“Гэр бүл,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Гэр бүл
Биднийг туйлын аз жаргалтай байлгах Бурханы бүтээл
Бид төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэг Эхтэйгээ хамт амьдарч байсан. Гэр бүл бол бидний мөнхийн хувь тавилан, аз жаргалд зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний төвд байдаг. Гэр бүл бол бидний энэ амьдралд болон мөнх амьдралд хамгийн агуу баяр баясгаланг олж авах газар юм. Мөн гэр бүлтэй байх нь Бурханд болон бусдад үйлчлэх зэрэг амьдралын нэн чухал мэдлэгийг олж авахад бидэнд тусалж чадна.
Гэр бүлтэйгээ бат бөх харилцаа холбоотой болоход цаг заваа зориулснаар бид адислагддаг. Бид эд хөрөнгө, албан тушаалаа дараагийн амьдралдаа авч явж чадахгүй, харин Бурханыг дагаж, Түүнтэй байгуулсан гэрээгээ сахихын тулд бүхий л чадлаараа хичээвэл гэр бүлтэйгээ мөнхөд хамт байх боломжтой. Ахлагч Л.Том Пэрри: “Үймээн самуунтай, хувирамтгай энэ дэлхийд гэр бүлээ амьдралынхаа төвд, бүхний дээр тавих нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна” хэмээн заасан. Хэдийгээр төгс гэр бүл гэж байдаггүй ч гэр бүлээ хайрлаж, Бурхантай илүү адилхан болохын тулд хамтдаа өсөж хөгжихийн төлөө чадах бүхнээ хийх үедээ бид сурч мэдэн, өсөж хөгжих боломжтой.
Гэр бүл гэж юу вэ?
Энд дэлхий дээр төрөл бүрийн гэр бүл байдаг. Гэр бүл нь эцэг эх, үр хүүхэд байж болно. Гэхдээ гэр бүл нь бас хосууд болон хүүхэдтэй ганц бие эцэг эх эсвэл ах, эгч, дүү нар байж болно. Төрөл саданд өвөө, эмээ, ач, зээ, авга, нагац, үеэлүүд болон ах, эгч, дүү нарын хүүхдүүд гээд өөр бусад хүн ордог. Заримдаа бид дотнын найзуудаа хамаатан биш ч гэсэн гэр бүлийнхэнтэйгээ адил үздэг. Өргөн утгаараа бид бүгд Бурханы гэр бүл юм.
Сэдвийн тойм: Гэр бүл
Холбогдох сайн мэдээнээс суралцах удирдамж: Үүрдийн гэрээ, Мөнх амьдрал, Гэрлэлт, Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох, Ариун сүмийн хишиг ба лацдан холболт
1-р хэсэг
Бурханы аз жаргалын төлөвлөгөөнд гэр бүл нэн чухал
Гэр бүл нь бидний мөнхийн хувь тавиланд зориулсан Бурханы төлөвлөгөөний төвд байдаг. Бид дэлхийд ирэхээсээ өмнө Тэнгэрлэг Эцэг Эхтэйгээ хамт амьдарч байсан бөгөөд энд байгаа гэр бүл маань Бурханы өгсөн тэрхүү загварыг дагадаг.
Бидний энэ дэлхий дээр гэр бүлд ирдгийн нэг шалтгаан бол эцэг эхчүүд үр хүүхдүүддээ сайн мэдээг зааж, аз жаргалтай, утга учиртай амьдрахад нь туслах явдал юм. Энэ нь бидэнд сурч, өсөж хөгжин, Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болох боломжийг олгох Түүний төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд тусалдаг.
