсийн өдрүүдэд Өөрийн хүмүүсийг хамгаалан үлдэхийн тулд Их Эзэн …
Суралцагчдыг хариулж байх үед дараах хэллэгүүдийг самбар дээр бич.
зөв шударга ёсыг тэнгэрээс доош илгээх болно.
дэлхийгээс үнэнийг илгээх болно.
Өөрийн хүмүүсийг Сионд цуглуулах болно (Сургаал ба Гэрээ 115:6-г мөн үзнэ үү).
-
Их Эзэн энэ цаг үед өөрийн бошиглолыг ямар зарим арга замаар биелүүлж байна вэ?
Тэнгэрээс доош илгээж буй зөв шударга ёс болон дэлхийгээс илгээсэн үнэн нь биднийг Сионд цуглуулна.
Энэхүү үнэний гурван ялгаатай талыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд та самбар дээр “Тэнгэрээс доош илгээж буй зөв шударга ёс,” “Дэлхийгээс илгээсэн үнэн,” “Сион” гэсэн үгсийг тусдаа багануудад бичиж болно. Дараах зүйлс нь ялгаатай тал нэг бүрд хамаарах өгүүлбэр болон зургууд юм. Өгүүлбэр бүрийг тусад нь цаасан дээр бич эсвэл зургийг харуул. Суралцагчид дараа нь өгүүлбэрийг эсвэл зургуудыг самбар дээр бичсэн тохирох гарчгуудтай тааруулж болно.
Тэнгэрээс доош илгээж буй зөв шударга ёс
-
Иосеф Смит Анхны үзэгдлийг хүлээн авсан.
-
Иохан Баптист Иосеф Смитэд Аароны санваарыг өгсөн.
-
Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваарыг Иосеф Смитэд өгсөн.
-
Их Эзэн Сургаал ба Гэрээг илчилсэн.
-
Их Эзэн Өөрийн үгсийг өнөө үеийн бошиглогчдоор дамжуулан илчилдэг.
Дэлхийгээс илгээсэн үнэн
-
Иосеф Смит алтан ялтаснуудыг олж аваад орчуулсан.
Сион
-
Бид бүгд тойрог, салбарынхаа нэг хэсэг юм.
Их Эзэний хийсэн зүйлийн ач холбогдлыг тунгаан бодоход суралцагчдад тусал. Үүнийг гүйцэтгэх нэг арга нь дараах алхмуудыг судлах тэмдэглэл дээрээ гүйцэтгэж дуусгахад суралцагчдыг урих юм. Хэрэв та өмнөх үйл ажиллагааг ашигласан бол суралцагчид самбар дээрх жагсаалтаас аль нэг зүйлийг сонгож болно.
Их Эзэн хүмүүсээ энэ цаг үеийн зовлон бэрхшээлээс ямар хоёр арга замаар хамгаалан үлдэж буйг тодорхойлж дараах асуултад хариул. Боломжтой бол тодорхой жишээ бодож олоорой. Та санваартай холбоотой өөрийн туршлага, Мормоны Номын нэг хэсэг, тойрог эсвэл салбартаа тохиолдсон туршлага гэх мэт зүйлсийг дурдаж болно.
-
Энэ жишээ танд Аврагчийг илүү сайн мэдэхэд хэрхэн тусалсан бэ?
-
Энэ нь эцсийн өдрүүдийн хүнд хэцүүг даван туулахад хэрхэн тусалсан эсвэл тусалж болох вэ?
Бодол санаагаа хуваалцахад хэдэн суралцагчийг урь.
Эцсийн өдрүүдийн сорилт, бэрхшээлийг даван туулахад туслахын тулд Их Эзэний хийсэн бүхнийг таньж, үнэлэхэд суралцагчдад тусалж болох арга замуудыг эрэлхийл. Үүнийг хийх нэг арга бол суралцагчдын хэлж буй зүйлийг анхааралтай сонсож, энэ нь Их Эзэний зан байдал, мөн чанарын талаар бидэнд юу зааж болохыг хэлэх явдал юм. (Их Эзэний хайрыг ойлгож, мэдрэхэд нь суралцагчдад туслах нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дахь “Суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхэд тусал” хэсгээс үзнэ үү.)