“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм,” Сэдэв ба асуулт (2023)
Сайн мэдээг судлах удирдамж
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм
Өнөөдөр дэлхий дээр сэргээгдсэн Есүс Христийн Сүм
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүний хувьд хүлээн авсан эсвэл хүлээн авч болох тодорхой адислалын тухай бод. Тухайн адислалгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ? Одоо та болон таны хайртай хүмүүс Сүмийн гишүүн байснаар адислагдсан эсвэл адислагдаж болох өөр арга замуудын тухай бод.
Христийн Сүмийн гишүүдийн хувьд бид олон арга замаар адислагддаг. Гэхдээ бид олон арга замаар бусдыг ч бас адислах боломжтой. Бид бие биеэ хүчирхэгжүүлэн, тусалж, нэг нэгэндээ сайн мэдээг зааж, сайн үлгэр жишээ үзүүлэхийг хичээдэг. Бид мөн хамтдаа гашуудаж, толгойгоо тавих мөр нь, зовлонг нь сонсох чих нь болох замаар нэг нэгнийхээ ачааг хөнгөлж чадна.
Гэхдээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байх нь эдгээр адислалаар зогсохгүй. Бид энэ бол Аврагчийг ирэхэд дэлхийг бэлтгэхийн тулд сэргээгдсэн дэлхий дээрх Бурханы цорын ганц үнэн Сүм гэдэгт итгэдэг. Сүмийн гишүүдийн хувьд бид хэзээ нэгэн өдөр эргэн очиж, Бурхантай дахин хамт амьдрахад шаардагдах бүх ёслол, гэрээнд оролцох боломжтой. Бид бүгдээрээ бие биедээ Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих аян замд нь тусалж чадна.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэдэг нь юу вэ?
Бурхан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг энэ цаг үед бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн. Есүс Христийн Сүм бол “Баптисм хүртэж, гишүүнээр батлуулан Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авсан итгэгчдийн зохион байгуулалттай бүлэг юм.” Энэ нь Түүний эрх мэдэл, сургаал, хууль, ёслолуудтай мөн Түүний нэрээр нэрлэгдсэн бөгөөд Тэрээр Өөрийн томилсон төлөөлөгчдөөр дамжуулан удирддаг.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм гэх өнөөгийн Христийн Сүмийн нэрийг Тэрээр илчлэлээр өгсөн юм (Сургаал ба Гэрээнүүд 115:4-ийг үзнэ үү).
Сэдвийн тойм: Сүмийн Сэргээлт
Холбогдох сайн мэдээнээс суралцах удирдамж: Сайн мэдээний сэргээлт, Израилын цугларалт, Гэрээ ба ёслол
1-р хэсэг
Есүс Христ бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Өөрийн Үнэн Сүмийг сэргээсэн
Есүс Христийг болон анхны төлөөлөгчдийг нас барсны дараа Есүс Христийн Сүм дэлхий дээр байхаа больсон (дэлгэрэнгүй мэдээллийг Gospel Library дахь “Урвалт”-ын Сэдэв ба асуултыг үзнэ үү).
1830 оны 4-р сард Их Эзэн Өөрийн үнэн Сүмийг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан дэлхий дээр дахин байгуулсан юм (Сургаал ба Гэрээнүүд 1:17–30; 20:1–2-ыг үзнэ үү). Тэрээр Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөөлөгч, бошиглогчдыг дуудсан (Сургаал ба Гэрээнүүд 27:12–13-ыг үзнэ үү). Тэд Есүс Христийн сайн мэдээг номлох, Бурханы гэрээ, ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдлийн санваарын түлхүүрүүдийг атгадаг.
