Семинар
Мосе 7:22–47: Енохын үзэгдэл


“Мосе 7:22–47: Енохын үзэгдэл,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Мосе 7:22–47: Енохын үзэгдэл,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Moсe 7: 17-р хичээл

Мосе 7:22–47

Енохын үзэгдэл

Illustration depicting the City of Enoch being taken up.

Та амьдралдаа Бурханы нигүүлслийг хэзээ мэдэрсэн бэ? Их Эзэн Еноход өөрийн өдрөөс эхлэн Мянган жил хүртэлх дэлхийн түүхийг харуулсан үзэгдэл үзүүлсэн. Енох Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдээ хайрлах хайрын талаар гүн гүнзгий мэдэж авсан. Энэ хичээл Бурханы нигүүлсэл, бүх хүүхдээ хайрлах хайрыг мэдрэхэд суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад Тэнгэрлэг Эцэг ямархуу байдгийг таниулсан туршлага эсвэл судрын талаар бодохыг хүс. Тэд мөн эцэг эх, итгэж найддаг удирдагчдаас эсвэл найзуудаасаа туршлага эсвэл судар хуваалцахыг хүсэж болох юм. Суралцагчдыг хуваалцах бэлтгэлтэй ирэхийг уриал.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бурханы нигүүлсэл, хайрыг мэдрэхийн төлөөх тэмцэл

Бурханы тухай Түүний зан чанарын талаар илүү ихийг мэдэхэд суралцагчдыг бэлтгэхийн тулд дараах жишээг унших юм уу үзүүл:

Бурханыг зөвхөн зөв зүйл хийж байгаа хүмүүст анхаардаг эсэхэд Калэб эргэлздэг байв.

Ойр дотнын хэн нэгнийх нь сонголтод Бурхан уурлаж магадгүй гэдэгт Зөү санаа нь зовдог. Тэрээр Бурхан тэднийг гэсгээх вий гэхээс санаа нь зовдог.

Оливиа өөрийгөө хэзээ ч Бурханы хайрыг мэдэрч байгаагүй гэж боддог.

  • Энэ хүмүүст яагаад ийм мэдрэмж төрж болох вэ?

Энэ хичээлийг цааш үргэлжлүүлэхдээ эдгээр жишээнээс эргэцүүлэн бодох нэг жишээг сонго.

Уг хичээлийн туршид Ариун Сүнсний нөлөөг хүлээн авахад нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг тунгаан бодоход тэднийг урамшуул.

  • Хэрэв танд үүнтэй төстэй асуудал тулгарсан бол үүнд чинь туслах Тэнгэрлэг Эцэгийн талаар та юу мэдэх вэ?

  • Танд Тэнгэрлэг Эцэгийн талаар ямар ямар асуулт байна вэ?

Их Эзэний таныг болон бүх хүүхдээ гэх хайрыг нь мэдэж, мэдрэхийн тулд Түүнээс тусламж эрэлхийл.

Дээш тэнгэрт аваачигдаагүй хүмүүсийн талаарх Енохын үзэгдэл

Дараах мэдээллийг өөрийн үгээр нэгтгэн дүгнэх талаар бодож үзээрэй.

Их Эзэний тусламж, удирдамжаар Енох Сион хотыг байгуулсан гэдгийг сана. Сионы хүмүүс Их Эзэнд нэгдэж, зөв шударга ёсонд оршин сууж, бие биедээ санаа тавьдаг байв (Мосе 7:16–19-ийг үзнэ үү). Их Эзэн Сионы хүмүүс итгэл, зөвт байдлынхаа ачаар дээш тэнгэрт аваачигдана гэдгийг Еноход үзэгдэлд харуулжээ (Мосе 7:20–21-ийг үзнэ үү). Енох мөн “хүмүүсийн үлдсэнийг тэрчлэн болгоов” (Мосе 7:22) гэдэг нь Аврагчийг дагаагүйгээс дэлхийд орхигдсон хүмүүсийг хэлж байна.

Мосе 7:23–26-г уншиж, Енохын юу харсныг олж мэд.

  • Та Сатаны талаар юу олж мэдсэн бэ?

  • Сатаны талаар эдгээр зүйлийг ойлгож авах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Енох Бурхан ёс бус зүйлд хэрхэн ханддагийг харсан.

Дараа нь Енох Бурханыг дагахгүй байхаар шийдсэн хүмүүсийг Тэрээр харж байгааг ойлгоод, сэтгэл зүрх нь хөндүүрлэжээ.