Бодох зүйлс
-
Мосе 5:12-ыг уншиж, тунгаан бод. Дараах эцэг эхчүүдийн хүүхдүүддээ заасан байж болох чухал үнэн, өгсөн сургамжуудын талаар бод. Тамара В.Руина эгч: “Гэр бүл бол Бурханы бидэнд өгсөн лаборатори бөгөөд тэнд бид аливаа зүйлийн учрыг олж мэддэг учраас буруу алхам, буруу тооцоолол нь зөвхөн байх боломжтой биш, харин ч болзошгүй зүйл юм гэдгийг санаарай. Амьдралынхаа төгсгөлд тэдгээр харилцаа, тэр байтугай хүнд хэцүү мөчүүд хүртэл биднийг Аврагчтай илүү адилхан болоход тусалсан зүйлс байсныг олж харахад сонирхолтой байхгүй гэж үү? … Гэр бүлийн харилцаа бол суралцахаар ирсэн сургамжийг маань бидэнд заах хүчирхэг хэрэгсэл юм” гэж заажээ. Яагаад гэр бүл нь Бурханы төлөвлөгөөнд нэн чухал гэж та бодож байна вэ? Гэр бүлийн тань туршлага хэрхэн таныг өсөж хөгжин, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адилхан болоход тусалсан бэ? Гэр бүлийн амьдралаа “лаборатори” гэж бодвол төгс бус гэр бүлээ харах өнцөгт тань хэрхэн нөлөөлөх вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли ийн зөвлөсөн. “Их Эзэн бидэнд гэрлэж, хамтдаа хайр, амар амгалан, эв найртай амьдарч, үр хүүхэдтэй болж, тэднийгээ Түүний ариун замаар өсгөн хүмүүжүүлэхээр томилсон. … Эцсийн эцэст сайн мэдээний утга учир үүнд оршдог. Гэр бүл бол Бурханы бүтээл. Энэ нь үндсэн бүтээл билээ. Улс орныг хүчирхэгжүүлэх арга зам бол хүмүүсийн гэр орныг бэхжүүлэх явдал юм.” Бурхан яагаад биднийг дэлхий рүү гэр бүл болгон илгээсэн мөн энэ нь хэрхэн Түүний төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд тусалдгийг ярилц. Гэр орноо хүчирхэгжүүлэх нь хэрхэн нийгмээ хүчирхэгжүүлэхэд тусалж болох вэ? Энэ санааг харуулахын тулд хамтран ажиллах шаардлагатай тоглоом тоглож болно. Жишээлбэл: Та хүний зангилаа (хүн бүр тойрч зогсоод, хоёр өөр хүний гараас барина) үүсгэж, гараа тавилгүйгээр хамтдаа зангилааг гаргахаар ажиллаж болно. Эсвэл ямар нэг шинж чанар дээр тулгуурлан (төрсөн сар, нүдний өнгө, өндөр гэх мэт) ярихгүйгээр жагсан зогсож болно. Дараа нь гэр бүлээрээ хамтран ажиллах нь хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан зорилгыг гүйцэлдүүлэхэд тусалдаг тухай ярилц.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Д.Тодд Кристоффэрсон, “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” 2015 оны 5-р сарын Ерөнхий чуулган, 35–39
2-р хэсэг
Бурхан эцэг эхчүүдэд чухал үүрэг хариуцлага өгсөн
Тэнгэрлэг Эцэг дэлхий дээр байх хугацаандаа хайртай сүнсэн хүүхдүүдийг нь харж хандах үүрэг хариуцлагыг эцэг эхчүүдэд өгсөн. Тэрээр эцэг эхчүүдэд хүүхдүүдээ “гэрэл ба үнэнд” (Сургаал ба Гэрээнүүд 93:40) хүмүүжүүлэхийг зарлиглажээ. Бошиглогчид мөн “Эцэг эхчүүд хүүхдүүдээ хайр, зөв шударга байдалд өсгөн хүмүүжүүлж, бие бялдар болон оюун санааных нь хэрэгцээг хангах ариун нандин үүрэгтэй” хэмээн хэлсэн. Гэр бүл хэрэгтэй бүхнээр нь хангах боломжгүй бол Сүм үүнд оролцож, тусалж чадна (Сургаал ба Гэрээнүүд 52:40; 83:1–6; 136:8-ыг үзнэ үү).
Хайраар дүүрэн эцэг эх хамтдаа үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэхдээ хүүхдүүдээ бие махбод, сүнслэг байдал, сэтгэл санааны хувьд хамгийн сайнаар тэжээн тэтгэж, халамжлах боломжтой. Эцэг эх нь Есүс Христийн сайн мэдээг гэртээ зааснаар тэд төдийгүй үр хүүхдүүд нь ч адислагддаг (Сургаал ба Гэрээнүүд 68:25–28-ыг үзнэ үү). Заримдаа эцэг эхчүүд хүүхдүүдээ хамт өсгөж чадахгүй байж болох юм. Ийм тохиолдолд гэрээгээ сахиж, Түүний хүслийг дагахын тулд чадах бүхнээ хийвэл Их Эзэн тэднийг адисална.
Бодох зүйлс
-
Хүүхдүүддээ зааж сургасан эцэг эхчүүдийн дараах түүхүүдийг уншина уу. Үүнд: Мозая 1:2–8; Хиламан 5:4–12. (Мөн эцэг эх байх талаар нэмэлт ойлголт авахын тулд Дэд хууль 6:4–7; 11:19–21; Исаиа 54:13; 2 Нифай 25:26-г уншиж болно.) Эдгээр эцэг эх сайн мэдээний ямар ямар зарчмыг заасан бэ? Яагаад өнөө үед эдгээр үнэнийг сурах нь хүүхдүүдэд чухал вэ? Та эдгээр үнэний талаар сурч мэдэн, тэдгээрийн дагуу амьдрахад нь хэрхэн хүүхдүүддээ болон хайртай хүмүүстээ тусалж болох вэ? Та бас өөрийн таньдаг үлгэр жишээ эцэг эхийн талаар бодож болно. Зөв шударга эцэг эхчүүд Бурханы хүүхдүүдэд хэрхэн заадаг талаар та тэднээс юу мэдэж авсан бэ?