Бодох зүйлс
-
Та Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийн Аврагчийн тухай болон Түүний үйл хэргийн талаарх хүчирхэг гэрчлэлийг сонсохын тулд “Living Apostles Testify of Jesus Christ видеог үзэж болно. Төлөөлөгч, бошиглогчдын болон Сүмийн бусад удирдагчийн гэрчлэл хэрхэн энэ бол Бурханы сэргээгдсэн Сүм гэдгийг мэдэхэд тань тусалдаг вэ? Есүс Христийн Сүм өнөө үед төлөөлөгч, бошиглогчдоор удирдагдаж байгаа нь яагаад чухал вэ? Сүмийн удирдагчид маань Бурханаар дуудагддаг бөгөөд энэ бол өнөөдөр дэлхий дээр сэргээгдсэн Түүний Сүм гэдгийг өөрөө мэдэж авахын тулд та юу хийсэн эсвэл хийж болох вэ?
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн заасанчлан, “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол цорын ганц үнэн Сүм гэдэг нь юу гэсэн үг вэ? (1) Сургаалын бүрэн байдал, (2) санваарын хүч, (3) Есүс Христийн гэрчлэл гэсэн энэ гурван хүчин зүйл Бурхан яагаад үүнийг дэлхий даяарх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм хэмээн тунхагласныг мөн бид Түүний үйлчлэгчдийн хувьд яагаад үүнийг дэмжин баталдгийг тайлбарладаг.” Эдгээр гурван хүчин зүйлийн талаар мөн эдгээр нь яагаад Бурханы үнэн Сүмийн амин чухал хэсэг болох тухай ярилц. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Аврагчийн үнэн бөгөөд амьд Сүм гэдгийг мэдэхэд тусалсан туршлагаа хуваалц. Тэр мэдлэг тань хэрхэн таны амьдралыг адисалсан талаар ярь.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
“Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг,” Gospel Library
-
“The Rise of the Church of Christ,” 8-р бүлэг, Гэгээнтнүүд: Хожмын үе дэх Есүс Христийн Сүмийн түүх, 1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 (2018), 76–86
2-р хэсэг
Сүм бидэнд Бурханы ажилд туслах боломжийг олгодог
Есүс Христийн Сүмийн гишүүд Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжилж, сайн мэдээг хүлээн авахад бүгдийг урьж, гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэхийг эрэлхийлэх замаар Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд туслахыг хичээдэг.
Сүм бидэнд хамтдаа шүтэн биширч, Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын талаар суралцах арга замыг өгдөг. Энэ нь мөн бидэнд нэг нэгэндээ үйлчилж, Түүний үгийг хуваалцаж, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахад тусалдаг.
Бодох зүйлс
-
Иохан 15:16-г уншаад, тунгаан бод. Бурхан Өөрийн ажлыг Өөрийн Сүмд гүйцэлдүүлэхэд туслуулахаар таныг сонгосон гэдэг нь таны хувьд ямар утга учиртай вэ? Та Түүнд аврал, өргөмжлөлийн ажилд нь туслахаар хэрхэн сүнслэгээр өдөөгдөж байсан бэ? Та тэдгээр мэдрэмжийг анхааран сонссоноор хэрхэн адислагдаж байсан бэ? Тэмдэглэлдээ бодол санаагаа бичиж тэмдэглэ. Бурханы ажилтай холбоотой хийхийг хүсэж байгаа, гэхдээ хараахан хийгээгүй зүйл байгаа эсэхийг бод. Дараа нь үүнийгээ хийх зорилго тавь.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Ахлагч Жон К.