Та Енохыг Иеховаг буюу Есүс Христийг харсан тухай тайлбарлаж болно. Адамын уналтаас хойш Иехова бошиглогчдод үзэгдэж, тэдэнтэй ярилцдаг болсон. Эдгээр цаг үед Тэрээр ихэвчлэн Эцэгийнхээ адилаар ярьдаг байв. Эцэг, Хүү хоёрын нэгдмэл байдал нь Аврагчийн сэтгэл Эцэгийг мөн илэрхийлж байдагтай адил юм. Тиймээс суралцагчдын Енох, Иехова хоёрын хоорондох энэхүү үзэгдлийг судлах зүйл нь Тэнгэрлэг Эцэгийн талаар таньж мэдэхэд тэдэнд тусална.

Суралцагчдыг дараах шүлгийг унших үед та тэднийг удаан тогтож уншин, уншсан зүйлээ тунгаан бодохын тулд түр зогсож, шүлгийг нэгээс олон удаа уншихад урамшуулж болно. Ийм аргаар унших нь Тэнгэрлэг Эцэгийнх нь талаар илүү ихийг заах Сүнсийг урихад суралцагчдад тусална.

Мосе 7:28–33-ыг уншиж, Тэнгэрлэг Эцэгийн талаар илүү сайн ойлгож, мэдэхэд тус болох үг, хэллэгийг тэмдэглэж ав.

  • Та эдгээр шүлгээс Бурханы талаар юу мэдэж авсан бэ?

Бурхан …” гэж самбарт бичиж, сурч мэдсэн зүйлсээрээ уг өгүүлбэрийг дуусгахыг суралцагчдаас хүсэх талаар бодож үзээрэй. Олон төрлийн хариулт өгөхөд урамшуул. Үүнд дараах зарим хариулт багтаж болно. Үүнд:

  • биднийг гүн гүнзгий хайрладаг (28–33-р шүлэг).

  • бидэнд буй энэ хорвоо ертөнцийг бүтээсэн (30-р шүлэг).

  • шударга, нигүүлсэнгүй мөн нинжин сэтгэлтэй (30-р шүлэг).

  • бидэнд сонгох эрхийг өгсөн (32-р шүлэг).

  • биднийг бие биеэ хайрлахыг хүсдэг (33-р шүлэг).

  • биднээс Түүнийг сонгохыг хүсдэг (33-р шүлэг).

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцах үед дараах дагалдах асуултуудыг тавих талаар бодож үзээрэй.

  • Тэнгэрлэг Эцэгийн тухай энэ үнэн таны хувьд яагаад утга учиртай вэ?

  • Энэ үнэнийг мэдэх нь таны сонгосон нөхцөл байдалд байгаа хүнд хэрхэн туслах вэ? Энэ нь танд хэрхэн тус болж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Жэффри Р.Холланд Енохын туршлагыг ашиглан Аврагч бидэнд Тэнгэрлэг Эцэг ямар болох, түүнчлэн Тэр биднийг хэр их хайрладгийг харуулсан гэж заасан. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн талаар дараах ойлголтыг хуваалцжээ.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland.  Photographed January 2018.

Тэнгэрээс өөрт нь нээгдсэн хүн төрөлхтний агуу үзэгдлийн дунд Енох мөнх бус амьдралын адислал, сорилтуудын аль алиныг ажиглан зогсохдоо Эцэгтэй харц тулгаран, Түүний уйлж байгааг хараад мэл гайхав. Тэр энэхүү дэлхий ертөнцийн хамгийн хүчирхэг Нэгэнд хандан гайхсан, биширсэн аясаар: “Та хэрхэн уйлж чаддаг билээ?” … гэхэд,

Энэхүү ганц, анхаарал татсан дүр зургаар, ямар ч шашны номлол зохиолын дамжуулж чадахгүй Бурханы жинхэнэ мөн чанарыг заасан юм. …

Бурхан бидний амьдралд оролцдог гэдгийг харуулах ямар мартагдашгүй гайхалтай дүр төрх вэ! Бурханы хүүхдүүд Түүнийг, Түүний илгээсэн “Бурханы сайн мэдээг ч” сонгохгүй байгаа үед эцэг эх нь хэчнээн их шаналдаг гэж санана! [Ром 1:1]. Биднийг маш их хайрладаг хүнийг хайрлах нь ямар амархан гээч! …

Бидний нэрийг мэддэг, залбирлыг сонсож, хариулдаг Бурханы сүнсэн хүүхдийн хувьд мөнхөд биднийг нандигнан хайрладаг хувь хүний, амьд Бурханы энэ өдрийг би гэрчилж байна. (”The Grandeur of God,” Liahona, Nov. 2003, 72)

Ерөнхийлөгч Холландын мэдэгдлээс юу өөрсдөд нь сэтгэгдэл төрүүлснийг хуваалцахад суралцагчдыг урь.