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Хүүхдүүдээ хянах гэж битгий хичээ. Оронд нь тэднийг сонсож, сайн мэдээнээс суралцахад нь тусалж, сүнслэгээр нөлөөлж мөн мөнх амьдралын зүг удирд. Та нар Түүний та нарт найдаж өгсөн хүүхдүүдэд анхаарал тавих Бурханы төлөөлөгчид юм. Зааж мөн ятгахад чинь Түүний тэнгэрлэг нөлөө зүрх сэтгэлд чинь үлдэхийг зөвшөөр” хэмээн зөвлөсөн. Та хүүхдүүддээ сайн мэдээг хичээнгүйлэн зааснаар хэрхэн Бурханы танд хүлээлгэн өгсөн итгэлийг дааж чадах вэ? Та хүүхдүүдээ мөнх амьдрал руу удирдахдаа хэрхэн тэдний сонгох эрхийг хүндэтгэж болох вэ? Та хичээл зүтгэл гаргахдаа хэрхэн өдөр бүр Түүний нөлөөгөөр удирдуулж болохоо бод.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Мосе 3:21–27-г хамтдаа унш. Ахлагч Нийл Л.Андэрсэны дараах бодролыг унш. “Эхлэлд Бурхан гэрлэлтийг эрэгтэй, эмэгтэй хүн буюу Адам, Ева хоёрын хооронд байхаар санаачилсан юм. Тэрээр гэрлэлтийн зорилгуудыг насанд хүрэгчдийн хувийн сэтгэл ханамж болон хангалуун байдлаас илүү, хамгийн чухал нь хүүхдүүд төрүүлж, өсгөж, хүмүүжүүлэх сайн орчныг бий болгох туйлын зорилгын улмаас урьдчилан төлөвлөсөн. Гэр бүлүүд бол тэнгэрийн эрдэнэс билээ.” Та судрын хэсэг болон ахлагч Андэрсэны хэлсэн үгийн талаар ярилцахдаа эрдэнэсийн хайрцаг ашиглаж эсвэл дагалдах зургийг үзүүлж болно. Дараа нь та хүүхдүүдэд сайн мэдээг сурч мэдэн, өсөж хөгжихөд туслах зохимжтой орчинг бүрдүүлэхэд тусалж болох нэг зүйлийг бичиж болох юм.
-
Дагалдах зургийг хараад, гэр бүлийн суурь яагаад тийм чухал болох талаар ярилцаарай. Ахлагч Тэд Р.Каллистэр ийн заасан. “Бишоп болон Ням гаргийн анги, Залуу эмэгтэйчүүдийн эсвэл Залуу эрэгтэйчүүдийн бүлэг биш, харин эцэг эхчүүд бид үр хүүхдийнхээ сайн мэдээний хамгийн чухал багш, үлгэр жишээ байх ёстой. Хүүхдүүдийнхээ сайн мэдээний хамгийн чухал багш нарын хувьд бид тэдэнд Цагаатгалын хүч хийгээд үнэн бодит байдал, тэдний хэн болох хийгээд бурханлаг хувь тавилангийнх нь тухай зааж чадна. Ингэснээр дээр нь барьж босгох бат бөх суурийг бид тэдэнд тавьж өгөх болно. Эцсийн эцэст гэр орон бол Есүс Христийн сайн мэдээг заах төгс тохиромжтой орчин юм.” Та сайн мэдээг зохион байгуулалттай заах боломжийг бүрдүүлэхийн ач холбогдлын талаар ярьж болно, гэхдээ бас өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах үед хүүхдүүддээ заах боломж бэлэн гарч ирдэг талаар ч ярилцаж болно. Албан бусаар зааж байсан туршлагуудынхаа талаар мөн тэдгээр туршлагаас юу сурснаа хуваалц. Эдгээр байнгын, энгийн нөхцөлд өрнөдөг яриа нь хэрхэн хүүхдүүдэд болон өсвөр үеийнхэнд гэрчлэлээ хөгжүүлэхэд нь туслах сайн мэдээний бат бөх үндэс суурьтай болоход тусалж болох вэ? Бодол санаагаа бичээд, хүлээн авсан аливаа мэдрэмжийнхээ дагуу үйлд.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Сургаалт үгс 22:6; Ефес 6:1–4; Moзая 4:14–15; 3 Нифай 18:21; Сургаал ба Гэрээнүүд 88:119–120
-
М.Рассэлл Баллард, “Хамгийн чухал зүйлсээ санагтун,” Лиахона, 2023 оны 5-р сар, 105–107.