Пингрий Бурханы ажил бол “давуу эрхтэй цөөхөн хүнд биш, харин хүйс, нас, арьсны өнгө, үндэс угсаа, орлогын түвшин, нийгмийн байр суурь, Сүмийн дуудлагаас үл хамааран бид бүгдэд зориулагдсан билээ. Бидний хүн нэг бүр Бурханы ажлыг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой (Мосе 1:39-ийг үзнэ үү)” гэдгийг сануулсан. Тэр цааш нь: “Зарим хүн Тэнгэрлэг Эцэг биднийг чухал хувь нэмэр оруулахад ашиглах эсэхэд эргэлздэг. Гэхдээ Тэрээр үргэлж ер бусын зүйл хийхдээ энгийн хүмүүсийг ашигладаг байсныг санацгаа (1 Коринт 1:27–28; С ба Г 35:13; 124:1-ийг үзнэ үү)” хэмээн хэлсэн. Бурханы аврал, өргөмжлөлийн ажилд туслахын тулд Сүмийн жирийн гишүүдийн хийж байхыг харсан ер бусын зүйлсийн тухай та нар ярьж болно. Та нар Бурханы ажлыг урагшлуулахын тулд энэ долоо хоногт хамтдаа ямар нэг зүйл хийх зорилго тавьж болох юм. Дараа нь уг туршлагаас сурсан эсвэл үйлчилж байхдаа мэдэрсэн зүйлийнхээ талаар ярилцаж болно.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
Матай 5:13–16; Ефес 4:11–15; Мозая 18:27–29; Моронай 6:4–9
-
Даллин Х.Өүкс, “Сүмд явах хэрэгцээ,” Лиахона, 2021 оны 11-р сар, 24–26
-
“How the Church Is Organized” (видео), Gospel Library
3-р хэсэг
Есүс Христ бид бүгдийг ирж Өөрийнх нь Сүмийн нэгэн хэсэг болоход урьдаг
Есүс Христийн Сүмд бүгдэд багтах орой зай бий. Биднийг өөр өөр үзэл бодол, туршлагаа хуваалцаж, бие биеэсээ суралцахад Сүм адислагддаг. Бошиглогч Нифай Есүс Христ бүгдийг “өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг; мөн … түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг” (2 Нифай 26:33) хэмээн заасан. Есүс Христ хүн нэг бүрд Өөр дээр нь ирж, Өөрийнх нь Сүмд нэгдэж, мөнх амьдрал руу хөтлөх гэрээнүүдийг байгуулж, сахиснаар аврагдах боломж байгаасай гэж хүсдэг.
Бид Түүний хүмүүсийг Түүнд цуглуулахад тусалж чадна. Бид энгийнээр, чин сэтгэлээсээ урьснаар бусдад зүрх сэтгэлээ Христ рүү хандуулж, Түүний сүрэгт нэгдэх хүсэлтэй болоход нь тусалж чадна.
Бодох зүйлс
-
Ахлагч Гэррит В.Гонгийн анзаарснаар, “[Их Эзэн] Өөрийн [Сүмийг] ач ивээлээр бялхсан, бүгд хамтдаа цуглардаг, хүн бүрийг багтаах орон зайтай газар болгоосой хэмээн биднээс хүсдэг. Есүс Христийн шавь нарын хувьд бид тэгш эрхтэй бөгөөд хоёрдугаар зэрэглэлийн бүлэг гэж үгүй билээ. Бид ариун ёслолын болон ням гаргийн бусад цуглаанд, мөн олон нийтийн арга хэмжээнд чөлөөтэй оролцож болно. Бид Аврагчаа шүтэн биширч, бие биеэ бодож, анхаарал халамж тавьж, хүн нэг бүрийн хэн болохыг олж харж, байгаагаар нь хүлээн авдаг. Бид инээмсэглэж; шинэ хөрвөгч, Сүмдээ эргэж ирсэн ах, эгч, залуу эрэгтэй, эмэгтэй, Хүүхдийн хэсгийн хонгорхон хүүхэд гээд ганцаараа сууж байгаа хүмүүсийн дэргэд сууж, нэрийг нь мэдэж авдаг. Бид найз нөхөд, зочид, шинээр нүүж ирсэн хүмүүс, ажил үүрэгтээ дарагдсан завгүй хүмүүсийн оронд өөрсдийгөө тавьж, тэднийг халуун дотноор угтан авдаг.” Та ямар ямар арга замаар бусадтай холбогдож, манай цуглаанд тавтай морилон, Есүс Христийн Сүмийн нэгэн хэсэг гэдгээ мэдэхэд нь тусалж болох вэ? Ямар хүмүүстэй холбогдож болох вэ? Санаа тавьж байгаагаа болон тэдэнд тойрог, салбарынхаа нэгэн хэсэг гэдгийг харуулах ямар нэг зүйл хийх зорилго тавихыг бод.