Самбарт дараах асуултуудыг бичих талаар бодож үзээрэй. Асуултуудыг жижиг бүлгээр ярилцахад суралцагчдыг урь. Мөн хичээлийн эхэнд сонгосон жишээнүүдэд эдгээр санаа хэрхэн хэрэгжиж болох тухай ярилцахад тэднийг урь. Суралцагчдыг хариулах үед өрөөн дотуур тойрон алхаж, тэдний зарим хариултыг сонс.

  • Биднийг бие биеэ хайрлахгүй үед Тэнгэрлэг Эцэг яагаад бидний төлөө уйлдаг гэж та нар бодож байна вэ?

  • Бид Түүнийг дагаж, хайрлахыг сонгоогүй үед Тэр яагаад бидний төлөө уйлж болох вэ?

  • Бурханы бидэнд хандах хандлагын талаар Сатан ямар худал хуурмагийг бидэнд итгүүлэхийг хүсдэг вэ?

Суралцагчид эдгээр асуултыг ярилцсаны дараа өөр нэгэн суралцагчаас сонссон зүйл нь ангийнханд хуваалцахад тустай зүйл байсан эсэхийг асуух талаар бодож үзээрэй. Ингэснээр суралцагчид нэг нэгнийхээ хариултуудыг сайшаан магтахын зэрэгцээ хариултуудыг эргэн харах боломжтой болдог. Та мөн сонссон, тус болохуйц хариултуудыг онцолж болно.

Енох Аврагчийн амьдрал, номлолыг харав

Дараа нь Их Эзэн Еноход газар дээр үлдсэн наманчлаагүй хүмүүс үерт мөхөх болно гэдгийг харуулжээ (Мосе 7:34–44-ийг үзнэ үү). Үүний хариуд, Енох уйлав. Их Эзэн Енохыг тайвшруулж, “Зүрх сэтгэлээ өргө, мөн баяртай бай мөн хар” (Мосе 7:44) гэж хэлсэн.

Мосе 7:44–47-г уншаад, Их Эзэн Енохыг тайвшруулахын тулд юу харуулсныг олж мэд. “Зөв шударга” (45 болон 47-р шүлэг) гэдэг нь Есүс Христийн нэр цол гэдгийг мэдэх нь тустай байж болно.

  • Эдгээр зүйлийг харах нь яагаад Енохын бодгалийг баясгана гэж та нар бодож байна вэ? (47-р шүлэг)

  • Есүс Христийг илгээх нь Эцэгийн нигүүлсэл, хайрыг хэрхэн харуулж байна вэ?

Хэрэв тустай гэж үзвэл та Аврагч Бурханы бүх хүүхдэд, тэр ч бүү хэл ёс бусыг үйлдэж, үерт нас барсан хүмүүст хэрхэн туслах талаар ярилцаж болно. Хэдийгээр ёс бусыг үйлдсэн хүмүүс үерт мөхөж, сүнсний ертөнцөд нүглийнхээ төлөө зовох ёстой байсан ч Аврагчаар дамжуулан наманчилж чадна гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал (Мосе 7:38–39; 1 Петр 3:18–20-ийг үзнэ үү).

Бурханы хайрыг мэдрэх

Хичээлийн төгсгөлд суралцагчдыг дараах үйл ажиллагааг гүйцэтгэхдээ Ариун Сүнсээр дамжуулан тусламж эрэлхийлэхэд урь. Өөрөөр, суралцагчид Тэнгэрлэг Эцэгийн нигүүлсэл, хайрыг мэдрэх хэрэгтэй өөрийн амьдралд байгаа хэн нэгэнд зориулан захидал бичиж болно.

Хичээлийн эхэнд сонгосон жишээн дээр гарсан хүнд туслахын тулд захидал бич. Захидлынхаа нэг хэсэгт дараах зүйлсийг багтаа.

  • Мосе 7-оос Тэнгэрлэг Эцэгийн нигүүлсэл, хайрын талаар сурсан зүйлс. Ялангуяа танд утга учиртай байсан гэж бодож буй тодорхой үг хэллэг эсвэл шүлгийг багтаа.

  • Бурханы нигүүлсэл, хайрыг мэдрэхэд тань тусалсан бусад судар, туршлага.

  • Энэ хүнд Бурханы хайрыг мэдрэхэд тусална гэж таны бодож буй зарим нэмэлт санаа.

Бодол санаа, туршлага, мэдрэмжээ хуваалцахад суралцагчдыг урьснаар хичээлээ өндөрлө. Бурханы хайрын талаарх хувийн гэрчлэлээ нэмэхийг бод.