-
Дийтр Ф.Угдорф, “Есүс Христ бол эцэг эхчүүдийн хүч чадал юм,” Лиахона, 2023 оны 5-р сар, 55–59
-
Дэвид A.Бэднар, “Гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж байх нь,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18–21
-
“Гэр орон ба гэр бүл,” Аврагчийн арга барилаар заах нь (2022), 30–31
3-р хэсэг
Бурхан бидэнд гэр бүлүүдийг мөнхөд холбох арга замыг өгсөн
Хэрэв бид байгуулсан гэрээнүүддээ итгэлтэй хэвээр үлдвэл бидний гэр бүлийн харилцаа энэ амьдралын дараа, бүр үүрд мөнхөд үргэлжлэх болно гэдэг нь Есүс Христийн сайн мэдээний хамгийн агуу адислалуудын нэг юм. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Амилуулалтад эхнэр, нөхөр, үр хүүхэд, эцэг эх гэх мэт гэр бүлтэйгээ хамт байх боломжтой гэсэн баталгааг Сэргээгдсэн сайн мэдээ өгдөг. Энэ нь гэр бүлийнхээ өмнө хүлээдэг үүрэг хариуцлагаа биелүүлэхэд хүчтэй түлхэц болдог. Энэ нь дараагийн амьдралдаа баяртайгаар дахин нэгдэж, уулзахыг тэсэн ядан хүлээн, энэ амьдралд хамтдаа хайран дунд амьдрахад бидэнд тусалдаг” гэж заасан.
Хэрэв бид Их Эзэний зарлигуудыг сахиж, гэр бүлүүд маань Түүний ариун сүмд лацдан холбуулсан бол Тэрээр бидэнд гэр бүлтэйгээ үүрд хамт амьдрах мөнх амьдралыг авна хэмээн амласан. Бид одоо гэрлээгүй, үр хүүхэдгүй эсвэл гэр бүлийн гишүүдэд маань сайн мэдээг амьдралынхаа туршид хүлээн авах боломж байгаагүй байсан ч энэхүү дээдийн дээд адислалыг хүлээн авч чадна. Бурханы бүхий л адислалаас зохистой хүмүүс хүртэхгүй байна гэж үгүй.
Бодох зүйлс
-
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Бурханы аз жаргалын агуу төлөвлөгөөний дагуу гэр бүлүүд ариун сүмд лацдан холбогдож, Түүний ариун оршихуйд эргэн амьдрахад бэлтгэгдэх болно. Энэ бол мөнх амьдрал мөн! Энэ нь хүмүүний бодгалийн гүнд байдаг, гэр бүлийн хайртай хүмүүстэйгээ үүрд хамт байх жам ёсны хүсэл юм” хэмээн амлажээ. Гэр бүлтэйгээ “үүрд хамт” байх нь ямар их баяр баясгалантай зүйл болохыг бодож үз. Та энэ зорилгодоо хүрэх замынхаа хаана нь байна вэ? Гэр бүлийн тань уг зам дээрх дараагийн алхам юу вэ? Хэрэв та гэр бүлийн хүнд нөхцөл байдалд байгаа бөгөөд хэн нэгэнтэй “үүрд хамт” байх нь яг одоо төгс шийдэл биш юм шиг санагдаж байвал гэр бүлийн харилцаагаа эдгээхэд тань туслах Аврагчийн хүчийг хэрхэн урьж болох вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Та нар хамтдаа“Families Can Be Together Forever” (3:10) видеог үзэж болно. Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн гэр бүл доторх хайрын талаарх зөвлөгөөг авч үзэн ярилц. Видеон дээрх ерөнхийлөгч Айрингийн сүүлчийн үгс бидэнд юуг сануулж байна вэ? Дараа нь ерөнхийлөгч Нэлсоны дараах зааврыг унш. “Энэ амьдрал бол аврал, өргөмжлөлд бэлтгэх цаг юм. Бурханы мөнхийн төлөвлөгөөнд аврал нь хувь хүнийх байдаг бол өргөмжлөл нь гэр бүлийн асуудал байдаг.” Та нар дуртай амттанаа хийх, дуртай хоолоо бэлтгэх зэрэг ямар нэг зүйлийг хамтдаа хийж цагийг хөгжилтэй өнгөрүүлж болох юм. Дараа нь өргөмжлөлийг хүлээн авч, гэр бүлээрээ үүрд хамт байхын тулд сүнслэг байдлын хувьд бэлтгэх нь яагаад нэн чухал талаар ярилцаж болно.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Хэнри Б.Айринг, “Би ариун сүм харах дуртай,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 28–31
-
Д.Тодд Кристоффэрсон, “Лацдан холболтын хүч,” Лиахона, 2023 оны 11-р сар, 19–22.