Хамтдаа суралцах үйл ажиллагаа
-
Есүс Христ бүх хүнийг Өөр дээр нь болон Өөрийнх нь Сүмд ирээсэй хэмээн хүсдэг бөгөөд бид эргэн тойрныхоо хүмүүст энгийнээр, чин сэтгэлээсээ урих замаар тусалж чадна. Ахлагч Гари Э.Стивэнсон ийн хуваалцсан. “Бидэнд бусдад өгч чадах олон зуун урилга байдаг. Бид бусдыг Есүс Христийн сайн мэдээг тайлбарладаг онлайн видео, ариун ёслолын цуглаан, тойргийн үйл ажиллагаа зэргийг ‘ирээд, харахад’ урьж болно. Мөн ‘ирээд, харах’ гэдэгт ариун сүмийг онцгойлон адислахаас өмнөх нээлттэй хаалганы өдөрлөгт зочлох, Мормоны Номыг унших зэрэг урилгууд орж болно. Зарим тохиолдолд өөрсдөдөө байгаа, тухайлбал эргэн тойронд байгаа боломжуудаа анхаарч хараад, тэдгээрийн дагуу үйлдэхийг сануулах замаар урилга өгдөг. Өнөөгийн цахимжсан цаг үед гишүүд ихэвчлэн олон нийтийн сүлжээг ашиглан захиасыг хуваалцдаг. Хуваалцахад зохистой мянга биш юм аа гэхэд зуу зуун урамшуулсан захиас бий.” Энэ долоо хоногт өгч болох зарим урилгын талаар ярилцаад, дараа нь хамтдаа цуглаж, туршлагаа эргэн тайлагна.
-
Бүлгийн нэг суралцагчаас энгийнээр хүний биеийн зураг зурахыг хүсээд, гар, хөл, нүд, чих гэх мэт бүх өөр хэсэг бүгд хэрхэн чухал талаар ярилц. Дараа нь 1 Коринт 12:12–18-ыг хамтдаа уншаад, сурч мэдсэн зүйлээ ярилц. Бид эдгээр шүлгийг Сүмийн гишүүнчлэлдээ хэрхэн хэрэгжүүлж болох вэ? Ерөнхийлөгч Боид К.Пакэр: “Бидэнд шинэ хөрвөгчид бас Сүмийн эхэн үеийн анхдагчдаас эхлэн хэдэн үеэрээ гишүүн байгаа хүмүүс хэрэгтэй. Бид сайн мэдээний дагуу амьдрах замаасаа гажсан гишүүдийг хайн олж, гишүүнчлэлдээ эргэн ирэхэд нь туслах хэрэгтэй. Бидэнд хүн нэг бүрийн мэргэн ухаан, мэдлэг, сүнслэг хүч чадал хэрэгтэй. Энэ Сүмийн гишүүн нэг бүр хувь хүнийхээ хувьд Сүмийн бие бүрэлдэхүүний нэн чухал хэсэг билээ” гэж заасан. Та тойрог, салбарынхаа нэг хүнд хэчнээн чухал болохыг мэдэхэд нь туслахын тулд энэ долоо хоногт хийж болох ямар нэг зүйлээ бичиж болно. Дараа нь юу хийснээ эргэн тайлагнаж болно.
Илүү дэлгэрэнгүй судлах
-
1 Коринт 12:12–27; Мосе 1:39
-
Д.Тодд Кристоффэрсон, “Нэгэн хэсэг нь байх сургаал,” Лиахона, 2022 оны 11-р сар, 53–56
-
Д.Тодд Кристоффэрсон, “Сүм яагаад хэрэгтэй вэ?,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–105
-
Сэдэв ба асуулт, “Diversity and Unity in The Church of Jesus Christ of Latter-day Saints,” Gospel Library
-
“Unity in Diversity” (видео цуглуулга)